2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Хайрлах урлаг

Германы психологич, социологич, философич Эрих Фроммын “Хайрлах урлаг” /The art of loving” ном өнгөрсөн зууны дундуур Америкт хэвлэгдсэнээсээ хойш хайрын тухай хүн төрөлхтний төсөөлөлд“салхи оруулсаар” байна.

Хүн ганцаардлаас хамгийн их айдаг, ганцаардлаас хайр л аварна гэсэн утгатай үг өгүүлбэрүүд нэгэн жарны өмнө хэвлэгдсэн энэ номд бий. Сэтгэлээ шархлуулахаас айна гэдэг бол нэг төрлийн хувиа хичээх зан, аминч үзэл хэтэрвэл эрүүл хайрыг тээх чадваргүй болно, хүн гэдэг амьтан ямар нэг байдлаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдахгүйгээр амьд явж чадахгүй гэх мэт хөндлөн дүгнэлтүүд “Хайрлах урлаг” номын бараг л хуудас бүхэнд дурайдаг. Хүн бүрт хайрлах чадвар бий, жинхэнэ хайр бол байгалиас заяасан өгөгдөл, хайрлахад гүн ухаан хэрэггүй гэсэн бодлыг төдийгөөс өдий хүртэл тээсээр ирсэн хүн төрөлхтний ойлголтыг Эрих Фромм “Хайрлах урлаг”- аараа эвдэж чадсан юм.

Хүмүүс бүрэн бус түүхий хайрыг жинхэнэ хэмээн эндүүрдэг гэсэн өгүүлбэр чих сортойлгоно. Зохиогчийнхоор бол гүйцэт боловсрон төлөвшсөн хайр л жинхэнэ хайр. “Хайрлах урлаг”-т ийм хайрыг “Боловсрон төлөвшсөн хайр гэдэг нь өөрийн бие даасан шинж болон хувь шинжийг хадгалсан чигтээ бусадтай нэгдэх холбоо юм” хэмээн тодорхойлжээ. Эрих Фроммынхоор бол хосууд биесээ хайрлаж нэг хүн мэт ижилсэхийн зэрэгцээ тус тусдаа бие дааж, өөр өөрөөрөө үргэлжлэн оршиж чадвал тэр хайр жинхэнэ байж чадах нь. Захирагч болон дагалдагчийн холбоо өнгөц харахад нэгдэл юм шиг хэр нь жинхэнэ хайр биш аж.

Хайр бол авах биш өгөх юм, хайрлуулах бус хайрлах нь чухал гэсэн утгатай үг, өгүүлбэр “Хайрлах урлаг”-т цөөнгүй т а а р н а . Б а я р баясгалан, дур сонирхол, ухамсар, мэдлэг, хошигнол, гуниг зэрэг өөрийн дотор амьдран буй бүхий л илэрхийллээ өгөх нь хайр гэж зохиолч онцолжээ. Өгч чаддаг хүн болохын тулд юуны өмнө “би л хамгийн чухал” хэмээх амин хувиа хичээх зан, өөрийгөө бодох чанар буюу нарциссизмаа анагаах шаардлагатай гэсэн зөвлөгөө энэ номонд бий. “Хэрвээ хэн нэгэн бусдыг бүтээмжит хайраар хайрлаж чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна гэсэн үг.

Хэрвээ өөрийгөө бус зөвхөн бусдыг л хайрлаж чадна гэвэл, тэр хүн огт хайрлаж чадахгүйн шинж юм” гэсэн хэсгийн уншсан хэн ч нэгийг бодож хоёрыг тунгаана. “ Хүнийг хайрлахад шаардлагатай дөрвөн идэхвтэй шинж байдаг гэнэ. Тэр нь Эрих Фроммынхоор халамж, хүндэтгэл, хариуцлага, ойлголт буюу мэдлэг юм байна. Хайр бол гэнэн шохоорхол, богино хугацаатай хөөрөл, ерөөс сэтгэлийн ямар нэгэн хөдлөл огтоос биш, хайр бол урлаг юм, урлаг учраас хайрлахад суралцах ёстой гэсэн санаа энэ номын амин сүнс нь.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img