2024-07-23, Мягмар
21 C
Ulaanbaatar

БНХАУ-д батлан хамгаалахын зардал болон Си Зиньпиний эрх мэдлийг нэмэгдүүлж байна

Манай урд их хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын баримтлах хэтийн бодлого ямар байхыг төлөвлөдөг Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал тус тус эхэллээ.

Аль аль нь хагас сар үргэлжлэх төлөвтэй.
Хэдий тийм ч гол шийдвэрүүдээ хэдийн гаргаж, юуны түрүүнд тус улсын батлан хамгаалахын зардлыг даруй долоон хувиар нэмэгдүүлж, 225 тэрбум ам.долларт хүргэхээр болжээ. Энэ нь батлан хамгаалахын зардлаар дэлхийд АНУ-ын дараа орох асар том төсөв агаад өрнөдийн шинжээчид бодит зардлаас нэлээд хэмжээгээр багасгаж зарласан гэж үзэж байгаа юм.

ХятадТайванийг өөрийн газар нутаг гэж хэзээнээс зарлаж ирсэн Бээжин батлан хамгаалах салбарт зарцуулах нэмэлт төсвийн дийлэнхээ тус арлыг цэргийн хүчээр өөртөө нэгтгэх зорилгод зориулах бололтой. Гэвч ОХУ Украинд халдсан дайн хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж буй нь тодорхой. Өрнөдийн хориг арга хэмжээнд орсон ОХУ-д В.Путиний дэглэм нурж унавал Тайваньд халдах төлөвлөгөөгөө хойшлуулах нь ойлгомжтой биз ээ.

Үүнээс гадна Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал Си Зиньпиний эрх мэдлийг дээд зэргээр нэмэгдүүлж, тус улсын төрийн тэргүүнээр батлах ажээ. Ингэснээр, Си Зиньпин Хятад дахь нам, төрийн бүхий л эрх мэдлийг гартаа авна. Үүнээс гадна тэрээр өөрийн хамгийн ойрын хамтран зүтгэгч Ли Цяныг Ерөнхий сайдаар томилох нь бараг тодорхой гэнэ.

Ли Цян нь Шанхай дахь Хятадын Коммунист Намын даргын алба хашиж байхдаа Ковид-19-ийн цар тахлын үеэр маш чанд хөл хорио тогтоон олон түмний эсэргүүцлийг өдөөсөн билээ. Си Зиньпин түүнчлэн тус улсын төв банк, санхүүгийн удирдлагад өөрийн хүмүүсээ томилох нь тодорхой болжээ.

Дашрамд дурдахад, Си Зиньпин БНХАУ-ын даргаар гурвантаа сонгогдсон анхны хүн бөгөөд 2018 онд шинэчилсэн хуулиар ямар нэг хязгаарлалтгүйгээр насан туршдаа ч тус улсыг удирдах боломжтой болсон билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img