Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашид хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэнд гүн талархал илэрхийлж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд томоохон сорилт, бэрхшээл учраад байна.
Тухайлбал, НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.
Мөн цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.
Түүнчлэн дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ.
2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.
Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна.
НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.
Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.
Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Энэ нөхцөл байдал, бодит эрсдэлийг бид соргогоор мэдэрч, сэргэгээр төлөвлөн ажиллах учиртай.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг нөхцөл байдалтай байгааг бидэнд мэдрүүлж, Монгол Улс “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг дахин санууллаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляц 16 хувийг давж, ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр туссан.
Тиймээс тээвэр логистик саатах, хил боомт хаагдах, өвчин зовлон, цар тахал, дайн дажин дэгдэх зэрэг онцгой нөхцөл байдал дахин бий болоход ямагт бэлэн байх ёстой гэдгийг бид сайтар ухамсарлах ёстой.
Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг.
Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.
Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Хүн бүр “Эх орон надад хэрхэн тусалж, намайг хэрхэн дэмжих вэ гэхээсээ илүүтэй би эх орныхоо төлөө юу хийж бүтээж чадах вэ” гэж дор бүрнээ тунгаан бодож, өөрөө өөрөөсөө асуух цаг нэгэнт болжээ.
Энэ бол бидний цаг алдалгүй хийх ёстой сэтгэлгээний хувьсгал билээ” гэлээ.