2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

“Бэлгийн уруул нь хүмүүсийн царай шиг л эрс ялгаатай”

Эмэгтэйчүүдийн бэлгийн уруул “дэлбээлэх” асуудлыг гар хангалгатай холбон тайлбарлаж, үүнийг мэс заслаар л шийддэг хэмээн ярьсан “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн хөтлөгч, эмч Б.Дугархүү  олны шүүмжлэлд өртөөд байна.

Мартын 8 дөхсөн өдрүүдэд эмэгтэйчүүдийн эмзэглэл улам бүр ширүүсэх төлөвтэй.  Тэрбээр мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх гэдэг нь иргэдийн бухимдлыг Ерөнхийлөгчид “хаяглах” бас нэгэн шалтгаан болоод буй.

 Зохиолч Х.Болор-Эрдэнэ “Дугархүү эмчийн мэдлэгт дусал нэмэрлэх”-ээр дараах мэдээллийг өөрийн нүүр номдоо оруулсан байв.

-Английн зураач Жэйми Маккартни 2011 онд “Үтрээний цагаан хэрэм” хэмээх бүтээлээрээ эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг доромжлогчдод онцгой хариу өгч байснаараа алдаршсан. Тэрээр бараг таван жилийн турш 400 эмэгтэйн бэлэг эрхтний зургийг авч энэхүү бүтээлээ урласан байдаг.

Жэйми Маккартни “Бэлгийн уруул нь хүмүүсийн царай шиг л өөр хоорондоо эрс ялгаатай. Миний энэ баримал бэлгийн уруулын гоо сайхны мэс заслын хэрэглээ нэмэгдэж буйтай тэмцэхэд тусална” гэж найдаж байна.

“Төгс” үтрээ бий болгох гэсэн сэтгэл түгшээсэн хандлага нэмэгдэж байгаа нь охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэдэг зарим үндэстний аймшигтай уламжлалтай адил зүйл.

Энэ бүхэн даамжирвал хойч үеийн эмэгтэйчүүд өөрсдийн байгалийн бүтээлийг зэрэмдэглүүлэхээр мэс заслын ширээн дээр хэвтэх урт дараалалд зогсох болно. Энэ бол эмгэнэл” гэжээ.

Түүний энэ бүтээл Английн хамгийн том урлагийн наадам болох Брайтон Фринжийн фестивалийн үеэр Брайтон хотод тавигджээ. Нийт 400 гипсэн барималыг үзүүлсэн нь өдгөө ч олон эмэгтэйчүүдэд амьдрах итгэл хайрласаар байна.

Бэлгийн уруулныхаа загварыг өгсөн хүмүүсийн дунд охид, ээжүүд, ихрүүд, транссексуалууд, хүүхэдтэй болох гэж буй эсвэл дөнгөж төрсөн эхчүүд мөн бэлгийн уруулдаа гоо сайхны мэс засал хийлгэхээр зэхэж буй эмэгтэйчүүд гээд олон насны, олон үндэстний олон янзын хүн багтжээ хэмээн зохиолч эмэгтэй өгүүлсэн юм.

Энэ асуудлаар эмэгтэйчүүдийн эмч  юу хэлсэн нь сонирхолтой.

“Аминмаргад” эмэгтэйчүүдийн эмнэлгийн  эмч  П.Алтангэрэл gogo.mn-д ярихдаа “Зарим эмэгтэй хүний бэлгийн уруул том, заримынх нь жижиг байдаг. Түүнээс биш гаднын нөлөөгөөр буюу түүнийг оролдож, эсвэл гар хангалга хийгээд байхаар өөрчлөгддөг зүйл биш.  Тухайн эмэгтэйн төрөлхийн генийн кодоор өгөгдсөн зүйл гэсэн үг. Тиймээс эмэгтэй хүн бүрийнх харилцан адилгүй байдаг” хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр мөн бэлгийн уруулын хэлбэр хэмжээг өөрчлөх нь оновчтой эсэх талаар “Бэлгийн уруул нь хэт том бүсгүйчүүд дотуур хувцсандаа үрэгдээд зовиуртай байгаа талаараа заримдаа хэлдэг. Түүнийг нь засаж, багасгаад аятайхан болгож болдог.

Гэхдээ хүний эд эрхтэн бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдгийн адилаар бэлгийн уруул ч мөн үтрээ рүү бохирдол орохоос хамгаалсан байдаг. Тиймээс үүнийг багасгавал эмзэг болох, гаднаас орох бохирдолд хариу хамгаалалтгүй болох зэрэг тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартай л гэсэн үг.

 Мөн тэнд мэдрэлийн судсууд бий, түүнийг нь тасдана. Тэгэхээр мэдрэмжийн хувьд сөрөг үр дагавар гарч болно” гэж зөвлөсөн байна шүү.

Харин хэргийн эзэн Б.Дугархүү эмч фэйсбүүк хуудастаа “Өчигдөр гар хангалгын нэвтрүүлэг дээрээ сөрөг тал дээр ийм үр дагавар гарч болзошгүй гэсэн санааг хэлсэн болохоос бүх эмэгтэйчүүдийнхээ хэлбэр хэмжээг зөвхөн үүнтэй холбоотой гэж яриагүй шүү. Эм бэлэг эрхтний бүтцийн онцлог төрөлх хэлбэр нь өөр өөр байлгүй яах вэ. Бүсгүйчүүддээ буруу сэтгэгдэл төрүүлсэнд  уучлаарай” хэмээн бичсэн байна лээ.

Эцэст нь эмч Б.Дугархүү  эмч уучлал гуйж, шог зураач С.Цогтбаяр зураг зурсан ч асуудал намжих эсэх нь тодорхойгүй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img