2024-11-13, Лхагва
-8 C
Ulaanbaatar

Р.Амаржаргал: Л.Оюун-Эрдэнэ дээд зэргийн суу зальтай нөхөр ч байж мэдэх юм

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын талаар та ямар бодолтой яваа бэ. Нүүрсний хулгай энэ тэртэй тэмцэж байгаагаас нь харахад өмнөх Ерөнхий сайд нараас илүү зоригтой, шийдэмгий ч юм шиг. Төрийн хулгайтай тэмцэж байна гэдэг утгаараа?

-Ерөнхий сайдын албыг хашиж байсан болохоор зовлонг нь гадарлана. Амар алба биш. Зовлонтой ажил. Засгийн газраа тогтвортой байлгах гэж оролдоод хуульд өөрчлөлт оруулж давхар дээл энэ тэрийг буцааж сэргээснийг нь, тэр хүрээн дотроо шинээр оруулж ирсэн сайд нарыг нь харж байхад их сул нөхөр гэж харагдаад байгаа. Эсвэл дээд зэргийн суу зальтай нөхөр ч байж мэдэх юм. Ярих л ёстой зүйлсийг ярьж яваа. Тэрнээс гайхамшигтай зүйл юу ч байхгүй.

-Гадаад талаасаа Орос Украйны дайн, тахлын дараах эдийн засгийн хямрал гэсэн том бэрхшээл, дотоод талаасаа нүүрсний хулгай, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн гээд Засгийн газрын өмнө том сорилт олон байна. Засгийн хувьд яг ямар бодлого барьж ажиллавал эдийн засгаа аятайхан аваад явчих бол?

-Одоо ер бол Гадаад ертөнцөд найдаад хэрэггүй. Хятад улс эдийн засгийн өсөлтөө таван хувьд барина гэдгээ баталчихлаа. Хятад манай том зах зээл. Энэ хувьдаа баривал сайн хэрэг. Гэхдээ асуудал яаж ч эргэж болно. Үүний тод жишээ нь Украйнд болж байгаа явдал. Мөн Тайвань тойрсон асуудал байна. Бас технологийн дайнууд. Америк Хятад хоёрын хооронд өрнөсөн чипийн, патентын, санхүүгийн, мэдээлэлийн зэрэг дайнууд хүчтэй хэвээр байгаа. Урьд нь буу бариад бие биетэйгээ үзэлцдэг байсан бол одоо бүх салбарт дайн болж байна. Иймээс дотоодын зах зээлээ тэлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн дотоодын хэрэглээний соёлыг төлөвшүүлэх шаардлага байна. Экспортдоо найдаж нүүрс, зэсийн үнийн тооцоо хийвэл эрсдэлтэй. Эдийн засгийн өсөлтийг хангая гэвэл юуны өмнө өмчийн эрхийн асуудал их чухал.

Хувийн өмч буй болгох гэж л 1990 онд хувьсгал хийсэн. Зүгээр нэг өмчтэй байх биш өмчөө өсгөн үржүүлж, залгамжлуулж, зарж, шилжүүлэх эрх гээд зөндөө юм байгаа. Энэхүү өмчийн эрх нь өөрөө гадны халдлагаас хамгаалагдсан байх ёстой. Тэгэхгүй бол Г.Занданшатар шиг хэдэн цагдаа дагуулж очоод булаагаад авчихдаг байж болохгүй. Чиний өмч хэн нэгэн даргын нүдэнд сайхан харагдсан бол булаагаад авчихаж байна шүү дээ.

Том бизнес ч ялгаагүй жижиг бизнесээ чирээд явахын оронд бизнесийг нь буулаагаад л явдаг. Ялангуяа том супермаркэтууд ил дээрэм хийж байгаа.

-Эдийн засаг өсөх найдлага байна уу?

Амаржаргал-Би бол 3,4 хувь дээр байх болов уу гэж бодож байна.

-Төрийн залгамж бодлого зайлшгүй байх ёстой. Таны Ерөнхий сайд байх үеийн бодлого тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байр суурь өөр байсан нь тодорхой. Гэхдээ эдийн засаг талаасаа тууштай барьж ирсэн төрийн бодлого гэвэл та юуг онцлох вэ?

-Миний үед зах зээлийн эдийн засгийг удирддаг, залдаг чиглүүлдэг механизм, институциүдыг шинээр буй болгож, бүрдүүлэх гэж оролдож байсан. Мөнгөний бодлого гэвэл Монгол банкаар дамжуулж Засгийн газраас хараат бие даасан байлгах ёстой гэж харсан. Гэх мэтээр олон шийдэл гаргаж байсан цаг. Ямар ч болсон зах зээлийн эдийн засгийг удирдахад бүх институци, арга хэрэгслүүдийг буй болгоод хүлээлгэн өгсөн. Дараа дараагийн засгийн газар нь тэдгээрийг л зөв ашиглах ёстой байсан. Явцын дунд хадуурсан л даа. Жишээ нь, тухайн үед эдийн засгийн бүтцээ, нөхцөл байдлаа харж байгаад уул уурхай дээр суурилъя, нүүрс, зэс дээрээ тулгуурлаж анхны хуримтлал бий болгоё, анхны хуримтлал үүсгэе, тэр хуримтлалаа зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх маягаар ашиглаж үр дүнд эдийн засгаа босгоё гээд зүтгэсэн. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг гуйвуулсан. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй болчихоод байна. Хятадын бизнесүүд хүртэл гарч байна гэж сонссон.

-Гадаадын хөрөнгө оруулалт зугтах болсон хамгийн гол шалтгаан нь юу бол?

-Энэ тодорхойгүй байдал, их хүнд суртал, авлигыг дийлэхгүй байна гэсэн үг.

Ахиад хоёр үе солигдож байж парламент төлөвшинө

-Монголын парламент төлөвшиж хөгжихөд улстөрчид нь илүү үүрэг рольтой байх ёстой юм уу, эсвэл ард иргэд нь нөлөөлөл өндөр байх ёстой юу?

-Аль аль нь. Жишээ нь, эрх мэдлийн амт гэж бий. Төрийн өндөр сэнтийд заларсан хүн тийм амар суудлаасаа буухыг хүсдэггүй. Амташсан хэрээ арав дахина гэгчэ болдог. Үүнийг ярихаар зүй тогтол, өнгөрсөн амьдралтай нь холбож тайлбарлахаас аргагүй болчихож байгаа юм. Тухайлбал, төрийн өмнөөс, ард түмнийг нэрийг барин шийдвэр гаргаж буй хүмүүс ямар орчинд өссөн, ямар ном уншсан, мөнгөтэй ойр өссөн үү, хүнийхээ хувьд хомхой сэтгэлтэй эсэх гэх мэт энгийн мэт боловч шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлдөг асуултуудыг тавиад харах учиртай. Шуудхан хэлэхэд юм үзэж нүд тайлсан хүн тэс өөр байдаг. Гэтэл нүд тайлаагүй, хор нь гараагүй хүмүүс олноороо сонгогдсон учраас парламентыг утгагүй болгочихлоо. Нэр хүндийг нь шалтай дэвслээд хаялаа шүү дээ. Чи би Дорж Дондог дулмаа, бидний хийсэн сонголт Парламентыг ард иргэд 20 төгрөгөөр сонгож буй нь үнэн шүү дээ. Дээрээс нь сошиал тролл, гадны нөлөө бас байна.

-Парламент төлөвшихөд 30 жил хангалттай хугацаа биш үү?

-Та нар тэгж харах байх. Би бол болоогүй парламент төлөвштөл дахин хоёр үе солигдох хугацаа гэж харж байна. Нэг үе нь солигдоод дуусаж байна. Одоо дараагийн үе нь бий. Бид мэт нь солигдож байж төлөвших байх. Гэхдээ 30 жилийн дараа парламент гэж чухам юу байхыг хэн хэлж мэдлээ.

Капиталын төлөөх тулаан яг одоо манайд өрнөж байна

Амаржаргал
2018 оны тавдугаар сарын 22. Монголын эдийн засгийн чуулган.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

-Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, улс төрч, АН- ын гишүүн, сэхээтэн, багш, судлаач, хань, аав… Нийгэмд бүтээсэн энэ дүрүүдийнхээ алинаас нь илүү кайф мэдэрч сууна вэ, өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад?

-Багшаар ажилласан он жилүүдээрээ дурсах, бахархах дуртай. Шалтгаан нь сая таны асуусан зүйл л дээ. Таашаал авдаг ажил маань.

-Би таныг Ерөнхий сайдаар ажилласан цаг хугацаа, улстөрийн өндөр карьертай үеэ онцлох байх гэж бодож байлаа.

-Олон хүн тэгж бодох байх. Гэхдээ миний хувьд амбицаа дарж чаддаг хүн. Дарсаар ч ирсэн. Эрдмийг дэлгэрүүлнэ гэдэг их том буян. Мэдлэгээ бусадтай хуваалцахаар өсөөд, үржээд байдаг. Нөгөө талаас улс төрийн нийгмийн түмэн асуудалтай хутгалдаж явсан хүний хувьд энэ хорвоо ертөнц, манай улс оронд өрнөөд буй үйл явдалд – яагаад гэж их боддог. Яагаад энэ байдлаар өрнөөд байна, яагаад өөр хувилбараар өрнөөгүй билээ? Багш, судлаач хүн аливаа зүйлийн “зүй тогтол”-ыг олж харахыг илүү хичээдэг байх гэж хардаг. Бидний үед Капиталист хөгжлийн зүй тогтлыг олж хар гэж заадаг байлаа. Дараа нь социализм, харин одоо өнөөгийн нийгмийн “зүй тогтол”-ыг олж харахыг хичээж явна. Нийгмийн процесс тасралтгүй өргөжиж, гүнзгийрч олон зүгт салбарлаж байна. Тэгэхээр энэ “зүй тогтол” нэг хүний оюун ухаанд багтахгүй болчихсон. Лейбнецын туйл гэж байдаг тэр нь одоо бараг тулчихсан.

-Лейбнецын туйл аа, ямар ойлголт байдаг юм бол?

-Лейбнец бол XVII,XVIII зууны заагт амьдарч байсан суут ухаантан. Тухайн үеийнхээ шинжлэх ухаан, нийгэм, улс төрийн бүх салбарт ул мөрөө үлдээсэн хүн. Хэдий суут байлаа ч ганц хүний танин мэдэх боломж нь хязгаартай, туйлдаа хүрдэг гэсэн ойлголт юм.

-Одоогийн нийгмийн зүй тогтлыг та хэрхэн харж байна?

-Яагаад манай улсын хөгжил ийм байна гэдгээс харъя л даа. Тухайлбал 1990 оны шинэчлэлийн үйл явц их аятайхан эхэлж байсан. Гоё мөрөөдөлтэй, оргилуун гэж тодотгомоор санагддаг. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд онолын хувьд ч зөв, тэр цаг мөчид тийм шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байсан. Гэтэл өнөөдрийн явж байгаа процесс анх төлөвлөж төсөөлж байснаас хүн танихын аргагүй, гажуудсан.

Үүнийг капитализмын хөгжилтэй харьцуулж үзье. Жишээ нь капитализм гэхээр капиталын анхны хуримтлал яригдаж таарна. Анхны хуримтлал яаж явагдаж, процесс нь хэрхэн өрнөсөн гэсэн асуулт тавиад харъя.

Зэрлэг өрнөд буюу Wild wild west- ийн кинонууд байдаг даа, индиануудтай байлдаж газар нутгийг нь булааж буй ковбойчууд, тэмцэлдэж, амь өрсөн тэмцэлдэн буудалцаж туг хатгаад л газартай болж буй хүмүүсийн тухай. Яг энэ л процесс манайд өрнөөд байна. Гэхдээ арай жаахан соёлжсон хэлбэртэйгээр. Ер нь капиталын анхны хуримтлал явагдаж байна.

-Тэгэхээр капиталын төлөөх өрсөлдөөн зайлшгүй явагдах л ёстой процесс болж таарах нь ээ?

-Яг тийм. Ийм процесс явагдах ёстой. Манайд энэ процесс хурдан явагдах ёстой. Гэтэл манайд нэг сонин юм ажиглагдаж байна. Капиталын хуримтлал явагдаж байх үед нь бизнесээ тэтгэдэг, эрх зүйн хувьд ч зохицуулах, эдийн засгийн механизмыг боловсронгуй болгох, ашиглаж чадахгүй байна. Жишээ нь, хувьцаат компани гэж юу болох, түүний удирдлага үйл ажиллагаа ямар байх ёстойг мэдэхгүй хүмүүс л шийдвэр гаргаад байна. Иймээс авлига, хээл хахууль, улсын төсвийн хулгай гэх мэт зүйлс тасрахгүй байна.

Энэ бүгдийг нэгтгээд томоор харж тухайн тохиолдлууд гэхээсээ илүүтэй энэ ямар зүй тогтол яваад байна вэ гэдэг нь надад их сонин санагдаад байгаа юм. Улс төрийн сонгууль дээр жишээ авч үзье. АНУ 200-гаад жилийн өмнө мөнгөөр сонгууль явуулдаг, эрх мэдэл албан тушаал хуваарилдаг гээд яг манайх шиг байсан. Үүний дараа бөөн асуудал үүссэн. Сонгодог жишээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Куинси Адамс, Эндрю Жексон гээд хоёр нөхөр өрсөлдсөн түүх бий. Жексон нь Америкийн иргэний дайны баатар хүн. Адамс нь мэргэжлийн дипломатч, эцэг нь Ерөнхийлөгч байсан, төр удирдах түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин. Сонгуульд өрсөлдөөд Жексон ялсан. Яагаад ялсан гэхээр хүн болгонд танай хүүхдийг шууданч болгож өгнө гэсэн. Тэр үед Америкийн төрийн алба гэдэг нь шууданч л байсан. Шуудан зөөгч болохоор ажилтай орлоготой болно гэсэн үг. Мөн “цацагт хяруул” тахиагаа нэг хэсэг айлд тараагаад л. Тэгээд л Ерөнхийлөгч болчихсон. Манайд болж байгаа процесс яг үүнтэй ижилхэн харагдаад байна. Зарим нэг гишүүн сонгуулиар мөнгө тараагаад явдаг. Тэгэхээр ялгаагүй байгаа биз. Энэ зүй тогтол юм уу, эсвэл тохиолдлын зүйлс үү, улс төр, эдийн засаг, нийгмийн ухамсрын хүрээнд явагдаж байгаа энэ процессууд дотор ямар нэгэн зүй тогтол байна уу, үгүй юу, хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултууд миний сонирхлыг татаад байгаа юм. Ер нь аливаа зүйлийг өндөрөөс алслуулан харвал ерөнхий тренд хандлага, зүй тогтол нь тодордог л доо. Багш судлаач илүү сонирхолтой, кайфтай гээд байгаагийн учир энд байгаа юм.

Хөрөнгө оруулалтын орчингүй учраас улстөрчид улсын мөнгө рүү дайрч байна

Амаржаргал-Өөрийн гэсэн капитал, үнэт зүйлтэй хүн гэж ярьдаг даа. Гэтэл өнөөдөр мөнгөтэй хэрнээ ёс зүйгүй нь олширчихсон: Ийм үед энэ хоёрыг цогцоор нь бүрдүүлж амьдрах хэцүү санагддаг. Таны хувьд тэгж чадаж байна уу?

-Явцуу утгаараа чамд орлого оруулж буй зүйлийг капитал гээд байгаа юм. Газар, үйлдвэрлэл, үйлдвэрийн хэрэгсэл, байшин барилга гээд мөн мэдлэг боловсролоо ашиглаж орлого олж буй бүхэн капитал. Өргөн утгаараа нэр хүндийн асуудал ч мөн багтана. Макро эдийн засгийн асуудлаар энэ хүнээс асуувал ганц хоёр үг хэлчих байх гэж салбар нь үнэлж байвал тэр нь нэр хүндийн капитал. Мөн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлд мэдлэг нь капитал болсон хүмүүс ч байна. Ер нь хүн хувийн өндөр сахилгатай байх ёстой бөгөөд энэ бас л капитал. Капиталын хувьд урт хугацааны турш хуримтлагддаг зүйл. Хүн өөрийн гэсэн үнэт зүйл, яс баримталдаг зарчимтай, хазайж буцдаггүй байх ёстой. Энэ бүгд цогцоороо капитал болж өгдөг. “Нэр хугарахаар яс хугар “ гэдэг үг надаас салаагүй зүйл. Өөрийн гэсэн капиталгүй хүн л салхины зүг эргэдэг байх. Зарчмаа мөрддөг хүн ер нь шугамаасаа хол хазайхгүй. Би өөрийн бүтээсэн баримталдаг үнэт зүйл, зарчмаасаа хазайхгүй явж ирсэн. Энэ бол миний үнэт зүйл төдийгүй миний капитал.

-Нүүрсний хулгай, ЖДҮ гээд яривал өнөөдрийн улстөрчдийн олонх мөнгийг л нэгдүгээрт тавьж байна. Шалтгаан нь юунд байна вэ, түрүүн таны хэлснээр бид туулах ёстойгоо л туулж байна уу, ер нь энэ процесс хэр удаан үргэлжлэх бол?

-Энэ асуудлыг өөр өнцөгөөс үзье.

Тухайлбал, Юм үзэж нүд тайлна гэдэг маш чухал. Ямар орчинд өсөж, ямар хүмүүжлээр хүмүүжив гэдэг нь тухайн хүнийг ерөнхийдөө харуулдаг. Нүд тайлагдсан хүн хэр баргийн зүйлд хууртахгүй. Алив зүйлд төдийлөн шунахгүй. Тухайн хүний өссөн орчинд ном эрхэм зүйл байсан уу, эсвэл мөнгө эрхэм зүйл байсан уу гэдэг их чухал байр суурь эзэлдэг. Өнөөдрийн улс төрд мөнгийг илүүд үзэж буй улс төрчид их. Тийм ч учраас олноороо хэрэг төвөгт орооцолдож байна.

Энэ нэг хэрэг.

Нөгөө нь гэвэл, манайд хөрөнгө оруулалтын орчин алга. Тийм учраас улсын төсөв, эсвэл нийтийн хөрөнгө рүү дайрч байна. Өөр дайрах хөрөнгө байхгүй учраас тэр. Эрх мэдэл албан тушаал, гарын үсгээ худалдах нь их болж.

АмаржаргалЭх орондоо хайртай дуртай гэж тунхаглах зарлах улстөрчдийн хувьд 30 дугаар асуудал. Зарим нэг улстөрч цэцэн цэлмэг юм ярьж чихэн дээр цэцэг ургуулдаг. Үүнийгээ ашиглаад хэлж болох бүх зүйлийг амлаад гараад ирж байна. ЖДҮ-ийн сангаар гишүүдээ худалдаж авдаг. Тэрүүхэн тэндээ төрийн эргэлт хийж Ерөнхий сайд болж байх жишээтэй. Манайд хөрөнгө оруулалт хийх орчин бүрдээгүй нь гол асуудал болж байна. Таван төгрөг илүү олоод түүнийгээ хөрөнгө оруулалт юм уу хуримтлал руу хийх эсвэл банканд хадгалуулах уу? Хүү гэвэл үнийн өсөлт ямар байгаа билээ. Иргэд аргаа бараад л койн руу мөнгөө хийж, алдаж байх жишээтэй.

-Койн бас л нэг гажуудал уу, эсвэл зүй тогтлоороо өрнөж буй процесс уу?

-Койн асуудал биш. Зүй тогтлоороо яваа зүйл. Хөрөнгө оруулалт хийх талбар байхгүй учраас л ийм зүйл болсон.

-Та бид хоёрын яриад суугаа ёс зүй, үнэт зүйл гэсэн хэмжүүрээр харвал сошиал орчин хэт бараан сөрөг тал руугаа байх шиг. Бөөн шүүмжлэл, хэн нэгний оршихуй руу илт дайрсан түрэмгийлэл гээд…?

-Мөн л гайхах шаардлагагүй өнцөг. Бид хоёрын яриад суугаа өнөө зүй тогтол чинь. Ингэж л явагдах ёстой процесс. Хуучны цагт хүний тархи толгойг нэг л газраас удирдаж ирсэн. Өөрөө өөрийгөө мэдье гэсэн хүмүүс бас байсан. Фэйсфүүк анх найз нөхөд, гэр бүлийн хүрээний л асуудлаар хоорондоо харилцаж байхаар гарч ирсэн зүйл. Сүүлдээ технологийн энэхүү шийдэл нь өөр талбарт өөр зорилгоор ашиглаж болох юм байна гэдгийг олж хараад явсаар байгаад жишээ нь троллууд, тэдний цаана буй эздийн зүгээс тодорхой зорилготой бусдын тархийг угаах талбар боллоо. Твиттер дээр АНУ-ын Ерөнхийлөгчийн аккаунтыг хүртэл хааж байна шүү дээ. Энд янз бүрийн л асуудал болдог. Цаашдаа технологийн хувьсгал хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлно. Тэр технологийн хувьсгал хүн төрөлхтөнд сайн зүйл авчрах уу саар зүйл авчрах уу гэдгийг давхар бодож байх ёстой. Сүүлийн үед хиймэл оюун ухааны тухай нэлээн ярьж байна. Хиймэл оюун ухаан өөрөө агуу зүйл юм. Асар их хөдөлмөр хөнгөлж, олон асуудлыг шийдэж өгч байна. Нөгөө талаас аюултай. Дэлхийн технологийн лидерүүд аюулыг нь хэлээд байна шүү дээ.

-Дэлхийн технологийн лидерүүд хиймэл оюун ухааны хамгийн гол аюулыг юу гэж тодорхойлж байгаа бол?

-Эцсийн дүндээ машин биднийг захирах нь гэцгээж байна. Түүний нэг тод жишээ нь фэйсбүүк. Чи нэг зүйлийг жаахан удаан хараад, лайк дарчихаар маргааш нь чамд тэр тухай мэдээлэл бөөндөө хүрээд ирдэг. Хүн өөрийн мэдэлгүй тэр бүхнийг харсаар л байдаг. Хүн ухаанаа өөрөө залдаг гэж боддог. Гэтэл үгүй, бид автдаг. Чи ямар зүйл үзнэ тийм л мэдээлэл чамд ирээд байна гэсэн үг. Хараал зүхэл, хэрүүл шуугиан лайкдаад л байвал тийм л агуулгатай юм чамд ирээд байна. Сүүлдээ чи түүндээ донтоно. Хэрүүл цуурхалын “өдрийн нормоо” авахгүй бол чиний сэтгэл тавгүйтээд л … Тэгэхээр чи тархиа удирдаж байгаа биш чиний тархийг технологийн машин удирдаад байгаа биз.

Манай улстөрчид троллуудыг их ашиглаж байна

-Сошиалд интернэт троллууд гэх үг дэлгэрсэн?

Амаржаргал-Троллуудыг манай улс төрчид их ашиглаж байна. 200, 300 хүнийг суулгаад энэ хүнийг эндээс арч гээд даалгачихаж байна. Тэгээд гүтгэлгээ хийхдээ нотолгоо баримт дээр тулгуурласан юм шиг хүнийг төөрөгдүүлсэн, итгэл төрүүлэхээр хийж байгаа юм. Тэр нь ямар ч хүнийг алж, ямар ч луйварчинг босгоод ирж байна. Эцэст нь тролл ажиллуулсан этгээд шударга ёсны баатар болчихсон явж байх жишээний. Тэгэхээр ийм нэг процесс гарцаагүй л болоод байна. Энэ хэр зэрэг удаан үргэлжлэх юм, нийгмээ эрүүл саруул уур амьсгалтай байлгая гэвэл нийгмийн сүлжээнд ямар ямар хязгаарлалтууд хийх гэх мэтчилэн олон асуудал цаана нь яригдана.

-Ингээд харахаар сошиалын сөрөг нөлөөнд автахгүй байя гэвэл мэдлэг боловсрол, мэдээллийг шүүн тунгаах асуудал л чухлаар тавигдаж таарах нь?

-Санал нэг байна. Би хувьдаа мэдлэг боловсрол гэж хэлнэ. Нийгмийн сүлжээнд болж байгаа зүйлсийг ялгаж салгах мэдлэг боловсрол маш чухал. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх үндсэн шийдэл нь эдийн засгийн өсөлт. Ард иргэдийн амьдрал сайжрах ёстой. Амьдрал ахуй сайжраад өдөр тутмын ахуйн чанартай асуудлаас холдоод ирэхээр хүний үзэл бодол нь өөрчлөгдөнө, арай том сэтгэнэ, том зүйл харна, өөр зүйл рүү тэмүүлнэ. Тиймэрхүү байдлаар л шийдэх байх. Асуудлыг шийдье гэвэл эдийн засгийн өсөлтөө өндөр болго нийгмийн амьжиргааг сайжруул.

Би твиттерт долоо хоногт нэгээс хоёр удаа санал бодлоо хуваалцдаг хүнийг дагадаг

-Сүүлийн үед өрнөж буй асуудлуудыг харахад төр засаг сошиалаар ажлаа явуулаад байна л даа. Төрийн ажлыг сошиалаар явуулах нь бас л зүй жамаараа явж буй процесс уу?

-Монголын төр саарал ордонд биш сошиал тавцанд шилжээд удаж байгаа шүү. Сошиалиар дамнуулаад улс төрийн тандалт хийж болно. Гэхдээ зөв бурууг шийдэхгүй. Яагаад гэвэл тандах гэж байгаа тэдэнд троллууд нь байгаа. Улс төрийн ашиг сонирхолдоо нийцүүлээд троллуудаа ажиллуулаад байгаа юм. Хэн нэгэн хүнийг муу муухай хүн болгоё гэвэл ялгаа байхгүй троллууд нь ажиллалаа, нөгөө этгээд хамгийн муухай хүн боллоо, гүйцээ. Үнэн зөв бурууг сонсох ямар ч хүсэл байхгүй.

Би твиттерт долоо хоногт нэгээс хоёр удаа санал бодлоо хуваалцаж байгаа хүнийг дагадаг. Өдөрт арав хорин месэж цацаж байгаа хүнийг бүтэхгүй амьтан гэж үздэг.

Тийм шалгуур тавиад эхлэхээр миний дагах ёстой хүмүүс тодорхойлолтоороо цөөхөн болчихоод байгаа юм. Фэйсбүүкийг төдийлөн ашигладаггүй. Тэнд хэрүүлийн “балиар” зүйл дэндүү их тул анхаарал хандуулдаггүй. Хааяа нэг хөлбөмбөг гэх мэт зүйлс оруулдаг.

-Та ямар мэдээлэл түлхүү оруулж байна?

-Танин мэдэхүйн чанартай, энэ зүйл тренд юм байна ийм зүйл цаашдаа рольтой байж магадгүй гэсэн мэдээллийг оруулдаг.

-Фэйсбүүк хэт хар бараан хэцүү орчин болчихсон гэдэг үнэн л дээ. Нөгөө талаас нь харвал манай нийгмийн байж байгаа царай нь л энэ. Нийгмээ эрүүлжүүлэхийн тулд хүний тархийг хөгжүүлэх ёстой, мэдлэг нэмэх учиртай, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй гэж ойлголоо. Гэхдээ яг яаж гэж асуумаар байна?

-Шийдвэр гаргах төвшинд нийгмийн ухамсрыг зөв байлгая гэсэн хүмүүсээ сонгох хэрэгтэй. Ялангуяа сэтгүүлчид нийгмийн түрүүнд явж нийгмээ түүчээлэх ёстой. Нийтийн дуунуудтай адил мэдээлэл түгээгээд байж болохгүй. Тэрний оронд Чайковский, Моцарт сонсож, уран зургийн галерей очиж үз. Ядаж тэдний том том бүтээлүүдийг сонсож, үзээд ирэхээр тархи ажиллаж ойлгох гэж үзнэ. Гэтэл өнөөдөр тийм бүтээлүүд алга байна шүү дээ. Зөвхөн өнөөдрийн хэрүүлийг дамжуулаад байхаар яаж нийгмийг сэтгүүлчид түүчээлэх, эрүүлжүүлэх юм бэ.

Нийгмийн ухамсар дотор шүүмжит сэтгэлгээ гэдэг зүйл маш сайн гарч ирэх ёстой. Хүн ядуу хоосон байх тусмаа энгийн муухай зүйл рүү л тэмүүлнэ, хэрүүлд дурлана.

-Сошиал дахь иргэдийн шүүмжлэлүүдээс “Зах зээлд шилжсэн нь буруу сонголт байсан” гэх үг давтамжтай харагдах боллоо. Энэ хандлагыг та яаж харж байна?

-Өнөөдөр зарим иргэд ардчиллыг буруутгаж байна л даа. Зах зээлд шилжсэн сонголт буруу гэж. Урьд нь зүгээр тэтгүүлээд амьдарч байсан хүмүүс ардчиллаас болж хөдөлмөрлөх,тархиа ажиллуулах болчихоод байна л даа. Энхрий хайрт нам засаг нь өмнөөс нь шийдвэр гаргаж, илүү дутуу юм бодохгүйгээр болоод байсан бол өөрөө бодох, өөрөө шийдвэр гаргах сонголт хийнэ гэдэг ядаргаатай учраас эсэргүүцээд байгаа юм. Дорж, Дондог, Дулмаа гурваас сонго гэхээр яаж сонгох вэ гэдэг асуудал үүсдэг. Нэр дэвшигчдийн ар гэр, боловсрол, үнэт зүйл, өссөн орчин зэргээс гадна тодорхой асуудлаар ямар байр суурьтай байсан, ам ажлын зөрүү, энэ сонин сайт чинь хэнийх билээ гэх мэт олон зүйлийг харьцуулан судлах ёстой. Харамсалтай нь иргэд ийм сонголт хийдэггүй. Тэгэж толгойгоо зовоож байснаас Мөнгө өгсөнд нь саналаа өгье гэдэг нь олон байна. Сонгож гаргаж ирээд дараа нь хараагаад суух нь “ахиуц зардал багатай” л даа.

Эдийн засгийн шинжлэх ухаан арав гаруй жил нам зогсчихлоо

-Та сүүлийн үед аль сэдвийг, ямар салбарыг түлхүү сонирхон судалж байна вэ?

-Би сүүлийн үед гүн ухааны асуудлыг сонирходог болоод байна. Нийгэм эдийн засгийн олон асуултанд миний гадарладаг шинжлэх ухаан хариу өгч чадахгүй байна. Тэхлээр философи руу орхоос өөр аргагүй байна. Ямар шинэ зүйлс гарч байна гэх мэтчилэнгээр харж судалж сууна. Нэг сонин юм ажиглагдаж байгаа. Эдийн засгийн шинжлэх ухаан сүүлийн арав гаруй жил шинэ зүйл олсонгүй. Зогсчихсон, урагшилж чадахгүй байна. Дэлхий дээр болон амьдрал дээр болоод буй зүйлийг тайлбарлаж чадахгүй онолын үндэслэлийг нь гаргаж чадахгүй болчихож.

-Яагаад таг зогсчихов?

-Жишээ нь, зан үйл, үйл хөдлөлийн эдийн засаг гэж байна. Энэ бол эдийн засаг, сэтгэл зүй, социологи, эконометрикс зэрэг шинжлэх ухааны огтолцол дээр тодорч буй салбар дундын шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэдэг зөвхөн нэмэх, хасах ашиг, орлого гэсэн зүйл биш байна л даа. Хүн сонголтоо сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөж хийдэг гэж. Рациональ буюу зохистой сэтгэлгээ гэдэг нь улам багасаад дандаа эмоци буюу сэтгэл хөдлөлөөр сонголт хийгээд байна гэж үзсэн. Гэтэл сонгодог эдийн засгийн шинжлэх ухааны ойлголт өөр. Хүн бол ухаантай амьтан өөрийгөө хорлохгүй асуудалд эрүүл саруулаар хандаж зохистой сонголт хийнэ гэсэн зарчим дээр тулгуурладаг.

Амьдрал дээр тийм биш байна л даа. Жишээ нь Монгол ялна, авлигатай тэмцэнэ гэхээр шууд итгэдэг. Түүний цаана юу байгааг огт боддоггүй. Тийм учраас энэ хандлагыг эдийн засгийн хувьд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Хүн ямар ч шийдэл гаргаж магадгүй. Тэр шийдэл нь макро эдийн засагт хэрхэн тусах, хувийн хуримтлал хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх гээд олон асуудал байна.

АН-ын хуваагдал бол үзэл бодлын зөрчилдөөн биш, эрх мэдлийн тэмцэл

-АН дотооддоо хэцүүдсэн энэ үед тан шиг улстөрчдийг гол фронт нь байгаасай гэж хүсэх хүн олон байна. Та улстөрд идэвхтэй оролцох талаар бодож байна уу?

-Нийгмийн сүлжээний талаар ярихад троллын тухай хөндсөн дөө. Тэдний үүргийн тухай. Та бид хоёр хэчнээн сайхан ярилцлага хийгээд ч дор нь троллууд элдвээр л муулна. Р.Амаржаргалыг ямар ч тохиолдолд аятайхан гаргаж болохгүй шүү гээд л үүрэг өгсөн бол нэмэргүй.

-Хэтэрхий гутранги хандаад байгаа юм биш үү?

-Үгүй, үнэн нь л энэ.

-Эцсийн бүлэгт үр дүн л чухал. Сохрын газар сохор гэдэг шиг та ч бас тэдэн шиг тролл ажиллуулаад өөрсдийнх нь аргаар ажиллаж болно шүү дээ?

-Би тэгж чадахгүй. Миний үнэт зүйл капиталд нийцэхгүй. Угаасаа тийм байж болохгүй. Би хэлдэг юм. Монгол Улсын төр засагт ганц нэг нэр цэвэр хүн байж болохгүй юу гэж. Яагаад бүгдээрээ хулгайч луйварчид байх ёстой юм. Тиймээс би энэ Амаржаргал гэдэг нэрийг өөрөөсөө хүртэл харамлаж сэвтүүлэхгүй байх гэж их л чармайдаг. Болж байгаа эсхийг та нар шүүх биз.

Одоо хар л даа бүгдээрээ л хэрэг төвөгт холбогдож зарим нь аавын хаалга татаж байна шүү дээ. Дахиад хэлье, нийгмийн амьдралын бухимдлыг төрүүлээд байгаа зүйл бол эдийн засгийн амьдрал. Хүн амьдрал ахуй нь болохгүй байхаар заавал хэн нэгэн хүнийг олж буруутгах хэрэгтэй болдог. Өөрийгөө буруутгах хүн ховор.

-Ардчилсан намын өнөөгийн хуваагдлыг та яаж харж байна?

-Би энэ асуудалд огт сүржигнэхгүй байгаа. Аяндаа учир нь олдоно гэсэн бодолтой байсан. Одоо угаасаа нэг талдаа гарч байна. Би хувьдаа үзэл бодлын зөрчилдөөн гэж харахгүй.

-Тэгээд юуны төлөө тэмцэлдээд байгаа юм бол?

Амаржаргал-Эрх мэдлийн тэмцэлдээн. Тэр зөрчилдөөд байгаа хүмүүст үзэл бодол, үзэл баримтлалын тухай ойлголт байхгүй. Жижүүрийн хэдэн үг бий. Барууны нам байх ёстой гэх мэт. Тэр нэр томьёогоор одоо асуудлыг шийдэж болохгүй. Хамаагүй гүнзгий нарийн зүйл ярих ёстой. Намын дарга гэхээр Их Хуралд сонгогддог. Аз таарвал Засгийн газрын тэргүүн болдог. Намын дарга хүн өөрийн тойрон хүрээллээсээ илүү олон хүнийг нэр дэвшүүлэх бололцоотой гэсэн ойлголт байдаг.

Би арав гаруй жилийн өмнө намын гишүүн гэдэг зүйл мөнгө саадаг, шантааж хийдэг мэргэжил болчихлоо гэж анхааруулж байсан. Намын гишүүн байна гэдэг баг хороо сум, аймаг нийслэлд хэний төлөө саналаа өгөх үү гэж харж явдаг нөхдийн мөнгөний асуудал болчихсон. Надад 20 гишүүн байгаа шүү гэх мэтээр ил шулуун ярьцгааж байна. Гэхдээ энэ бол ганц АН ын асуудал биш. Бусад намуудад ч байгаа зовлон. МАН-д төгөлдөржсөн хэлбэрээр байж байгаа зүйл.

-Дээд шүүх АН-ын даргаар Л. Гантөмөрийг бүртгээд авчихлаа. Та дэмжиж байгаа юу?

-Л. Гантөмөр амбицтай,чадалтай байна. Залуу хүн. Одоо зүтгэх цаг нь болсон. Хамгийн гол нь бусдынхаа алдаа дутагдлыг давтаад өнгө мөнгөний хойноос явбал буруудна. Зарчимтай, жанжин шугамаа барьж түүнийхээ төлөө тууштай явах ёстой. Асуудлаа шийдэхдээ наймааны аргаар биш зарчмын аргаар шийдээд явах байх гэж бодож байна.

Л.Гантөмөрийн хувьд С.Эрдэнэтэй ч юм уу өөр нэгэнтэй наймаалцаж, фракцуудтай сөргөлдөхгүй байр сууринаас хандаад явбал зарчимгүй, үнэт зүйлгүй л гэж харагдана. Харья. Юу болох нь уу. Тусалъя дэмжье гэж бодож байна.

Алдаасай гэж хүсэхгүй байна, ахмад гишүүний хувьд.

-Та 2024 онд нэр дэвших үү?

-Би үнэхээр наад асуудлыг чинь бодохгүй байна. Бодсон бол өдийд ажлаа эхлээд яваа байх.

Улс төрийн том наймаа өрнөж байна

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад энэ намар сонгууль явуулах тухай шум яваад эхэлчихлээ. Энэ шуугианы цаад шалтгааныг та хэрхэн харж байна?

-Ерөөсөө л наймаа. Улс төрийн томоохон наймаа явж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тухайд улс төрийн тогтолцоонд эрх барьж буй улс төрийн хүчний хувьд эрх мэдлээ хадгалж үлдье гэсэн наймаа шүү дээ. МАН наймаандаа АН-ыг татан оролцуулсан. АН-ын тамга, даргын асуудлаар нэлээд тоглолоо. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг санааг буруу гэж хэлэхгүй. Ялангуяа зарим нэг асуудал бий, түүнийг гарцаагүй дэмжих ёстой. Огт дэмжиж болохгүй зүйл ч байгаа. Ямар хэлбэрээр шийдэхийг хэлж мэдэхгүй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, пропорциональ системийг оруулж ирэх тухай ярьж байна. Аль аль нь зөв. Улс төрийн намууд, дарга нар нь эдгээрийг дэмжиж байна. Гэхдээ яагаад дэмжээд байгаа билээ гэдгийг тун сайн шүүх ёстой юм. Гишүүдийн тоо нэмэгдэнэ гэхэд л УИХ-ын гишүүн болно гэсэн горьдлого тээх хүн олон гарч ирэх нь ойлгомжтой. Ийм бодолтой хүмүүс нь энэ Үндсэн Хуулийн өөрчлөлтөөс хамгийн их хожих юм. Гарч ирчихээд цаашаа яаж авч явахыг хэлэхэд маш хүнд. Миний тухайд жаахан эргэлзээ байна. Хийх гээд байгаа өөрчлөлтийг дэмжиж болно, гэхдээ одоо биш дараагийн сонгуулиас хэрэгжихээр оруулж ирвэл зүгээр байх. Ингэж баталбал зөв гэж харж байгаа. МАН дотор үүсээд байгаа нүүрс, мөн АН дотор болж буй зөрчилдөөн бүгд тооцсон зүйл.

Иргэдийн сонголт энэ удаа АН-ын сайнд биш МАН ын муугаас болж савлаж магадгүй

-2024 онд АН УИХ-д хэдэн суудал авах бол. Олонх болох найдвар бий юу. Миний таамгаар 25-28 суудал авч магадгүй гэж таамаглаж байна. Харин та яаж харж байна?

-Парламент өөрөө нийгмийн төлөөллийг хангах ёстой тогтолцоо. АН-ын хувьд нийт сонгогдогчийн тал хувийн саналыг авдаг улс төрийн томоохон хүчин. Гэхдээ тэр төлөөлөл нь хаа байна бэ? Парламент сөрөг хүчинтэй байж амьд оршдог. Сонгуульд манайхан савладаг.

Энэ удаа иргэдийн сонголт Ардчилсан намын сайнд биш, МАН ын мууд нь савлаж магадгүй гэж харж байна. Иргэд МАН-д их итгэсэн горьдсон, найдсан. Гэтэл МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулчихаад байж байгааг нь хар даа. Ний нуугүй хэлэхэд хэлэх үг олдохгүй байна шүү дээ. Дэндүү харалган. Улсын төсвөөр дамжуулж нийгмийн баялгийг хэрхэн хулгайлах уу гэдэг дээр их төвлөрлөө.

-Өнгөрснөө эргээд бодохоор харамсал, олзуурхал аль аль нь зэрэгцдэг. Таны хувьд АН-д, улстөрд зүтгэсэн хугацаагаа бодохоор харамсах зүйл байдаг уу?

-Урваж шарваж явдаг улстөрчийн наймааны сэтгэлгээтэй хүмүүст би үнэхээр дургүй. Дургүй хүрээд байдаг юм. Холхон явъя гэж боддог. Харамсдаг зүйл гэвэл энэ л байна. Ийм хүмүүсийн тоо ардчиллын жилүүдэд их өссөн.

-МАН-ыг 30 жилийн өмнө сонгосон бол гэсэн бодол төрдөг үү?

-Би МАХН -ын түүхийг сайн мэднэ. Орчин цагийн 100 жилийн хугацаанд юу хийсэн, ямар зүйлийг хийгээгүй, юуг сүйтгэсэн бэ гэдгийг нь хэлж чадна. Мөн намыг удирдаж байсан хүмүүсийг биечлэн зах зухаас нь мэднэ. Ямар мэдлэг боловсролтой үнэт зүйлстэй хүмүүс байсан бэ гэдгийг мэдэх учир МАН-ыг сонгоогүй.

-АН ыг сонгосондоо огт харамсдаггүй юу?

-Манай нам яах вэ, залуу байна. Одоохондоо алдаж оноод явж байна. МАН шиг 100 жил болоогүй шүү дээ.

-Өнгөрсөн гучин жилд АН Монголд яг юуг өгөв гэж асуух учиртай цөөхөн хүний нэг нь та. Өмнөх нийгэм нь илүү сайхан байж гэсэн хандлага илт мэдрэгдэх болсон ийм үед бүр зорьж асуумаар байна…?

-АН монголчуудад эрх чөлөөтөй амьдрах боломжийг нээж өгсөн, мэдрүүлсэн. Гэхдээ тэр мэдрүүлсэн эрх чөлөө нь ардчиллын эсрэг үйлчилж байна. Эрх чөлөөг зүгээр нэг хүнд май гээд өгчихөж болдоггүйг мэдэрлээ. Тэр эрх чөлөөг эдэлж сурах ёстой юм байна.

Эдэлж сурах ажил нь үндсэндээ хийгдээгүй ирж. Тухайн үед хүмүүст шууд эрх чөлөөг нь өгчихөөд өөрсдөө сурчих байх гэж найдаж. Миний хамгийн том алдаа гэвэл хэт итгэж найдсаных. “Манай улсын хүн амын 98 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тиймээс юмны учрыг эргэцүүлж, тунгаадаг” гэж би итгэсэн. Одоо эргээд харахад тийм биш юм байна. 98 байтугай 100 хувь бичиг үсэгтэй байсан ч гэсэн сонголт хийдэг байдал нь огт ондоо шалгуур механизмаар явдгийг харлаа.

Ардчиллын хамгийн том гавьяа эрх чөлөөг олгосон явдал. Ардчилсан Монгол дэлхийн тавцан дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон. Сайн ч муу ч дэлхийн тавцанд үгийг нь сонсдог болчихлоо, идэвхтэй үйл ажиллагаанууд явуулж байна. Энэ чинь өөрөө том ололт. Эдийн засгийн харилцаанд гэхэд л хувийн өмч дээр тулгуурласан эдийн засгийн харилцааг бий болгож өгсөн. Алдаа оноотой ч өмчийн асуудлыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд яваад байна. Энэ бол гарцаагүй том ололт.

Хувийн өмч дээр тулгуурласан эдийн засгийн харилцаа, ардчилал хоёр бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Биднийг өмнөх шигээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, Орос шиг дарангуйллын тогтолцоотой улс байсан бол хэн ч тоохгүй. Ардчилсан Монгол улс гэдгээрээ л тоогдож байгаа. Энэ бол манай улсын аюулгүй байдлын баталгаа. Гэтэл өнөөдөр ардчиллаа харааж зүхээд өмчөө илүүд үзээд эхэлчихлээ. Аюулгүй байдал тусгаар тогтнолын байдал сулраад байна гэсэн үг.

-Ганц асуулт асуугаад улстөрийн хэсгээ дуусгая. Та улстөрийн наймаанд оролцож байсан уу?

-Үгүй. Би улс төрийн наймаанд оролцож байгаагүй. Парламентад гурав сонгогдлоо. Наймаанд оролцох олон боломж байсан ч тэр бүгдээс хол байж чадсан.

Үйл хөдлөлийн шинжлэх ухаанаар ном бичиж байна

Амаржаргал-Хувийн чанартай цөөхөн зүйл сонирхоод ярилцлагаа дуусгая. Та цагийг гайхалтай барьдаг шүү.

-Цаг бол хамгийн үнэтэй зүйл. Буцааж болдоггүй. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж сурах хэрэгтэй. Олдож байгаа цаг хугацаандаа бүтээмжтэй байх нь их чухал. Хувийн зохион байгуулалт, бүтээмж гэх мэтийг залуудаа маш их сонирхдог байж. Одоо тэрний үлдэгдэл нь чиний сонирхоод байгаа цаг барилт л даа.

-Та одоо ямар ном уншиж байна?

-Павонха Ринбүчийн Бодь мөрийн зэрэг Гэтлэхүйн гарын авлага судрыг уншиж байна. Миний бичиж байгаа номтой адил ном байгаа юм.

-Та ямар ном бичиж байгаа юм бол?

-“Оюунтүлхүүр” судар байдаг даа. Хүн байх ухааныг өгдөг л дөө, ерөнхийдөө. Үйл хөдлөлийн шинжлэх ухаан бол миний сонирхол. Тэр чигийн бүтээл эхлүүлсэн. Ерөнхийдөө философийн үндэслэлтэй болчихоод байгаа юм. Мэдээж би яаж философийн мундгууд шиг бичиж чадах билээ. Гэхдээ ямар ч байсан бичээд эхэлчихсэн, явуулж л байна. Сонирхол маань учраас дурлаж бичиж байгаа. Заримдаа хэдэн хуудас овоо яваад, заримдаа таг зогсчих юм.

-Гэрийн санхүүдээ оролцдог уу?

-Огт ордоггүй. Мөнгө барих дургүй. Мөнгөнөөс хол байхыг хичээдэг. Орох юм бол загнуулна шүү дээ (инээв). Харин цалингаа аваачиж өгчихөөд шаарддаг талын хүн. (Инээв).

-Та ямар хоолонд дуртай вэ?

-Улстөрчид олон түмэнд таалагдах гэж гурилтай шөл сайхан гэдэг гэсэн. Үнэндээ би гурилтай шөлөнд дуртай. Миний идэж өссөн хоол. Цуйванд дуртай биш. Төмстэй хуурга хаа нэг иднэ.

-Хүүхдүүд бүгд тусдаа гарсан уу?

-Тэгсэн. Бүгд гэр бүл зохиосон. Эхнэртэйгээ хоёулаа л амьдарч байна.

-Ач нартаа цаг гаргаж амжиж байна уу?

-Ач нар долоо хоногт нэг, хоёр ирнэ. Хүүхдүүд ирэх нь бид хоёрт их том ажил, бас маш том баяр. Маргааш ач ирнэ гэхээр шалаа угааж, гэрээ цэвэрлэнэ. Ирлээ л бол гүйлдэж харайлдаад амь орно шүү дээ, манай гэр. Дуртай зүйлсийг нь авахаар гадуур гарна гэх мэт ажил ундарна. Хоёр цаг сайхан тоглож аваад явцгаадаг юм. Би чинь тэр хоёр цагийн хугацаанд хачин сайхан өвөө. Тэрнээс илүү хугацаанд ямар ч өвөө болох юм бүү мэд (инээв).

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img