2024-10-07, Даваа
7.1 C
Ulaanbaatar

Ламын гэгээнтэн: Гэгээрэл тэнгэрт биш амгалан сэтгэлд оршдог

Монголын бурхан шашны гурван зулын нэг Ламын гэгээний наймдугаар дүрийн хувилгаан Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул бөгөөд Ламын гэгээнтэний наймдугаар дүрээр 2010 онд тодорч өдгөө Энэтхэг улсын Гоман дацанд 13 дахь жилдээ ном эрдэмд шавилан суралцаж байна.

-Сэтгэлийн боловсрол гэж юу вэ. Яавал сэтгэлээ амгалантай байлгах вэ?

-Сэтгэлийн боловсрол гэдэг зүйл улс нийгэмд ч хувь хүнд ч хамгийн хэрэгтэй зүйл юм. Ерөнхийдөө дэлхий нийтээр ХХ, XXI зуун аж үйлдвэржилтийн техник технологийн, материаллаг байдлын хөгжилд илүү түлхүү хөгжиж түүндээ түлхүү анхаарч явж ирлээ. Тэр хэмжээгээрээ ч өндөр технологи гайхамшигтай хөгжиж, бүтээн байгуулалтууд бий болсон. Материаллаг зүйл тодорхой хэмжээнд амар амгалан өгч байна уу гэвэл өгдөг. Гэхдээ цэнхэр гараг дээр олуулаа долоон тэрбум гаруй хүн хамтдаа зэрэгцэн оршиж, амьдарч байна. Өмнөх хөгжлийн үе шатуудад хүмүүсийнхээ сэтгэлийг яаж тайван, амар амгалан амьдруулах вэ гэдгээ бид ярилцаагүй хоцрогдуулж ирсэн.

Ламын гэгээн

Бид хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд сэтгэлд нь амар амгалан сайнсайхан зүйл өгдөг ч тэр нь тухайн агшинд хоромхон зуурынх л байдаг. Яг хүний сэтгэлд тулсан, сэтгэлд ойртож ажиллаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Дэлхий дээр Христ, Лал, Хиндүзим гээд маш олон шашин байна. Энэ олон шашин дотроос хүний сэтгэлийг судлаад, гаднах орчноос үл хамааран тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэлдээ аз жаргалтай оршиж чадна гэдгийг номлодог нь буддын шашин юм болов уу гэж боддог. Буддын шашинд сэтгэлийг засах сургааль номлол, бясалгал гээд олон зүйл байдаг. Буддын шашны нэг чухал онол бол Сэтгэлээ шинжихүй юм. Энэ онолд сэтгэлээ шинжихүй гэдгийг заадаг. Сэтгэлээ шинжихүй гэдэг нь өөрийн бие дэх өвчнөө таньж мэдэж тандаж байдаг шиг сэтгэлээ тандаж танин барих юм. Танин барьсаны үндсэн дээр сэтгэлээ хувь хүн засдаг байх хэрэгтэй. Биеийг эрүүл байлгая гэвэл сэтгэлээ эрүүл байлгах хэрэгтэй. Сэтгэл гэдэг зүйл маань биеийг эрүүл байлгадаг. Хорт хавдар өвчнөөр манай монголд ч бусад улс оронд ч маш олон хүн өвдөж шаналж байна. Ийм өвчтэй болсоноо мэдээд оюун хийгээд сэтгэлдээ шаналахад хорт хавдрын дэгдэлт хурдтай ихэсдэг тухай шинжлэх ухааны судалгаанууд байдаг. Сэтгэлд ямар зовлон, хэцүү зүйл байна түүнийгээ буддын философоор мэдэж таниж чадвал туйлын сайн. Өнөө цаг үед сэтгэл зүйн шинжлэх ухаан асар өндөр хурдтай хөгжиж байна. Заавал буддын шашнаар дамжуулахгүй, буддын шашинтан байх шаардлага байхгүй ч та сэтгэлдээ зөв явдал мөрийг дадуулж чадвал сэтгэл тайван байж чадна.

-Таныг “Сэтгэлийн боловсролын төв” нээх гэж байгаа тухай сонссон. Энэ төв хэзээнээс нээгдэх вэ, хэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах вэ?

-Ажлын эхлэл тавигдана гэдэг өөрөө хамгийн чухал байдаг. Ажил төрөл ерөнхийдөө эхэлчихсэн явж байна. Улаанбаатар хотод хоёр төв, Баянхонгор аймагт нэг салбар гээд гурван газарт эхний ээлжинд, цаашид салбарлаад цар хүрээгээ тэлээд явна. Сэтгэлийн боловсрол төвийг Монгол орны маань ирээдүй болсон хүүхэд, залуучуудаа зөв хүн болгох үүднээс тэдэнд зориулан нээж байгаа юм. Сэтгэл нь өвдсөн, сэтгэлийн шаналант байдлаас нь гарахад туслах төв юм. Мэргэжлийн сэтгэл судлаач нар дээр тулгуурлан ажиллана. Бурханы номон Яагаад гэдэг асуулт байдаг. Яагаад гэдэг асуултаар яагаад монголд хүүхэд, залуус сэтгэл зүйн дайралтанд өртөж, тавгүй байна вэ. Яагаад ямар шалтгааны үүднээс асуудал бэрхшээл тулгараад байна вэ.

Хүүхэд, залуус өөрийнхөө сэтгэлийг зөв удирддаг, сэтгэлээ өвчлүүлэхгүй бусдаас өөрийнхөө сэтгэлийг хамгаалж чаддаг байгаасай гэж хүсч сэтгэл зүйн боловсролын төв байгуулахаар болсон. Эерэгээр асуудлыг харж чаддаг, өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалж чаддаг ирээдүйн иргэдэд зориулж миний тухайтад оруулж буй хувь нэмэр юм.

Энэ ажил маань бурханы шашинтай холбогдолгүй бөгөөд хувь хүнийхээ зүгээс монголдоо оруулж буй өчүүхэн тус нэмэр минь юм гэж бодож байгаа. Бага, дунд, өсвөр насны хүүхэд, залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Монголчууд бид олгой хагаравч тогоондоо, гар хугаравч ханцуйндаа гээд айлын гэр бүлийн асуудал тухайлбал хүүхэд, залуусынхаа сэтгэл зүйн асуудлыг огт тоохгүй явсаар тэдний сэтгэл өвчилж, цаашлаад сэтгэл зүйн олон асуудалтай иргэн бий болоод байна. Өнөө цаг үед хүүхэд, залуус сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй байгаагаас болж ямарваа нэг зүйлд донтох, донтолтын үйлчилгээтэй зүйл хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох зэрэг сөрөг зүйлүүд гарч байна. Энэ төв бол ирээдүйгээ хамгаалах зорилготой ажил юм. Бидний эхлүүлсэн энэ ажил ганц хоёрхон жил хэрэгжих биш урт хугацаанд үргэлжлэх ажил юм. Олон хүмүүст хүрээд үр шим нь зөвөөр гараад эхэлвэл олон улсын хөтөлбөр төсөл болно гэж харж бодож төлөвлөж байна.

Ламын гэгээн

-Энгийн хүнийхээ хувьд нийтийн сайн сайхны төлөө хүүхдүүдэд чиглэсэн Сэтгэлийн боловсролын төв байгуулж байна гэлээ. Тэгвэл бурханы шашны хувраг гэгээнтэн хүний хувьд бурханы шашинд оруулах таны хувь нэмэр юу вэ?

-Бурханы номонд хутагт хувилгаад тодруулах нь чухал гэж үздэг. Хутагт хувилгаан хүн гэдэг бол энгийн хүнээс нэг их ялгаа байхгүй. Гэхдээ хутагт хувилгаан гэж нэрийг зүүлгээд ялгамжаа тогтоож байна. Энэ юугаараа ялгамжаатай байна гэхэр нийтэд хүргэж чадах тустай үйл нь тэр хэмжээгээрээ илүү байх ёстой гэж үзэж байгаа юм. Манай монголчууд хутагт хувилгаад тодрууллаа гэхэд өнөөдөр сайн эмчид үзүүлээд маргааш эдгэх мэт байдлаар өндөр хүлээлтийг бий болгодог. Хутагт хувилгаадууд түүнийхээ хэмжээнд хүртэл сурч боловсрох ёстой байдаг. Манай Монгол орноос тодорсон олон хутагт хувилгаад БНЭУ-ын Гомон дацан, Сэра хийд зэрэг өөр өөр газруудад сурлцаж эрдэм номондоошамдаж байна. Цаг нь болохоор энэ хүмүүсийн шашинд оруулах хувь нэмэр нь шашны хуврагууд болон хийд орондоо номыг номлох. Сайхан сэтгэл хийгээд тэр бүгдийг нийт олонд бий болгохыг зорьж чаддаг, хийж чаддаг номын эрдэм мэдлэгтэй байх нь нэн чухал. Мянган сайхан нэр байгаад түүндээ хүрэх эрдэм мэдлэгтэй байх нь хамгийн эрхэм чухал гэж миний хувьд боддог. Мэдээж тодорч байгаа хувраг бүхэн өөрийн орон хийд, нутаг оронтой. Өөр өөрийн нутаг усанд хандсан бүтээн байгуулалтууд хийж хийд орноо улам сэргээн, сурсан эрдэм мэдлэгээ түгээнэ. Буддын философи гүн ухааны сургалтууд нэмэгдэнэ. Өнөө цагт буддын шашин зүгээр нэг ном нушуулах төдий биш хүнийг дотоод сэтгэлээс нь засч чадах, дотоод сэтгэлээс нь гэгээрүүлж чадах тийм хүч чадалтай шинжлэх ухаанд ойрхон шашин болон хөгжиж байна. Шинжлэх ухаантай хөл нийлэн алхаж чадах шашин юм. Ирээдүйд олон орон хийд шинжлэх ухаан шашин хосолсон байдлаар хөгжинө гэдэгт итгэж байна.

-Бурханы номонд ч эрдэм мэдлэгт ч орой үгүй гэдэг. Гэхдээ таны сурах үйл хэзээ боловсорч эх орондоо заларч сурсан эрдэм мэдлэгээ түгээх вэ?

Ламын гэгээнтэн

-Бурханы ном өөрийнхөө сэтгэлийг дадуулах, сэтгэлээ зөв байлгах тэр бүгдэд зааж сургадаг. Бид өдөр болгон нэг ном үзээд судлах тусам улам бүр нарийсаад өөр өөр мэдлэг чадварт хүрч, шинэ зүйл улам тодорч байдаг. Номонд энэ хүрээд сурч дууслаа гэсэн зүйл байдаггүй. Миний хувьд 2010 оноос хойш Энэтхэгт суралцаж байна. Буддын сургууль өндөр сургалтын агуулгатай байдаг. Манай сургуулийн тухайд төгсөх анги хүртэл 16 ангид 16 жил суралцдаг. Үргэлжлүүлээд шарын шашны их шалгалтадзургаан жил нийт 22 жилийн сурлага шаарддаг. 22 жил суралцаж төгсөөд Монгол орондоо суурин ирж амьдарна. Энэ хугацаанд бас өөрийн сурсан өчүүхэн эрдэм мэдлэгээ хичээл болгон цахимаар хүмүүст хүргэж байгаа.

-Таны өмнөх дүрүүдийн авьяас, дадал энэ төрөлд хэр хөгжиж байна вэ? Таны өмнөх дүр зурхайн шинжлэх ухаанд авъяастай Монгол зурхайн эцэг гэгддэг хүн байсан. Та энэ чиглэлд суралцаж , авъяас дадлаа хөгжүүлж байна уу?

-Манай сургуулийн хичээлийн хуваарь маш шахуу өглөө зургаан цагаас өдрийн 11-12 цаг хүртэл хичээлтэй байдаг. Өдөр нэгээс хоёр цаг амраад хичээллээд үдшийн 23 цаг хүртэл хичээллэдэг.

Ламын гэгээн

Миний хувьд одоогоор зурхайн ухаан гэхээс илүүтэйгээр хуучин монгол хэл бичигтээ хичээлийнхээ хажуугаар шамдан суралцах зорилго тавиад Ардын багш хэл шинжлэлийн ухааны доктор С.Дулам багшид шавь орсон.

-Та монгол хэл бичгийн хичээлдээ хэр цагааширч байна?

-Гайгүй болж байгаа. Улам их хичээх болноо.

-Бид өөрийнхөө сэтгэлийг хэрхэн танин мэдэж, тогтоон барих вэ. Өөрийгөө нэг л болохгүй байгааг мэддэг хэрнээ сэтгэлээ захирч чаддаггүй шүү дээ?

-Сэтгэл хүнд хэцүү байна уу, амар амгалан байна уу гэдэг дээр хүн өөрөө өөртөө оношилгоо тавьж сурах хэрэгтэй. Бид долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр амардаг. Амралтын өдрүүдээд ирэх долоо хоногт хийх ажлаатөлөвлөдөг шигээ өөрийнхөө сэтгэлд зориулах цагийн хуваарь цаг зав гаргах хэрэгтэй.

Хүн бүр буддын шашинт, хүн бүр шашин шүтдэг байх албагүй ч хүн бүр шашингүй амьдарч болдог. Гэхдээ хүн бүр өөрийнхөө сэтгэлийг аз жаргалтай байлгах, сэтгэл гэдэг зүйлтэйгээ цаг зав гарган ажиллаж сурах хэрэгтэй. Өглөө босоод чухал ажил байвал түүндээ бие сэтгэлээ бэлдэж хичээдэг шиг өдөр бүр өөрийнхөө сэтгэлд болж буй зүйлээ танин мэдэрч, өөрийнхөө сайн чанаруудаа улам тэтгэн бататгаж, муу болохгүй чанаруудаа танин мэдэрч түүнийгээ засахын төлөө өдөр бүр хичээх хэрэгтэй.

Муу сэтгэлээ дарах ерөндөг, сайн сэтгэлээ тэтгэх өөрийн гэсэн аргатай байвал хамгийн зөв болов уу… Сэтгэл зүйн салбар бол дэлхийд хөгжсөн салбар. Монголд бол одоо л танигдаж байгаа салбар. Сэтгэл зүйн салбараар дамжуулан өөрийгөө таниад сайн зан чанараа улам арвидуулж муугаа танин засах боломжтой. Буддын сэтгэл зүйн салбар бол маш гайхалтай хөгжчихсөн. Хүнд оюун хийгээд сэтгэл зүйн сахилга бат чухал гэсэн нэр томъеог сүүлийн үед гаргаж ирээд зааж сургаж байна. Хүн ариун цэврийн сахилга батаа хэрхэн анхаарч өөрийгөө арчилдаг билээ түүн шиг сэтгэлийн сахилга бат, сэтгэлийн хирээ танин мэдэж сэтгэлдээ хэр цаг зав гарган ажиллах тухай өгүүлж байна. Сэтгэлийн сахилга батыг алдагдуулдаг дадал зуршлуудын тухай өгүүлдэг.

-Сүүлийн үед дээдийн номыг дээдэс багш нараас сонсох боломж их байдаг боллоо. Таны хичээлийг гэхэд цахимаар дэлхийн хаанаас ч холбогдоод үзэж, сонсож болж байна. Та дээдийн номыг бие хэл сэтгэлдээ дадуулж байж ном ном болдог гэж байсан. Гэтэл зарим хүмүүс гаднаа учиргүй сүсэгтэй хичээл номонд шамдалтай харагддаг хэрнээ үг үйлдэл нь түүнийхээ эсрэг байгаад байдаг. Энэ тухайтад?

-Номыг ном болгож сонсох нь өөрөө маш чухал байдаг. Ном сонсохын өмнө өөрөө зөв сэдэл санаа төрүүлэх ёстой. Ганцхан өөрийнхөө төлөө ном сонсоогүй бусад амьтдыг аз жаргалтай байлгахын тухайд номыг сонсдог. Бусад амьтдыг гэгээрлийн хутагт хүргэхийн тухайд номыг сонсож байдаг. Бурханы шашинд зөв суурь сэдэл санаа гэж байдаг. Тэр сэдэл санааг зөв болгож байж номыг сонсоно. Дараа нь багшийг шүтэх ёс гэж маш нарийн чухал зүйлс байдаг. Сонсож буй багшаасаа зөв сонсох хэрэгтэй. Багшийнхаа айлдсан номыг сонсохдоо яг номондоо анхаарч сонсоно. Гадны ямар нэг зүйлд автсан, сатаарсан байдлаар номыг сонсож болдоггүй. Номыг сонсохдоо зөвхөн өөрт таньзориулж айлдаж буй мэтээр сонсох ёстой байдаг. Багшаасаа өөр газар номыг давтан сонсож сурах ёстой.

Ламын гэгээн

Номыг заавал тохь тухтай ганцаараа орчинд давтах бус хүнтэй харилцаж байхдаа, үг үйлдэл хийж байхдаа номоо улам бататган үг үйлдэл болгон дээрээ номоо шингээж суралцаж байх ёстой. Багш уур гэдэг зүйлийн тухай хичээл дээр ярьсан байлаа гэхэд уур гэдэг ийм ийм тэргүүтэй, хэрвээ би уурлах юм бол хүнийг тавгүй болгоно, өөрийгөө тавгүй болгоно. Тэр дундаа цаашдын үр дагавар нь харилцаанд бэрхшээлүүсгэнэ, удаан үргэлжлэх хортой үр дагавар бий болгох тухай бодож уурын эсрэг ерөндөг бодолдоо бий болгож сурах хэрэгтэй. Та уурлах гээд л байвал муу ерөндөгүүдийг, муу үр дагаваруудыг нь санаад байх хэрэгтэй. Уурлахгүй байхын сайн тал, ач тусыг бод. Уурыг хором тэвчсэнээр амар тайван, амгалан байх нь. Уур бухимдалтай хүнтэй уурлаж бухимдаж харилцах бус тухайн хүнийг өргөж хүндлээд харьцах юм бол тэр уур замхарч, хатуу ширүүн уур амьсгал нь удаан үргэлжлээд байхгүй. Би уурлахгүй байснаараа, уурыг тэвчиж чадсанаараа бусад хүмүүсийг муу зүйл хийхээс хамгаалж байна гэж бодох хэрэгтэй. Багшаас сонссоноо өдөр тутмын амьдралдаа марталгүй санаж номыг өөрийнхөө оюун санаа сэтгэлийн үйлдэлдээ өдөр бүр хэрэгжүүлж дадуулж байх хэрэгтэй. Сонссон бол түүнийгээ санаж хэрэгжүүлдэг байгаарай. Биднийг бага байхад аав,ээж маань “Ингэж болохгүй тэгж болохгүй” тайлбарлаж өгдөг байсан түүнээс бид тун цөөхнийг нь анхааран авч насан туршдаа өөртөө дадуулсан байдаг. Ихэнх тохиолдолд аав, ээж, багшийн хэлсэн сургааль, захиасыг бид бодит амьдрал дээр үйлдэл болгож чадахгүй байх нь элбэг байдаг. Хэлж байгаа, ярьж байгаа зүйлээ үйлдэл болгож чадахгүй байна. Сурсан ном гэдэг зүйл хүний өдөр тутмын харилцаан дээр, хүний аливаад хандаж буй хандлага бүрээр илэрч байдаг. Хүнд үг хэлэхдээ хүртэл өөртөө хэрэгтэй ашиг сонирхлын үүднээс үг хэлдэг. Олон олон сэтгэлийг үүсгэж хүнтэй харилцдаг. Олон өнгийг нэг дор өөрийнхөө сэтгэлдээ цуглуулах хэрэггүй сэтгэлээ нэг л цагаан өнгөн дээр тавиад нэг л буяны сайхан сэтгэлийн үүднээс аливаад ханддаг байвал сэтгэлд амар амгалан үүснэ. Ийм сэтгэлийг өөртөө дадуулж номыг өөртөө шингээж чадаж байгааг анхааран авлага хэлээд байгаа юм. Анхааран авлага гэдэг зүйл бол хүний сэтгэлийг өөрчилж чадах тийм хэрэгтэй зүйл. Азийн зарим улс орон Японд гэхэд өглөө таарсан хүн бүхэнтэй мэндчилж, ажилд, хичээл сурлагад нь амжилт хүсдэг. Түүн шиг бид хүн бүхэнтэй ялгалгүй харьцаж мэндлээд зөв сайхныг хүсээд байвал хүний мөн чанар дотоод сэтгэлд зөв зүйл дадаж байдаг. Анхааран авлага гэдэг бол бид тэнгэрт нисээд, элдэв ид шид үзүүлж гайхшруулж галаар тургих биш юм . Сэтгэлдээ сайн зүйлийг дадуулаад тэр нь үйлдэл болон илэрч байгааг хэлэх болов уу гэж бодож байна. Энэ бол анхааран авлага юм.

-Буддын шашинтан хүний эрхэм чанар юу вэ?

Ламын гэгээнтэн-Манайхан буддист гэхээр нэг бол гэгээрчихсэн, эсвэл бурхан шиг үг хэллэг хэлээд явдаг байх ёстой гэж бодоод байдаг нь нийтлэг. Буддист гэдэг нь чухаг дээд гуравт авралыг одуулдаг. Энэ нь буддын шашинтай хүн болчихсон хүнд хамааралтай ойлголт. Шашинд орохын үндэс нь аврал одуулах. Шашинд гүнзгий орооогүй мөртлөө өөрийгөө буддист гэж боддог хүмүүсийн тухайд сэтгэлээ зөв байлгах, бусадтай зөв сайхан сэтгэлийн үүднээс харилцах. Харилцаа хандлагаараа зөв байгаа хүнийг л зөв буддист хүн гэж нэрийдэж болно.

-Аятайхан сайхан зөв хүн байх, сайхан сэтгэлтэй хүн байх сэдэл хүн бүрт л байдаг. Гэхдээ яаж өөртөө сайхан сэтгэлийг дадуулах вэ?

-Бид сайхан сэтгэл гэж зүйлийг бодохдоо ядарсан хүн явж байвал хүн болгон гүйж очиж туслаад, тийм байх ёстой гэж хараад байх шиг байгаа юм. Сайхан сэтгэлтэй хүний эхний энгийн шинж бол хүнтэй инээмсэглэж уулзаад хүний амар мэндийг тайван сайхан мэддэг байх. Хүн хаалга нээгээд урдуураа оруулахад баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг. Сайхан сэтгэлийг хөгжүүлээд яваад байвал хязгаар гэж байхгүй. Хүнтэй харилцах, ярилцах хандлага, бидний хийж буй үйл үйлдэл бусдын тусын төлөө байвал бусдыг жаргалтай байлгахыг хүссэн сэдэл санаа бүхнээр тодорхойлогдоно. Бурханы номонд сайхан сэтгэл гэдэг зүйлийг нарийн дэлгэрүүлвэл бодьсэтгэл гэж зүйл байдаг. Бодь сэтгэл гэдэг зүйл маань хамаг амьтан гэгээрлийн хутагт хүрч зовлонгоос ангижрах болтугай. Бусад амьтдыг гэгээрлийн хутагтад хүргэхийн тухайтад би гэгээрлийн хутгийг түргэн олье гэдэг. Энийг бодь сэтгэл гэж нэрлэж байгаа юм. Монголчууд маань бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж хэлэлцдэг. Энэ маань л өөрөө бодь сэтгэл юм шүү дээ. Бусад хүмүүсийн аз жаргал сайн сайхны төлөө өөрийн хийж байгаа үйл үйлдэл, үг хэлээ хянаад зөв бурууг ялгаж салгах тэр ухааныг өөртөө дадуулаад хийж буй үйлдлүүдээ бусад хүмүүсийн сайн сайхны төлөө дадуулахад эндээс сайхан сэтгэлийн үндэс дэлгэрч байдаг. Ингээд ирэхээр аяндаа бидний үйлдэл бусдын төлөө болоод ирдэг. Сайхан сэтгэл эндээс ирнэ. Бусдыг бодсон сайхан сэтгэлийн үр шимээр өөрийн зорилго аандаа бүтэж байдаг.

-Та номын айлдвар дээр болио мэдэл, шуналын тухай сонирхолтой тайлбар хийж байсан. Тэр тухайтад?

-Болио мэдэл гэдэг зүйл монголчуудад эртнээс уламжлагдан ирсэн өвгөдийн их ухаан. Аливаа зүйлд хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандах хандлага юм. Буддын философоос харахад ч өөрийн сэтгэлийг жаргалтай байлгах, нөгөөтэйгүүр энэ насандаа өлсөж цангахгүй байх гэсэн бодлоос үүдэлтэй. Бид болио мэдэлтэй байхгүй бол шунал гэдэг зүйл биднийг ядрааж зовоож байдаг. Шунал гэдэг маань нэг зүйлтэй болье гэсэн сэтгэлээс үүдэлтэй.

Хичээгээд хөдөлмөрлөөд хүссэн зүйлээ авсаны дараа дахиад л өөрийг авах хүсэл төрдөг. Жишээ нь гэрт нэг аяга авлаа, зочин ирдэг аяга маань хүрэлцдэггүй дахиад нэг аяга авдаг. Дараагийн зочинд гээд дахиад аяга авдаг. Ингээд олон аягатай болонгуут халуун сав хэрэгтэй, цай хоолных тусдаа гээд нэмээд авсаар байдаг.

Ламын гэгээнИнгээд л нэмж сайжруулж байна гэж авсаар хүсэл шуналын тойрогт орчихдог. Гэр орноо тохижуулах нь муу зүйл биш. Гэхдээ амьдрал маань нэг юмыг хүссэн тухайн нэг эд хөрөнгөтэй байхыг хүссээр, түүнийхээ төлөө тэмүүлсээр дуусдаг. Гэтэл хүн болоод төрчихсөн хүний төрөл маань өөрөө чөлөө учрал бүрдсэн гайхамшигтай төрөл гэж дээдийн номонд өгүүлдэг. Хүмүүн төрөл бол бусдын тусыг үйлдэж чадах, амьтан бүгдийг аз жаргалтай байлгаж чадах тийм төрөл юм. Өөрийнхөө сэтгэлтэй ажиллаад сэтгэлд байх олон муу чанарыг дараад сэтгэлээ амар амгалантай байлгаж чадах тийм төрөл юм. Гэтэл бид амьдралынхаа турш сайн сайхан зүйлийг ярьдаг, хүсдэг мөрөөддөг, ерөөдөг мөртлөө бидний өнгөрүүлж буй амьдрал маань нэгэн хэвийн нэг зүйлээс нөгөө зүйлийг авах тухайтад үргэлжилсээр дуусдаг. Жишээ нь айфон утсаар аваад үзэхэд жил бүр шинэ загвар нь гардаг, шинэ загвар бүрийг авахын төлөө шунаж хүсдэг. Мөнгөөр ямар нэг зүйлийг авах гээд хөөгөөд гүйгээд байх тусам чи хэзээ ч мөнгийг гүйцэхгүй. Харин хүнд хэрэгтэй, хүнд тустай зүйл чи бүтээж чадвал мөнгөний урсгал, мөнгө чам руу аяндаа ирнээ гэдэг Япон хэлц үг байдаг. Гэтэл бидний хийж буй үг үйлдэл бүхэн маань эргэн тойрон дахь ах дүү, амраг садан,найз нөхөддөө сайн сайхан зүйл түгээхийн оронд шинэ утас, шинэ хувцас, шинэ машинтай болж материаллаг талаасаа харагдахыг илүү их хүсдэг болчихсон байна. Материаллаг тал руу илүү хөгжиж байна. Бид сэтгэлдээ амар амгалан хөгжүүлэхийг илүү чухалчлах нь өнөөдөр хамгийн чухал болоод байна. Болио мэдэлтэй байж өөрийнхөө хязгаар хэм хэмжээг мэддэг аливаа зүйлд зохистой харилцаа, хандлагыг барьдаг байх нь маш чухал юм.

-Уг нь санаагаар болдог бол байнгын амар амгалантай баймаар байдаг. Гэтэл нэг л мэдэхэд алдуурчихсан явдаг сэтгэлийг хэрхэн тогтоон барих вэ. Амар амгалангийн жор гэж байна уу. Бэлэн, амархан жор асуугаад байдаг уучлаарай?

Ламын гэгээнтэн-Бид амар хялбараар асуудлыг шийдчих гээд байдаг. Амар амгалан байх жор байлгүй яах вэ. Хэн бүхэнд тавгүй байдал үүсдэг, надад ч үүсдэг. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг тавгүй чигээр нь хүлээж аваад тавгүй байдлаар буцааж илэрхийлж гаргах нь буруу. Бидний яриад байгаа сайхан сэтгэл, зөв сэдэл санаа гэдэг зүйл чинь үүнд маш чухал. Ууртай бухимдалтай хүний өмнөөс уурлах бус инээгээд байвал улам уурлаж мэднэ. Харин тэр хүнтэйгээ аядуу тайван, хүндэлж харьцвал тухайн хүн тайвширч уур нь аандаа замхарна. Яг байдлыг өөртөө дадуулж үзэж байсан. Уурлавал ямар гэм хортой вэ гэдгийг өөрийнхөө оюунд суулгаж өгөх ёстой. Нэг үйлдэл бизнес, ажил хийгээд алдвал бидэнд айдас гэдэг зүйл хуримтлагддаг. Нөгөө зүйлээ давтан хийх гэхээр айдсаа давж чадахгүй байна гэлцдэг шүү дээ. Түүн шиг уур гэдэг зүйлийн мөн муу чанарыг зан үйлдээ айдас шиг дадуулвал уураас бас салж чадна. Бид сайхан сэтгэлээ дадуулах нь хамгийн чухал. Бурханы номонд бол багш дээдсийн сургааль номлолыг сэтгэлдээ бодож дадуулж муу зуршлаас салдаг. Өнөөдөр бид бүгдээрээ хүн болоод төрчихсөн. Бүгд ахан дүүс, аав ээж, хань ижил, үр хүүхдээбодоод тайвшрах өөрий гэсэн аргатай болвол тун зүгээр. Үр хүүхдийнхээ дэргэд уурлаж бухимдаж буруу үлгэр үзүүлэхгүй, аав ээжийнхээ нэрийг сэвтээж хулгай хийж худал ярихгүй гэх зэргээр өөртөө ерөндөг бий болгож сурах хэрэгтэй. Муу зүйл хийвэл болохгүй гэдэг талаас нь өөртөө ерөндөгийг дадуулах хэрэгтэй. Заавал бурханы ном гэж бодолгүйгээр сэтгэлд ойрхон зүйлээ сэтгэлдээ бий болгож дадуулж чадвал амар амгалантай болно.

-Үйлийн үрийн эрхээр зовж, өвдөж шаналж байгаа юм бол гарцаагүй зурагдсан үйлийн үрийг буян номоор барагдуулна гэж байх уу. Нэгэнтээ эдлэх үйлийн үр юм бол буянд шамдах хэрэг байна уу. Хэрвээ барагдуулж болдог бол богино хугацаанд хураах арга байдаг уу?

-Байлгүй яах вэ. Үйл наминчилна гэж үйл барагдуулах гэж зүйл бурханы номонд байдаг. Бид хилэнц түйтгэрийн нүглийн үйлийг наминчилж байх хэрэгтэй. Наминчлахын тулд мөргөлөөр дөрвөн их хүчтэний үүднээс наминчилгаа хийдэг. Мөргөх гэдэг зүйл нэг талыг иог, биеийн тамирын дасгал. Түүгээрээ нүгэл хилэнцийг тасалж болдог. Нүгэл хилэнцийг барагдуулах шаардлага байна уу гэдэг тухай ярихад бурханы номонд урд хойд төрөл байдаг гэж үздэг. Урд төрөл, хойд төрөл байнаа гэж үзэж байгаа бол үхээд дараа төрөлд явахад бид нараас тийн боловсорсон сэтгэл буюу сүнс дагаад явна.

Ламын гэгээнтэн

Сүнсэн дээр энэ төрөлд үйлдсэн муу үйл, сайн үйлийн мэдээлэл хамт явна. Энэ төрөлдөө сайн байх, сайхан явах бүхнээ ямар ч хамаагүй аргаар эдлээд үхээд дараа төрөлдөө зовлон бүгдийг эдлээд байвал хэцүү бишүү гэдгийг ярьж байгаа юм. Хүмүүний ертөнцөд байгаа хүмүүн бүхэн аз жаргалтай сайн сайхан байхын төлөө л амьдарч байна. Гэтэл бид ганцхан энэ төрөлдөө амин хувиа хичээгээд дараа төрлөө ямар мэдэх биш, дараа төрөлдөө үхвэл үхнэ биз, зовбол зовно л биз гэж бодож хандаж болохгүй. Бид нарын одоо хийж буй сайн сайхан зүйл бүхэн энэ төрөлд амар амгалан байлгаад зогсохгүй дараа төрөлд ч амар амгаланг бий болгож байдаг. Бид бүгдээрээ энэ төрөлдөө ямар нэгэн байдлаар зовж үзсэн, өвдөж үзсэн, зарим нь гар хөлөө тайруулж ямарваа нэгэн өвчний үйлээр зовсон өвдсөн байдаг. Үхээд дахиад дараа төрөлдөө очиход энэ бүхэн дахин давтагдаж өвчин нь улам даамжраад бүр хорт хавдар болох хэмжээнд хүргэсэн байдаг. Ийм байдлыг бид дараа хойт төрөлдөө дамжуулж болохгүй байхаа гэж боддог.

-Ингээд бодохоор хүний төрөл их зовлон бэрхшээлтэй төрөл юм шиг. Өвдөж шаналаад, сэтгэл нь амар амгалангүй байгаад энэ төрлийг орхисон төрөл төрөгсөд хайртай хүмүүсээ эргэж бидэндээ төрөөрэй гэж ерөөх нь хэр зохимжтой юм бол…Эргээд бидэндээ төрөхөд нь амар амгалан аз жаргалтай байлгаж чадах бил үү?

-Бурханы номонд чөлөө учрал бүрдсэн хүмүүний төрлийг хамгийн эрхэм гэж үздэг. Богд Зонховын гэгээнтэн “…Чөлөө учрал бүрдсэн хүмүүний төрөл нь чандмань эрдэнээс ч хавь илүү үнэтэй юм” гэж айлдсан. Бидний үзэж буй кино, сонсож буй үлгэрт чандмань эрдэнийг эд баялаг, нэр алдар бүхнийг өгдөг гэдэг. Гэхдээ чандмань эрдэнэ сайн заяа өгч чаддгүй, муу заяананаас гэтгэлгэж чаддаггүй. Хүмүүн төрөлавсан хүн өөрөө үнэхээр зөв хичээгээд зөв анхааран авлага хийж чадах юм бол нэг насандаа гэгээрлийн хутгийг олж чадна. Мял богдын гэгээнийг бүгд мэддэг нэг насандаа гэгээрлийн хутгийг олж чадсан. Бурхан багш 29 настайдаа гэрээс гарч 37 настайдаа гэгээрлийн хутгийг олсон. Бид ч гэсэн хичээвэл гэгээрлийн хутгийг олох бүрэн боломжтой.

Бид өнгөрүүлж буй амьдралаа зөв зүйтэй байлгаж чадах юм бол бусдын тусыг үйлдээд, бусдад тустай байж чадвал гэгээрлийн хутгийг биш юмаа гэхэд эргэн тойрондоо амар амгалан, баяр баясал түгээсэн хүн болж чадах боломж байгаа юм шүү. Олон хүмүүнийг баярлуулаад аз жаргалтай болгоно гэдэг бол цаглашгүй буян юм.

Тэр их буяныг бий болгоод өөртөө авч чадна гэдэг маш том буян юм. Чөлөө учрал бүрдсэн хүмүүний төрлийг тэнгэр, бодьсадва нар хүртэл авах юмсан гэж ерөөл тавьж хүсч мөрөөдөж байдаг гайхамшигтай төрөл. Гэтэл бид тэр хүсээд мөрөөдөөд олдохгүй байгаа төрлийг нь авч хүн болж төрчихөөд аар саархан зүйлд сатаараад шамшигдуулаад өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Хүмүүний төрөл гэдэг бол зориод бүтээж чадвал үнэхээр гайхамшигтай төрөл юм. Хүн өөрөө асрахуй, энэрэхүй сэтгэлийн мөн чанартай гэж номонд гардаг. Тэгэхээр хүн өөрөө бусдыг хайрлаад, нигүүлсэнэ гэвэл маш амархан сэтгэлд нь төрдөг. Гэтэл бидний өдөр тутмын амьдрал нэг өдрийн хоногийн хоолноос дараа өдрийн хоногийн хоолны хэмжээнд эргэлдээд дуусч байна. Үнэхээр цаг завгүй хичээж хөдөлмөрлөөд материаллаг зүйлийн төлөө зорьсоор дуусдаг. Гэхдээ өнөөдөр энэ ярилцлагыг уншаад нэг ч гэсэн хүн өөрийнхөө сэтгэл рүү өнгийж хараад, сэтгэлээ хянаад, ажиглаад сэтгэлдээ зөв зүйлийг дадуулж чадвал маш их гайхалтай өөрчлөлтийг өөртөө авч ирнэ. Үүний төлөө өөрийгөө бага багаар дадуулаасай гэж хүсч байна.

-Тэнгэрийн төрөл гээд байнга жаргаад байж байдаг төрөл байдаг гэсэн. Тэнд нь буян номондоо шамдаж болохгүй юу гэж асуумаар санагдаад болдоггүй?

-Бурханы номонд сансар хүрдний зургаан төрөл гэж байдаг. Түүнээс хүний төрөл, тэнгэр хийн төрөл, тэнгэр бусын төрөл гээд гурван дээд төрөл гэж байдаг. Тэнгэрийн төрөл хэтэрхий их аз жаргалтай төрөл байдаг. Тэнгэрийн оронд буяныг хураах цаг зөв ерөөсөө гардаггүй. Ном сонсох, буяныг үйлдэх завдалгүй найр хурим, нэгнээс нэгийнхээ хооронд наадаж цэнгэж явсаар дуусдаг. Тэнгэрийн төрөлд үхлийн долоон шинж илэрдэг. Үхэхийн өмнө хувцас хэрэглэл нь хиртэй болж эхэлдэг, орон байр нь зүс царай муутай болдог, өөрийнх нь зүс царай доройтдог, нөхөрлөж байсан тэнгэрүүд нь орхиж нөхөрлөхөө больдог, найр хуриманд уригдахаа больдог. Мөн тэнгэр төрөл үхэхээсээ долоо хоногийн өмнө дараа төрлөө мэддэг гэж номонд гардаг. Тэгэхээр тэнгэрт төрчихвөл номын ойр л байхгүй бол номыг сонсож дадуулах нь маш ховор байх нь ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэнгэр бусын төрөл бас л ялгаа байхгүй номыг хураах цаг завгүй байдаг. Зургаан төрөл дотроос зөвхөн хүмүүний төрөл илүү ялгамжаатай байдаг. Яагаад ялгамжаатай байна гэхээр буяныг хураавал нэг насандаа гэгээрлийн хутгийг олдог. Нэг нас биш юм гэхэд долоон төрөл, 15 төрөлдөө баттай гэгээрлийн хутгийг олж чадах ерөөл барилдлагатай гэж үздэг. Бид бол зовлон ихдээд байвал зовлонг эдлээд түргэн салахыг хүсдэг. Жаргал ихдээд байвал жаргалдаа ташуурчих гээд байдаг зовлон бидэнд байна. Бид хэрэв зорьж чадах юм бол аливааг зөв буруу гэж ялгаж чадах ухаан бидэнд байдаг. Түүгээрээ бид адгуус амьтнаас ялгарч байдаг. Гэгээрэл гэдэг зүйл заавал тэнгэрт байдаг зүйл биш бидний амар амгалан сэтгэлд гэгээрэл байдаг. Амар амгалан жаргалтай байвал бид түүгээрээ гэгээрч байна гэж үзэж болох юм.

-Төрөх нь үнэн, үхэх нь үнэн амьдралын жамыг бид мэддэг. Төрж буй бүхэн баяр баясгалан дагуулаад ирдэг. Үхэх харин зовлон гуниг харуусал бүхнийг авчирдаг. Яг цагаа тулахаар үхэл рүү хайртай хүмүүсээ амар амгалан явуулж чаддаггүй. Ингээд бодохоор үхэлд бид ерөөсөө бэлэн биш байдаг. Яаж бэлэн байх ёстой вэ?

-Хувь хүмүүсийн өөрсдийн таньж мэдэх ёстой зүйл. Бурханы номонд бол хүн болгон өнөөдөр аз жаргалтай байх үндэс гэдэг зүйлийг бий болгох ёстой. Өглөө гарсан хүн орой гэртээ ирэхгүй байж болно. Магадгүй ийм болзоогүй амьдарч байж нэгнийгээ битгий дутуу хайрлаарай, үргэлжид хайрлаарай гэж ярьж хэлэлцдэг. Буддын онолд үхэл мөнх бус гэдэг зүйлийг ярьдаг. Үхэл гэдэг зүйл өнөөдөр, маргааш, одоо ч надад ирж магадгүй гэдгийг хэлж байгаа юм. Лам хүний талаас ярьвал үхэл орой надад дээр ирнэ, маргааш над дээр ирнэ гэж бодвол өдөр дутамд хийж амжуулаагүй зүйлээ өдөр бүр тухайн цаг мөчдөө дор дор нь амжуулдаг. Номын хүн бол бясалгах ёстой бясалгалуудаа, хичээл номоо хийдэг. Харин энгийн бид бүхэн бол өдөр тутамдаа бие биенээ хайрлаж, баярлуулж, баясгаж, аз жаргалтай байх тэр бүгдийгээ хийж байх боломжтой байдаг. Хэн нэгнийг намайг хайрлаарай, халамжлаарай гэхийн оронд би ч гэсэн маргааш үхэж магадгүй тул бусдыг баярлуулья, хайрлая, халамжилья гэдэг сэтгэлийг сэтгэлдээ дадуулах ёстой. Мэдээж хүн бүхэнд уй гашуу тохионо. Хүн бүхнийг дайраад гардаг амьдралын жам ёс. Бид өнгөрч буй хүн бүхнийг дараа төрөлдөө сайн төрөлд, сайхан илүү их аз жаргалтай байгаасай гэсэн ерөөлийг бий болгож сэтгэлдээ дуудаж чадах нь зөв. Өнгөрсөн хүн 49 хоногт заавал төрлөө олдог. Завсрын төрөлд долоо долоо хоногоор долоон долоо хоног зорчдог. Тэр долоон долоо хоногт заавал нэг төрлийг авах ёстой байдаг. Сайн төрөл муу төрөл алийг нь ч авч болно. Ерөнхийдөө энэ насандаа үйлдсэн буяны хэмжээгээр замчлагдаад дараа төрөлдөө очдог. Тэгэхээр бид 49 хоногт нь хойдын буянд нь нялхасыг баярлуулах, олон сайхан хүмүүсийг өргөж хүндлэх буяныг хийх нь зохилтой. Ерөнхийдөө 49 хоног тохиож байгаа үед бие биедээ хатуу ширүүн үг хэлэх, хэрэлдэх уурлах тэмцэх зүйлийг заавал ч үгүй тэвчих ёстой байдаг.
Бид өдөр тутамдаа аль болох л аз жаргалтай зүйлийг сэтгэлдээ бий болгож дадуулж сурах хэрэгтэй. Сэтгэлийнхээ зөв хүн бай, сайхан сэтгэлтэй хүн бай гэж Далай багш тэргүүтэй дээдсүүд бүгд ингэж сургаж, зорьж байна. Та сэтгэл дотроо ч гаднаа ч зөв, сайхан сэтгэлтэй хүн байгаарай.
-Ярилцсанд баярлалаа танд.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img