Түүний гэрээслэлийг уншиж дуусаны дараа танхимд нам гүм боллоо. Энэ ертөнцийн хамгийн баян хүмүүсийн нэг, агуу зохион бүтээгчийн хамаатан садан, ах дүүс дор дороо сэтгэл хөдлөлөө барихыг хичээж байлаа. Чимээгүй байдлыг хар хувцастай намхан нөхөр эвдэн “Арай ч дээ” хэмээн гарч одлоо. Түүний араас танхимд байсан бусад хүмүүс ч гарч одов. Танхим хоосроход нотариатч гэрээслэлийг уншсаар байлаа. Тэрбээр өв залгамжлагчид юуг үндэслэн шүүхэд зарга үүсгэх бол хэмээн дотроо тооцон сууж. Юм үзэж хашир суусан нотариатч тэднийг зарга үүсгэх болно гэдгийг сайн мэдэж байлаа.
“Миний бүх үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг худалдаж энэ маягаар хуримтлуулсан хөрөнгийг найдвартай банкинд байрлуул. Энэ хөрөнгө нь сангийн мэдэлд шилжих бөгөөд банкны хүүгийн орлогыг шагналын хэлбэрээр уран зохиол, шинжлэх ухаан, энх тайвны болон хүн төрөлхтний сайн сайхны төлөөх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан хүмүүст тэнцүү хуваан жил тутам олгож бай” хэмээн энэ агуу хүн гэрээслэлдээ бичин үлдээжээ.
Нотариатч Арвин өөрийн нямбай зангаараа санхүүгийн баримтыг дахин нягталлаа. Дэлхийн түүхийг өөрчилсөн хүний нэг суут Альфред Нобелийн хөрөнгө нь 33 233 792 швед крон болж байлаа (Өнөөгийн валютын ханшаар бол ойролцоогоор жаран хоёр сая английн паунд), энэ бүх хөрөнгө нь сан байгуулахад зориулагдаж байлаа. Хоёр сая кроныг Альфред бүх өв залгамжлагчдадаа хуваан гэрээслэн үлдээсэн нь үлгэрлэвээс бүтэн талхны үйрмэг нь л тэдэнд ноогджээ.
Хашир нотариатч эндүүрсэнгүй. Зарим өв залгамжлагчид эгдүүцлээ илэрхийлж, сонинууд Нобелийг эх оронч бус хэмээн дайрч, пацифист үзлээсээ болон өөрийн эх орон, гэр бүлээсээ яаж урваж чадав хэмээн гайхашран бичицгээж байлаа. Шведийн хаан II Оскар, “Энх тайвныг хэт шүтэгчид” Альфредад нөлөөллөө, мэдээж тэр олон саяар үнэлэгдэх алдарт зэвсгийн үйлдвэрүүд Шведийн Засгийн газрын мэдэлд очсон бол хамаагүй дээр байсан юм хэмээн олны өмнө зэвүүцэнгүйгээр мэдэгдэж байлаа. Дэлхий даяар тарсан Нобелийн хөрөнгө нь гэрээслэл гүйцэтгэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байлаа.
Ницца дахь эдлэн газар, Парис дахь байшин Финлянд, Герман, Итали, Орос, Их Британи зэрэг олон улсад байрлах тоо томшгүй үйлдвэрүүд, судалгаа шинжилгээний төвүүд. Хүнд суртлыг даван туулж тэр их хөрөнгийг худалдаж мөнгийг Швед рүү гаргахад хэцүү байлаа. Альфредийн амьд ахуйдаа олон орны Засгийн газартай муу харилцаатай байсан нь ч үүнд их нөлөөлжээ. Нобелийн хөрөнгийг худалдаалж мөнгийг Швед рүү гаргах олон ажиллагааг бидний мэдэх Арвин нотариатч гардан удирдаж байсан юм.
Арвинийг ийнхүү зав муутай байх зуур Стокгольм, Лондон, Парис, Берлиний шүүхүүдээр Альфредийн өв залгамжлагчид түүний гэрээслэлийг эсэргүүцэн зарга үүсгэн шүүхдэж байлаа. Дайран дээр давс гэгчээр өв залгамжлагчид дээр эрдэмтэд нэгдэн түүний гэрээслэлийг эсэргүүцэж байсан юм. Хамгийн гайхалтай нь Венийн алдарт математикч “Математикийн шинжлэх ухаан Нобелийн шагналын жагсаалтанд ороогүй байна. Математикчид шагнал авах боломжийг нь нээж Нобелийн жагсаалтанд өөрчлөлт хий” хэмээн дөвчигнөж байлаа…
Олныг цухалдуулж, уурлуулсан энэ эрхэм чухам ямар хүн байсан бэ? Альфред Бернхард Нобель нь 1833 оны аравдугаар сарын 21-нд Стокгольм хотноо төржээ. Тэрээр их сул дорой, өвчинд ороогдсон бие муутай хүүхэд байсан бөгөөд ээжийгээ ихэд хүндлэн, түүнтэйгээ насан өөд болтол маш дотно харилцаатай байжээ. Түүний ирээдүйн толгой эргэм амжилтынх нууц ургийн бичгийг нь харахад л тодроод ирнэ. Альфред авьяаслаг гэр бүлээс гаралтай. Өвөг нь XVII зууны үед Европын ууган их сургуулиудын нэг Упсала хотын их сургуулийн ректорын албыг хашиж байсан юм. Түүний удамд нэрт зураач, эмч зэрэг нэр хүндтэй олон хүн байж. Аав Эммануил Нобель нь архитекторч, зохион бүтээгч байв. Бизнес нь дампуурснаас гадна мөрийтэй тоглоомд ихээхэн дуртай байснаасаа болж өрөнд орж гэр бүлээ орхин Шведээс явахаас аргагүйд хүрсэн түүхтэй эрхэм. Таван жилийн дараа Эммануил Нобелоос захиа иржээ. Тэрээр захиандаа гэр бүлээрээ өнөр өтгөн амьдрахыг хүсэж байна хэмээн бичээд нэлээн их хэмжээний мөнгө илгээжээ. Шведэд байхдаа зохион бүтээсэн далайн болон явган цэргийн минүүдээ Эммануил Хаант Оросын Засгийн газарт зарж олсон мөнгөөрөө ашигтай хөрөнгө оруулалт хийн богино хугацаанд хөлжиж нефтийн болоод хүнд үйлдвэрлэлийн магнат болж чаджээ.
1850 онд 17 настай Альфред Европ, Америкаар аялж алдарт зохион бүтээгчдийн лабораторуудад суралцах болсон юм. Гурван жил дэлхийгээр хэрсэн тэрээр Санкт – Петербург рүү буцан аавынхаа компанид ажиллаж эхлэв. 1858 онд тэдний гэр бүл Швэд рүүгээ буцаж Альфред ч бүх цагаа химийн туршилтанд зориулах болсон бөгөөд гурван ч шинэ бүтээлийн патент авчээ. Тухайн үед минийн цорын ганц тэсрэх бодис нь хар дарь байсан бөгөөд Альфред Оросын алдарт эрдэмтэн Н. Н. Зининий зөвлөгөөг даган нитроглицеринийг судлан аяндаа детонатор, динамитийг бүтээжээ. Анхандаа төмөр зам, уурхайнуудад хэрэглэгдэж байсан динамитийг хүчний байгууллагынхан сонирхох болж өөрсдийн зорилгоор ашигладаг болжээ. Альфредийн нэр хүнд ч өсч түүний бүтээсэн динамит олны анхаарлыг татаж эхлэв. Тэрээр захиалгаа гүйцэлдүүлхийн тулд гадаадад болон дотооддоо шинэ, шинэ үйлдвэрүүд байгуулсаар байлаа. Альфредийн үеийнхэн түүнийг үйлдвэрлэлийн эрин үеийн амжилттай капиталист шиг харагддаггүй гэж үздэг байсан. Хэдий хотын шуугианыг үзэн яддаг, ганцаардал, амар амгаланг эрхэмлэдэг байсан ч тэрээр өөрийн үзэн яддаг хотын шуугиан дунд ихэнх амьдарлаа өнгөрүүлсэн юм. Цаг үеийнхээ бизнемэнүүдээс тэр эрс ялгардаг байв. Хэзээ ч мөрийтэй тоглож, архи ууж, тамхи татдаггүй тэрээр тухайн үеийн бизнес эрхлэгчдийн дунд “гэгээнтэн” мэт харагддаг байлаа.
Швед гаралтай ч гэлээ франц, англи, герман, орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн түүнийг европ гаралтай космополит гэхээс өөр аргагүй. Альфред Нобель алдарт зохиолч, яруу найрагч Виктор Гюго, богино өгүүллэгийн мастер Ги дэ Мопассан, гайхалтай зохиолч Оноре де Бальзак, Оросын суут Иван Тургенев, жүжгийн зохиолч Генрих Ибсэн, яруу найрагч Перси Биши Шэлли, реалист зохиолч Эмиль Золийг болон яруу найрагч Альфонс Ламартин зэрэг суут мастеруудыг хүндлэн биширдэг байлаа. Уран зохиолд дуртай тэрээр маш олон жүжгийн зохиол, роман бичсэн бөгөөд идэр залуудаа утга зохиолын мастер болно хэмээн мөрөөддөг байсан юм. Гэвч тэрээр зохион бүтээгч, алдарт бизнесмэн энх тайвны төлөөх нийгмийн алдарт зүтгэлтэн болсон билээ.
Ардчилалд итгэдэггүй, эмэгтэйчүүд сонгуульд оролцохыг бүхий л чадлаараа эсэргүүцдэг байсан консерватор үзэлтэй тэрээр олон түмний улс төрийн ухаанд итгэдэг, дарангуйлалыг үзэн яддаг байсан юм. Олон зуун ажилчдадаа эцэг нь мэт санаа тавьдаг ч ажилчидтайгаа шууд харилцаа тогтоохоос татгалздаг байсан гэдэг. Өөрийн туслахаа гэрлэхэд цалинг нь нэг дахин нэмж, зарцаа гэрлэхэд 40000 франк бэлэглэж байж. 40000 франк бол тухайн үедээ толгой эргэм их мөнгө.
Дээдсийн амьдралаар амьдардаг ч Альфредийн зохион байгуулсан үдийн зоогууд ихэд даруу болоод ихэмсэг өрнөдөг байлаа. Тэрээр бүх хүнтэй маш эелдэг харьцдаг, хүмүүсийг анхааралтай сонсож, гойл сонирхолтой ярилцагч гэдгээрээ алдартай нэгэн байсан юм.
Багаасаа бие муутай тэрээр их ачаалалтай ажилласны дараагаар тухайн үедээ алдартай гэгдэх амралт, сувиллын газруудаар аялан явдаг байж. Тэрээр амрах дуртай газруудынхаа нэг болох Венээс холгүй орших Баден – бай – Винд сүүлд олон жилийн турш амрагийн холбоотой байсан Софи Гэсстэй учирчээ. 1876 онд тэр хоёр учирсан бөгөөд тэр үед Альфрэд 43 настай, харин Софи 20 настай сэтгэл татам охин байв. Цэцгийн дэлгүүрийн худалдагч Софид дурласан Альфред түүнийг Парис руу авч яван байр худалдан авч өгчээ. Залуу бүсгүй өөрийгөө мадам Нобель хэмээн дуудах болжээ. Хэдий тийм боловч олон жилийн дараа тэрээр Альфредтай үүсгэсэн холбоогоо мөнгөн дээр тогтож байсан хэмээн ярьсан удаатай. Софи ер нь залхуу, боловсролгүй ихэд шуналтай эмэгтэй байв. Түүнээс мөнгө ерөөс харамлаж байгаагүй Альфред амраг бүсгүйдээ гэрийн багш нар хөлсөлдөг байсан ч Софи мэдлэг эзэмшихээс татгалзаж гоёж гоодохоо л өмнөө тавьдаг байлаа. Тэд Нобелийг нас барахаас хэдхэн жилийн өмнө 1891 онд салжээ. Софи ахмад фон Капивараас жирэмсэлсэн нь салах шалтгааных нь нэг болсон гэдэг. Нобелийг нас барсны дараа Софи Нобелийн түүнд бичиж байсан 216 хайрын захиаг маш өндөр үнээр худалдсан байна.
Нобель нь динамит, тэсрэх бодисын хаан гэгддэг ч нээлтүүдийг нь дайны зориулалтаар ашиглахыг ихэд эсэргүүцдэг байж. “Дайн бол хамгийн аймшигтай гэмт хэрэг… Ямар ч дайн утгагүй мэт санагдах тийм их нураан, сөнөөх чадвартай бодис юм уу машин бүтээх юмсан” хэмээн хэлж байжээ.
1895 онд Альфред зүрхний хүнд өвчинд нэрвэгджээ. Тэрээр хэдий хүнд өвчтэй байсан ч “Немизида” хэмээх хайрын жүжгийн зохиолоо бичсэн байдаг. 1896 оны арванхоёрдугаар сард тэрээр Сан – Ремо дах эдлэндээ цус харвалтын улмаас насан эцэслэжээ. Түүнийг нас барах үед хажууд нь дотны хүмүүсээс нь хэн ч байсангүй.
… Арвин Розенблюм энэ уйтай агшныг өрөөндөө тэвчээртэй хүлээж байлаа. Өрөөний хаалга нээгдэн Альфредын зарц түүнд захидал оруулж ирлээ. Захидалд “Бүгдийг ёсоор нь гүйцэтгэв” гэсэн бичиг байв. Арвин сэтгэл өөдрөг байлаа. Талийгаачийн сүүлчийн хүсэл биеллээ олжээ.
Хашир нотариат хүмүүс буруугаар ашиглахаас эмээн алдарт Нобелийн гэрээслэлийн хачирхалтай гэмээр нэгэн зүйлийг олонд уншуулаагүй билээ. Дэлхийн хамгийн баян, хүчирхэг хүмүүсийн нэг динамитийн, тэсрэх бодисын хаан өөрийг нь нас барсны дараа судсуудыг нь ханахыг гэрээслэлдээ хүссэн байлаа. Магадгүй тэрээр энэ дэлхий дээр юунаас ч илүү амьдаар булшлагдахаас айж байжээ…
Альфред Нобелийг нас барснаас хойш таван жилийн дараа 1901 онд анх Нобелийн шагналыг гардуулсан бөгөөд анхны шагналтнууд нь Вильгельм Конрад Рентген (Рентгений туяаг нээсэн), Эмиль фон Беринг (дифтерийн эсрэг эмийг нээсэн), Анри Дюнан болон түүний туслах Фредерик Пасси (Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулагч) зэрэг хүмүүс хүртэж байв. Дэлхийн II дайны үед шагнал гардуулах ёслол гурван жил завсардсан юм. 1969 оноос хойш энх тайвны шагнал, химийн, физикийн, анагаах ухааны, уран зохиолын салбарын шагналаас гадна эдийн засгийн салбарын зүтгэлтэнд шагнал олгодог болжээ. Нобелийн сан зуу гаруй жилийнхээ түүхэнд нийт 700 гаруй хувь хүн болон байгуулагад шагналаа гардуулжээ. Нобелийн шагналтнууд дунд Альберт Энштейн, Кюригийн гэр бүл, Эрнэст Хемингүэй, Дээрхийн гэгээн Далай Лам, Мартин Лютер Кинг зэрэг олон алдартан бий. Нобелийн шагнал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын тоонд ордог. Нобелийн сангийн анхны гүйцэтгэх захирал нь Альфредийн туслах, үзэл санаа нэгт түүний найз Сульман Рагнар байв. Сульман энэ албан тушаалыг 1946 он хүртэл хашиж байсан юм. Тэрээр бүх л амьдарлаа Альфред Нобелийн гэгээн дурсгалд зориулсан билээ.