2024-10-08, Мягмар
13 C
Ulaanbaatar

Д.Нямсамбуу: Зөв байхсан гэж бодох, зөв байж чадах хоёрын хооронд асар том зай бий

Гавж Д.Нямсамбуугийн "Буддизм ба шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьж байсан "Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ" гэсэн сэдэвтэй илтгэлийг товчлон хүргэе.

Буддын ёс суртахууны сэдвийг сонгосон маань цаанаа учиртай. Ганц Монгол ч гэлтгүй дэлхий нийтэд үүсээд буй олон асуудлын суурь нь хувь хүний ёс суртахуунд оршиж байгаа нь булзах аргагүй үнэн. Монголд үүссэн их олон асуудлыг шийдэх гарц нь ёс суртахуунд л байна. 2010 оны судалгаагаар шашин шүтдэг монголчуудын 80 орчим хувь нь өөрсдийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон байдаг. Гэвч харамсалтай нэг өнцөг бий. Монголчууд ёс суртахуундаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ гэсэн асуултын хариу тийм өөдрөг гарахгүй болов уу.

Монголд бурхны шашин дэлгэрч байсан үеүдээс энэ удаагийн дэлгэрэлт олон зүйлээрээ ялгаатай. XXI зууны монголчууд бурхны шашинг уламжлал учраас шүтье гэхээсээ илүүгээр буддизм надад, нийгэмд, Монголд ямар хэрэгтэй вэ, яагаад би бурханы шашинтай байх ёстой гэж гэсэн асуултыг тавих болсон. Яагаад шүтэх ёстой вэ гэдэг асуултад өгөх хамгийн том хариулт бол буддын ёс суртахуун.

Буддист байснаараа, буддын сургаалыг дагаж мөрдсөнөөрөө хувь хүн болоод нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Харамсалтай нь бурхны шашинтан гэж өөрсдийгөө үздэг хүмүүсийн итгэл үнэмшил нь олонхи тохиолдолд аливаа нэг далдын хүчнээс юм гуйж, тэр хүчинд өргөл хандив өргөснөөр бүх муу муухай асуудал нь шийдэгдэнэ гэдэг бодлоос хэтрэхгүй байна. Ёс суртахууны хандлагаа эерэг болгох, илүү зөв байхын төлөө зүтгэж яваа нь ховордсон гэх гээд байна л даа. Гэтэл бурхны сургасан сургаал номлолын зонхилох хэсэг нь буюу гол зорилго ерөөсөө л ёс суртахуунтай байх. Бурхан Будда одоогийн байгаагаасаа илүү зөв, ариун, ёс суртахуунтай орших боломж хүнд бий юу гэж асуугаад хариултыг нь номлосон байдаг.

Шинжлэх ухаан болон бурхны шашны огтлолцох олон цэг, өрнийн философи болоод шинжлэх ухааны философи хоёрын давхцах цэгүүд дотроос маш прагматик үр дүнтэй, магадгүй өнөөдөр Монголд хамгийн их тулгамдаад байгаа нь буддын ёс суртахууны асуудлууд. Шашин шүтлэгтнүүдийн 80 орчим хувь нь бурхны шашинтан юм бол тэр итгэл үнэмшлээрээ дамжуулж, буддын ухааныг ойлгож ёс суртахууны өөрчлөлт, зөв байх оролдлогуудыг хийдэг болчихвол Монголд илт өөрчлөлт мэдрэгдэнэ.

Зөв байхсан гэж бодох, зөв байж чадах хоёрын хооронд том зай бий. Яагаад ёс суртахуунтай байх ёстой гэж, хэрхэн ёс суртахуунтай байж болох вэ гэсэн хоёр асуултад буддизм, хойд Энэтхэгийн Наландарын уламжлалт буддизм хэрхэн хариулсан талаар товч өгүүлье.

Өрнийн ёс суртахууны философид хоёр үзэл баримтлал бий. Нэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Нөгөө нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Зөв, ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал, итгэл үнэмшлийн цаана тодорхой нэг мэдлэг, тодорхой нэг бодит оршихуйн үнэн байх ёстой гэж үздэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Харин зөв байх ёстой гэсэн үзэл, бусдад туслах гэх мэт ёс суртахууны тунхгууд сэтгэл хөдлөлөөс үл хэтрэх, цаана нь тодорхой гүн ухаан, үзэл баримтлал, мэдлэг байх албагүй, угаасаа нотлогдохгүй гэж үздэг нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Учир шалтгаан мэдлэг байх ёстой гэж үздэг, тайлбарладаг дийлэнх урсгал нэг асуудалтай нүүр тулдаг. Тэдний хувьд ёс суртахуунтай амьдрах нь бодит байдалтай хэрхэн зохицох вэ гэдэг асуултад хариулахад нэлээд хүндрэлтэй байдаг. Ёс суртахуунтай байх шалтгааныг тэнгэрийн хууль, бүтээгч эзэн ч юм уу, тийм байхыг дэмждэг, тэгж амьдрахгүй бол шийтгэдэг хүчин зүйл байх ёстой гэж үздэг. Ийм шалтгаанууд гаргаж байж ёс суртахуунтай амьдрах нь зөв гэсэн бодол хүмүүст төрнө хэмээн тайлбарладаг. Гэтэл буддын шашинд огт өөрөөр үздэг. Бодит байдал хийгээд ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал давхцах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, буддизм бол танин мэдэхүйн ёс суртахуун.
Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч, тэнгэр бурхан байдаггүй. Эндээс “Хажуугаас нь дэмжих, айлгах хүч үгүй бол хүмүүсийг яаж ёс суртахуунтай амьдруулах юм бэ” гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Ер нь тэгээд ёс суртахуун жам ёс, оршихуйтай хэрхэн нийцэх вэ, ёс суртахуунтай байхын ашиг гэж бий юү гэх мэт асуултад тайлбар өгөх хэрэг гарна. Эдгээр асуултад тайлбар өгөхийн тулд Буддын гурван номноос ишлэл авъя.

Хойд Энэтхэгийн агуу их эрдэмтэн, төв үзлийг үндэслэгч Нагаржунай “Ёс суртахуунтай байснаар амар амгалан үүснэ” хэмээсэн нь бий. Бурхны шашны үзэл баримтлалын дөрвөн тамга буюу “Чагжаши” гэдэг номонд “Шунал хүсэл зогсох нь маш тогтвортой, үнэн амар амгалан юм” гэсэн ишлэл байдаг. Шунал хүсэл зогсох гэдэг нь энгийнээр бол сөрөг эмоцио ялж чадвал гэсэн үг л дээ.

Гурав дахь нь “Амгалангаас амгаланд одох тул ухамсартай мэдрэмжтэй хэн бээр түүнээс уйдах вэ” гэсэн ишлэл. Ёс суртахуунтай байдал олон түвшиндээ аз жаргалтай холбогдох ёстой гэж буддизм үздэг. Ёс суртахуунд эхлэн суралцагчийн хувьд зөв байх нь ирээдүйд сайхныг авчирна гэж ухаардаг. Үүнийг буддизмд бидний сайн мэдэх кармагаар тайлбарладаг. Ёс суртахуунтай байдлыг дэмжих буддизмын маш тодорхой онол бол карма буюу үйлийн үрийн онол. Үйлийн үрийн онол бол шүтэн барилдлага гээд буддизмын том онолын нэгээхэн хэсэг нь.

Аливаа зүйл дангаараа бусдаас үл харгалзан орших боломжгүй гэдгийг шүтэн барилдлагын онол гээд байгаа юм. Ямар ч чадалтай хүн, улс төрийн хүчтэй нам, их гүрэн байлаа ч бусдад шүтэж, бусдаас харгалзаж оршдог. Үл харгалзан орших нөөц боломж ямар ч оршихуйд байхгүй гэж буддизм үздэг.

Оршихуй гэдэг маань бусдаас хамаатай учраас оршихуйн суурь нь бусдын хамаарал гэж ойлгож болно. Жишээ нь Нямсамбуу гэдэг хүн бусдын хийсэн хоолыг идэж, бусдын барьсан байшинд амьдарч бусдаас харгалзаж оршдог. Тийм болохоор бусад гэдэг бол оршихуйн суурь. Тэгэхээр бусдад таагүй хандана гэдэг оршихуйн сууриа үгүйсгэж байгаагаас ялгаагүй. Нийгэм бол биенээсээ харгалзан үүссэн олонлог учраас зөвхөн би аз жаргалтай байна гэдэг бол явцуу ойлголт.

Оршихуйгаа томоор харвал ганцхан та аз жаргалтай байх боломжгүй, бусдын хүчээр аз жаргалтай байхаас аргагүй гэж буддизм үздэг. Үйлийн үрийн онол ерөөсөө тийм шүү дээ. Миний үйлдэл бусдад хэрхэн тусахаас ирээдүйн аз жаргал, зовлон зүдгүүрийг маань шийднэ гэсэн энгийн тайлалтай.

Эцэст нь базаад хэлбэл, ёс суртахуунтай байхыг буддизм хувь хүн, нийгэмд эерэг зөв үр дагаврыг авчирч чадна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл ямар ч далдын хүчний оролцоогүйгээр. Бурхны шашинд ёс суртахуунаа олон түвшинд хөгжүүлэх учиртай гэж үздэг. Эхнийх нь үйлийн үрийг ухаарснаар муу үйлдлээ зогсоох зөв сайныг хичээх шат. Хоёр дахь нь гэгээрлийнх. Дунд төрөлхтний хүрэх шат. Энэ шатанд орчлон хорвоо, мөн чанарыг гүнзгий таньдаг. Тэр хэрээр орчлон хорвоогийн аз жаргалыг хэт үнэлэх, гадна талаас аз жаргалыг хайх нь ямар нэг байдлаар сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг ухаардаг. Тэгээд хүнд төрөхөөс байдаг дотоод амар амгаланг ухаардаг. Үүнийг нирвана буюу гэгээрэл гэдэг юм. Эхлээд ёс суртахуунтай амьдарвал үйлийн үрийн хуулиараа аз жаргалтай болно гэж бодож байсан хүн хоёрдугаар түвшиндээ хүрэнгүүт “Ёс суртахуунтай байх чинь амар тайвныг өгдөг юм байна” гэж ухаардаг. Гуравдугаар түвшинд хүрэхээрээ бүр өөр. VIII зууны үед амьдарч байсан Шантидива гэгээний “Бодисадын явдалд орохуй” гэдэг номны шамдал зүтгэлийн бүлэгт муу үйлдлийг үйлдэхгүй орших, муу сэтгэлийг тэвчих, шуналгүй амар тайван амьдрах нь хангалттай бус гэсэн байдаг. Гуравдугаар түвшиндээ хүрэхээр бусдад туслах сэдэл төрдөг хэмээсэн нь бий.

Бусдад тусална гэдэг бол ёс суртахууны илүү өндөр түвшинд гарч ирж байна гэсэн үг. Бусдад туслах нь миний үүрэг гээд амьдрахаар залхмаар хэцүү биш үү гэсэн асуулт гарах нь гарцаагүй. Шалтгааныг нь буддизмд “Амгалангаас амгаланд одох тул” хэмээн тайлбарласан байдаг. Бусдад туслахын хэрээр аз жаргал, сэтгэл ханамж, цэнгэл өссөөр байдаг гэсэн үг л дээ. Тиймээс бурхны номонд дурдсанчлан бусдад туслахаас ёстой хэн уйдах вэ.

Зөв, сайн үйлдэл хожим аз жаргалыг авчирна гэж эхэлснээ дараагийн шатандаа амар тайван амьдралыг өгнө гэдгийг хэлж, эцэст нь бусдад туслах нь аз жаргал, сэтгэл тайван байдлыг шууд үүсгэж чадна гэж байгаа нь буддын шашны маш сонирхолтой өнцөг. Тэгэхээр буддын шашны ёс суртахуун өрнийн ёс суртахууны зүйлчлэл ангиллаас том ялгаатай болчихож байгаа юм. Ёс суртахуунтай байхыг далдын хүчинтэй холболгүйгээр бодит оршихуйн мөн чанартай холбож, зүй тогтлынх нь үүднээс тайлбарлаж чаддаг нь буддизмын онцлог.

Ёс суртахууныг тийм ийм гэж тодорхойлоод хэрэглээний түвшиндээ заалт, мөрдлөгүүд гаргаж ирлээ гэж бодъё. Жишээ нь, бурхны шашинд арван хар нүгэл гэж жагсаагаад хийж болохгүй гэдэг. Тэгж болохгүй гэнгүүт шууд дагах нь ховор. Ёс суртахуун яагаад байх ёстой вэ гэдэг дээр буддизмын шүтэн барилдлагын онол түлхүү хариулт өгч байсан бол энэ удаа буддизмын сэтгэл судлал талаас бясалгал гэдэг ойлголт гол хариулт болж ирдэг. Хэрхэн ёс суртахуунаа хөгжүүлэх, зөв сайн байх вэ гэдгийн гол хариулт нь бясалгал. Монголд олон төрлийн бясалгал орж ирсэн. Гэхдээ зарим тохиолдолд бясалгалыг ид шидийн мэтээр төсөөлөөд байна.

Бясалгал хийхээр нисдэг, далдыг хардаг гэх мэтээр тайлбарлах нь элбэг болж. Яг үнэндээ буддизмд бясалгалыг ёс суртахуунтай, амар амгалан амьдрахад сэтгэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Ийм зорилгын төлөө бясалгал хийдэг. Булчинтай болохын тулд тэнгэр бурханд мөргөөд тусгүй, тодорхой дасгалыг олон дахин хийж дадвал булчин муутай үлбэгэр сулбагар нэгэн ч булчинтай болно. Яг тэрэн шиг буддизм ёс суртахуун гэж үүнийг хэлнэ гэж загвар гаргаад, ёс суртахуунтай байх бодитой санал, арга дэвшүүлсэн нь бясалгал. Буддизм сэтгэлийг хувьсан өөрчлөгддөг гэдгийг олж харсан. Бусдыг хүндлэхийг, уурыг захирахыг, сэтгэл төвлөрлийг, энэрэл нигүүлслийг давтан давтан хийхийн хэрээр алгуурдаа сэтгэлд өөрчлөлт ордгийг нотолсон. Аливаа зүйлийг олон удаа хийхийн хэрээр илүү хялбар болдог, мэргэшдэг, улмаар автдаг хандлага байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img