2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Тэр залуу тэвэр дүүрэн дурлалын түүхээ шатаалаа

Уншигчдадаа гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе. Энэ сайхан өдөр ӨДРИЙН СОНИН-ы нийтлэлч П.Хашчулууны “Тэр залуу тэвэр дүүрэн дурлалын түүхээ шатаалаа” нийтлэлийг зохиогчийнх нь зөвшөөрөлтэйгөөр таны өмнө дэлгэж байна.

Сайхан хүүхнийг харах сайхан өвчтэй, би Сайхан тэр өвчнөөсөө салахыг ердөө хүсдэггүй ээ, би… гэж Б.Одгэрэлийн шүлэг байдаг байх аа. Монголоор дүүрэн сайхан хүүхнүүд хөлхөлдөж байхад мод мэт хөшиж, үнс мэт сааралтаж явах нь залуу насны жаргалтай зовлон юм даа. Залуу дурлачихаад байна л даа. Тэр бүсгүйгээс нь өөр сайхан бүсгүй ер харагдахгүй байна гэнэ. Үгүй ээ бүр амиа хорломоор болтол дурлаж байна гээч.

“Сайхан хүүхнийг хараад байдаг сайхан өвчин”-өөсөө л эрчүүд салж болохгүй. Эмчлэх гэсний хэрэггүй. Эдгэчих юм бол нөгөө ертөнц рүүгээ шуурхайллаа гэсэн үг. Дурлаа л биз, дурлалыг маань тоохгүй бол цэг тавьчихаад дахиад дурлая. Мартаж чадахгүй бүр шаналан оргиод байвал ингэж дуусгадаг соёл байна. Хоёр хоногийн өмнө олны мэдэх XI хорооллын Андын байрны баруун талын сууцны дэргэд Б гэдэг залуу дурлалаа төгсгөхийг сониучирхан байж харлаа.

Гэхдээ амиа хорлож биш шүү. Дурласан охин О нь тэр байрны хоёр давхарт юм байна. Цонхных нь яг дор Б дурласан байх үеийнхээ дулаан халуун үгтэй тэвэр дүүрэн өдрийн тэмдэглэлүүдээ, дурсгаж байсан эд зүйлсээ, ер нь энэ удаагийнх нь дурлалтай холбоотой бүхнээ авчирч шатаав. О гэгч тэр охин, түүний ээж, эгч нь бололтой хүмүүс цонхоороо бултганан байж дурлалын түүхийн төгсгөлийг харцгаалаа. Тэдэнд харуулж байгаад шатаахдаа бундан зүрхний хэлбэрт оруулан өрж тавиад, дээр нь бензин асгаж шатаасан юм. Дурлалаа дуусгах энэхүү “ёслол”-ын ажиллагаагаа залуу их тухтай хийсэн. Эвхдэг сандал дээр суучихсан. Бас банзан гитартай. Дурлалын тэмдэглэлүүд нь шатаж дуустал тэрбээр гитар тоглон дуулсан юм. Хорь гаруй насны тэр залуугийн дуулсан дууг даанч тогтоосонгүй. Лав л олонд түгээгүй дуу, магадгүй өөрөө өөртөө зохиосон байх. Арав гаруй минут үргэлжилсэн энэхүү ажиллагааны төгсгөлд өнөөх залуу “Дурлал мандтугай, сайхан байсан шүү, чамд сайн сайхныг хүсье Оюука” гэж цонх руу нь чангаар орилсон юм. Ингэж хэлээд гитараараа бүр чанга дуулсан. Сэтгэл зүрх нь буцалж байх шиг. Архи уухгүйгээр, амиа хорлоно гэж өндөрт гарахгүйгээр дурлалынхаа тайланг тавьж буй энэ залууг сонирхох хүн олон байлаа. Үдшийн харуй бүрий байсан болохоор ойр хавиар нь өнгөрөх хүмүүсийн зарим нь согтуу хөлчүү юм байна гэж бодсон байх. Тэр залуу согтуу байгаагүй ээ: Найзууд нь бололтой хэдэн залуу ирж гал цог унтарсан эсэхийг нь шалгаад машинд суулгаж аваад явсан юм. Мэдээж тэд нэг газар очиж будаа болтол авсан биз ээ.

Дурлалыг ингэж ёслол төгөлдөр дуусгадаг болсон нь таалагдлаа. Ёслол төгөлдөр ингэж дуусгаад дараагийн дурлалдаа шатсугай, залуус аа гэж хэлмээр байна лээ. Нэг охинд дурлаад шаналж байтал бас нэг охин сайхан харагддаг тийм л нас. Залуу нарны энэхүү жаргалтай шаналангаа мөнхийн зовлон шиг бодож… Төв аймагт оюутан залуу дурлалаас болж амиа хорлосон л гэнэ, Хан-Уул дүүрэгт ахлах ангийн сурагч амиа хорлосон нь бас дурлалаас үүдэлтэй л гэнэ. Дурлах, тэгээд шаналах нь залуу насны хамгийн сайхан жаргал байтал. Дурлаад л, шаналаад… дурлаад л шаналаад л… мөн ч сайхан даа. Ингэж байж л энэ насны ханиа олсондог, миний үеийнхэн.

П.ХАШЧУЛУУН

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img