2024-12-03, Мягмар
-15 C
Ulaanbaatar

Ж.Цэвээнжав: Газрын тос боловсруулах үйлдвэрийг нөөцгүй Зүүнбаянд барьж эхэлсэн нь маш том алдаа

Монгол Улсын гавьяат багш, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.

-Газрын тосны Цэвээнжав гэдгээр тань олон нийт мэднэ. Манай улсын газрын тосны салбар зөв суурь, зөв замаар явж чадаж байгаа болов уу?

-Газрын тосны салбарын тухайд ерэн онд нийгэм өөрчлөгдөхөд суурийг нь зөв тавьж өгсөн. 1989 онд Монгол улс 864 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм. Сая шахуу тонн байсан гэхээр сонин байгаа биз. Тэр үед үнэтэй бензинээр гараа угаадаг, гал ноцоодог байлаа. Нэг литр улаан ус буюу ундааны үнээс нэг литр бензиний үнэ хямд байсан.

Тэр үед хөрш орос улсаас шатахуунаа бартераар буюу бараа солилцоогоор авдаг байсан л даа. Мах, арьс ширээ лав өгч явсныг санаж байна. Зах зээлийн бус зарчимгүй эдийн засагтай явсан цаг. За тэгээд зах зээлд шилжлээ. 1992 онд Монголын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 234 мянган тонн болсон. Дөрөв дахин багассан гэсэн үг. Тухайн үед Монголд газрын тосны анхны хямрал болсон л доо. Тэр үед доллар 400 төгрөг байл уу даа. Баруун аймгуудад шатахуун мянган төгрөгөөр зарж байсан гэхээр хоёр доллар хүрсэн гэсэн үг. Цочмог уналт болсон тэр үед үйлдвэр барих шийдэлд хүрч байлаа. Ингээд Зүүнбаян Цагаан элсний ордод 600 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл боловсрууллаа. Тэр төслийн эх хувь нь одоо ч надад бий.

Тухайн үед Ерөнхийлөгч асан П.Очирбат, Д.Содномдорж академич бид гурав Батлан хамгаалах яаман дээр очиж салбарынхаа тухай илтгэл тавьж байлаа. Үндэсний аюулгүй байдал бол уул уурхай гэдгийг П.Очирбат гуай, үндэсний аюулгүй байдал бол эрчим хүч гэдгийг Д.Содномдорж академич, үндэсний аюулгүй байдал бол газрын тос гэдгийг миний бие хөндсөн юм. Бид гурвын илтгэл Батлан хамгаалах яамаар дамжаад ҮАБЗ-д хүргэгдсэн байх. Товчхондоо газрын тосны салбар бол улс орны тусгаар тогтнол, нийгэм эдийн засагт онцгой нөлөөтэй суурь бөгөөд стратегийн чухал салбар. Суурь гэдгийн тухайд шатахууны үнээс бүх зүйлийн үнэ хамаардаг.

ЦэвээнжавТухайн үед монголчууд үүнийгээ ойлгож эхэлж байсан. Газрын тосны хувьд цооног өрөмдөж соруулахаас эхлээд шатахуун түгээх газар хүргэх хүртэлх процесс босоо тогтоцтой. Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Ж.Оюунгэрэл, антарктид судлаач, элчин сайд Л.Дүгэржав бид гурав мэргэжлийн талаас нөлөөлж байж босоо бүтцийг бий болгосон түүхтэй. Өөрөөр хэлбэл Газрын тосны газарт хайгуулаас эхлээд шатахуун түгээх газар нь ч харьяалагддаг болсон гэсэн үг. Товчхондоо чигийг нь зөв зааж өгсөн. Бүр тодруулж хэлбэл манай улс тэр үед л зөв тогтолцоо руу орсон. Ардчилал түмэн зөрчил мянган будилаантай ч өнөөг хүртэл ардчилсан улс хэвээр яваа учраас манай салбарт ардчиллын эдийн засгийн зарчим хэвээрээ яваа. Гэхдээ хөгжих зайлшгүй шаардлага бий.

-Газрын тосны салбар хөгжиж байна уу, эсвэл таг гацчихаад явна уу?

-Огт хөгжихгүй байна. Монгол улс хөгжихгүй яваа шалтгаан нь ганцхан шалтгаантай. Хөгжих бүрэн үндэс болсон зах зээл нь байхад, иргэд нь зах зээлийн замаар аж төрөх гээд зүтгэж явахад яагаад хөгжихгүй байна вэ? Хууль, засаглал муу байгаатай л холбоотой. Газрын тосны салбар ч ялгаагүй. Газрын тосны салбарын тухайд хоёр хуультай. Хууль нь боловсронгуй салбарыг хөгжиж яваа салбар гэж үздэг. Харамсалтай манай салбарын хуульд өөрчлөх, эргэж харах зүйлс их бий. Газрын тосны тухай хууль 1991 оны арваннэгдүгээр сарын 28-нд анх батлагдсан юм.

Шинэчилсэн найруулга нь 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдсан. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ 2006 оны долдугаар сарын 1-нд батлагдсан байдаг. Цаг хугацаа нь ингэж давхацсан нь сонин байгаа биз. Долдугаар сарын 1 гэдэг чинь найр наадам гээд явж байдаг налгар цаг. Ийм цагаар чухал хуулиуд батлагдсан байдаг нь гайхмаар хэрэг шүү. 1991 онд батлагдсан Газрын тосны хуулийн тухайд гол зорилго нь гаднын хөрөнгө оруулалтыг татах байсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгад уламжлалт бус нүүрсний метан хий гэх мэт зүйлс орж ирсэн. Хуулийн шинэчлэн найруулга хийгдэж байх үед бидний зүгээс маш олон санал боловсруулж хүргүүлсэн. Гэтэл бидний өгсөн санал огт тусгагдаагүй.

-Салбарынхны зүгээс Газрын тосны шинэчилсэн найруулгын төсөлд ямар саналууд хүргүүлж байсан бэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байдгаараа байг, хамгийн гол нь үндэсний байгууллага, мэргэжилтнүүд газрын тосны хайгуул олборлолтод оролцох ёстой гэсэн санал хүргүүлсэн ч тэр саналыг маань хуульд тусгаагүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний зорилго маш тодорхой. Хөрөнгө багатай улс орнуудын л ашигладаг шийдэл. Мөнгөө гаргаад эрж хай, хайгаад юм олдвол хуваана шүү л гэсэн санаа бүхий гэрээ шүү дээ. 1960 онд Индонезийн нэг компаниас эхлэлтэй шийдэл байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэг айхавтар хэцүү заалт бий. Газрын тосны үйл ажиллагааны хувьд гэрээний нэг тал нь Монголын төр өөрөө болчихсон. Бүр тодруулж хэлбэл төр өөрөө гэрээний нэг тал болж ороод барьцаалагдчихсан. Нөгөө тал нь гадаадын хөрөнгө оруулагч.

Энэ арга эхэн үедээ болж байсан юм. Одоо бол эргэж харахаар шийдэл. Манай өрөөнд хоёр лоозон бий. Нэг нь П.Очирбат гуайн хэлсэн үг. 300 сая тонн нөөц бий гэж барууны судлаачдын таамаг тооцоо, та нар олигтой нөөцгүй болохоор биднээс бүтээгдэхүүнээ авч бай гэсэн хандлагатай Оросын судлаачдын таамаг дунд Монголын ардчилал оршино гэсэн утгатай сүрхий үг байгаа. Нөгөө талынх нь лоозон Ж.Рокфеллерийн үгтэй. “Газрын тосны асуудал нэг гарт байхаас аргагүй” гэсэн утгатай үг л дээ. За тэгээд цаашлуулж яривал урд хөршийн хөрөнгө оруулалттай компанид монголчууд ажиллаж байсан бол ядаж л тосоо бүрэн олборлохыг бодно. Гэх мэт өчнөөн асуудал бий. 2006 онд баталсан Газрын тосны бүтээгдэхүүний хуулийг боловсруулах үед УИХ-ын гишүүн байсан Сугар гуай ирж зөвлөгөө авсан юм. Тухайн үед Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн нь Ж.Оюунгэрэл, гүйцэтгэх захирал нь би байлаа.

Тэр хуулинд газрын тосны хангамжийг нэг гарт өгч болохгүй гэсэн санаа орсон. 33.3 хувь гээд байгаа нь тэр л дээ. Гуравны нэгээс илүүг нэг гарт өгчихвөл монополь болох эрсдэлтэй. Үүнийг л хуульчилна гэж байсан ч нэмээд баахан тусгай зөвшөөрөл тусгачихсан. Бензин авбал тусгай зөвшөөрөл, шатахуун түгээх газар байгуулбал тусгай зөвшөөрөл, Орос руу явбал тусгай зөвшөөрөл гээд хэтийдээд явчихсан. Жишээ нь өнөөдөр бензин ховордлоо гэж бодоход Орос руу машинтайгаа гараад хэдэн сав бензин аваад ирэх боломжгүй. Хууль зөрчинө гэсэн үг. Энэ мэтээр яривал одоо онцлоод байгаа хоёр хуулинд маш их “но” бий. Хуулийг Засгийн газар санаачилсан. Засгийн газар санаачилсан учраас гэрээний нэг тал болоод замбараагаа алдаад явчихсан хэрэг л дээ. Нэг үгээр хэлбэл хятадууд “Танай Засгийн газартай тохирсон, чи юу хэлэх хамаагүй” гээд зогсч байгаа нь хууль, гэрээний алдаанаас үүдэлтэй.

-Хуульд ямар өөрчлөлт оруулбал энэ салбар зөв зүг рүүгээ хөгжихөөр байна?

-Ямартай ч хуулийг өөрчлөх ёстой. Хятадад очиж нэг хоол идээд ирэхийн төлөө энэ хэвээр нь явуулаад байж таарахгүй. Үндэсний байгууллага, мэргэжилтнүүд л гол үүрэг, оролцоотой байх учиртай гэсэн санааг хуульд тусгамаар байгаа юм. Латин Америкийн оронд манай нэг өрмийн компани очоод ажиллах гэсэн чинь “Танайх хөрөнгөө оруул, техникээ гарга, хөлс хүчээ ав, ганцхан танай талаас орох хүн нийт ажиллагсдын 20 хувь л байх ёстой” гэсэн шаардлага тавих жишээний.

Арван хүнтэй ажиллалаа гэхэд хоёр хүн нь л монгол, бусад нь Перугийн иргэн байх ёстой болчихож байгаа юм. Ингэж хуульчлаагүй байж хятадуудыг шүүмжлээд сууж таарахгүй. Тамсагт ажиллаж байгаа хятад компани энэ жил тавиад ажлын байр зарлахад ихэнх нь тогооч, жолооч харагдана лээ. Доктор хүн яваад очиход “Оператор хийвэл хий” гээд сууж байна. Хуульд туссан Монголын оролцоо гээд харахаар шалгаж нягтлах зүйлс их бий. Би Олон Улсын Газрын Тосны Нийгэмлэгийн гишүүн. Уул уурхайн академийн гишүүнчлэлтэй. Евро Азийн Уул уурхайн академи Дэлхийн уул уурхайн академи болж байгаа. Үүний наана нэг хаалт байх шиг.

ЦэвээнжавАшиг сонирхлын зөрчил маягийн юм. Дэлхийн загвар бүтээгдэхүүн хуваах гэрээ гэвэл хэдэн гэрээ бий. Такс рояалти гэрээ гэж бий. Концессийн гэрээ гэж байна. Эхлээд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр явж байгаа тодорхой нөөц олсны дараа эзэн орон зохицуулалтаа жаахан чангалах ёстой. Гэтэл бид яагаад чангалахгүй байна вэ гэдэг бол тавих ёстой маш чухал асуулт. Газрын тосны бүтээгдэхүүний хувьд элдэв янзын зөвшөөрлийг болих хэрэгтэй.

-Газрын тосны нөөцийн талаар ярилцлагаа үргэлжүүлье. Нөөц нэмэгдэх боломж хэр вэ?

-Монголд 332.6 сая тонн таамаг нөөц бий. Үүнээс баталгаат нөөц нь XIX талбай дээр гэхэд л 21 сая тонн. XXI талбай буюу Тамсагбулагийн талбай дээр гээд ярихад 22 сая тоннын нөөц байгаа. Зүүнбаянд 2.7 сая, Цагаан элсэнд 3.5 сая гэсэн тоог оросууд гаргасан байдаг. Хагас сая тонныг нь Зүүнбаянгийн үйлдвэрт ашигласан. 2010 онд нарийвчилсан хайгуул хийхэд нөөц нь багасчихсан. Энэ оны төгсгөлийн тоог харахад Хятад руу есөн сая тонн газрын тос экспортолсон статистик бий. Гэхдээ хувааж буй газрын тосны хэмжээний тухайд манайх 24 хувийг нь л авдаг.

Мэдээж шууд бизнес рүү халдах боломжгүй, тэгэх ч ёсгүй. Гэхдээ нэг арга бий. Зардлыг нь хянах шаардлагатай. Салхитын мөнгөний ордыг цагдаа дагуулж очоод хураадаг шиг хандлага гаргаж болохгүй гэдгийг зориуд онцолмоор байна. Хятадууд Тамсагт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гээд байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл зардлаа нөхөөд яваа гэж ойлгогддог. Гэтэл миний тооцоогоор тийм биш. Гурван тэрбум нь өрмийн ажлын зардал. Зөвхөн Хятадын компаниуд өрөмдсөн. Монголын компани өрөмдье гэвэл чадах ч гэлээ өрөмдлөгийн ажил нь манайханд олдоогүй л дээ. Ингээд харахаар хөрөнгө оруулсан гээд байгаа дөрвөн тэрбумынх нь гурван тэрбум нь буцаад гараад явчихсан байгаа биз.

Монголын ганц ч оюутныг дадлага хийлгээгүй. Тэгсэн хэрнээ дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэх нь зөв биш тооцоолол. Тэр утгаараа зардлыг нь хянах ажилд учир мэдэх улс оролцох шаардлага бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд их тос гарвал Монгол улс ихийг авна, багаахан тос гарвал гэрээлэгч ихийг авна гээд биччихсэн байгаа. Түүнийг нь бид судалгаагаар тогтоосон. Монголын газрын тосны ордын бүтэц гээд ярихаар нэг онцлог бий. Цэрдийн галавын цэнгэг нуурын гаралтай, тогтоол ус шиг тогтоцтой. Ойрхи Дорнод, Сибирийн тос шиг далай шиг юм биш. Тийм учраас тогтоол ус шиг тийм ордыг оноод өрөмдөхөөр овоохон юм гардаг. Яг хажууд нь хоёр км-ын зайтай өрөмдөхөд юу ч гарахгүй байх магадлалтай. Энд тэнд тогтоол ус шиг тогтсон учраас тэр. Ийм онцлогтой орд газруудтай байж багыг олборловол гэрээлэгч тал ихийг авна гэсэн тохироо хийж болохгүй л дэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт яг одоо ид өрнөж байгаа. Энэ төслийг амжилттай хэрэгжинэ, хэрэгжихгүй гэх мэт байр сууриуд дуулдах юм. Таны хувьд энэ төсөл амжилттай хэрэгжих болов уу?

-Шуудхан хэлэхэд өнөөдөр манайхны ярьж байгаа сэдэв Энэтхэгийн гар сунгаж буй тэрбум доллар л байна. Би олж ирсэн гэх мэт дэмий юм яриад байна л даа. Ж.Оюунгэрэл захирал ярьдаг байсан юм.

“Хэрвээ импортлогчид халаасан дахаа нийлүүлбэл боловсруулах үйлдвэр барьчих боломжтой” гэж. Тэгээд нэг төсөл хийлгэж байсан түүхтэй. Харамсалтай нь ажил болоогүй. Ер нь аливаа үйлдвэрлэлд хүчин чадал, байршил хоёр хамгийн чухал. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн тухайд энэ хоёр нөхцөлөө буруу шийдсэн.

Манай өнөөдрийн хэрэглээ 1.5 сая хүрээгүй яваа. Гэтэл хүчин чадлыг нь 1.5 сая тонн гэсэн популизм хийсэн. Хоёрдугаарт түүхий эд нь Дорнодод бий. Жилд 500.000- 1000.000 тонноор олборлоход 40 жилийн нөөц байгаа. Ийм байхад нөөцгүй Зүүнбаянд барьж эхэлсэн нь маш том алдаа. Хоолой татна гэж байна. XXI талбайгаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл 600 гаруй км. XIX талбайн наад өнцгөөс тооцвол 530 км. Товчхондоо газар зүйн байршил, хүчин чадлыг эргэж харах ёстой. Алтанширээд үйлдвэр бариад ОХУ-аас улс хоорондын хэлэлцээрээр түүхий тос буулгах нь гэж ойлгож байсан юм. Украйнтай хийж буй мөргөлдөөнөөс болж Орос түүхий тос гаргахгүй гээд мэдэгдчихсэн. Ингээд харахаар газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд бид маш том эрсдэлтэй нүүр тулчихсан. Шуудхан хэлэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжихгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img