2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.16) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Ким Ён Жү-г Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд талархал илэрхийллээ.

Тэрбээр иргэдийн оролцоог хангасан парламентын төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж буйгаа дурдаад Монгол Улсын нийт ард иргэдийг төлөөлж чадахуйц төлөөллөөс бүрдсэн Зөвлөлдөх санал асуулгыг өчигдөр зохион байгуулж дууслаа. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой энэхүү Зөвлөлдөх санал асуулгад 800 гаруй иргэн оролцсон бөгөөд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгнө гэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү Улсын Их Хурлын даргатай дахин уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэсэн юм. Тухайлбал, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хүрээлэн буй орчин тэр дундаа дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бууруулах, амьсгалын замын өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө дуулгав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва Их сургуультай хамтран энэ оны 6 дугаар сард “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү форум бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах, улс хоорондын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тодорхой ахиц үзүүлнэ гэж үзэж байна гэлээ. Энэ хүрээнд зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн манлайллын форумд хатагтай Ким Ён Жү-г үндсэн илтгэгчээр оролцохыг урив. Мөн Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр солонгосын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлээд БНСУ-ын Үндэсний Ассамблейн оролцоог хангахад Парламентын дэд даргын зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.

Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг талууд онцлоод цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр бүхий л талаар нягт хамтран ажиллана гэлээ

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img