2024-10-28, Даваа
1.8 C
Ulaanbaatar

Г.Эрдэнэбат: Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд Ц.Элбэгдорж намайг яаж удирдах вэ дээ

Манай сайт Ерөнхий прокурорын орлогч асан Г. Эрдэнэбаттай нэг жилийн өмнө хийсэн ярилцлагыг эргэн нийтэлж байна.

-Хуулийн салбарын хувьд шилдэг хуульч, эрүүгийн хуулийн толгой цохих цөөн хуульчийн нэг гэсэн тодотгол таныг тодорхойлчих байх. Олон нийт бол таныг С.”Зориг агсныг хөнөөсөн” хэргээр мэднэ. Улсын Ерөнхий прокурорын орлогч байхдаа С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гэдэг утгаараа олны хараанд сайн муугаар их өртсөн. Би хувьдаа таныг энэ хэргээс болж сайн, муу нэрийг хангалттай зүүж яваа хүн гэж боддог. Хуульчдын хувьд бол таныг эерэгээр үнэлдэг юм билээ…?

-Улс төр, эрх мэдлийн тэмцэлд оролцохгүй яваа болохоор тоож шүүмжлэхгүй л байгаа хэрэг. Монгол Улс олон ерөнхий прокурортой байсан. Түүнээсээ хоёр дахин олон орлогчтой. Тодорхой цаг хугацаанд л энэ албыг хашсан хүн. Би тийм онцгой орлогч биш.

-Магадгүй та бусад ерөнхий прокурорын орлогч нараасаа С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байснаараа илүү олонд танигдаж, элдвээр хэлүүлсэн байх?

-Магадгүй. Цаг хугацааны тохиолоор нийгмийн тэр мөчлөг таарч би С. Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг ахалсан. Гүйцэтгэж байсан ажлаасаа үүдэж нэлээн дуулианд холбогдсон. Энэ хэрэг одоо ч эргэлзээ тээнэгэлзээ дагуулсан нөхцөл байдалд байгаа.

-Энэ хэргээс болж төрдөө итгэл алдрах, магадгүй шударга үнэний төлөөх итгэл мохсон зүйл танд байдаг болов уу гэж хааяа боддог юм. Энэ хэрэг дээр ажиллаж байсан хүнийхээ хувьд аавын хаалга татсаныг чинь хэлээд байна л даа?

-Би ажлаа л хийсэн. Монгол төр зүтгэсэн хүндээ халтай энэ тэр гээд яривал ганц би ч тийм зовлон туулсан юм биш. Надаас гадна төрд өндөр алба хашиж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд олон хүн ял шийтгэл авч өнөөдрийг хүртэл олон түмэнд муу муухайгаараа дуудуулаад явж байна. Тэр хүмүүсээс ямар санагддаг юм бол гэж асуусан нь дээр байх аа.

-Та төрд гомдохгүй байна уу?

-Эзэн биегүй зүйлд гомдож яах юм. Энэ чинь тогтолцоо. Тэр тогтолцоог хуулийн дагуу зөв ажилладаг болгож засах ёстой. Яг үнэнээ хэлэхэд энэ хэрэг бол нэг хүнд нялзаах ямар ч арга боломжгүй зүйл. Төрийн механизм буруу ажиллаж, буруу шийдвэрүүд гаргаж, түүнээсээ болж олон хүнийг хилсдүүлж хэлмэгдүүлээд байна. 1930-аад он, социализмын үе, одоо цаг гээд бүх л цаг үед буруу шийдвэр гаргаж хүн хэлмэгдүүлж байна. Тэгэхээр хэн нэгэн хүнд гомдоод суухын оронд бушуухан засах ёстой гэж хардаг. Дээр нь яг энэ цаг үед шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал их адармаатай болчихоод байна.

Улстөрчид, албан тушаалтнууд хэргийн тухай мэдээллийг яаж олж, мэдээд байдаг юм бүү мэд. Шүүх шударгаар шийдэх ёстой, яаж шийдэхийг нь харна, миний хүссэнээр шийдэхгүй бол би энэ шүүхтэй хатуу ярина гэсэн мэдэгдэл хийцгээдэг. Ингэх нь яаж ч бодсон буруу шүү дээ. Хүнд ингэж ярих эрх мэдэл өгч байгаа тогтолцоогоо засахгүй бол эцэст нь бултаараа хохирох эрсдэлтэй.

Энэ хандлага шүүхийг шударга шийдвэр гаргаж чадахгүйд хүргээд байна. Ингээд харахаар Монголын төр гэж ерөнхий нэрлээд байх шаардлагагүй. Энэ цаг үед оршин буй төрийн тогтолцоо л буруу шийдвэр гаргаж яваа гэж харах учиртай. Үүний үндэс нь юу вэ гэж харах ёстой. Хууль, зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалтын аль нь бурууг олж тогтоож, цаг алдалгүй засах тухай яримаар байгаа юм.

С.Зоригийн хэргийг олон удаа нууцаас гаргаж байсан шүү дээ

-С. Зоригийн хэрэг одоо ямар түвшинд явж байгаа бол?

-Одоо энэ хэрэг ямар түвшинд юу хийгдээд, яаж яваад байгааг би мэдэхгүй байна.

-Энэ хэргийг төрийн нууцаас гаргасан гэж би ойлгосон?

Эрдэнэбат-Тэр хэргийг нууцаас олон удаа гаргасан. Б. Содномдоржаа, Т. Чимгээ нарыг суллахын тулд гаргасан юм биш. Түүнээс өмнө, энэ хэргийг шийдсэний дараа тухайн үеийн хуулиар Ерөнхийлөгч зарлиг гаргаж төрийн нууцаас гаргасан шиг санаж байна. Дараа нь бас Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан. Ингэж нууцаас гаргачихаад хэн ч үзээгүй, мэдэхгүй байна гээд байдаг юм. Дараа нь тэр хоёрыг мөрдөж байгаа гэх дуулиан дэгдсэн, би буруу ойлгоогүй бол. Тэгснээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул гээд буцаагаад нууцалчихсан. Буцаагаад нууцалсан гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлсэн. Одоо юу болж явааг мэдэхгүй. Ямар ч байсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, нууц гэж байна лээ.

-Нууцаас дуртай үедээ гаргаад, дургүй үедээ нууцлаад байж болдог юм уу?

-Болдог болдоггүй нь тухай ярих нь өөрөө утгагүй болчихоод байна.

-2019 онд “С. Зоригийн хэргийг би зохиогоогүй” гэсэн гарчигтай таны ярилцлага сонинд нийтлэгдэж байсан. Энэ хэрэгт гишүүн асан Ц. Нямдорж таныг буруутгадаг. Гэтэл та би энэ хэргийг зохиогоогүй гэдэг…?

-Тэгж ярьдаг юм уу. Би тэрийг сонсоогүй юм байна.Тэр хэргийг маш олон жил шалгасан. 1998 оноос хойш.

-Дахиад асууя, С. Зоригийн хэрэг илэрсэн үү үгүй юу?

-Илэрсэн.

-Захиалагч нь илрээгүй…?

-Захиалагчийг илрүүлэх ажиллагаан дээр зогссон л доо. Дараагийн шатанд захиалагч руугаа л явах байсан.

-Та захиалагчийг нь мэдэж байгаа юу?

-Мэдэхгүй.

-Учгийг нь атгаад авсан хүн мэдэхгүй явна гэж баймааргүй юм…?

-Шүүхийн шийдвэр гарч тэр хүн гэм буруутай гэж тогтоогдсоны дараа яригдах асуудал шүү дээ. Түүнээс тэр хүн хийжээ гэж бодох чинь миний л бодол. Хэнд ч ямар ч хамаагүй, зүгээр л хувь хүний бодол тийм ач холбогдолтой эд биш.

-Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг буцаагаад суллачихаар танд сонин санагддаг уу?

-Ингэж л үргэлжлэх ёстой байсан юм байлгүй. Миний хувьд улайраад махраад, илрүүлэхийн төлөө явах ёстой юм шиг хорсоод, заавал энэ ийм байх ёстой гэж явах албагүй шүү дээ. Тэгж бодож бүр болохгүй. Энэ бол ажил.

-Хэн нэг хүнээс өшөө авах, хорсох төрлийн хүн биш гэдгийг тань мэднэ. Итгэл үнэмшил, зарчим талаасаа зүгээр ажлаа хийж яваад гүтгүүлэх хэцүү биш үү гэсэн өнгөөр асуусан юм…?

-Нэг зүйлийг онцолъё. Нэгдүгээрт энэ хэргийн хувьд би ганцаараа мөрдөөд шүүхэд аваачаад өгчихсөн зүйл биш. Магадгүй хамгийн бага хувь нэмэр оруулсан нь ч байж магад. Би удирдаж ажлын хэсгийг ахалж байсан уу гэвэл тэгсэн. Гэтэл яг энэ хэргийг гардаж, нууц болон ил мөрдөж байсан мөрдөгчид бий. Тэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд бий. Би хяналт тавьж байсан прокурор нь биш.

Удирдаж зохион байгуулж байсан тогтолцоогоор нь харах юм бол энэ хэргийг бүхэлдээ удирдсан Монгол Улсын Ерөнхий прокурор гэж бий. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд тагнуулын, шүүхийн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын олон хүн оролцсон. Өөрөөр хэлбэл олон хүний оролцоотой шалгаж илрүүлж шийдсэн хэрэг. Тэгээд тухайн хэргийг шүүхээр оруулж шийдсэн. Ийм процессийг Ц.Нямдорж гэж хүний хардаж байгаа шиг би зохиогоод, миний зохиолын дагуу тэр хүмүүс надад утсан хүүхэлдэй шиг ажиллана гэж юу байхав дээ.

Хэзээ ч тийм зүйл байдаггүй юм. Та бод доо, тэр олон арван ажилтан бүгд миний зохиол, командаар явах уу. Зохиомол хэргийг яаж бүхэлд нь бичиж өгөх билээ. Эрдэнэбат гэж ганцхан хүн яаж, ямар ид шидээрээ анхан шатны гурван шүүгч, давж заалдах шатны гурван шүүгч, хяналтын шатны таван шүүгчдийг итгэж үнэмшүүлэх үү? Гэтэл би анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралд огт оролцоогүй. Тэр хуралд өөр прокурор яллагчаар орж, өөр хүмүүс өмгөөлөгчөөр ажиллаж, шүүгч нар хянаад хэргийг шийдсэн. Тэгэхээр энэ хэрэг дан ганц миний хөдөлмөр зүтгэл ерөөсөө ч биш байгаа биз. Маш олон хүний оролцож шийдсэн хэрэг. Гэхдээ энд алдаа гарсан гэж үзсэн. Миний хувьд шүүгч прокуроруудыг зөв шударга ажилласан гэж боддог. Ингэснийхээ төлөө би тэр эзэн биегүй механизмд гомдох шаардлагагүй. Энэ асуудлыг үймүүлж бусниулж завхрал, будилаан үүсгэсэн тодорхой хүмүүс бий. Тэр хүмүүс хэзээ нэгэн цагт хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд явна гэдэгт эргэлздэггүй.

-Нөгөө талаар таныг зарим нэг хүмүүс Ц.Элбэгдоржийн хүн гэж үздэг. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Танд захиалга өгөөд гүйцэтгэсэн гэж харах өнцөг ч байдаг шиг санагдсан?

-Бүх л цаг үед хардлага байдаг. Ер нь хүмүүс сав л хийвэл ямар нэг зүйлийг хялбарчлан тайлбарлах дуртай. Бүх юмны цаад шалтгааныг тэрнээс боллоо гэж харах нь илүү амар учраас таны сая онцолсон шиг хардлага дэвэрсэн байх. За яахав би Элбэгдорж гэж хүний захиа даалгавар биелүүлэгч байжээ гэж бодъё. Миний амьдралдаа нэг ч удаа уулзаж байгаагүй хүмүүс энэ хэргийг илрүүлэхэд оролцож, тодорхой баримт цуглуулчихсныг юу гэж ойлгох вэ. Би одоо ч нүүрийг нь хараад танихгүй нууц, ил мөрдөгч нар надаас яаж даалгавар авсан байж таарах вэ. Би тэр олон арван хүнийг яаж удирдсан байх уу. Би энэ хэргийг зохиоё гээд ном зохиож байгаа юм шиг ханцуй шамлаад дайрсан гэж бодъё. Тэдний тухай хэрэгт цуглуулж байгаа баримтуудыг би хаанаас яаж олж, сэдэж зохиох вэ. Өөр хүн энд ийм юм ярилаа, тийм баримт байна, ийм мэдээлэл ирлээ гээд цуглуулж хэрэгт оруулж байгаа юмыг би яаж удирдах вэ. Ийм нөхцөлд надтай холбож хардаад байгаа өнөө Ц. Элбэгдорж нь яаж удирдах вэ.

Дээрээс биш дороосоо цуглараад ирсэн баримтуудыг эцэслэж шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг шүүх, прокурор нь үзээд эцсийн шийдийг гаргадаг, ийм л асуудал. Дахиад хэлье, ийм төвөгтэй процессийг нэг хүн дээрээс нь удирдаж олон арван хавтаст хэрэг дотор байгаа баримтуудыг цуглуулах болон зохиож бичих боломжгүй.

Ц.Элбэгдорж гэж хүн намайг удирдаад надаар хэрэг зохиолгоод тэр хэргийг шүүхээр шийдүүлэхээр өгсөн байлаа гэж бодъё. Тэглээ гэхэд би тэр баримтуудыг цуглуулах ажлыг хийж чадахгүй. Тэр баримтуудыг цуглуулсан, түүндээ тулгуурлаж шийдвэр гаргасан хүмүүсийг би удирдах боломжгүй.

Тагнуулын байгууллагыг тагнуулын дарга нь удирддаг. Прокурорын байгууллагыг улсын ерөнхий прокурор буюу миний дээд албан тушаалтан удирддаг. Би нэг прокурорт наадахаа тэгж шийдээрэй гэхэд тэр прокурор миний дээд талын даргаас тэгэх үү , үгүй юу гэдгээ асууна, тогтолцоо нь ийм. Төрийн тогтолцоо ийм. Шүүхийн хувьд надаас бүр түй ч хамаарахгүй. Монгол Улс бие биедээ хяналт тавьж ажилладаг хариуцлагын тогтолцоог хийчихээд байхад би ямар ид шидтэй гайхамшигтай, болохоороо тэр системийг тэр чигээр нь бүхэлд нь удирдаад найруулаад зохиол бичих вэ дээ. Дахин хэлье. Нэгд би дороос ирсэн баримтыг яаж зохиох билээ, хоёрт тэр баримтуудыг цуглуулж байгаа хүмүүсийг удирдах ямар ч боломжгүй.

-Та Ц. Элбэгдорж ерөнхийлөгч асантай ойр ажиллаж байсан уу?

-Тодорхой хугацаанд Ц. Элбэгдорж гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан уу гэвэл үнэн. Анх авлигачдын нурууг бөхийлгөнө, ард түмний нурууг тэнийлгэнэ гэсэн үзэл баримтлал мөрийн хөтөлбөр дэвшүүлээд ажилласан цагаас нь би тэр хүнийг шударга ёсыг тогтоох гэж байна гэж итгэж үнэмшээд дэмжиж байсан. Тодорхой хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газар ажилласан. Дараа нь би мэргэжлийнхээ ажлыг хийсэн.

Нүүрсний асуудал бол хэтэрхий инээдэмтэй зүйл

-Та одоо ямар ажил эрхэлж байна. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Яг одоогийн байдлаар УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ажлын албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

-Хэзээнээс энэ албанд ирэв?

-2021 оны 10 дугаар сараас.

-Г.Эрдэнэбат гэдэг хүн Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан. Одоо бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хоёрын хоорондын өнцгөөс хуулийг гадна, дотор талаас нь дүгнэвэл?

-Миний хувьд З0 орчим жил мэргэжлийн карьер хийж явна. 1994 оноос өнөөг хүртэл хуулийн ажил л хийж гүйцэтгэсэн гэсэн үг. Эрүүгийн эрх зүйн салбарт хэрэг мөрдөж ч үзлээ, өмгөөлөгч, багш, судлаач, прокурор байж үзлээ. Таны асуусан асуултыг би ингэж ойлгож байна. Хуулийг хэрэгжүүлэгч талаас харахад ямар байдаг вэ, одоо хууль боловсруулж буй талаас нь харахад ямар байна, ялгааг нь хэлээч гэсэн утгатай асуулт тавилаа гэж ойлгосон, зөв үү?

-Зөв зөв.

-Хууль хэрэгжүүлэх, боловсруулахад хүндрэл их гардаг. Хууль сайн муу янз бүрээр хэлэгдэх тохиолдол бий. Хуулийг хэрэгжүүлж, хэрэглэж ажиллаж байсан хүний хувьд, хууль амьдрал дээр гарахаараа ийм эерэг, сөрөг үр дагавар авчирна гэдэг өнцгөөс харахад, ер нь аль ч талаас нь харсан нэг л эрх ашиг байдаг. Ямар ч хууль Монгол Улсад хөгжил дэвшил авчрах ёстой. Хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангасан байх учиртай. Төрийн ажил саадгүй явах хэрэгтэй. Хууль ийм хэдхэн зүйлийг л хангаж байх ёстой.

-Сөрөг хүчний хуулийн төслийг хэлэлцэхгүй, улс төрийн шалтгаанаар хойшлуулах асуудал заримдаа гардаг. Энэ тал дээр үгээ хэлээч?

-АН-ын бүлгийн гишүүдээс нэлээд хуулийн төсөл өргөн барьсан. Зарим гишүүний зүгээс өөрийнх нь өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ гэчихээд хэлэлцэхгүй хойшлуулаад байна гэх шүүмжлэл гардаг.

-Б.Пүрэвдорж гишүүн энэ асуудал дээр нэлээд дуугарч байгаа харагддаг?

-Манай бүлгийн идэвхтэй гишүүдийн нэг л дээ. Өргөн барьсан тэтгэврийн хугацаатай холбоотой хуулийн төсөл нь жил гаруйн өмнө хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн юм. Гэвч орж ирээгүй л байна.

-Н.Учрал гишүүний өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль багагүй шүүмжлэл дагуулаад авсан. Та энэ тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Уг хуулийн тухайд гэвэл бусад ердийн хуулийн горимын дагуу хэлэлцэхгүйгээр хоёр хоногийн дотор яаралтай горимоор хэлэлцсэн нь шүүмжлэл дагуулсан. Олон нийтийн сүлжээнд хүний нэр хүндэд халдаж, олон нийтийг төөрөгдүүлэх асуудал байгаа юу гэвэл бий. Энэ асуудлыг шийдэх ёстой. Гэтэл хэлэлцэх явцад хэн хэрхэн хянаж, худал мэдээллийг үнэлэх вэ гэдэг нь эргэлзээтэй болчихсон байсан. Хуулийн төсөл санаачлагчдын тайлбар, хуулийн төсөл хоёр зөрчилдсөн. Монголд нэг шинэ салбар зөвлөл бий болж, тэр зөвлөл нь тухайн мэдээлэл худал гэдгийг эрх баригчдад мэдэгдэж, засгийн эрх барьж буй хүмүүс өнөө асуудлыг нь шийдэх юм шиг дүр зураг харагдсан. Сонгуулийн үеэр яг ийм хэлбэрээр ажиллавал шударга байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Эрх баригчдыг магтсан мэдээ цензургүй явж, бусад мэдээг хаавал яах вэ гэх мэт асуудал дэгдэхийг үгүйсгэх аргагүй.

-Эрх барьж буй намын зүгээс өргөн барьж хэлэлцүүлсэн, батлуулсан төслүүдээс сайн, мууг нь ялгаж онцлооч гэвэл та ямар хуулийг нэрлэх вэ?

-Зөвшөөрлийн тухай хуулийг сайн гэж үнэлнэ. Бизнес саадгүй явахад, авлига хүнд сурталын садааг арилгах чухал хууль. Энэ хуулийг санаачилж дэмжиж баталсан хүмүүс нийгэмд том тус хүргэсэн гэж бодож байна. Муугийн жишээ гэвэл Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан тодорхой хүмүүсийг Монгол Улсын Ерөнхий прокурор болгох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь илэрч хуулийн төслөө буцааж татсан зүйл гарсан.

-Монгол Улсын Эрүүгийн хууль ямар түвшинд явж байна гэж та үздэг вэ?

-Одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Дэлхийн аль ч улсын Эрүүгийн хууль тогтоомжтой харьцуулахад хамгийн шилдэг дэвшилтэт технологийг агуулсан хууль. Америк, Герман, Солонгос зэргээс хоцрогдсон зүйлгүй. Гэхдээ нийгэм хувьсан өөрчлөгдөж байна. Хуулийг хүн боловсруулдаг. Мэдээж алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй.

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр зарим нэг зүйлийг өөрчлөх нэрээр буцаагаад муу болгох тохиолдол байна. Өмнөх 2002 оны Эрүүгийн тухай хууль тухайн үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаад асуудлыг нь шийдээд явж ирсэн. Монгол Улсад Эрүүгийн хуулийн дутагдал үүсээд ноцтой эрүүгийн хэргийг шийдэж чадахгүй хоцрогдож байсан уу гэвэл үгүй. Одоогийн эрүүгийн хууль ч мөн л сайн үйлчилж байна.

-Зарим хуульчид Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага их байна, Оросын эрүүгийн хуулийг тэр чигт нь хуулсан гэж үздэг. Мөн нийгэмд цочмоор олон хэрэг гарч байгаа нь цаазын ялыг авч хаяснаас үүдэлтэй гэж үзэх хуульчид байдаг юм билээ. Та эрүүгийн салбарын хүний хувьд хэрхэн харж байна?

-Монгол Улсад дагаж мөрдөгдөж буй эрүүгийн хууль Оросын холбооны улсын хуультай ямар ч зүйлээрээ төсөөгүй. Манайх эрүүгийн хуулийг хаанаас ч аваагүй. Өөрийн гэсэн онцлогтой хууль. Маш сайн судалж боловсруулсан хууль. Наад захын жишээ гэхэд сүүлийн үед нийгэмд ихээр яригдаж байгаа гэм буруугаа хүлээсэн хүний хэргийн хялбаршуулан шийдвэрлэх талаарх зохицуулалт буюу эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл байна. Энэ жишээ нь Оросын эрүүгийн хуульд огт байхгүй

-Та цаазаар авах ялыг сэргээх тухай зарим иргэдийн шүүмжлэлд байр сууриа хэлсэнгүй?

-Цаазаар авах ялыг сэргээхээр эрүүгийн гэмт хэрэг багасах юм шиг ойлгож буй хүнийг би ноцтой төөрөгдөж байна гэж хэлье. Бүх л цаг үед хүүхдийн, гэр бүлийн ноцтой гэмт хэргүүд байсан. Хаалттай нийгмийн үед энэ асуудал ил гардаггүй байсан хэрэг. Өнөөдөр хэвлэлийн чөлөөний ачаар манай нийгэмд хаалттай зүйл бага болсон. Урд нь бид энэ хэргүүдийн талаар сонсдоггүй байсанд л хамаг учир байгаа юм. Эдгээр хэргүүд цаазаар авах ял байхад ч гарч л байсан, өнөөдөр ч гарч л байна. Цаазаар авах ялыг халчихлаа, би насаараа хоригдох юм байна, тийм учраас ийм гэмт хэрэг хийе гэж хэрэг үйлддэг хүн орчлонд байхгүй.

-Яагаад ноцтой, жигшмээр гэмт хэрэг ихсээд байна. Үүний цаад учир шалтгаан нь юу байдаг юм бол?

-Криминологийн шинжлэх ухаанд суралцаж, дурладаг энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд хэлэхэд аливаа хүчирхийлэл нийгмийн үнэт зүйл, түүнийг үнэлэх үнэлэмжтэй холбоотой байдаг. Нийгэм оршин тогтноход хүмүүсийн үнэт зүйлийн чиг баримжаа маш чухал. Эцэг эхээ, ахмад үеэ яаж хүндлэх, хүүхэд багачуудтай хэрхэн харьцах, манай нийгэмд юу чухал, бусдын эрх чөлөөнд яагаад халдаж болохгүй гэх мэт энэ бүхэн нийгмийн үнэлэмж байдаг. Мэдээж хүн бүрт өөр өөрийнхөөрөө тогтоно. Энэ үнэт зүйл тогтвортой байх үед нийгэмд хүчирхийлэл багасч байдаг. Энэ үнэт зүйлийн чиг баримжаа алга болчихоор хүчирхийлэл ихэсдэг. Мөн үүний дээр согтуурал мансуурал нөлөөлдөг.

Үнэт зүйлээ алдсан нийгэмд хүчирхийлэл гаардаг л даа. Дайн самуун дэгдэхээр хүмүүс үнэт зүйл чиг баримжаагаа алддаг. Бас улс орны эдийн засаг уруудаж, хувьсгал, үймээн самуун гаарахаар хүмүүс үнэт зүйл, чиг баримжаагаа алддаг. Ичиж нэрлэхэхээ больж эхэлдэг. Ингээд хөлөөрөө толгой хийгээд эхлэхээр цочирдом гэмт хэргүүд гардаг гэдгийг бүх цаг үеийн судлаачид нотлоод дүгнэсэн. Би үүнтэй санал нэг байдаг. Түүнээс биш цаазаар авах ялыг халахаар, оногдуулахаар нийгэмд хүчирхийлэл буурчихдаг гэж ойлгож болохгүй.

-Цаазаар авах ялыг сэргээх санаачлагыг уг үндсийг нь ухаад харахаар улстөрчдөөс ч эхтэй байж магадгүй санагддаг. Цаазаар авах ялыг сэргээх нь улстөрчдөд ашигтай шийдэл учраас ийм хандлагыг сошиалд дэвэргээд яваа юм биш байгаа…?

-Би танд нэг жишээ хэлье. Европт маш харамсалтай нэг түүх бий. XVI, XVII зууны үеийн түүх. Тэр үед цаазаар авах ялыг бизнес, улс төрийн салбарын хүмүүс бие биеэ, өрсөлдөгчөө дарахын тулд хэрэглэдэг байж. Өөрөөр хэлбэл улс төрийн өрсөлдөгчид бие биеэ намнахын тулд цаазаар авах ялыг ашигладаг байсан гэсэн үг. Ялангуяа манай өнөөгийн нийгэмд авлигын гэмт хэрэгт цаазаар авах ялыг оногдуулахад бэлэн байх шиг байна. Эрх мэдэлтэй байх үедээ өрсөлдөгчөө авлигын гэмт хэрэгт холбож сошиалаар цоллож жигшээгээд цаазалчих санаатай хүмүүс байхыг үгүйсгэхэд хэцүү . Гэтэл үнэн хэрэгтээ өнөө хүн хэрэг хийгээгүй байвал яах вэ. Цаазаар авах ялыг оногдуулчихвал ийм алдааг засаж болдоггүй. 33 жилийн дараа яагаад тэр хүнийг хөнөөсөн шалтгаанаа хэлэх тохиолдол байна. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө Битлз хамтлагийн дуучин Жон Ленноныг алсан алуурчин гэмт хэрэг үйлдсэн учир шалтгаанаа хэлсэн. Тэр Жон Ленноныг алсан шалтгаанаа “Намайг гудамжинд явж байвал хүмүүс энэ Жон Ленноныг алсан залуу шүү дээ гэж хэлнэ. Би зүгээр л олны танил болохыг хүссэн” гэсэн байдаг. Тийм тэнэг шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн байна шүү дээ. Хүн ийм тэнэг шалтгаанаар гэмт хэрэг үйлддэг байх нь. Хэрэв тэр хүнийг цаазалсан бол ийм сонин шалтгаанаар хүний амь хөнөөх эрсдэл байдгийг мэдэхгүй өнгөрөөх байсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг болоогүй зүйлийг таамаглан сэргийлэхийг хэлдэггүй. Урьдын явдлаас сургамж авч дахин гаргуулахгүй байхыг урьдчилан сэргийлэх гэж хэлдэг. Би дахиад хэлье Цаазаар авах ял Европчуудын гаршсан асуудал байсан. Тийм учраас тэд цаазын ялаасаа сургамж аваад цаазын ялыг халсан юм.

-Монгол Улсад цаазаар авах ял оноож хилсээр хэлмэгдүүлж байсан тохиолдол байдаг уу?

-Байна. Эхнэрийг нь авч суухын тулд цаазаар авсан тохиолдол бий шүү дээ

-Хэдэн онд?

Эрдэнэбат-1937,1938 оны үед дотоод яамны төлөөлөгчийн эхнэрийг нь авч суухын тулд хэрэгт буруутгаад цаазаар авч байсан тохиолдол байдаг. Тодруулбал Нийгмийн аюулаас хамгаалах яамны төлөөлөгч, хүний эхнэрт дурлаад нөхрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазлуулаад эхнэрийг нь аваад үлдэж байсан тохиолдол бий. 90 жилийн өмнө бид өөрсдөө ийм замыг туулж хэдэн биеэ хядчихаад одоо тэгээд цаазаар авах ялыг сэргээе гээд суух нь хэнд ямар хэрэгтэй юм. Одоо бид цаазын ялыг сэргээвэл зах замбараагүй хэрэглэх эрсдэл маш өндөр харагдаж байна. Цаазаар авах ялыг сэргээнэ гэснээс хүчирхийлэгч бэлдээд байгаа хөрс суурийг яаж өөрчлөх үү гэдгээ бодох ёстой. Авлигатай тэмцэх ч мөн адил. Авлигач болгоод байгаа хөрс суурийг нь засах ёстой. Авлига авсан хүнд өндөр хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг тийм ч буруу шийдэл биш. Хатуу шийтгээд байхад ч авлига яагаад арилахгүй байна вэ гэсэн асуултыг тавих ёстой л гээд байгаа юм. Эрх мэдлийг дагаад шунал өсдөг. Тэгэхээр яаж эрх мэдлийг хяналттай болгох вэ гэдгийг л бодох ёстой. Хүн төрөлхтөн шинэ тооллоороо 2000 гаруй жилийн турш нийгмийн асуудлаа янз бүрийн аргаар шийдвэрлэж ирсэн. Эртний Ромын төрд ч авлига байсан. Тэдний авлигаа яаж шийдсэн туршлагыг судлах хэрэгтэй. XIX зууны үед Франц улс хүнийг 32 янзын аргаар цаазалж байсан. Шатааж, дүүжилж, цавчиж, толгойг тастах гэх мэтээр. Ер нь л гэмт хэрэг хийсэн хүнийг цаазалдаг, гэхдээ ямар гэмт хэрэг хийснээс нь хамаарч яаж хөнөөхөө шийддэг байсан. Ингэлээ гээд Францад гэмт хэрэг буураагүй. Дараа нь Францын Луй гэж алдартай хаан толгой дээрээс нь төмрөөр цавчиж алах ганц аргаар цаазалдаг болсон. Үүнийгээ маш хүмүүнлэг ажил болсон гэж магтдаг. Тэрнээс хойш хүн төрөлхтөн хатуу ширүүн ял өгөөд гэмт хэрэг багасдаггүй, гэмт хэргийн шалтгааныг судлах нь л зөв юм байна гэж ойлгосон. Монгол Улсын түүх ч ялгаагүй. Манжын үед маш олон янзаар цаазалж л байсан. Есөн эрүү тулгаж хэргийг нь хүлээлгэж, шийтгэж байсан. Гэвч амжилтыг үл олсон. Хүн төрөлхтний өнгөрсөн түүх ийм байхад XXI зуунд цаазын ялыг сэргээе гэх нь хэр оновчтой бол, бодох л хэрэгтэй.

-Нүүрсний хулгайн асуудал олны анхааралд байна. Танай бүлгийн нэг гишүүний нэр ороод ирлээ. УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт хаврын чуулганы нээлт дээр авлигатай хатуу тэмцэнэ гэчихлээ. Үе үеийн л Ерөнхий сайд нарын хэлдэг хэтэрхий танил үг. Нүүрсний хулгайг харахаар эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдийн хэн нь илүүг идэх вэ гэсэн “дайн” юм биш үү?

-Нүүрсний асуудал хэтэрхий инээдэмтэй жүжиг. Төр бизнесийн ажилд хэтэрхий их хутгалдсанаас болж тэнд авлига үүссэн. Таван толгой хувьцаат компаниас нүүрс экспортлохтой холбоотойгоор хүмүүс эрх мэдлээ ашиглан дундуур нь маш их нүүрс завшжээ гэж ярьсан. Тухайн үед ямар хүмүүс энэ хэрэгт холбоотой байж болох талаар онцолж ярьж байсан ч яг ачир дээрээ тухайн үед ярьсан нөхдийг биш эсрэгээрээ өөр хүмүүсийг оруулж ирсэн нь үнэхээр инээдэмтэй. Анх яригдсан тэр хүмүүс хааччихав гэсэн асуулт бий. Өнөөдөр нэрийг нь оруулж ирчихээд яллах гээд байгаа Ж.Бат-Эрдэнэ гишүүн бол орон нутгийн Таван толгойн хувьцаа эзэмшигч. Энэ хүн анх зарласан нүүрсний хулгайтай огт хамаагүй.

Хүмүүс нүүрсний хулгай гэдэг үгийг л тогтоосноос өөр нарийн мэдээлэл, мэдлэггүй байна. Эрх баригчид үүнийг нь ашиглаж ямар нэгэн байдлаар нүүрстэй холбоотой хүнийг л хэлмэгдүүлэх хэрэгтэй болж байх шиг байна л даа. Сошиалаар л цоллоод яллаад байгаа. Хуулийнхан яаж шийдэхийг хэн ч сонирхохгүй байна.

Та санаж байгаа бол А. Адьяасүрэн гишүүнийг мөн нүүрсний хулгайч гэж цоллосон. Яагаад нүүрсний хулгайч гэсэн юм бол гээд хариулт хайсан чинь тээврийн компани ажиллуулж байгаад больсон юм билээ. Нүүрс хулгайлсан хүн нь биш нүүрсийг зөөсөн гэдэг хамаарлаар цоллогдоод, өртөөд авах жишээний. Гэтэл энэ гишүүн маань нүүрсний тээвэртэйгээ ч холбоогүй хүн болж таарсан. Ингээд харахаар эрх баригчид нүүрсний асуудал ярьж ард түмэнд таалагдах гэсэн ч амжилт олсонгүй. Ард түмэн “Өнөө нүүрсний хулгайчид хаачив, шударга ёс хаана байна” гэж шаардахаар “Энэ байна” гээд огт хамааралгүй сондгой хүмүүсийг цоллож байгаа нь инээдтэй үйлдэл болоод байна л даа.

Үндсэн хуулийг өөрчлөх бүрдээ алдаа гаргасан

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ирэх есдүгээр сард УИХ-ын сонгууль хийх шуум яваад эхэлсэн. Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулчихлаа. Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байвал үр дүн нь яадаг бол?

-Үндсэн хуулийг өөрчлөх бүртээ алдаа гаргасан. Анхны өөрчлөлт нь дордохын долоон өөрчлөлт гэдэг хочтой шүү дээ. Сүүлд хоёр удаа өөрчилсөн. Инээдэмтэй буюу эмгэнэлтэй нь гэвэл нэг асуудлыг 100 хувь эсрэг тэсрэгээр хоёр удаа өөрчиллөө. Эхний өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хоёрыг хавсарч хийж болохгүй гэсэн өөрчлөлт оруулснаа дараа нь болно гээд өөрчилчихсөн. Нийгмийн хөгжил дэвшлийн төлөө биш, эрх мэдлийг төвлөрүүлэх уу, хуваарилах уу гэдэг дээрээ л хий эргээд байгаа нь эмгэнэл. УИХ-ын гишүүд сайдын албыг гишүүдээс өөр хүн хашиж болохгүй гээд байгаагаа ямар үндэслэлээр нийгмийн хөгжил дэвшлийн төлөө гэж тайлбарлах вэ. Ахиад л сонгуулийг ямар хэлбэрээр зохион байгуулах уу гэж яриад эхэллээ. Дахиад л эрх мэдлээ өөрсдөдөө ашигтайгаар авч үлдэх тухай асуудлыг ярьж эхэлсэн нь нууц биш. Одоо сонгогдсон гишүүд эрх мэдлээ хадгалж дахин сонгогдох тухай л ярьж байна. Төр 1992 онд сонгодог утгаараа ард түмэнтэй гэрээ байгуулсан. Тэрийг Монгол Улсын Үндсэн хууль гэдэг. Монгол Улсын иргэн бүр ийм эрхтэй гэдгийг тунхагласан. Энэ гэрээний дагуу 30 жил амьдарч ирлээ. Зүй нь энэ гэрээний дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байна гэсэн асуудал тавьж өөрчлөлт оруулах учиртай. Гэтэл “Бид эрх мэдлээ хадгалж үлдмээр байна. Тийм учраас дахиад гэрээ хийе” гэсэн санал л оруулж ирж байна.

УИХ-ын сонгууль намар болох уу гэдгээс илүүтэй яах гэж юу өөрчлөөд байгаа юм, иргэнд ямар ашигтай вэ гэдгийг бодох цаг. Бид зүгээр хараад суувал эрх баригчид Үндсэн хуулиндаа гарч хүрч сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Тэгээд өнөөгийн эрх мэдлээ хадгалж үлдэнэ. Ийм л тооцоо бодож бидэнтэй харьцаж байна.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img