Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулгаас уншигчдадаа хүргэж байна. Энэ удаа Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, үйл ажиллагааны хязгаарыг тогтоох чиглэлээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг нийт 5 удаа байгуулсан. Үүнд, Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар тус тус ахлуулсан ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан болно.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн үндсэн зарчим, зохицуулалтыг олон улсын жишиг, хандлагад нийцүүлж боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус салбарт үйл ажиллагаа явуулах банкийг төрөлжсөн банкны хэлбэрт оруулах зэрэг чиглэлийн дагуу саналын томьёоллууд бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль гэсэн нэртэйгээр баталсан.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн гол агуулга:
1/Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн байдал
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн байдлыг түүний үйл ажиллагаанаас хамаарсан тодорхойлолт, хэлбэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үйл ажиллагаа явуулах хугацаа зэргээр тогтоосон. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын банк нь дунд, урт хугацааны тогтвортой эх үүсвэрээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилго бүхий банкны үйл ажиллагаа явуулах төрөлжсөн банк байна.
- Уг банк нь хуулийн этгээдийн хувьд хаалттай хувьцаат компани эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй байна.
- Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан Монголбанк тогтооно.
- Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах “банк” болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах “хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк”-ны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй.
2/ Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа
Хөрөнгө оруулалтын банк нь дор дурдсан үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
- Төсөл хөтөлбөрийн зээл;
- Төлбөр тооцоо;
- Баталгаа, батлан даалт;
- Үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах;
- Гадаад валют худалдах, худалдан авах, арилжих;
- Андеррайтер;
- Кастодиан;
- Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа;
- Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад үйлчилгээ.
Эдгээр үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Банкны тухай хууль тогтоомж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгоно.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хориглох үйл ажиллагаа:
- Мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх;
- Салбар, хараат болон охин компани байгуулах;
- Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахыг хориглосон.
Мөн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д заасан “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд” зөвхөн дуудлага худалдааны үндсэн дээр шилжүүлнэ.
3/ Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулахад Банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаж, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд тус банкийг үүсгэн байгуулах зөвшөөрлийг Монголбанк олгоно. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг гадаад улсын этгээд байгуулах тохиолдолд тухайн этгээд нь банк, санхүүгийн байгууллага байх, охин компани хэлбэртэй байх шаардлагыг хангана. Харин гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авна.
4/ Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хяналт шалгалт
- Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд тавигдах нэмэлт шаардлага, хяналт шалгалтад холбогдох харилцааг Банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна.
- Гадаад улсын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувьд тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан хяналт шалгалт хийнэ.
- Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн банкны үүсгэн байгуулагчийн оршин байгаа улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага энэ хуулийн дагуу үүсгэн байгуулж бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд Монголбанкны зөвшөөрлөөр хяналт шалгалт хийж болно.
- Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд албадлагын арга хэмжээ авах, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг татан буулгахтай холбогдох харилцааг Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.