2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Галбын говь, улаан тэмээ, гавилууд хоньтой Ханбогд

Өмнөговь аймгийн Ханбогд сум Манжийн үед Халх Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харьяалагдаж байж. “Тэр үед Говь мэргэн вангийн хошуу хачин том газар нутгийг хамардаг байсан гэдэг. Одоогийн Дорноговийн бараг бүх сум, Хэнтийн Галшарын урд хэсгээс гадна Дундговийн урд хэсэг багтаж байсан болов уу.

Хожим хошуудыг өөрчилж Хутаг уулын хошуу болгосон түүхтэй. Хутаг уулын хошуу Галба, Цээл, Ухаа, Баян гэж дөрвөн сумтайгаар байгуулагдаж байв. Манай сум Галбын говьд учраас Галба гэсэн нэртэй байлаа. Ханбогдын түүх тэр үеэс эхэлнэ. Тодруулж хэлбэл, 1924 оноос. Монголын 33 говиос хамгийн их дуу, түүх, үлгэр туульстай Галбын говиороо нэрлэгдэнэ гэдэг сайхан хэрэг шүү тийм ээ” гэж Ханбогд сумын Засаг даргын албыг хашиж явсан Д.Буянтогтох хууч дэлгэв.

ХанбогдТэрээр өдгөө “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Дашрамд сонирхуулахад, “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагыг нутгийн иргэд хамтран байгуулжээ. Уул уурхайн ашиглалтын нөлөөлөл Галба нутгийнх нь ус, ургамал, амьтан, агаарын чанарт өөрчлөлт үзүүлж байгаа эсэхийг хянах зорилготойгоор нэгдсэн юм байна. Галба сумын анхны даргаар томилогдож байсан Үржин зангийн үр хойч өдгөө сумынхаа Иргэдийн хурлын даргаар ажиллаж яваа гэнэ. Өнгөрсөн зууны хориод онд Галба сум 1249 хүнтэй байснаас 290 орчим нь лам байж. Малын тоо толгой нь 12700 байсан гэсэн тоо данс сумын түүхэнд үлджээ.

Долоон жилийн дараа буюу 1931 оны хоёрдугаар сард Улсын бага хурлаас засаг захиргааны зохион байгуулалтын хууль баталж, таван аймгийг 13 болгосноор Галба сум Өмнөговь аймагт харьяалагдаж эхэлж. Д.Буянтогтох “Манай сум чинь 1931 онд Галбын уулын яг урд энгэрт, Галбын говийн яг хойд хөвөөн дээр Дунд хүрээ гэдэг газар нүүж буусан. Дараа жил нь буюу 1932 онд Ханбогд хайрханаараа нэрийдсэн түүхтэй. Монголын зүүн хязгаар амар төвшингүй болсон 1938 онд сумын төвүүд тал газар өөрөөр хэлбэл, зүүн талаасаа ил газар байж болохгүй гэж үзсэн юм билээ. Тэгээд манай сумыг Цагаан толгойн хийд хавьцаа нүүлгэсэн гэдэг. Цагаан толгойн хийд яг Галбын уулан дотроо, хадан дунд. Хөгжлийн ирээдүй байхгүй, наадам хийлээ гэхэд морь уралдаад ирэх газаргүй. Онгоц буух аргагүй. Ингээд 1941 онд одоо байгаа газраа ирсэн” хэмээн түүх сөхлөө.

СИНГАПУРААС 21 ДАХИН ТОМ НУТАГТАЙ ХИЛИЙН СУМ

Д.Буянтогтох сумынхаа байгалийн сайхныг нүдэнд ургаж, санаанд буутал зураглаж байна гэж. Уур савссан халуун кофе оочингоо “Манай сум хачин сайхан байгалтай газар суурьшиж байсан шүү. Говь дотроо хангай болсон устай, ургамалтай газар. Энэ голын хөвөөн дээр сум ирж буухад есөн төрлийн рашаан гарчихсан, мэлхий могой хоёр нь шуугьсан газар байсан гэдэг. Усан дотор нь мэлхий дуугарна. Усанд ойрхон могой нутаглана. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сэрүүн дэнжийн хөвөөнөө бууснаас хойш хэдэн жил өнгөрсөн юм бэ дээ” гээд хэсэг бодолхийлэв. Ханбогд сум одоогийн байгаа газраа суурьшаад 81 жилийг үджээ. Өдгөө 9000 гаруй хүнтэй, 190 орчим мянган малтай, 15 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй хилийн сум. Буянтогтохын тодорхойлсноор Сингапураас 21 дахин том, НАТО байрлаж буй Люксембургээс зургаа дахин том газар нутагтай сум.

ХанбогдОюу толгой төсөл хэрэгжихээс өмнө ч Ханбогдынхон ажилсаг, ахуйчаараа аймагтаа гайхагддаг байж. Үүрийн гэгээ шаргалтахад л моторын дуу хадаж, алх хөрөө сүх хангинаж эхэлдэг байсан энэ суманд Роберт Фрийдланд ирж хайгуул хийсэн эхэн жилүүдийн түүх сонирхолтой юм. Тухайн үед сумын засаг дарга багадаа дөч, их байлаа гэхэд наян мянган төгрөгийн цалинтай явж. Харин Фрийдландын компанийн жирийн ажилтны хөлс 200 мянган төгрөг байжээ. Ямар сайндаа л тухайн үед “Сэрүүлэг” сонин сумын Засаг даргаас нь ярилцлага авч нийтлэхдээ “Ханбогд Монголын Солонгос болжээ” гэж бичихэв. Сумын Засаг дарга гэдэг нь бидэнд сумын түүхээ хуучилж буй Д.Буянтогтох.

Тэрээр “Намайг Засаг даргаар ажиллаж явах үед Анагаахын, Багшийн их сургуулийн оюутнууд танай суманд ажлын байр байна уу гэж анкет, хүсэлт явуулдаг байлаа шүү дээ. Арга ч үгүй, хайгуулын төсөл дагасан манай сумынхны амьдрал сэвхийгээд ирсэн. Гэртэй нь хашаатай, хашаатай нь машинтай, машинтай нь байшинтай болж явсан цаг. Зарим өдөр нь сайн, зарим өдөр нь муу хэлэгдэж явдаг нь уурхайтай газрын жам. Ганц манай улсад ч биш дэлхийн орнуудад байдаг л жишиг. Сайн, муу хэлэгдсээр ирсэн Оюу толгой төслийн буян их шүү.

Ганц сумыг биш бүхэл бүтэн улсыг тэжээж, Монгол гэдэг улсыг дэлхийн газрын зураг дээр шинээр тамгалсан төсөл. Дэлхийн уул уурхайн таван том компанийн нэг нь Оюу толгойн хөрөнгө оруулагч. Эцэг өвгөд минь ийм сайхан эрдэнэсийн үүцийг бидэнд үлдээсэн гээд бодохоор бахархахаас аргагүй. Газрынхаа доорх ийм их баялгийг жигшиж болохгүй биз дээ. Монголыг тэжээж байгаа уурхай манай суманд бий гээд бодохоор сайхан санагддаг. Ингээд бодохоор Оюу толгой төсөл Ханбогдын нэг том бахархал яах аргагүй мөн” гэж хэлээд сумынхаа бахархлуудыг сонирхуулж эхэллээ.

ГАЛБЫН ГУРВАН ХИЙД, РАВЖАА ХУТАГТ…

Ханбогдын нэг бахархал нь Галбын улаан тэмээд. Тэмээдийн тоо нь хэдийнэ гурван түм гарчээ. Сүүлийн мэдээгээр 33089 тэмээ тоолуулсан аж. Буянтогтох сумынхаа тухай нямбайлан тэмдэглэсэн цаасаа эргүүлэнгээ “Галбын улаан тэмээд маань тэнгэр газар хоёрын бүтээсэн мөнх сүрэг дээ. Үржлийн фермийн зоотехникчээс эрдэмтдээ хүртэл хагас зуун жил зүтгэсний эцэст улаан тэмээд маань олон улсын шилмэл үүлдрээр хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн тэмээ болчихсон гэсэн үг. Олон улсын түвшинд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдож, хүлээн зөвшөөрөгдсөн мундаг сүрэг. Гүн улаан зүстэй, ноос нь их зөөлхөн, торомных нь ноос шууд ноолуурын хэмжээнд очихоор гээд яривал бахархахаас аргагүй” гэж хэлээд хөгжүүн инээв. 2000 оны эхээр тэмээн сүрэг нь цөөрч, сумын дарга Шинэхүү гэж хүн “Улаан тэмээдээ яалтай билээ…” гэж ирээд харамсан шүлэглэж байж. Гэхдээ Галбын улаан тэмээд нь 2001 оноос тогтмол өссөн гэнэ.

хийдХанбогдчууд аймгийнхаа хилийн долоон сумдын нэг гэдгээрээ бахархдаг аж. Улсаа тэжээдэг хилийн том боомт сумынх нь нутагт байдаг учраас аргагүй л дээ. Ханбогдын нутагт орших боомтоор Монгол Улс зэс, нүүрсээ экспортолж төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлдэг. Ханбогдчуудын дараагийн бахархал нь гавилууд омгийн хонь. Сүхбаатарын үзэмчин хониноос шилбэний яс нь арай богино гэдгээрээ л ялгаатай гавилууд хонио зүс цагаан, ноос арвин гэж ирээд магтацгаах аж. Дэлхийн улаан номонд бичигдсэн хулан, хар сүүлт, аргаль, янгир гэсэн дөрвөн сайхан амьтан бас Ханбогдынхны бахархал.

Равжаа хутагтыг говийн гурван хийдийг барихад хүргэсэн Галбын уул сумынхны шүтэж сүсэлдэг том бахархал. Д.Буянтогтох “Хааш хаашаа далан км тогтсон дөрвөлжин бүтэцтэй уул. Халуун хайлмаг тэр чигтээ дугуйраад, царцаад үлдчихсэн юм шиг хуйларч харагддаг юм билээ, сансраас авсан зургийг харахад.Тийм дугуй эргэж тогтсон хуйлралтыг уул уурхайнхан маш их эрдэнэс дороо агуулдаг гэж үздэг бол шашныхан шамбалын орон хэлбэртэй тогтсон маш их энерги эрч хүчтэй гэцгээдэг. Ноён хутагт Данзанравжаа 25 насандаа 1828 онд энд ирээд, хүний ид шидээс илүү газрын ид шид нь ноёлсон газар байна, хүн шидтэй төрөхийн хэрэг байхгүй, энд ирээд шидийг олж болно, ийм дагшин газрыг зүүдэндээ ч үзсэнгүй гэсэн байдаг юм. Тэгээд энэ нутагт Галбын гурван хийд гэж нэрлэгддэг гайхамшигтай сайхан хийдүүд байгуулсан түүхтэй. Галбын ууланд 108 үзэсгэлэнтэй цохио бий гэж ноён нутагт хэлсэн гэдэг. Хад болгон нь янгир, арслан, заан, шувуу, хүн гээд бүх л амьтны хэлбэрийг хадгалсан олон сайхан цохиотой” гэж сонирхуулав. Хойд талаараа тал хээртэй, дундуураа тал хээр говь хосолсон, урд талаараа говьтой, уул устай Ханбогдод аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Тооройн төгөл, яшил зандан, хайлаас, загтай энэ нутаг шувуудын дайрч өнгөрөх таатай орчин гэдгээрээ онцлогтой. Хангайн шувууд урагшаа нүүдэллэхдээ үдлээд нисдэг гэнэ. Хулан жороо, амарын шонхор, могойч загалай, ёл гэх мэт шувууд Ханбогдын бас нэгэн чимэг аж.

Д.Буянтогтох “Миний хувьд амьтан, ургамал, агаарын чанарт мониторинг хийдэг “Мөнх Ногоон Галба” гэдэг төрийн бус байгууллагыг ахалдаг болохоор эрдэмтэн судлаачидтай ойр ажиллана. Тэр утгаараа амьтан, шувуудын тухай багцаалддаг болсон. Галбын говьд амарын шонхорын цөөхөн бүл бий. Жижигхээн хөөрхөн, улаан хөх алаг маш үзэсгэлэнтэй шувуу. Есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын эхээр хойд зүгээс ирсэн шонхоруудтай нэг бүл болж аваад урагшаа нисдэг юм. Бээжин, Вьетнам, Энэтхэг, Мьянмараар дайрч, Энэтхэгийн далайг гатлаад Африк тивийн наад эрэгт өвөлждөг. Тэгээд дөрөвдүгээр сар гарав уу үгүй юү буцаад нааш нисдэг. Дулаан оронд амьдрах гээд л яваа шувуу атал тийм эрт наашилдаг. Ингээд бодохоор яалт ч үгүй Монголын “Галбын говийн шувуу” гэж байна.

СУМЫН АНХНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НАЯАД ЖИЛИЙН ӨМНӨ ӨРНӨЖЭЭ

Суманд анхны сургуулийг 1940 онд барьж байсан бол анхны хоёр давхар зочид буудал 1972 онд босч байж. Ханбогд тухайн үедээ аймагтаа анхны хоёр давхар зочид буудалтай сум байсан гэнэ. Тэр үед Д.Буянтогтох “Галбын хөгжил” нэгдлийн тэмээчин явж. Цэрэгт явсан хойно нь буюу 1975 онд сумын ус, цаг уурын станцын барилга ашиглалтад оржээ. Цэргээс ирдэг жил нь баригдсан хүн эмнэлгийн барилга тухайн үедээ сумын том бүтээн байгуулалтад тооцогдож байсан ч одоо орон сууцны л хэмжээнд очжээ. Ханбогд сум өдгөө 214 өрөөтэй, дөрвөн давхар том эмнэлэгтэй болж. Сонирхуулж хэлэхэд, Ханбогдчууд 1985-1990 онд даргаар нь ажилласан А.Чулуун гэж хүнийг хүндэтгэн дурсдаг аж.

Зах зээлд шилжсэн ерэн оноос өмнөх цөөхөн жилд “Галбын хөгжил” нэгдлийн даргаар ажиллахдаа энэ хүн төрийн албан хаагчдад зориулсан арван орон сууц бариулжээ. Төв суурин газруудаас барилгын хаягдал материал татаж ирж, барьж байжээ. Ерэн оноос өмнөхөн суманд өрнөсөн бүтээн байгуулалтын нэг нь 320 хүүхдийн 8-н жилийн сургууль” хэмээн Буянтогтох сонирхуулав.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img