2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

“Өөшгөө юу даа”

Энэ бол дарьганга ардын дууны нэр. Дарьгангачууд найзыгаа  “Өөшгөө” гэдэг. Тийм учраас  цомгоо  ингэж нэрлэсэн хэмээн Үндэсний Урлагийн Их Театрын дуучин Д.Осгонбаяр тайлбарласан юм.

Зохиолын дууны цомог нь нийтэд түгсэн “Наран мандах нутаг” дуугаар нь нэрлэгджээ. Энэ дуу  сүхбаатарчуудын сүлд дуу болжээ.

Дуучин Д.Осгонбаярын  хос цомГийн нээлтэд Үндэсний Урлагийн Их Театрынхан хүч хаяв бололтой.  Нээлтийн ёслол дээр тэд концерт тоглох шахсан.

Бас тэдний нийтээрээ дуулсан  “Цэвэрхэн намайгаа авъя гэвэл цэнхэр самбайгаа бэлдээрэй ээ дээ хө” хэмээх дуу нь одоо ч чихэнд сонсогдох шиг болж байна. Олон хүний нүргэлсэн дуу танхимд өвөрмөц эрчим хүч түгээж байсан даа.

Д.Осгонбаяр дуучин багшийнхаа хэлсэнчлэн олонтой хүн бололтой.

СУИС-ийн уртын дууны багш, гавьяат жүжигчин  Ц.Чулуунцэцэг нээлтийн ёслолын үеэр  “Миний шавь Д.Осгонбаяр Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт ажиллаж байхдаа СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид орж суралцсан.  Шавь маань чамбай хөөрхөн, зүүн чигийн дуу дуулж гарч ирж байгаа дуучин.  Хамгийн гол нь хөдөлмөрч, хүнтэй зөв сайхан харьцаж, олонтой явдаг. Миний шавь уран бүтээлийнхээ тоглолт хийлээ, цомог гаргалаа хэмээн багш нь магтсан юм.

Ц.Чулуунцэцэг гавьяат   олон хүний зүрх сэтгэлд  “Өнөр бүл” киноны  Цэрмаагаар хоногшсон билээ.

Дарьганга эмэгтэйн гоёл, зүүсгэл чимгийг үзмэр болгож дэглэж,  гэр хэлбэртэй  хагас дугуйлан зассан хэсэгт   айраг, ааруул  идээ таваг зассан нь нутгийн уур амьсгалыг түгээнэ.

Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав гуай цомгийн нээлтэд ирсэн хүндэт зочдын нэг. Цомгийн нээлтийн өмнөхөн танхимд үзүүлсэн дуучны кино концертыг үзэнгээ мань эр дэргэдээ суусан багын найз,   Соёлын ордны дарга байсан Ш.Цолмонтой дурсамж хүүрнэн сууж билээ. Кинон дээр дүрслэгдэж байгаа Ганга нуур, нутгийн уул толгод,  ботготой тэмээ түүний аргал түүж, усанд гүйж явсан бага насыг санагдуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж явсан энэ хүн  цомгийн нээлтэд бас ийнхүү ярилаа.

 -Миний нутгаас ийм сайхан дуучин төрсөнд би их баярладаг.

  Удахгүй Монгол Улсын гавъяат болоорой.  Ах нь “Миний дүүг шагнаад өгөөрэй” гэж төр засгийн удирдлагуудад мэдээлнэ ээ.

Намайг дунд сургуульд  сурч байхад төрсөн ах С.Дугаржав маань Соёлын ордны  бараг анхны жүжигчдийн нэг байв. Би Соёлын ордны байранд өссөн юм. Тийм учраас дуу хуур надад их ойрхон байдаг.  Би Сүхбаатар аймгийн төв орохдоо Соёлын ордон энд байсан шүү. Ажилчдын байр энд байсан шүү гэж дурсаж биширч явдаг юм хэмээн хуучлав.   Тэр бас үгийнхээ төгсгөлд “Олон  үг хэлэлгүйгээр дүүдээ захиа (дугтуй) өгчихье. Цагаан сар гээд эхнэрт зарагдаж яваад, хадаг мартсан байна” хэмээн наргиагаар хачирлав.

“Наран мандах нутаг”  дууны шүлгийг зохиогч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт яруу найрагч  С.Амартайван  цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр:

-Д.Осгонбаярын маань дууг халх, дөрвөд, хасаг баяд, баруун, зүүн монгол бүгдээрээ дуулдаг юм билээ.

Тэр ч битгий хэл хүний нутагт, хилийн чанадад амьдарч байгаа хүмүүс эрдэнийн улаан наран эхэлж мандах нутаг дор эх орон минь бий гэж бодож, дуулж нутгаа санасан сэтгэлээ аргадаж байдаг шүү гэж Бельгийн вант улсын монголчуудын холбооны тэргүүн Баясгалан гэдэг хүнээс бид хоёрт гарын бэлэг илгээж байсан юм. Д.Осгонбаяр маань театрын дагалдан дуучин байхдаа “Наран мандах нутаг” дууг маань анх хөдөөгийн бор охин эвлэгхэн дуулж байсан.

Хөгжмийг бичсэн гавьяат Ш.Батсайхан багш маань хүүхдүүдээ мэдэлгүй яах вэ. “Ерөөсөө Д.Осгонбаяраараа дуулуулчихъя” гэсэн юм. Тэгэхэд “Морин хуур” наадамд миний “Олонтой явсан аав” дуу маань түрүүлсэн үе байсан. Ардын жүжигчин А. Энхтайван, Лодойн Банзрагч нарын  маш олон уран бүтээлчидтэй Сүхбаатар, Дорнод, Эрдэнэцагаанаар  тоглолт хийхдээ “Нөгөө мундаг хүүхдээ аваад явчихъя” гээд авч явж байлаа. Морь таньдаг хүн морио таньдаг шиг урлагийн хүмүүс дуугаа таньдаг юм билээ. Мэргэжлийн дуучид Д.Осгонбаярыг дуулсны дараа “Энэ юманд хүрнэ шүү, хөөрхөн дуу болжээ” гээд байсан.  Энэ дуу маань явсаар байгаад та бүхний хүртээл боллоо. Дүүдээ уран бүтээлийн амжилт хүсье. Цомгоо гарсан даруйд нь утасдаад, авчирч өгсөнд баярлалаа. Дорнод Монголын талаас гарч ирж, бидний хайрыг татаж байгаа дуучиндаа төр түмнийхээ хайрыг татаж байхыг ерөөе гэсэн юм.

Дуучин Д.Осгонбаяр:

-Цомгийн баярт маань  урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэн ах дүү, найз нөхөд, нутгийн зон олон, ах эгч нартаа баярлалаа. Та нарынхаа дэмжлэг, урмын үгээр цэнэглэгдэж, эрч хүчийг та нараасаа авдаг шүү.  Цомгийн баярын маань ерөнхий  зохион байгуулагчаар орсон  Үндэсний урлагийн их театрын Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийн хамт олондоо, нийт хамт олондоо баярлалаа.   Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, илүү их уран бүтээлээр бэлэг барих болно хэмээн талархал илэрхийлж байна лээ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img