Молдавын Ерөнхийлөгч Майя Санду тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн ОХУ-ыг буруутгасан тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа. Тэрээр тус улсад Засгийн газар солигдсоноос хэдхэн хоногийн дараа ийнхүү мэдэгдсэн байна.
Өнгөрсөн баасан гаригт Майя Санду Дорин Рийсийг шинэ Ерөнхий сайдаар томилоход хүрчээ. Дорин Рийс өмнөх Ерөнхий сайд Наталия Гаврилицагийн нэгэн адил тус улсыг Европын холбоонд элсүүлэхийг тууштай дэмжигч ажээ.
Үүнээс өмнөхөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Брюссел хотноо Европын холбооны удирдагчтай уулзахдаа, Киев ОХУ-ын тусгай албаны Молдовт тогтворгүй байдал үүсгэх төлөвлөгөөг илрүүлсэн ба тэрхүү нууц баримт бичигт Молдовын ардчиллыг хэн, хэзээ, хэрхэн нухчин дарж тус улсад хяналт тогтоох талаар тодорхой дурдсан тухай мэдэгдсэн билээ.
Маяа Санду өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Молдовын тагнуулын алба ч ОХУ тийм төлөвлөгөө боловсруулсныг баталсан. Тэр нууц төлөвлөгөөний дагуу манай орны улс төрийн тогтолцоог нураахад чиглэсэн сөрөг хүчний эсэргүүцлээр эхлэх бослого гаргахыг зэхэж байжээ. Гол зорилго нь ОХУ, Монтенегро, Беларусь, Сербиэс нэвтрэн орж ирэх цэргийн албаны туршлагатай иргэдийг ашиглан Молдовын хууль ёсны Засгийн газрыг түлхэн унагах эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөж, Москвагаас хянах тоглооомын Засгийн газрыг төрийн эрхэнд гаргах явдал байсан нь тодорхой болов. Ерөнхийлөгч миний бие парламентад хандан тусгай албадад нэмэлт эрх мэдэл олгохыг уриалж байна. Манай оронд хүчирхийлэл авчрах гэсэн Москвагийн аливаа оролдлого бүтэлгүйтэх болно” гэжээ.
Европын хамгийн ядуу орны нэг болох Молдовын байдал хөрш зэргэлдээ Украин руу ОХУ халдан довтолсноос хойш эрс муудсан аж. 2.6 сая хүн амтай тус улс Украинаас дүрвэгсдийн хөлд дарагдаж, өсөн нэмэгдэх инфляц, цахилгаан эрчим хүчний тасалдал зэрэгт нэрвэгдэх болжээ.
Молдовын 1992 оны иргэний дайнаас хойш ОХУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр салан тусгаарлагчдын хяналтад оршсоор буй дэлхий даяар хүлээн зөвшөөрөөгүй Өвөр Днестрийн бүгднайрамдах улс гэж бий. Тэгвэл ОХУ-ын цэрэг байрладаг Өвөр Днестрийн энэ бүс нутагт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хэд хэдэн дэлбэрэлт болсны дараагаар нөхцөл байдал хурцдаж, Украин дахь дайнд татагдан орох эрсдэл үүсч эхэлжээ.
Молдав нь ОХУ-аас нийлүүлдэг байгалийн хийгээс ихээхэн хамаардаг ба өнгөрсөн онд ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцийг довтолж эхэлснээс хойш үе үе цахилгаан тасалддаг болжээ.