Энэтхэгчүүдийн хайрыг татсан энэ хүн худалдаа эрхэлдэг даруухан кастит хамаарах Гандигийн гэр бүлд 1869 оны аравдугаар сарын 2-нд мэндэлжээ. Аав, ээж нь дөрөв дэх хүүдээ Мохандас гэдэг нэр өгсөн юм. Түүний эцэг Карамчанд Ганди омог дотроо болон омгуудын хоорондох зөрчилдөөн маргааны асуудлыг шийдвэрлэдэг шүүхийн гишүүн байлаа. Үнэнч чанар, омгуудынхаа эрх ашгийг хамгаалсан тууштай хандлага, амьдралын баян туршлагатай Карамчанд Ганди ажлаа хийсэн шиг хийдэг байж.
Мохандасын ээж Путлибай гүн сүсэгтэй, даяанчлах дуртай эмэгтэй байсан гэдэг. Зүрх муутай, бие бялдрын хувьд сулавтар хүүгээ аав нь ирээдүйн вант улсын Ерөнхий сайд болох ёстой гэсэн итгэлээр орон нутгийн англи сургуульд оруулав. Мохандас ааваасаа харамгүй хайр, удирдах чадварыг нь өвлөж авсан юм.
Тэр гойд авьяастай биш жирийн л сурагч байж. Үржихийн хүрд цээжлэх гэж зүднэ. Багш нартаа зэмлүүлэхгүй гэж гэрийн даалгавраа хийхээр сууна. Спортод дургүй гэж жигтэйхэн. Зайлшгүй хийх ёстой учраас л гимнастик хийнэ. Хичээлдээ тааруу ч хуулна гэж үгүй дөлгөөн даруу хүүд багш нар нь сайн хандана. Бүрэг ноомой зангаасаа болж үеийнхнээсээ зожигдуу явдаг хүү дотоод сэтгэлийн хүчирхэг чанараасаа ангийнхнаасаа ялгардаг байж. Хүү нэг удаа жүжиг үзэж л дээ. Шударга зантай гол дүр нь Мохандест гүн сэтгэгдэл төрүүлж. Хүү удаан хугацааны турш “Хүмүүс яагаад үүн шиг шударга сайн байж чаддаггүй юм бэ” гэсэн бодолд ээрүүлж, асуултдаа хариу олохыг хичээсэн гэдэг. Мохандас өдөр ирэх бүр илүү ихийг уншиж байлаа. Залуу хүүд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь Энэтхэгийн ууган туульс “Рамаяна”.
“Үнэн бол бүх сайн сайхны үндэслэл дээр тулгуурладаг” гэх товч сургаалийг тэрээр насан туршдаа хэрэгжүүлж ирсэн юм. Хожмоо тэр “Бхагавад-гита” буюу санскрит хэлнээс хөрвүүлбэл “Бурхны дуу” гэсэн сургаалыг баримталсан билээ. Эртний Энэтхэгийн шашин философийн утгыг агуулах энэ ”хөшөө” Гандигийн хувь хүн болж төлөвших үндэс суурь болсон байдаг.
Мохандасыг 13 нас хүрэхэд нэгэн охинтой гэрлүүлжээ. Нэлээд хожим Ганди хүүхдийг хар багаас нь гэрлүүлэх хэрцгий ёс заншлыг шүүмжилсэн удаатай. Гэвч тухайн үедээ тэр энэ ёс жаягийг дагахаас аргагүй байв. Гэрлэсэн охин Кастурбай нь бичиг үсэггүй. Чүү ай үсэглэн унших охин энгийн хар хэллэгээр цөөхөн үг солино. Мохандес эхнэрийнхээ тухай “Тэр минь маш их шүтлэгтэй, байгальтайгаа ойрхон, шийдэмгий хүн байсан” гэж дурссан нь бий. Эхнэрийнх нь энэ чанар нөлөөлсөн байх, залуу хос бие биедээ гүн гүнзгий дурлаж, нэгнийгээ гэсэн их хайр нь бүх амьдралынх нь турш үргэлжилсэн юм.
1884 онд Мохандасыг үргэлжлүүлэн сурахаар Лондонг зориход эцэг нь нас барсан байсан юм. Энэтхэгээс явахаас өмнө тэрээр ээжээсээ, нялх үрээ тэврэн үлдэх эхнэрээсээ адис авахын сацуу кастаас зөвшөөрөл авах ёстой байлаа.
Барууны амьдрал ёс жаягийг нь алдагдуулна гэж болгоомжилж Мохандаст явах зөвшөөрөл өгсөнгүй. Ганди энэ хоригийг зөвшөөрөхгүйгээр явсан анхны хүн болсон юм. Зөрүүд эрийг тэр даруй кастаас хөөсөн билээ. Гэсэн хэдий ч тэр ээждээ “Маханд хүрэхгүй. Зан заншлаа баримтлах болно” гэж амлаад Лондонг зорьжээ.
Тэр дээдсийн хүрээлэнгийн зугаа цэнгээнээс үргэлж дөлнө, хэт дотогшоо чанараасаа болж олны өмнө барагтай үг дуугарахгүй. Мохандас хожим энэ талаараа “Тэр жилүүд үгээ цэнэх аргад намайг сургасан. Би үзэл бодлоо маш богино үгээр илэрхийлж сурсан. Тиймээс одоо үзэгний минь үзүүрээс утга учиргүй үг гарах нь юу л бол” хэмээн дурссан нь бий.
Англид байхдаа тэр бусад шашныг ч судалсан юм. Христос, буддизм, ислам, мэдээж индуйзм. Хожим Хуучин гэрээний талаар “Үнэндээ юу ч ойлгодоггүй байсан. Уншиж суухдаа бараг унтдаг байлаа. Гэтэл Шинэ гэрээ огт өөр сэтгэгдэл төрүүлсэн шүү. Уулархаг номлол гэсэн хэсэг нь бүр онцгой. Шашны хамгийн дээд хэлбэрийг тэндээс мэдэрсэн. Дээд хэлбэр гэдэг нь бодит байдлаас тасрах шүү дээ” гэж онцолсон байдаг. Ганди тэр үед оюун санааны зарчмууд бүх шашинд нэг үндэстэйг ойлгож ухаарсан юм. Мохандес энэ үед теософи буюу шашны философи, далд ухааныг судалж сонирхож эхэлжээ. Тодруулж хэлбэл Елена Петровна Блатавскаягийн үндэслэсэн ухааныг. Тухайн үеийн оюунлаг хүмүүсээс Гандигийн онцолсон, Гандид нөлөөлсөн ухаантан нь Лев Толстой. Мохандас хожим нь Оросын их зохиолчтой захидлаар харилцдаг болсон билээ.
Толстойн “Бидний доторх бурхан” зохиол нь залуу Гандид онцгой нөлөө үзүүлсэн юм. Англид очсон нь Гандид зөвхөн хууль зүйн боловсрол олгоод зогсоогүй, Европын дээдсийн хүрээлэнгийн соёлтой танилцах боломжийг өгсөн байдаг. Лондонд байхдаа тэр франц, латин хэл ч сурч амжсан билээ. Ганди 1891 оны зургадугаар сард шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй болов.
1898 онд Энэтхэгт буцаж ирэхэд нь хүнд бэрхшээл угтаж байлаа. Кастын системээс гарсан учраас аяга ус уухаас эхлээд өчнөөн эрх нь хоригдсон байв. Ариун голд очиж угаал үйлдсэний дараа кастын систем түүнийг дахин хүлээж авсан юм. Туршлага багатай залууд олон бэрхшээл тулгарсан ч тэрээр тухайн үед Энэтхэгийн нийслэл байсан Бомбейн өмгөөлөгчийн зөвлөлд элсэн оров. Хуулиа сайн мэддэг ч амьдрал дээр яаж ашиглах талаар туршлага нимгэн учраас Энэтхэгийн баруун хэсэг болох Ражкот хотод шилжин суурьшиж хувийн оффисоо нээлээ. Удсан ч үгүй Энэтхэгийн худалдааны нэгэн фермээс өмнөд Африк дахь хэрэг дээрээ ажиллах санал тавьжээ. Ганди 1893 онд Өмнөд Африкийг зорилоо. Чухам тэнд л арьс өнгөөр ялгаварлах үзлийг мэдэрсэн юм. Мохандес Претория гэдэг хот руу ажлаар явж байж л дээ. Европчууд голдуу галт тэрэгнээс түүнийг хүчээр хөөн буулгаж, ачаа тээшийг нь араас нь шиджээ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг биеэрээ мэдэрсэн ийм түүх Гандийн намтарт ганц, хоёрхноор тогтохгүй. Тухайн үед ажилласан хэрэг нь хоёр талд нааштайгаар дуусахад Ганди ихэд олзуурхаж байж. Хожим энэ талаараа “Тухайн үед хөл газар хүрэхгүй баярласан. Өмгөөлөгчийн туйлын зорилго нь сөргөлдөгч талуудаа эвлэрүүлэхэд оршдогийг би тэр үед л ойлгосон. Энэ сургамж бүх л амьдралд минь нөлөөлсөн. Өмгөөлөгчөөр ажилласан хорин жилийн хугацаандаа би хэдэн зуун хэргийг эвлэрлээр дуусгасан шүү” хэмээн дурссан байдаг.
Тэр Өмнөд Африкт Энэтхэг улсын эрх чөлөөний төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэр үед л хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх аргыг анх удаа хэрэглэж эхэлсэн юм. Түүний сонгосон арга нь сатьяграха. Сатья нь үнэн, аграха нь оюуны хувьд хатуу чанд гэсэн утгатай. Утгачилбал үнэний төлөө тууштай зогсох гэсэн үг. Гэхдээ мэдээж хүч хэрэглэхгүйгээр.
Одоогийн зөөлөн хүчний бодлого юм даа. 1896 онд Ганди Энэтхэгт ирж гэрийнхнээ Дурбан хотод авчирсан юм. Арвин туршлага хуримтлуулсан Мохандас өөрийгөө олонд хэрэгтэй гэдгээ ухаарч, мэдэрч байлаа. Түүний санаачлагаар энэтхэгчүүдийн боловсролд анхаарсан холбоо ажиллаж эхэллээ. Тэр 1903 онд Indian Opinion гэдэг сонин гаргалаа. Энэ сонин тухайн үед хувьсал өөрчлөлтийн төлөө хүмүүсийг нэгтгэх гол зэвсэг болсон юм. Гурван жилийн дараа Ганди “Брахмачарью” хэмээх хатуу сахил хүртэв. “Брахмачарью” сахил зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаад зогсохгүй өөрөө өөрөөсөө, бүхнээс татгалзах хатуу жаягтайгаараа ялгардаг юм. Энэ их хүний гэгээрэл ингэж эхэлсэн билээ.
1910 онд иргэний асуудлаарх компанит ажлууд нь хурцадмал болж эрх баригчдын зүгээс дарамт шахалт үзүүлж эхлэв. Тэмцэгчдийн дийлэнхийг баривчилж шоронд хорьсон ч 1913 онд эрх баригчид Гандитай гэрээ хэлэлцээр хийж энэтхэгчүүдийн байр байдлыг хөнгөлөх тухай хуулийг баталсан юм. Энэ нь тухайн үедээ ялалт байлаа.
Тэр 1915 онд Өмнөд Африкаас Энэтхэгт дахин ирлээ. Эрх чөлөөний төлөө тэмцэгч эх орондоо ирсэн даруйдаа Сабармати голын эрэг дээр даяан хийх газраа байгуулсан юм. Эрт цагт агуйд даяан хийж байсан лам нар шиг. Гэхдээ Гандийн агуй нь түүний 12 жил амьдарсан байшин. Ганди энэ байшиндаа амьдрах үедээ тансаг хэрэглээнээс татгалзаж, хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ, угаалга хийх зэрэг ажлаа өөрөө хийж байж. Өнөө цагийнхан түүний 12 жил даяан хийсэн байшинд нэг шөнө хоноход 60 ам.доллар төлдөг. Энд хоносон хэн ч Гандигийн сахиж ирсэн хүчирхийлэл үйлдэхгүй, хүсэл бодлоо хянах, энгийн амьдрах тэргүүтэй 11 сахилыг гүйцэтгэх ёстой. Тэнд үдлэгсэд бясалгал үйлдэж, утас ээрч, хувцас урлаж, хог шүүрдэцгээдэг. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, дотоод амар амгаланд мэдрэхэд тустай гэж үздэг.
Ганди хүч хэрэглэхгүйгээр тэмцэх аргыг энэ үеэс хүчтэй эхлүүлсэн байдаг. Сонгож авсан арга нь үр өгөөжөө өгнө гэдэгт ч эргэлзээгүй итгэж байлаа. “Эхэндээ чамайг үл тооно. Дараа нь чамаар доог тохуу хийнэ. Тэгээд чамтай тэмцэж эхэлнэ. Харин эцэст нь чи ялна” гэсэн үг нь хожмоо батлагдсан юм.
1918-1919 онд дэлхийн нэгдүгээр дайн дуусгавар болсны дараа англичууд энэтхэгчүүдэд улс орноо удирдах эрхийг олгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Энэтхэгчүүд ч зүгээр суусангүй. Улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. 1919 онд онц байдлын тухай хууль гарсны дараа энэ хөдөлгөөн улам эрчимжив. Эцэст нь Ганди олныг уриалан англи сургуулийг хааж, сонгуулийг бойкотлож, гадаадын бараа зарахыг эсэргүүцэж, нэр хүндтэй албан тушаалуудаас татгалзаж, татвараас зайлсхийж, ер байж болох бүх л аргыг хэрэглэн эсэргүүцлээ илэрхийлэв.
Гандигийн хүч үл хэрэглэх тэмцэл нь тухайн үедээ үзэл суртлын нэг хэлбэр болж хувирсан билээ. Тэрээр төдөлгүй энэ аргаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхлэв. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл нь ч энэ үеэс эрчээ авсан юм. Тэр зүгээр яриад зогссонгүй, биеэрээ үлгэрлэж байв. Өөр үндэстэн угсаатныг гэртээ урьж, дайлж цайлж, гуравдугаар ангиллын галт тэргээр зорчиж, тэдний эрхийг хамгаалахын тулд өлсгөлөн хүртэл зарлаж байлаа. Индуис мусульман шашныг нэгтгэхийг хичээж байсан нь ч энэ үед хамаарна. Бүх шашинд үнэн бий, орон зай цаг хугацаагаараа л ялгаатай гэсэн байр суурин дээрээ тууштай зогсч байлаа. Тухайн үеийн шашнаар биенээ тусгаарлах хатуу байр суурь энэтхэгчүүдийг нэгтгэх үзэлтэй нь сөргөлдөж байсан юм. Пакистан улс байгуулагдах эхлэл яг энэ үед тавигдсан билээ. 1947 онд Энэтхэг улс Энэтхэг Пакистан гэсэн хоёр хэсэг болон тусгаар тогтноход индус шашинтан болон лалын шашинтнуудын хооронд хурц тэмцэл өрнөж эхэлсэн юм. Эвлэрүүлэх гэж хичээл зүтгэл гаргасан ч үгийг нь хэн ч сонссонгүй.
Утгагүй хүчирхийллийг зогсоохын тулд 1948 оны нэгдүгээр сард тэр өлсгөлөн зарлахдаа “Миний үхэл бол Энэтхэгийг өөрөө устаж байгааг нь харж гэрч болсноос дээр” гэж хэлж байжээ. Үүний дараа шашны хоёр бүлэглэлийн удирдлагууд зөвшилцөлд хүрч “Хүмүүсийн амь, эд хөрөнгийг хамгаалах, лалын итгэл үнэмшлийг дээдэлж цаашид ийм явдал давтагдахгүй” гэсэн хамтарсан шийдвэр гаргаж байсан түүхтэй. Ганди 1921 онд Энэтхэгийн Үндэсний конгрессыг тэргүүлж эхэлсэн ч намын нөхөдтэйгээ санал зөрөлдсөнөөс 1934 онд энэ албаа орхисон юм. 1930 оны тавугаар сарын 5-ны шөнө цагдаа нар Гандиг баривчлав.
Энэтхэгчүүд түүний “Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод”, “Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчирсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?”, “Нүдийг нүдээр солибол бүх дэлхий сохор болох болно”, “Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй” гэсэн сургаалиудынх нь мөн чанарыг чухам энэ үед л бүрэн утгаар нь ухаарсан юм.
Дөчөөд оны сүүл Гандигийн хувьд аз нь харьсан, бүх зүйл муугаар эргэсэн үе байлаа. Тэр индуис мусульманчуудыг бүрэн эвлэрүүлж чадаагүй юм. Шашны түрэмгий бүлэглэлийнхэн лалынхантай хамтрахын эсрэг байв. Улс төрийн “Раштра дал”, “Ваштрия сваям севак” зэвсэгт бүлэглэлүүд тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдэж, “Хинду Махасабха” бүлэглэлийн тэргүүн, Бомбейн саятан Винайяком Саваркар гэгч Махатма Гандиг “Индусуудын дайсан” гэж байв.
Гандийг өлсгөлөнгөө зогсоосноос хойш хоёр хоногийн дараа буюу 1948 оны нэгдүгээр сарын 20-нд амь насанд нь халдах анхны оролдлого гарлаа. Дели дэх гэрийнхээ гадаа байхад Пенжабаас ирсэн дүрвэгч Маданлал гар хийцийн бөмбөг шидэж байсан юм. Энэтхэгийн Засгийн газар хувийнх нь хамгаалалтыг нэмэгдүүлэх гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр үед Ганди 78 настай байв. Тэрээр 1948 оны нэгдүгээр сарын 30-нд хар үүрээр босч Конгресст өргөн барих Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаад орой нь хамтрагчдынхаа хамт байшингийн өмнөх нугад гарч ирлээ. Энэтхэгчүүд хүндэтгэн биширдэг хүнтэйгээ хамт оройн мөргөл хийхээр цуглажээ. Энэтхэгийн үндэсний байгууллагын гишүүн Натхурам Винаяк Годзе гэгч Махатма Гандид дөхөж очин гурван удаа буудахад сүүлийн сум нь зүүн талын уушгинд нь туссан юм. Энэтхэгчүүдийн үндэсний эцэг Ганди “Ээ Рама” хэмээн шивнээд газар дээрээ нас барсан билээ. Түүний энэ үг аминд нь халдсан газарт босгосон дурсгалын цогцолбор дээр нь бий.