2024-12-03, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Харрисон Форд: “1923” бол миний оролцсон асар амбицтай аварга төслүүдийн нэг

АНУ-ын Чикаго хотноо ирланд гаралтай Кристофер Форд, эцэг эх нь Оросоос цагаачилж ирсэн еврей бүсгүй Дора Ниделманы гэр бүлд 1942 оны долдугаар сарын 13-нд төрсөн Холливудын алдарт жүжигчин бол Харрисон Форд. “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн, “Оскар”-ын шагналд нэр дэвшиж явсан тэрээр “Оддын дайн”, “Индиана Жонс”, “Ирэн дээгүүр гүйгч”, “Эх орончдын тоглоом”, “Гэрч”, “Ерөнхийлөгчийн онгоц”, “Оргодол”, “К-19” зэрэг олон алдартай киноны гол дүрийг бүтээсэн билээ.

80 нас гарсан хэрнээ тэрээр өнөөг хүртэл тун завгүй, олон кинонд зэрэг тоглосоор байгаа. Тэрбээр “Америк ахмад: Дэлхийн шинэ дэг журам”, “Аянга ниргэгчид” гэх хоёрын хоёр кинонд гол дүр бүтээж буйгаас гадна “1923” хэмээх телевизийн олон ангит кинонд ч тоглож амжиж байгаа нь гайхалтай.

Түүнтэй “The Hollywood Reporter” сэтгүүлийн сурвалжлагч ийн ярилцжээ.

-13 жилийн тэртээ “Индиана Жонс-5” киног авахаар болбол тоглох уу гэж танаас асуухад, “Тэр цагт амьд байвал дуртайяа тоглоно” гэж хариулж билээ. Таны хүсэл биелж та алдарт цувралын тав дахь кинонд тоглолоо. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Алдарт археологич Индиана Жонсын замналын төгсгөлийг харуулсан энэ кино тун давгүй болсон гэж үзэж байна. Адал явдал, инээд ханиад, элдэв сэтгэл хөдлөлөөр дүүрэн энэ киноны зураг авалт нэлээд хүнд, сунжруу болсон шүү. Би зураг авалтын үеэр хөнгөн бэртээд авсан юм. Гэхдээ маш сонирхолтой кино болсон учраас үр дүнд нь сэтгэл хангалуун байна.

-Та мөн анх удаа телевизийн олон ангит киноны гол дүрийг бүтээлээ. Та чухам яагаад телевизийн кино руу шилжихээр шийдсэн бэ. “1923” киноны зураг авалт өргөн дэлгэциййн киноны зураг авалтаас онцлог байв уу?

Харисан Форд-Надад жүжигчний хувьд телевиз, өргөн дэлгэцийн киноны зураг авалтад оролцоход төдийлөн ялгаатай зүйл ажиглагдсангүй. Урьд нь бид бүрэн хэмжээний уран сайхны кинотой харьцуулахад телевизийн олон ангит кино бага амбицтай гэж боддог байлаа. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. “1923” бол миний оролцсон маш их амбицтай аварга төслүүдийн нэг байлаа. Энэ төсөлд оролцсондоо дүүрэн баяртай байна.

-Та мөн “Marvel”-ийн уран зөгнөлт комиксуудаар сэдэвлэсэн “Америк ахмад: Дэлхийн шинэ дэг журам”, “Аянга ниргэгчид” кинонуудад тоглож байна. Эдгээр кинонд тоглох шийдвэрт хэрхэн хүрэв?

-Хэлж мэдэхгүй юм. Би зүгээр л ажлаа хийж яваа хүн, яг юунаас болж аль нэг кинонд тоглох шийдвэр гаргадгаа өөртөө ч тайлбар өгч чаддаггүй юм (Инээв). Зүгээр л Marvel-ийн киноны жүжигчид цагийг ямар сайхан өнгөрөөж байна аа л гэж бодсон. Угаасаа би урьд өмнө хийж байснаасаа өөр, өвөрмөц зүйл хийж таашаал аван гол нь үзэгчдээ баярлуулахыг л хүсдэг.

-Гэтэл таныг дүрээ няхуур судалдаг, заавал ч үгүй өөрийнхөөрөө тоглохыг эрмэлздэг нэлээд зөрүүд жүжигчин гэдэг юм билээ. Тийм биш гэж үү?

-Хүмүүс аливаа жүжигчний тухай элдэв юм уншчихаад түүндээ бат нот итгэчихдэг тал байдаг юм шиг ээ. Яахав, залуудаа би илүү зөрүүд байсан байж болох юм.

Тэр үед найруулагчид, зураглаачид, хамтран тоглогчид надтай тохиролцоход заримдаа хүндрэлтэй байсан биз ээ. Харин одоо би зураг авалтад тэгтлээ өндөр шаардлага тавихаа больсон. Иймд одоо надтай хэн ч хамтарч ажилласан амар болсон болов уу.

-Та кинонд тоглохдоо өөрийгөө хэрхэн бүрэн дайчилж дүрдээ гайхамшигтай уусч чаддаг вэ?

Харисан Форд

-Би дүрд үйлчилж, тэр дүр кинон дахь үйл явдалд үйлчлэх ёстой. Би дүрээ үйл явдалтай нягт холбож өгөхийг л ихэд чармайдаг юм.

-Таны гайхалтай урт карьерын нууц юу юм бол?

-Салбар тус бүртээ амжилтад хүрсэн олон хүнтэй хамтарч ажилласны л үр дүн. Надад гайхалтай авьяаслаг найруулагчидтай ажиллах завшаан тохиосон шүү дээ. Энэ тал дээр би үнэхээр азтай. Киноны бизнес соёл урлагтай бүрэн холбогдсон байх үед карьераа эхлүүлснээ ч том завшаан гэж үздэг юм. Би чинь Коппола, Скорсезе, Лукас, Поллак, Вейр гээд олон аварга киночидтой ажиллаж байлаа. Тэгээд л түүндээ бялуураад зогсчихож болох л байсан. Гэвч би зогсч чадахгүй. Надад одоо ч гэсэн ямар нэг дүрд хувиран түүхийг нь ярьж өгөх хүсэл оргилсоор.

-Таныг анх алдаршуулсан дүрүүдийн нэг бол “Америк граффити” киноны Боб Фалф. Найруулагч Жорж Лукас та хоёр энэ дүр дээр хэрхэн ажилласан бол?

-Лукас бид хоёр “хэрэглэх хугацаа нь дуусах шахсан” ковбойн дүрийг цогцлоохдоо үс засалт нь ямар байх тал дээр нэлээд удаан зөвлөлдсөн санагддаг юм. Тэрээр эхэндээ намайг пинтүү халимагтай тоглохыг хүссэн л дээ. Гэвч тэр үе чинь 1973 он. Би тэгэхэд цаг үеэ дагаад урт үстэй байсан бөгөөд хайран үсээ авахуулмааргүй санагдсан хэрэг. Тэгээд л Лукаст, “Ковбой малгай өмсвөл ямар вэ?” гэхэд зөвшөөрсөн дөө.

-Та сүүлийн жилүүдэд Стивен Спилберг, Жорж Лукас нарын талаар хангалттай ярьсан. Харин Фрэнсис Форд Коппола танд ямар найруулагч гэж санагдсан бэ?

-Коппола гайхамшигтай мэдрэмжтэй найруулагчаас гадна хүчтэй хувь хүн гэж санагдсан. Нэлээд алиагаас гадна ухаалаг ч залуу байв. Дарс нэрж эхлэхээсээ өмнө шүү дээ. Тэрээр мөн элдэв сонин хоол идэх дуртай. Зугаа цэнгээнээс хоцорно гэж үгүй. Мөн элдэв түүхийг маш сонирхолтой ярьдаг хүн дээ.

-Өдгөө домог болсон “Оддын дайн” кинонд тоглосон талаараа та урьд ярьж байсан дээрээ нэмж хэлэх зүйл бий юу?

Харисан Форд-“Оддын дайн”, “Индиана Жонс” цуврал кинонуудад тоглосон нь миний жүжигчний карьерт тохиолдсон маш том амжилт. Одоо тэдгээр киног эцэг эхчүүд хүүхдүүддээ үзүүлж байна. Ингэснээр, тэр кинонууд гэр бүлийн сонгодог бүтээлүүд болсноос гадна би шинэ үеийн найруулагчдын сонирхлыг татсаар байгаа биз ээ.

-Танд тоглож үзээгүй ч тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Би эмэгтэй дүрд ер тоглож үзээгүй. Мөн загасны дүрд хэзээ ч тоглоогүй. Иймд эмэгтэй загасны дүрд дуртайяа тоглоно шүү. Тийм дүр маш этгээд хувцастай байж таарна аа даа. (Инээмсэглэв) Ер нь энд гэж хэлэхэд, би ямар нэг тодорхой дүрд, ямар нэг тодорхой найруулагчийн кинонд тоглохыг эрмэлздэггүй. Ямар ч үед би киноны түүхийг хүүрнэхэд хэрэг болохыг, дэм үзүүлэхийг л хүсдэг.

-Таныг БНХАУ-д нэвтрэхийг хориглосон гэсэн. Юуны учраас тэр вэ?

-Намайг Далай ламыг идэвхтэй дэмждэг тул Хятадын эрх баригчид ийм шийдвэр гаргасан. Дээр нь миний хоёр дахь эхнэр Мелисса Мэтисон хятадууд Түвдийг түрэмгийлснийг эрс буруушаасан “Кундун” киноны зохиолыг бичсэн юм. Яагаав, Мартин Скорсезегийн найруулсан 1996 оны тун давгүй кино шүү дээ.

-Мелисса Мэтисон таны хоёр дахь эхнэр гэлээ. Ингэхэд, та хэдэн удаа гэрлэсэн бэ?

Харисан Форд

-Би гурвантаа гэрлэсэн. Үнэндээ сайн нөхөр, сайн ааваас илүүтэй би сайн жүжигчин болсон юм уу даа. Элдэв кинонд тоглохоор би гэр бүлээ олон ч удаа удаан хугацаагаар орхидог байж. Тэглээ гээд яалтай билээ. Кинонд тоглоно гэдэг миний хувьд хийх хамгийн дуртай зүйл юм хойно.

-Та байгаль орчныг хамгаалах “Conservation International” сангийн гишүүнээр ажиллаад гуч гаруй жил болжээ. Гэвч таны киноны дүрүүд байгаль орчны сэдвийг хэзээ ч хөнддөггүй. Та ч энэ сэдвээр тэгтлээ ярьдаггүй. Яагаад тэр вэ?

-Би энэ сангийн нүүр царай болохыг хэзээ ч хүсч байсангүй. Харин тус сангийн захирлуудын зөвлөлд орж зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бодит ажилд нь оролцохыг илүүд үзсэн юм. Иймд зориудаар “Conservation International”-ийн нүүр царай болохоос зайлсхийсээр ирсэн гэж ойлгож болно. Байгаль орчныг хамгаалахын тулд юуг, яаж хийвэл зохилтой вэ? Ийм асуултад би алдартнууд бус мэргэжлийн шинжээчдийн үгийг сонсохыг илүүд үздэг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img