2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

Н.ЖАНЦАННОРОВ: Морин хуур гитар шиг даяарших цаг холгүй 

Хөгжмийн зохиолч, доктор, профессор Н.Жанцанноровтой ярилцлаа.

-Гадныхнаас япончуудыг морин хууранд дуртай үндэстэн, морин хуураар идэвхтэй хичээллэдэг хүний тоо нь хэдэн зуугаар яригддаг гэдэг…?

-Японд морин хуур сонирхогчид олноор бий болсон л доо. Идэвхтэй, дагнасан, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан 400 гаруй япон хүн морин хуур татдаг. Нэлээд хэдэн клубтэй, тэнд нь манайхан багшилдаг. Японы олон улсын, тэр тусмаа соёл урлагийн харилцаа нь их өргөн. Тэнд ажиллаж амьдардаг бусад орныхон морин хуурыг их сонирхдог. Бусад оронд ч сонирхон хуурддаг хүмүүс бас бий болсон. Энэ үзэгдлийг эмх цэгцтэй байлгах сонирхлын үүднээс Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан юм. Монголд олон улсын Морин хуурчдын наадам анх удаа зохион байгуулсан нь үүнээс эхлэлтэй.

Хоёр жил тутам нэг удаа зохион байгуулдаг. Нэг удаа зохион байгуулахдаа наадмаа, симпозиумтай нь давхар зохиодог. Дараагийн удаад нь зохион байгуулахдаа наадмаа уралдаантай хийдэг юм.

Монгол хүний сэтгэлийг илэрхийлдэг дуурьсал нь хадгалагдаж үлдээд, хөгжимдөхөд эвтэй, аятай, уур амьсгалд даацтай байх учиртай. Уур амьсгалд даацтай гэдэг нь чийг аваад, хатаад хөг нь өөрчлөгддөггүй чанарыг хэлээд байгаа юм.

Дэлхий дахинд хийл, гитарыг хаана ч мастерын түвшинд хийгээд сурсан шиг морин хуурыг тэгж хийдэг болгох алсын зорилго, санаатай уралдаан л даа. Морин хуурын хувьд хялгасыг хялгасаар хөрөөддөг учраас байгалийн уур амьсгалын өөрчлөлтөд дуурьсал нь өөрчлөгдөөд гологддог талтай. Морин хуурыг дэлхийн хаана ч урласан стандарттай болох ёстой. Мэдээж хийл шиг дуугарч таарахгүй. Хийл шиг хийчихэж болно л доо. Тэгвэл монгол өвөрмөц дуу, чанар нь арилна. Тийм учраас хуур урлах нь оюун ухааны том уралдаан, өрсөлдөөн л дөө. Шалгарсан хөгжмийг хийсэн мастерийн нэр хүнд ч, үнэ нь ч өснө.

-Та өмнө нь манай сонинд ярилцлага өгөхдөө морин хуурыг гитар шиг болгомоор байна гэж ярьсан. Энэ наадмын алсын амбиц нь морин хуурыг дэлхийн хөгжим болгох гээд байна аа даа?

Jantsannorov-Зөвхөн үндэсний хөгжмийн зэмсэг гээд монгол хүн хуурдаад явбал дэлхий нийтийг хамарсан хүчтэй үзэгдэл болж чадахгүй. Гитар шиг болгох хэрэгтэй. Гитарыг испани үндэсний гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Гитар гэдэг хөгжим ахуйн, урлагийн аль ч түвшинд бүрэн хэмжээгээр даяаршчихсан. Хийл, төгөлдөр хуур ч ялгаагүй. Ойр зуурын хэрэглээгээрээ гитар хамаагүй өргөн л дөө. Манайхан үндэсний юмыг минь хүмүүс биднээс илүү хийчихвэл яана аа гэсэн харам сэтгэлгээтэй. Өнгөрсөн зуунд байж болох ч одоо тэгээд хэрэггүй. Өнөөгийн ертөнцөд өөрийнхөө юмыг хэдий чинээ дарна, төдий чинээ унтарна. Аюулгүй байдалтай холбоотой биш л бол.

-Манайхан үндэсний юмандаа тэгж ханддаг шүү. Цэнгэлдэх хүрээлэнд хятад бөх түрүүлээд есөн хөлт цагаан тугийг тойрвол лав хүлээж авахгүй…?

-Манай үндэсний бөх, морь, сурнаас дэлхийд авах юм их бий. Малчин соёлтой холбоотой асар их юм дэлхийд хэрэгтэй байна. Борцыг Австралид ч юмуу худалдаалах стандартыг л бий болгох учиртай. Жишээ нь, утах арга байна. Утахдаа бид уураар биш, утаагаар утдаг.

Аргал, арц, хар модны утаа энэ тэр чинь бүгд хүний бие организмд чухал үүрэгтэй гээд технологийг ашиглаж мөнгө төгрөг ч олох хэрэгтэй юм шиг. Дэлхийд гарна гэдгийг зөвхөн морин хуураар төсөөлөөд байж боломгүй санагддаг. Морин хуурыг онцлохоор хөгжмөө дэлхийд дэлгэрүүлэх нь гэж хөнгөн ойлгож болохгүй. Бид монгол хүний чадамжийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа юм. Хүн бүр өөрийн эрхэлдгээ дэлхийд хүргэх боломж Монголоор дүүрэн байна. Тэгэхээр энэ наадмыг зугаа цэнгэлээс огт өөрөөр хүлээж авах шаардлага бий болчихсон.

-Та бид хоёрын яриа ганц морин хуур ч биш, монголчууд дэлхийд гарах тухай асуудал болоод хувирчихлаа. Жишээ нь, таны сая онцолсон борцоо дэлхийн хэрэглээ болгоход бидэнд хэр хугацаа хэрэгтэй бол?

-Аливаа зүйлийг үндэстний хязгаараас давуулж нийт хүн төрөлхтнийх болгохын тулд нэг өдөр, нэг жил, нэг арван жил хангалттай биш юм байна. Маш урт хугацааны зорилго, төлөвлөлт шаарддаг бололтой юм аа. Сүүлийн 30 жилийн зүтгэлийн нэг хэсэг нь Олон улсын морин хуурчдын наадам. Мэдээж бүрэн үр дүн биш. Тэгэхээр борцыг дэлхийд гаргахын тулд гурав ч юм уу, бүр 30 жил шаардаж магадгүй. Зорилгоо хараад мятаршгүй урагшлах нь л чухал.

Монголчуудын өвөрмөц оюун санаа шингэж бүтсэн тэр зүйлийг бусад хүн хийж чадаагүй байх ёстой. Бусад хүн муудаа морин хуур хийж чадаагүй хэрэг биш л дээ. Бид муудаа гитар хийгээгүй ч юм биш. Үндэстнүүдийн өөрийнх нь онцлог хэн ч давташгүй зүйл хийлгэдэг юм. Давтагдашгүй тэр зүйлийнх нь үр шимийг бусад үндэстэн хүртэх учиртай.

Дэлхий даяараа тэгж л соёлын ололт дээр тулгуурлаж явдаг. Төгөлдөр хуур, машин, компьютер гээд бидний хэрэглэж байгаа бүхнийг өөр үндэстнүүд хийсэн. Бас бидний чадсан юм тэдэнд дутагдаж байгаа. Тэдэнд дутагдаж байвал бид чаддаг юмаараа урд нь яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр зүйлээрээ дэлхийг хөтлөх боломж бидэнд бий. Чаддаг юмаараа дэлхийг хөтөлж байж л өрсөлдөөн яригдана. Өнөөгийн бүх үндэстний сэтгэлгээ, чадамжийн өндөрлөг дээр өөрийнхөө үндэстнийг хамт авч явна л гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл чадахгүй юмаа сурч, чаддагаараа хөтөлж байж бусадтай зэрэгцээ явна.

-Бусдын хийсэн сайхан бүхнийг хүртээд өөрийнхийгөө түгээж чадахгүй бол монгол гэдэг үндэстэн алга болох нь ээ?

-Магад ч үгүй. Үндэстний оршин тогтнох суурь асуудал нь маш энгийн. Өөрийнхөө юмыг хэдий чинээ ихээр устгаж, бусдын ололтыг төдий чинээ ихээр авах тусам үндэстний шинжээ гээсээр байна. Хүний амьдралын хоёр, гурван үед их сайхан юм шиг хэрнээ жар, зуун жилийн дараа өөрийгөө олохоо байж мэднэ. Үс нь хар, нүд нь онигороос цаашгүй болох аюултай.

Миний хорин жилийн өмнө хэлсэн нэг үгийг хүмүүс одоо хэр нь эш татаад байгаа харагддаг. Дахиад хэлье. Аливаа юм ухаалаг хязгаартай. Технологи хэт шүтэх хязгаартай. Үндэснийхээ юмыг орхиж үгүй хийх хязгаартай. Цаашлаад яривал авч явах ч хязгаартай. Бид монгол юм чинь гээд Дели хотод долдугаар сард үнэгэн малгай, нэхий дээлтэй тоглолт хийж болохгүй. Харин урлагийн хувцсаа нэхий дээлтэй юм шиг хийх ёстой. Мотоциклээр малаа хариулах нь цаг, мөнгө хэмнэх сайн талтай. Тэглээ гээд малчин монгол байхгүй болохгүй. Гэхдээ мэдээж хязгаар бий. Тэр хязгаарыг нь урамшууллын тогтолцоогоор барьж болно. Урамшуулал монголчуудад их сайн нөлөөлдөг. Мэдээж халамжийг яриагүй байна.

-Дэлхийд гарч, дэлхийн хэмжээнд яригдаж эхэлсэн монголчуудын үнэ цэнэ, соёлын нэг нь морин хуур болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Морин хуур дэлхийд гарсан тухай сайхан жишээ хэлээч?

-Австрийн Шубертийн хөгжмийн их сургууль морин хуурын анги нээчихсэн. Манай консерваторид хийлийн анги гэж байгаа шиг тэнд морин хуурын анги байна. Арав, хорин жилийн дараа бид европ хүүхдэд морин хуур заадаг европ морин хуурын багшийг тивд нь очиж үзэх нь байна. Одоо монгол хүн монгол хүүхдэд хийл заадаг Ч.Чинбат гэдэг хүнийг үзэж байгаа биз дээ. Хорь, гучин жилийн дараа симфони оркестроос дутахгүй морин хууртай дэлхийн оркестр гараад ирэхийг хэн байг гэх юм. Өнөөдөр бид европчуудын, италичуудын хөгжмийг дэлхийн сонгодог гээд тоглож байсан. Тэдний бүтээснийг хүн төрөлхтөн 300 жилийн турш дэлхийн сонгодог гээд тоглож байна.

Дараагийн 100 юм уу, 300 жил морин хуур гэдэг хөгжим дэлхийн сонгодог байх огт боломжгүй гэж хэлсэн хүн хаана байна? Хэдэн зууны дараа морин хуур дэлхийн сонгодог болохыг үгүйсгэх аргагүй. Боломжтой гэж би баталж чадахгүй. Гэхдээ боломжгүй гэж хэн ч хэлэхгүй.

Италийн хийл урласан мастерууд “300 жилийн дараа Азийн үндэстнүүд бидний хийлээр найрал хөгжим тоглоно” гэж бодож зориогүй. Зүгээр л хүмүүст хүргэе, хүн болгоныг тоглодог байлгахыг зорьсон. Тэгээд сонгодог болсон. Бид тэр л үе дээрээ явж байна.

-Морин хуур дэлхийн сонгодог болох тухай яриа чихэнд чимэгтэйгээс гадна гарц, гаргалгаатай, биелэх боломжтой сонсогдож байна…?

Jantsannorov-Би хувьдаа бүх юмаа хооронд нь уяж бодож сурах сан гэж их хүсдэг. Би өөрөө бодож чаддаггүй байх л даа. Гэхдээ хүсдэг юм. Манай археологийн олдворууд эрдэмтдийн тогтоосон хүн төрөлхтний түүхэн цаг хугацааны зарим үзэгдлийг наашлуулж цаашлуулах боломжтой болохыг харж байгаа биз. Нэг юм гараад ирэхээр “Өө хүн төрөлхтөн чинь төчнөөн жилийн өмнө тийм цоо шинэ хөгжим хэрэглэж байж. Төчнөөн мянган жилийн өмнө ийм хөгжмийг Монголын газар нутаг дээр хийчихжээ” гэцгээж байна. Хүн төрөлхтний түүхийн он цагийг эд юмнаас гадна оюун санаа нь наашлуулж, цаашлуулж болдог. Хялгасыг хялгасаар хөрөөддөг хуур гэдэг хөгжмийн зэмсэг эргээд технологийн ололтод тулгуурлаж бүтээсэн хөгжмийн зэмсгээс илүү үнэлэгдэх боломжтой. Технологиор хийсэн хөгжмийн зэмсгээ хүн төрөлхтөн “Бид их хөгийн юм хийжээ” гэж голоод “Монголчуудын бүтээсэн энэ зүйл нь урлагийн язгуур нь байна шүү дээ” гэж хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас соёлын түүх, онол, үйл явц, практикийг ч урагш хойш нь хөдөлгөх боломж монголчуудын оюунаар бүтсэн энэ хөгжимд байна.

-Морин хуурыг япончууд гайхалтай хуурддаг болсон юм байна. Өөр ямар улсуудад морин хуур хөгжим хурдтай хөгжиж байна вэ?

-Өмнөд монголчууд өөрийн морин хууртай. Гэхдээ манайхыг дагаад асар хурдтай явж байна. Хятад хүн маш сайхан хуурдаж байна. Намайг ингэж хэлэхээр хужаа цустай гэнэ л дээ. Яагаад болохгүй гэж. Бид Хятадын хуучираар хуучирдаж байхад тэд хуурдаж болно. Манай ятгачид хятад ятга бариад дэлхийн хөгжимчид болчихсон. Морин хуур бариад нэг хятад хүн дэлхийн хөгжимчин болог л дээ. Одоо европчууд морин хуурыг маш их сонирхож байна. Морин хуурыг дагаад монгол хувцас сонирхож байна. Тэдний өдөр тутмын гоёл, дадал болж эхэлж байна. Ингээд харахаар бид урагшилж байгаа. Мэргэжил мэргэжлээрээ, чаддаг чаддагаараа урагшилъя.

-Дэлхийн улсуудыг татаад байгаа морин хуурын давтагдашгүй чанар гэхээр таны түрүүн хэлсэн хүн байгалийн төгс зохицолтой холбогдоод явчих уу?

-Их товчоор хэлбэл хүн гэдэг амьтны хүн доторх сэтгэлийг “үймүүлж” чадах эгшиг морин хуураас гардаг. Хөгжим сонсоод сэтгэл хөглөгдчихлөө гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хөгжим сонсоод сэтгэлийнх нь хөг алдарч байгаа л хэрэг. Хөг орж байгаа биш, алдарч байгаа юм. Хөгжим сонсоод зөв гээд явж байсан замаа эргэж харахад хүрдэг. Явж буй зам маань болж байгаа юм уу гэж эргэлзэж эхэлдэг.

Ээжийн тухай хөгжим сонсоод нулимс дуслуулж суугаа хүний сэтгэлийн хөг алдарч байгаа нь тэр. Шархыг нь сэдрээж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөгжмийн эгшиг гэдэг зүйл хүнийг сэдрээж, сэрээж, бужигнуулж, хүн гэдэг амьтныг хүн болохын хувьд нь сэрээж байгаа хэрэг л дээ. Хатуурсан, өгөөмөрлөлгүй болсон шинжийг нь арилгадаг. Цус нь өтгөрсөн хүний цусыг шингэлж байгаатай ялгаагүй эд. Хүн нийгэмшдэг ч бас хүн чанараа алддаг тал бий. Түүнийг нь л буталж цөмлөж хүн чанар руу нь аваачдаг зүйл бол яруу найраг, дүрслэх урлаг, хөгжим. “Чи энэрэх ёстой, чи өгөөмөр байх ёстой” гэдэг сэрлүүдийг өгдөг.

Морин хуураас гарч байгаа эгшиг амьтай, сүнслэг зүйл. Онгирох, үндэстнээ өндөрт тавих гэсэн санаагаар энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Хүний ширхэг үсийг шинжлээд хүний тухай мэдээллийг бараг бүрэн авч болно. Тэгэхээр үс гэдэг амьтай зүйл. Амьтай юмыг амьтай юмаар үрэхээр амьд эгшиг гарна. Жинхэнэ хүн гэж бодогдох гүн чанар, морин хуурын эгшиг хоёр холбогдож буйг дэлхий дахин сонсоод мэдэрч байгаа хэрэг. Нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж төрдөг. Жишээ нь, морин хуур сонсоод нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж итали хүнд төрдөг гэсэн үг. Тийм учраас дэлхий дахин морин хуур руу хошуурч эхэлж байна.

-Цусанд шингэсэн чанар гэж ирээд ярьдаг даа. Тийм чинадийн, угийн шалтгаан байна уу?

-Ер нь малчин ахуй амьдрал, хандлагаа бид судалмаар шиг байна аа. Нийгэм, ахуй дэвшилтэй хамаатуулж, нийлүүлж судалмаар байна. Нүүдэлчин гэсэн нэр томьёотой би хувьдаа санал нийлдэггүй. Нүүгээд сүйд болдог улс биш шүү дээ, бид. Нутаг сэлгэдэг суурьшмал маягийн улс. Мал маллана гэдэг олон хүмүүсийн нийгэмшсэн хөдөлмөрийн үр дүн биш юм байна.

Ганцаарчилсан, сондгойрсон хөдөлмөрийн үр дүн юм байна. Хоёрдугаарт, малжсан ахуй орчны хэрэглээний хэрэглэгдэхүүн нь бодит байдал дээрээ бэлэн байдаг эд юм. Тийм учраас бүтээмж нь бэлэн юман дээр цогцолдог. Тэр утгаараа хөдөлмөрийн үр шим гэдэг юм бусад иргэншлээс өөр. Хонио магтаж, хайрлаж өсгөж байгаад хүнсэндээ хэрэглэчихдэг. Хоол нь, хувцас нь гээд бүх юм нь хотондоо. Цай, эм тан гэрийнх нь гадаа. Тэрийгээ өөрсдөө бүтээчихдэг. Өөрсдөө бэлдэхдээ хүний царай харна гэж байхгүй.

Эндээс анзаарахад ганцаарчилсан, бие даасан бүтцүүд ажиглагдаад байгаа юм. Манай урлагт гэхэд л монголчууд бүгдээрээ гоцлон тоглоочид. Найрал хөгжмийн гишүүд биш. Уртын дууг хоёр хүн зэрэгцээд дуулахаар л будилдаг.

-Хүн бүр гоцлоочид гэдэг сонин гаргалгаа байна шүү. Гэтэл орчин цагийн нийгэм хамтаараа, багаар тоглож байж амжилттай яваад байна. Тэгэхээр сэтгэлгээ хандлагаа өөрчлөх ухаалаг гарц, шийдэл олохгүй бол дэлхийгээс хоцрох нь дээ?

-Гоцлоод байх тусам уналт өндөр, хэдий чинээ нийлэх тусам хүч нь ихэсдэг нийгэм гэдгийг л бодох учиртай юм. Тэгэхээр түрүүн хэлсэн шиг судлахаас аргагүй. Судалж байж гарах арга замаа шинжлэх ухааны түвшинд хайх ёстой.

Тэгэхгүй бол Чингисийн удам, хөх толботой гэж цээжээ дэлдэхээс хэтэрч чадахгүй. Барилга, зам барих аргыг тэр улсаас тэгж судаллаа гэдэг. Хүн нь яагаад байна вэ гэдгийг судлах л чухал болоод байна. Товчхондоо шинжлэх ухаанчаар нийгэмд хандах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

-Өндөр хөгжилтэй улсаас барилга яаж барихыг сурахын өмнө хүнээ яаж сургаж байгааг нь харах хэрэгтэй гэсэн таны үгтэй санал нэг байна. Хүүхдээ хүчирхэг хүн болгохын тулд бид яах ёстой юм бол?

-Хүүхдэд аав, ээж хоёр нь хамгийн төгс хүн. Тийм жамтай. Тэгэхээр хүүхэд чинь ямар хүн болох нь танаас л шалтгаална. Хүүхдээ хүн болоход хоёр зүйлийг бодох ёстой юм шиг. Нэгдүгээрт, хүүхэд аливаа нэг юманд эргэлзэж сурах ёстой. Өөрөөр хэлбэл яагаад гэдэг асуулт тавьж сургах хэрэгтэй.

Аавыг яагаад аав, ээжийг яагаад ээж, эгчийг яагаад эгч, ахыг яагаад ах гэсэн юм бэ гэж асууж сургахын өгөөж их. Тэр бүхэнд нь зөв тайлбар өгөөд явсан цагт “А бол эр эгшиг, тэгэхээр эр талыг дуудахдаа энэ эгшгийг хэрэглэдэг байх нь” гэх мэтээр цааш задраад явна. Ингэвэл хүүхэд аливаа зүйлд өнгөц хандахаа болино. Хоёрдугаарт дөрөв, таван нас хүрээд ирэхээр нь “Энэ ийм биш, тийм байж болохгүй юу” гэдэгт сургах ёстой. Яагаад дөрвөлжин гэр байж болдоггүй юм гэж бодож сургах учиртай. “Яагаад” гэдэг асуулт бол танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг цуглуулах бааз суурийг тавьж байгаа юм. “Яагаад ийм байж болохгүй билээ” гэдэг хандлага төлөвшүүлэх нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх асар том суурь тавьж өгч байгаа хэрэг.

XXI зуунд дэлхий даяараа орчлон ертөнцийн тухай өөрийн гэсэн мэдлэг, гаргалгаатай хүний л тухай ярьж байна. Тийм хүмүүстэй бол үндэстэн оршин тогтнох эсэх тухай яриа асуудал биш.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img