-Уул уурхай гэхээр шүүмжилдэг, эсэргүүцдэг иргэд олон байгаа нь нэг талаас нь харвал хариуцлагагүй жижиг уул уурхайн компаниудтай холбоотой санагддаг. Танай ассоциац хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хариуцлагатай уул уурхайн санаачилгад нэгдэх сонирхолтой компаниудын хүрээ тэлэхээр байна уу?
-Цаашдаа компаниудын хүрээ тэлэхээр байна. Маш олон компанийн төлөөлөл ирж уулзаж байгаа. Хариуцлагагүй гэж шүүмжлүүлдэг компаниуд хүсээгүйдээ тийм яваа хэрэг биш, мэдэхгүйд л хамаг учир байна. Өнөөдөр манай салбарт хамгийн тулгамдсан асуудал гэвэл үл ойлголцол. Нэг талд компани нь өөрсдийгөө хариуцлагатай гэж тодорхойлоод байдаг, нөгөө талд орон нутгийн иргэд тодорхой, ойлгомжтой мэдээлэл аваагүйгээсээ болж буруугаар ойлгоод явдаг хандлага түгээмэл анзаарагддаг. Уул уурхайд тохиолддог хамгийн түгээмэл зөрчил маргаануудыг судлах, тэдгээрийг шийдвэрлэх арга, аргачлалыг боловсруулах болон салбарын бүх оролцогч талын идэвх, оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Энэ тал дээр “АМЕП 2” хэд хэдэн төсөл дээр дэмжлэг үзүүлээд явж байгаа. Бидний энэ харилцааны үр дүнд талуудын хамтарч ажиллах платформ бий болох учраас үл ойлголцол гарахгүй. Оролцогч талууд хөндлөнгийн аудитын тайланг үзчихнэ. Компаниудын өөрсдийнх нь үнэлгээг харж, тайлан мэдээтэй нь танилцчихна. Ингэснээр хариуцлагатай уурхай мөн эсэхийг олон нийтэд зарлах бүтэц бүрэлдэхүүн бий болж байна гэсэн үг л дээ.
-Уул уурхайд тулгамдсан гол асуудал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх. Тэр чигээр ямар ажлууд хийж байна вэ?
-Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудал бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх мөн л дөө. Тийм ч учраас бид энэ асуудлыг барууны жишгээр шийдье, хүлээн зөвшөөрөгдөхөд нь тусалж, хариуцлагатай байхыг нь дэмжье гээд ажиллаж байна.
-Уул уурхайн компаниуд хариуцлагагүй гэж шүүмжлүүлээд байдгийг нөгөө талаас нь харвал хууль эрх зүй талын шалтгаан харагддаг. Шуудхан хэлэхэд уул уурхайн компаниудад хамаарах хуулийн хүрээ хэт өргөн санагдаад байдаг юм. Ашигт малтмалын гэх мэт гол хуулиудаас гадна өчнөөн хуулийн заалт, шаардлагуудтай энэ салбарынхан нүүр тулдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Бид судалж үзсэн. 830 хуулиас 95 нь манай салбарт хамааралтай байна гэсэн тоо гарсан. Өнгөрсөн оны эцэст дахиад гурван хууль нэмэгдсэн гэхээр бараг 100 хууль манай салбарт хамааралтай байна. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа үнэн л дээ. Хамгийн түрүүнд салбарын хууль эрх зүйн орчноо зөвөөр ойлгох шаардлагатай нүүр тулаад байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт, энэ салбарын хөгжлийг хууль эрх зүйн хүрээнд харъя гэсэн асуудал хөндөхөөр ашигт малтмалын тухай хууль, хөрөнгө оруулалтын хууль яриад байдаг л даа. Гэтэл хууль эрх зүйн орчин гэдэг энэ цөөхөн хуулиар хязгаарлагддаггүй.
Уул уурхайн салбарт нөлөөлж буй хууль, дүрэм журам, Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин гэж харах ёстой.
Нөгөө талд уул уурхайн компаниуд угаасаа хууль эрх зүйн шаардлага хангах ёстой шүү дээ гэсэн хандлага бий. Гэтэл тэр олон уялдаа холбоогүй, тогтворгүй шаардлагууд нь эдийн засгийг авч яваа ганц салбарт ямар их ачаалал өгдгийг хардаг, ярьдаг нь цөөн байна л даа. Бид салбарт дагаж мөрдөх ёстой хуулийн жагсаалтаа гаргахад дээр хэлсний дагуу 100 хууль болж байгаа боловч эдгээр хуулиас яг манай салбарт хамааралтай зүйлийн жагсаалтыг гаргахад 1500 орчим заавал дагаж мөрдөх ёстой шаардлагууд гарч ирж байна. Энэ бол бага тоо биш.
-Асар өндөр тоо байна шүү. Манай улсад хэрэгждэг стандартын хэчнээн нь уул уурхайд хамааралтай бол гэж асуумаар санагдчихлаа…?
-Монголд хэрэгжиж буй MNS стандартын 1200 нь манай салбарт хамааралтай.
-Цочирдмоор тоо байна…?
-Ингээд ч зогсохгүй. Засгийн газрын тогтоол, сайдын тушаал бас бий. Засаг даргын захирамж үүн дээр нэмэгдэнэ. Эдгээрийг бид салбарын хууль эрх зүйн орчин гэж харах хэрэгтэй. Нэг хуулиар хязгаарлагдахгүй өргөн цар хүрээтэй хууль эрх зүйн орчинтой салбар гэж ойлгож болно.
-Хөндөж бичмээр хөндүүр сэдэв байна. Ашигт малтмалын хуулиас болж хохирсон нэг ч хөрөнгө оруулагч байхгүй гэсэн тайлбарыг улстөрчид хэлэх нь бий. Гэтэл урт нэртэй хуулиас эхлээд өөрсдийнх нь зохиож баталсан хуулиас болж хөрөнгө оруулагчид үргэсээр ирснийг анзаардаггүй. Энэ тал дээр танд хэлэх үг байна уу?
-Таны сая онцолсон урт нэртэй хуулиас болж лиценз эзэмшигчдийн олон лиценз цуцлагдсан. Үр дагаварт нь хөрөнгө оруулагчид л хохирч үлдсэн. Тэд нэг ч төгрөг төрөөс авч чадаагүй. Алтны 68 хувийн татварын хуулийг та санаж байгаа байх. Энэ хуулиас болж хэдэн компани дампуурсан бэ гээд яривал өчнөөн асуудал бий. Дээр хэлсэн хуулиас болж шороон ордуудад лицензтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниуд бүгд нинжа хэлбэрт орчихсон. Үр дүнд нь 30 мянган га талбай эзэнгүй орхигдож, хөндөгдсөн. Тус хууль нь байгаль орчноо хамгаалах гэж гаргасан мэт боловч үр дүн нь эсрэгээрээ гарсан нь харамсалтай. Тэгэхээр бид хуулиудын үр дагаврыг дүгнэж эргэж харах хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байна. Яагаад ийм асуудал үүсэв гэсэн асуулт тавиад харвал алсаа хараагүй энэ мэт хуулиудын л балаг болж таарч байгаа юм.
Дашрамд дурдахад хариуцлагатай уул уурхайн кодексийн шаардлага дотор хуулийн шаардлагыг 100 хувь хангах гэсэн босго бий. Ингээд харахаар кодексийн шаардлагыг хангана гэдэг тийм ч амар биш. Бидний хувьд кодексийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангах арга аргачлалыг гаргасан. Тэр дотор хууль тогтоомжийн шаардлагыг хэрхэн хангах талаарх аргачлал ч бий. Түрүүн би танд 1500 шаардлага буюу зүйл заалтын талаар ярьсан даа. Эдгээрийн зарим нь зөвшөөрөл хэлбэрээр бий.
Манайхан төрөөс гарч байгаа бүх бичиг баримтыг зөвшөөрөл гэж харж, төр нь зөвшөөрөл өгч байна гэж яриад сурчихсан. Гэтэл баримтжиж гарч байгаа албан бичгүүд нь тайлан, төлөвлөгөө гээд олон хэлбэрээр бий. Сая ярьсан 1500-г харвал А лиценз, хайгуулын лиценз гэсхийгээд зөвшөөрөл нь бараглачихаж байгаа юм. Бусад нь тайлан, төлөвлөгөө, тогтоол байдлаар гарсан байх жишээтэй.
Канадад байгаль орчны нэг л хуулиар уул уурхайтай холбоотой асуудлуудыг зохицуулдаг. Нөхөн сэргээлт мониторинг нь бүгд нэг хуулиар зохицуулагддаг гэсэн үг. Гэтэл манайд байгаль орчны 19 багц хууль бий.
Ингээд харахаар хуулиудын уялдаа холбоог сайжруулах бодит хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ шаардлагуудыг хангахад бидний зүгээс компаниудад тусалъя гэсэн санаагаар танд ярьсан ажлуудыг хийж байгаа юм. Бүр тодруулж хэлбэл компаниуд хүсээгүйдээ биш мэдэхгүйдээ хууль зөрчсөн юм шиг дүр зураг нийтлэг анзаарагдах болсон.
-Уул уурхайн компаниудын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд өөрсдөөс нь үл хамаарсан нэг том зовлон бий. Тэр нь мөнгө нэхэж шантаажилдаг, цаана нь эрх мэдэл бүхий бүлэглэлийн том эрх ашиг нуугдсан иргэний нийгмийнхэн болоод элдэв хөдөлгөөнүүдийн эсэргүүцэл. Стандарт хангасан том компаниудад ч иймэрхүү эсэргүүцэл том зовлон болдог. Хариуцлагатай уул уурхайн кодексийн шалгуураа хангаж, хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдээр үнэлүүлчихсэн компаниудыг шантаажлах орон зай хумигдах нь ээ?
-Та зөв харсан байна. Бидний өрнүүлж буй энэ ажлын бас нэг зорилго нь уул уурхайн компаниудад нийгмийн лиценз авахад нь туслах юм. Компаниуд хариуцлагатай уул уурхайн шаардлагуудыг хангаж, тэрийг нь бүх талын оролцоотой хөндлөнгийн үнэлгээчид хянаад, дүгнээд ирэхээр иргэний эрх ашгийг бодитойгоор хамгаалж яваа байгууллагууд л ялгарч үлдэнэ. Шантааж хийх гээд очлоо гэхэд нөгөө тал хуулийн шаардлага хангасан, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн бол асуудалгүй. Товчхондоо уул уурхайн компаниудын хувьд өөрсдийгөө хууль, стандартын хүрээнд хамгаалах боломж бүрдчихсэн гэсэн үг.