Монголын цагаан сарын баяр бол малчин ардын аж амьдралаас үүссэн, эртний уламжлалтай бөгөөд хүйтэн өвлийг давж, урин хавартай золгосны баяр, нэг нас нэмсний, шинэ он гарсны баяр юм.
Шиний нэгний урд оройг битүүн хэмээдэг учир нь шинийн нэгэн ба гучинд сар харагддаггүйтэй холбоотой. Айл бүр тансаг идээгээ таваг дүүрэн дэлгэн тавихын хамт эр хонины тарган ууцыг том таваг царан дээр тавьж, хоёр талд нь дал, дөрвөн өндөр, хавирга, сээр гэх мэтчилэн бас бус мөч махыг зөв өрж, тусгай бэлтгэсэн ширээн дээр засамжлан тавиад, айраг цагаагаа аягалан, айлчин зочдоо урьж дайлж, найр цэнгэл болдог.
Шинэ жил эхлэхийн урд орой, өөрөөр хэлбэл хуучин оны хамгийн сүүлийн оройг үдэж байгаа ёслолыг битүүн гэдэг.
Энэ оройн хүндэтгэлийн идээ зоогийг битүүлэг гэж нэрлэн хот айлынхан битүүлэг солилцож, зооглодог уламжлал байсан.
“Битүүний орой битүүртлээ иднэ” гэдэг сүүлд ам дамжсан наргиа үг болохоос биш тэгж их иддэггүй байлаа.
Битүүлгэнд банш чимхэж идэцгээдэг байжээ.
Битүүний орой хийдэг банш, хоол унд дэг ёс нутаг бүрт арай ондоо юм. Халхын төв хэсэгт битүүний орой үхрийн толгой ялз чанаж, духыг нь тавагт хийж, айлуудад түгээдэг заншил бий. Үүнийг “дух гүйлгэх”гэж нэрийддэг.
Энэ заншил Өвөрхангай, Архангайн ихэнх, Булган аймгийн урд сумдад түгээмэл ажээ. Ихэнх нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү чанаж, бурхан тахилдаа ууц тэргүүтэй бусад махан шүүс, цагаан идээнээс хурууд, хураасан тос, боов зэрэг амттанг бэлтгэж засдаг.
Битүүний орой хийдэг эдгээр зан үйл нь гарч буй шинэ онтойгоо агуулга хэлбэрийн хувьд ижилсүүлэн, битүү байснаа нээгдэж буйг дүрсэлсэн бололтой.
Харин торгуудын битүүнд чөмөг таших нь Лхам бурхан гэгч хүнд сайн сайхныг авчрах гэж шинийн нэгний өглөө яарч явах гэхэд шулам саад хийж, тэмцэлдэхэд шулмын унааны хөлийг хугалж буй гэх мэтээр ярьдаг домогтой юм.
Гэр дээр тавьдаг цас, аргал, өвс зэрэг нь Лхамын хүлгийн уух ус гэж үздэг байжээ.
Битүүнд битүү мах задалж, (гургалдай, чөмөг) идэх заншил нь ардын зан үйлд нэлээд эртний уламжлалтай.
Шинийн нэгний өглөө эртлэн тэр жилийн анхны шинэ цай чанасны дараа эхнэр, нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойны эрүүг заадаг заншил байжээ.
Ингэж заахдаа эрүүнээс авгай нь, нөхөр нь толгойноос татаж,
Бүх юм дэлгэрлээ,
Битүү юм нээгдлээ
Буур жил гарлаа
Ботгон жил орлоо гэж хэлээд хонины толгойны хошуунд шар тос түрхээд, уураг сүүл, шагайт чөмөгтэй, бурхандаа тавьдаг байжээ.
Эрүү толгой заасан эхнэр нөхөр хоёр нэг хүн шиг нэг амьтай хэмээн цагаан сараар хоорондоо золгодоггүй ёстой.
Шинийн нэгнийг маш их бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг.
Энэ өдөр хүмүүс хийморио сэргээж буй зан үйл (зүгээ гаргах, дарцаг хийсгэх, арагт дүүрэн аргал түүх, ээрүүлээ дүүртэл утас ээрэх) тоглоом наадгай зэрэг нь бүгд дүүрэн бэлгэтэй байдаг.
Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босоод, шинэ дээлээ өмсөн, овоонд мөргөхөөр идээ цайтай, очицгоодог байжээ.
Овоон дээр очиж, цай идээнээсээ дээжлэн мөргөхийг төрийн сүлд, эзэн сүлдэд мөргөх, индэрт мөргөх, овоонд мөргөх гэж янз янзаар хэлдэг.
Айл хотны хамгийн ахмад настай айлдаа шинийн цайны дээж, тавагтай идээтэй ирцгээж, ахмад хүний тохой дороос түшисхийн хоёр гарын алгыг өөд харуулан хадаг барин мэхэсхийн золгоод, дараа нь сууж, “Лагшин тань амар айлдаж байна уу” гээд гаанс хөөргөө солилцон мэндэлнэ.
Шинэлэхдээ урьдаар аав ээждээ үр хүүхэд нь дүү нар нь хадаг барин золгоход “Урт настай, удаан жаргалтай яваарай” гэж духан дээр нь үнэрлэдэг.
Ийнхүү золгосны дараа ахмадаасаа эхлэн идээнээсээ амсан, хоол идэцгээж, настайчууд бага зэрэг шимийн архи тогтоож, 40 хүртэлх насны хүмүүс архийг зөвхөн уруул хүргэн ёсолдог байжээ.
Шинийн нэгний цай хоол зооглосны дараа бэлгэ дэмбэрэлтэйг бодож нэг хотны айл болгон хорол тоглодог.
Энэ тоглоомыг халхын өмнөд нутагт “Баясгалан”, “Амарбаясгалан”, төв хэсэгт “Зэндмэнэ”, нийт халхчууд “Хорол” гэж нэрлэн наадацгаадаг.
(СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор угсаатан судлаач Д.Тангадын “Монголын угсаатны зүйн судалгаа” IV боть “Монгол ардын баяр цэнгэл, тоглоом наадгай” хэсгээс хүргэв.)