2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Турк, Сирийн газар хөдлөлт: Барилгын салбар дахь баривчилгаа, амьд үлдсэн гайхамшигт тохиолдлууд

Турк, Сирийг доргиосон газар хөдлөлт болсноос хойш долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн 80 орны аврагчид Туркэд ажиллан, амьд үлдэгсдийг аварсаар байна.
Даваа гарагийн үдэш гарсан мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас энэ хоёр улсад амиа алдсан хүний тоо 37 мянгыг давжээ, гэвч энэ тоо эцсийн тоо биш гэх.
НҮБ-ын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 800 гаруй мянган хүн хоол хүнсний дутагдалд орсон бол хоёр оронд хоёуланд нь хүнсний нөөц дуусаж байгаа гэнэ.

Золоор амьд үлдэгсэд

Хэдийгээр газар хөдлөлтөөс хойш хүний амь аврах магадлал цаг мөч өнгөрөх тусам багасдаг ч зургаа, долоо хоногийн дараа ч аврагчид нурангин дороос амьд хүмүүсийг олж, аварсаар байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн 80 орны аврагчид эсэн мэнд үлдсэн хүнийг олно гэсэн найдлагатайгаар цурам хийлгүй ажиллажээ.

Үүний ачаар, ням гарагт, Хатай мужийн нурангин дороос газар хөдлөлтөөс хойш 139 цагийн дараа долоон сартай хүүхдийг аварсан байна.
Харин даваа гарагт газар хөдлөлт болсноос хойш долоон өдөр буюу 178 цаг тэссэн зургаан настай бяцхан охиныг нурангин дороос гаргаж байв. Түүнчлэн Антакья хотын Жебриаль хорооллоос 177 цаг нурангинд дарагдсан 26 настай бүсгүйг аварчээ. Мөн энэ хорооллын нурангин дороос 182 цагийн туршид хүйтэн хүнд хана, цемент шохойнд дарагдан хэвтэж байсан 12 настай хүүг аварсан юм.

Өөр нэг гайхалтай тохиолдол нь ах дүү хоёрын аврагдсан түүх. Найман настай Харун, 15 настай Эюпхан Шерифоглу нар газар хөдлөлт болсноос хойш 181 цагийн дараа аврагджээ.

газар хөдлөлт

Аврагчид туйлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм. Бямба гарагт гэхэд л Австрийн цэргийнхэн болон Германы аврагчид орон нутгийн бүлэглэлүүдийн хооронд гарсан буудалцаан, тонуулчид зэргээс болж эрсдэл хэт өндөр байна гэж үзэн аврах ажиллагаагаа зогсоожээ.

Барилгын салбар дахь баривчилгаа

газар хөдлөлтГазар хөдлөлтөд олон мянган хүн амиа алдахгүй байх боломж байсан, эрх баригчид өмнөх түүхээс сургамж авч эрсдэлээс сэрэмжлэх боломжтой байсан гэж туркүүд шүүмжилсээр байгаа юм. Үнэхээр ч Туркэд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барихад тавигдах шаардлага хатуу гэлээ ч авлигад идэгдсэн албан тушаалтнууд, барилгын материалын зардал хэмнэсэн гүйцэтгэгчид ирээдүйд газар хөдлөхгүй гэж хий найдан, ашиг хөөн чанаргүй барилга олноор барьсан нь олон өдөр хэвлэлүүдээр тархсан дүрс, гэрэл зургуудаас харж болно.

Ард түмний шахалтад орсон Туркийн эрх баригчид барилгын салбарынхныг чичрүүлж эхлэв. Өнгөрсөн борооны араас цув нөмрөхийн үлгэр шиг гэлээ ч дараа дараагийнхад нь сургамж болохуйц баривчилгаа Туркэд үргэлжилсээр л байна.

Тодруулбал, Туркийн Дотоод хэргийн яам газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга барихдаа зөрчил гаргасны улмаас эхний газар хөдлөлтөөр л хөзрөн байшин шиг нуран унасан олон давхар байрнуудыг барьж босгосон 130 хүнийг хэрэгт сэжигтнээр татжээ.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид 170 мянган барилгад шалгах хийхэд 25 мянган байр сууриа хүртэл эвдэрсэн эсвэл ноцтой эвдрэл гэмтэл авсан гэдэг нь тогтоогджээ. Ингээд 113 хүнийг баривчлах зөвшөөрлийг Прокурорын газар өгсөн байна.

Одоогоор Туркийн цагдаагийнхан 12 хүнийг баривчлаад байгаа юм. Тэдний дунд, Газиантеп, Адана хотууд болон Хатай мужид барьсан олон давхар барилга нь нурсан нэртэй барилгачид ч байгаа аж.

Мөн Адыяманд нурсан барилгыг барьсан хоёр гүйцэтгэгчийг ням гарагт Стамбулын нисэх буудал дээрээс баривчилсан байна. Тэд 17 мянган доллар бэлнээр авч явж байсан бөгөөд Гүржийг зорих төлөвлөгөөтэй байжээ.
Ийнхүү барилгын салбарт баривчилгаа ширүүсэж байгаа энэ үед сөрөг хүчнийхэн эрх баригчдыг шүүмжилж, бүх бурууг барилгачдад тохож, төрийн удирдлагын алдаанаас олны анхаарлыг холдуулах гэсэн оролдлого хэмээн буруутгаж байгаа юм.

Өршөөл нэртэй цааз

1999 онд Туркийн Измитэд хүчтэй газар хөдлөлт болж, 17 мянган хүн амиа алдаж байв. Үүний дараа Турк барилгад тавигдах норм журмыг чангатгасан ч энэ дүрмийг баримтлах нь тун ховор байсан гэнэ.

Үүний дараа, 2011 онд болж олон зуун хүний амийг авч одсон газар хөдлөлтийн дараа тухайн үед Ерөнхий сайд байсан Режеп Тайип Эрпоган чанаргүй барилга хүний аминд хүрсэн хэмээн мэдэгдэж байв.

Гэвч 2018 онд, Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болохын өмнөхөн эрх баригчид иргэдийн дэмжлэгийг авах үүднээс барилгын өршөөл зарлах популист шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд барилгын салбарыг хөгжүүлэх зорилготой байсан гэх бөгөөд энэ өршөөлд хамрагдахаар 10 сая хүн өргөдөл гаргаснаас 1,8 сая өргөдлийгш хүлээн авсан гэнэ.
Барилгын өршөөлд хамрагдсанаар барилгуудаа бүртгүүлэхийн тулд эзэд нь тодорхой хэмжээний мөнгө төлж, дараа нь төрөл бүрийн татвар, шимтгэл төлдөг байж. Энэ нь улсын төсөвт 3,1 тэрбум долларын орлого оруулжээ.

Харин Туркийн барилгын салбарын шинжээчид ийнхүү үл хөдлөх хөрөнгийг мөнгөөр бүртгэх нь ноцтой аюул дагуулна гэж сэрэмжлүүлж байсан гэнэ.
“Манай хотууд, тэр дундаа Стамбулыг оршуулгын газар болгох нь, бидний гэр орон авс болох нь. Тэд анх төлөвлөснөөс олон давхар нэмэж барьж уу, зөвшөөрөлтэй байсан уу гэдгийг ч шалгахгүй бүх барилгад өршөөл үзүүлж байна” хэмээн 2019 онд Барилгын инженерүүдийн танхимын дарга Жемаль Гёкче анхааруулж байжээ.

Үнэхээр ч, чанартай барилга барьсан бол газар хөдлөлтөөс үүдсэн хохирогчдын тоо ийм өндөр байхгүй байх боломж байсан гэж олон улсын шинжээчид онцолсоор байгаа юм. Барилгажилтыг дэмжих нэрийдлээр сонгуулийн өмнө сонгогчдоос оноо авах зорилгоор гаргасан “барилгын өршөөл” нь үнэндээ цаазын ял байсан гэлтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img