2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Шил, лааз түүж амьжиргаандаа нэмэрлэдэг хөрөнгийн захын саятан тоглогч

Шил, лааз түүж амьжиргаагаа залгуулдаг, тэтгэврийн хэдээ хадгалж байгаад хувьцаа худалдаж авдаг, хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглож эхэлсэн, ном унших дуртай гэж ирээд яривал сонирхмоор намтартай нэгэн эрхэм өнөө бидний дунд даруухан аж төрж яваа. Түүнийг А.Чулуун гэдэг. Хөрөнгө зах зээл дээр тоглодог тэрээр Улс төрийн товчооны Төмөр-Очир гуайн орчуулсан “Мөнгө” зохиолоос хөрөнгийн зах зээлтэй анх танилцаж байсан гэдэг.

Тэр тухай нь сонирхоход “Өө их эрт, 1968 он. Анх уншаад хөрөнгөтөн оронд л ийм сүрхий сайхан зүйл хөгжсөн байх нь гэж бодоод өнгөрсөн. Эмиль Золягийн зохиол л доо. “Мөнгө” гэдэг тэр номонд 1850-иад оны үеийн хөрөнгийн зах зээлийн тухай гардаг юм. Элдэв юм гарна. Хувьцаа аваад баяжсан хүн ч гарна. Хувьцаа аваад юу ч үгүй болсон дүр ч бий” хэмээн ярьж байсан юм.

Арын хаалгаас болж ажлаа орхисон эдийн засагч

Тухайн үед Чулуун гуай их сургуульд сурч байж. Дорнод аймагт дунд сургуулиа онц төгсөөд МУИС-ийн эдийн засгийн ангид элсч, 1970 онд Төв аймгийн Барилга конторт эдийн засагчаар томилогдож байж. Тэндээ дөрвөн жил ажиллаад ажлаасаа гарчээ. Ажлаас гарсан шалтгаанаа “Тэр үе чинь социалист нийгэм. Өмнө нь хэзээ ч байгаагүй шударга сайхан, агуу их Октябрийн хувьсгалын нөлөөгөөр хүн нь хүнээ дарлан мөлжих ёсыг үүрд устгасан шинэ нийгэм байгуулж эхэлсэн гэдэг байлаа. Үнэн хэрэгтээ тийм байгаагүй.
Манай даргын ах нь Намын төв хороонд ажиллана. Тэгж байтал Увс аймгийн Чандмань сумын нэг хүн манайд ерөнхий нягтлангаар ирлээ. Арын хаалга нь Улстөрийн товчооны гишүүн хавьцаа. Ер нь өнгөрсөн нийгэм чинь тэр чигтээ арын хаалганых байсан шүү. Арын хаалгатай хүн гайгүй алба хашна.
Манай дарга, ерөнхий нягтлан хоёр надад талгүй. Яамнаас хүн ирэхээр энэ хүн юу ч хийдэггүй, шинэ санаа гаргадаггүй гэж танилцуулна. Ажлаасаа цэрэгт явна гээд гарсан л даа. Чих муу учраас цэрэгт тэнцээгүй. Ажил нэлээд хайсан. Он гарсан хойно Усны аж ахуйн яаман дээр очлоо. Азаар Борнуурт эдийн засагчийн орон тоо байна гээд тийшээ очсон. Тэндээ долоон жил ажиллаад хотод ирсэн хүн дээ” хэмээн сонирхуулж байв.

Самарчин болж сайдаас өндөр цалин авч эхлэв

Хотод ирээд ч ажил олдсонгүй. “Арын хаалганы нийгэм байсан гэж би хэлсэн дээ. Тийм л шалтгаанаар олдоогүй хэрэг. Би танд нэг жишээ ярья. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтэс гэж байлаа. Ганц хүний орон тоо гарч л дээ. Өчнөөн хүн очиж. Тэгсэн тэндхийн намын хороонд ажилладаг мэргэжилтэн миний таньдаг нэг хүний бичиг баримтыг барьж гүйж байгаад оруулсан юм билээ.
Ажилдаа ороод хэдхэн хонож байтал буцаагаад гаргачихсан байгаа юм. Илүү том ар талтай хүн гарч ирсэн учраас гэсэн тайлбар хэлсэн гэдэг. Ах нь ийм л нийгэмд амьдарч байсан хүн. Сүүлдээ нам дагахгүй бол болохгүй нь гэж бодсон л доо. Тэгээд цэргийн газар дагавал намд орох нь гайгүй юм билээ гээд нормчин хийж үзлээ. Тэнд очоод ч бараагүй. Бас л арын хаалгагүй бол мэргэжлээрээ ажиллахгүйг ойлгоод 1985 онд гарсан” хэмээн гуниглангуй ярьж суусан нь санаанаас гардаггүй.
саятанАжил олдохгүй байсан учраас самар түүж эхэлж. Тэр тухайгаа “Сард 1200 төгрөгийн орлоготой. Тэр үеийнхээр бол орлогч сайдын цалин (инээв). Богд ууланд самар түүхээр гардаг хориод хүн байсан юм.
Аягыг нь нэг төгрөг гээд самар зарж эхэллээ. Ардчилал ялтал самраа зарсан. Намар нь зүгээр суухгүй хөдөө явж тарвага өвчинө. Анчдын байнгын бригад гэж байсан юм. Тэдэнтэй явж өвчинө л дөө. Нэг анчинг тарвага өвчдөг нэг хүн дагана. Тарвага олноор нь агнадаг хүнийг гурван өвчигч дагана. Цэрэнчимэд гэдэг анчин бүр өдөрт 70 тарвага агнана. Нэг тарвага өвчихөд хоёр төгрөг. Хоёр сар шахуу яваад 1200 төгрөг, хоёр дөчийн бедон тарваганы махтай хотод орж ирнэ.
Ардчилал эхлээд тарвага, самрын аль аль нь алга болсон л доо. Ажилгүй болсон хүмүүс олноороо Богд ууланд гарчихсан. Бие биеийнхээ самрыг хулгайлна, дээрэмдэнэ, есөн жорын л юм гарч эхэлсэн. Хэтрүүлж хэлбэл хүн бүр тарваганд явсан даа” хэмээн дурссан удаатай.

Ундааны наймаачнаас хөрөнгийн захын тоглогч болж томорсон нь

Ардчилал эхэлсний дараа нэг хэсэг ундаа зарж амьжиргаагаа залгуулдаг байжээ. Төгрөг 20 мөнгөний ундааг зах дээр наймаа хийж байгаа улсад таван төгрөгөөр зардаг байж. Ундаа үйлдвэрлэгчид ундаагаа машинаар нь зах дээр аваачаад бөөний үнээр зараад эхлэнгүүт амь зуудаг бизнес алга болж, хөрөнгийн зах зээл рүү оржээ. Эхэндээ ямар ч хувьцаа авсан дажгүй орлого олчихдог байсан бол сүүлдээ худалдаж авсан хувьцааных нь ихэнх зүгээр л цаас болсон гэдэг.
Ерэн оноос хойш хөрөнгийн зах зээл дээр тоглосоор ирсэн энэ эрхэм “Одоо хувьцааны шинэ үе эхэлж байна. Хөрөнгийн бирж дээр оршин тогтнох бололцоогүй компаниудын хувьцааг бүгдийг нь хасчихлаа. Бололцооны компаниуд нь үлдсэн. Тэгэхээр энэ зах дээр тоглох боломж тэр үеийнхээс ч илүү байгаа гэсэн үг” хэмээн ярьж байв.
“Улаанбаатар” зочид буудлын хувьцаа бүр анх 250 төгрөгөөр эхэлж байсан гэх мэт хөрөнгийн зах зээлийн сонин хачныг хүүрнэн өгүүлэх А.Чулуун гуай тухайн үед 4000 төгрөгөөр авсан хувьцаагаа 64 мянган төгрөг болгон өсгөж байсан гэнэ. Хувьцааны ашгаа жилээр авчихдаг аж.
Тэрээр “Хувьцаагаа зарж ашиг олохгүй. Хувьцааны үнийн өсөлтөөс нэлээд юм олдог. Бэлэн мөнгөний хувьд жилд гурван сая төгрөгөөр л шинэ хувьцаа авч байгаа юм. Өнөөх маань жилдээ зургаа, долоон сая болоод үржчихнэ. Урьд нь авчихсан хувьцааны үнийн өсөлт гэж бий. Авсан хувьцаагаа зарна гэхээс илүү улам өсөхийг нь хүлээнэ. Ер нь хувьцааны захаас ашиг олно гэдэг урт удаан хугацааны үйл явдал шүү дээ. Хувьцааны томчууд чинь өсөх хувьцааг дарсаар байгаад мөнгөждөг. Би тэр аргаар явж байна л даа” гэж сонирхуулж байлаа.

Номонд л гар татдаггүй хашир тоглогч

“Хувьцааны зах дээр тоглож багагүй мөнгө олдог хүн лааз, шил цуглуулаад явна гэхээр гайхах хүн гарч мэдэх л юм. Хувьцааны ашгаараа өөр бизнес эрхэлье гэж бодож байсан уу” гэж асуухад “Ер нь тэгээд хувьцааны арилжаа амьдрал маань болчихож. Шил, лааз цуглуулах чинь их нэмэртэй. Тэтгэврийнхээ мөнгөнд хүрэхгүй шүү дээ. Унших ном, өмсөх хувцас, хоол ундаа бол шил, лааз тушааж олсон мөнгөөрөө аргалчихдаг. Тэтгэврийн цөөхөн хэдээ хувьцаандаа оруулдаг юм. Тэгээд ч зүгээр сууснаас амьдрал дунд явна, хөдөлмөрлөнө гэдэг сайхан. Шил, лааз цуглуулахаас гадна амралтын өдрүүдээр сонин, ном зардаг юм. Дэлгүүрт сууж байгаа улс сонин, ном их харна. Авдаг хүмүүсээ мэддэг болохоор яваад зарчихдаг. Ер нь амрах дургүй. Болж л өгвөл хөдөлж, ажиллаж байх дуртай” хэмээн хариулж байсан энэ эрхмийн амьдралын хэв маяг одоо ч янзаараа.
саятанА.Чулуун гуай түүхийн номонд дуртай, бизнесийн ухааны номонд гар татдаггүй. “Сүүлийн үед сонирхолтой номнууд хэвлэлтээс гарангуутаа алга болж байна шүү. Анзаараад байхад амжилттай яваа хүмүүс ном их уншдаг. Ном уншдаг учраас л бусдаас давуу амьдарч байна л даа. Тийм байх чадвараа номноос авч байна. Ах нь номонд мөнгө татдаггүй.
Хамгийн үнэтэй авсан нь “Коммунизмын хар ном”. Тавин мянгаар авсан байх шүү. Уншсан тоогоо алдсан. Ах нь номгүйгээр амьдрах аргагүй болчихсон хүн л дээ. Зав гарвал ном бариад авдаг дадалтай болчихсон. Манай гэрийн хогшил, эд гэвэл ном л байна. Хуучин цагт унших ном ховор байсан.
Үзэл суртлын шүүлтүүр гэж айхавтар юм байлаа. Тэр дундаа миний унших дуртай түүхийн, хаад, ноёдын ном их ховор байсан цаг. Одоо бол мөнгө л байвал хүссэн номнууд байна шүү. Гэхдээ хүний шунал барагдах биш. Уншмаар номнууд орчуулагдаж өгөхгүй л байна. Жишээ нь Суворовын тухай ном огт алга. Линкольн, Вашингтоны тухай ном уншмаар санагдах юм. Уг нь аль дээр үед “Жизнь замечательных людей” гэдэг том цувралаар орос хэл дээр гарчихсан л даа. Орос хэлэндээ сайн биш учраас орчуулагдчих болов уу гэж хүлээж суух юм” хэмээсээр дараагийн ажилдаа яарсан юм.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img