“Цаа цасны баяр”-т Хөвсгөл аймгийн 6 угсаатны төлөөллийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид оролцож байна.
Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны гуравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд тус аймгийн Цагааннуур суманд “Цаа цасны баяр”-ыг анх удаа зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Соёлын сайдын зөвлөх Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг оролцож, Цаачин угсаатны зан заншил, соёлын өв уламжлалыг олон улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд оролцов.
“Цаа цасны баяр” арга хэмжээнд Хөвсгөл аймгийн 6 сумаас 6 угсаатны төлөөллийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд ур чадвараараа уралдаж, 1000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгч, жуулчид оролцов.
Мөн Монголын цасан баримлын урлаачид найман өдрийн турш Хөвсгөл аймгийн Цаачин иргэд түүний түүх гарал, ёс заншил, соёлын өвийн бахархлыг илэрхийлсэн 10 төрлийн цасан баримал урлаж, ардын дууны (халх, хотгойд, буриад, цаатан, дархад, урианхай зэрэг угсаатны) уралдаан хөөмий, хэл хуур, бөөгийн бүжиг, ангийн уриа дуудлага, хувцасны загвар шоу, нутгийн хоол идээний соёл, уран зураг, цааны уралдаан, хөл бөмбөг, цасны сумо тэмцээн зэрэг уралдаан, тэмцээнийг жил бүр тогтмол явуулах юм.
Соёлын өвийн уралдаан наадмыг шүүхээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Монгол Eлсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, СУИС-ын Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар нар Хөвсгөл аймагт мөн ажиллав.
Уг арга хэмжээг Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн анги, Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул зэрэг сум, Хатгал тосгон дэмжлэг үзүүлэн ажиллав.