2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар та бүхэн засаглах эрхээ эдлэх болно

Өнөөдөр Төрийн ордонд “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож байна.

Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1,570 иргэнээс авсан.

Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1,570 иргэнээс мөн түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэд маань хуран цуглаад байна. Та бүхэн нийгмийн бүхий л давхарга, мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн хэмээх Их олонлогоос сонгогдсон Бага олонлог нь та нар юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг.

Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар Та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй. УИХ-аас Засаглал-улс төрийн, Эдийн засгийн, Хүний хөгжлийн 3 бүлэг 10 багц хуулиар Шинэ Сэргэлт-Эрх Зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Та бүхний хэлэлцүүлэг, түүнээс гаргах Зөвлөмж ч эдгээр хуулиудад тусгалаа олох болно оо.

Бид монгол хүмүүс. Монголынхоо төлөө цохилох зүрх хүн бүхэнд байгаа. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлээр, Монголын төлөө гэсэн итгэлээр асуудалд хандаж, зөв мэргэн шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна. Чадах ч ёстой. Сөргөлдөж, тэмцэлдэх биш, эвээ хичээж, зөвийг цогцлоохын төлөө хамтран зүтгэцгээе” хэмээн онцолж байлаа.

Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг үеэр
• иргэний болон улс төрийн эрх, хариуцлага;
• парламентын ардчилал;
• эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах;
• нийгмийн тулгамдсан асуудлууд
гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж, санал бодлоо тусгаж зөвлөмж гаргах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img