2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Доктор С.Юндэнбат: Ламын гэгээний хийдийг 45 хоногийн турш галдан шатааж дуусгасан

Соёл судлалын ухааны доктор Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат гуайтай түүний доктор хамгаалсан сэдвээр болон монголын бурхан шашны онцлог хийгээд аравдугаар богд Монголоос монгол хүү тодорсоны ач холбогдлын талаар ярилцлаа.

-Таны доктор хамгаалсан сэдвээс яриагаа эхэлье. Та ямар учраас энэ сэдвийг барьж авч судлах болов?

-“Ламын гэгээний Ханчин дэг, ёслол зан үйл” гэдэг сэдвээр судалгааны ажил хийж доктор хамгаалсан юм. Яагаад энэ сэдвийг сонирхож, судалж эхэлсэн бэ гэвэл миний бие Баянхонгор аймгийнх. Аав ээж, минь Ламын гэгээний шавийн уугуул. Хүүхэд байхад л их сайхан хийд орон байсан тухай, майдар эргэх зан үйл, цам, дором гээд үлгэр домог шиг зүйлийг аав ээж, нутгийн хөгшчүүл ярьдаг байсан. Миний хувьд хийд орон устаж үгүй болсноос арав шахам жилийн хойно 1946 онд төрсөн. Хүүхэд байхад үлгэр домог шиг сонсогддог байсан ярианд би их татагддаг байлаа. Хожим нас тогтож ухаан суусан үедээ “…Би хаана төрөө вэ? яагаад манай нутгийнхан Ламын гэгээний хүрээ, ёс заншил гэж хэдэн үе дамжин хэлцэж, бахархаж ирсэн юм бол” гээд эхлээд сонирхож, дараа нь уг учрыг нь олох гэж, мөн янз бүрийн эх сурвалж, хүмүүсийн яриа, гэрч нарын яриа, аав ээжийн хэлсэн ярьсан зүйлс, гадаадын жуулчдын бүтээл зэргийг үзэж судалж хооронд харьцуулж үзэхэд бүдгэрсэн боловч “бүлээнээрээ байгаа” том түүхийн дүр зураг тодроод ирсэн. Тэгээд энэ судалгааг нутгийн хүү би хийхгүй юм бол өөр хэн хийх вэ гэж 1990-ээд оноос судалж сурвалжилж эхэлсэн.

Миний хувьд хөгжмийн чиглэлээр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж, хөгжимчин, хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолчдын хорооны орлогч дарга зэрэг ажил албыг хашиж, сүүлийн гучаад жил соёлын өв судлалын чиглэлээр ажиллаж ирлээ. Хүний гараар бүтэж, өмнөх үеэс өвлөгдөж ирсэн үнэт зүйлсийг соёлын өв гэдэг. Нүдэнд харагдаж, гарт баригддаг биетэй бодитой байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийг соёлын биет өв гэдэг. Түүнийг бүтээж ирсэн арга технологи, ур ухаан, авьяас чадвар бол соёлын биет бус өв юм. Энэ өв үе үеийнхэний оюун санаа, мэдлэг, туршлага, ур ухаан, авьясаар дамжин биет бусаар уламжлагдаж иржээ.

Манай улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, олон түмний үндэсний ухамсар сэргэж хуучин уламжлал юу байсан, нүүдэлчдийн өв соёл гэж юу юм гэдэг асуултууд хүчтэй тавигдах болсон үед Соёлын өвийн үндэсний төвд соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтний орон тоо гарч энэ чиглэлээр ажиллах анхны мэргэжилтнээр ажиллах хувь надад тохиосон юм.

Биет бус өвд бидний язгуур урлаг, гар урлал, зан заншил, баяр наадам, уламжлалт мэдлэг орно. Энэ өвд бас шашны өв уламжлал ч хамаарна. Монголчууд бидний уламжлалт зан үйл, соёл маань бүх талаараа уламжлалт шашинтай гүн холбоотой.

-Ханчин дэг гэдэг нь ямар учиртай дэг жаяг юм бол?

Юндэнбат-Ханчинчойжал гэдэг нь Их хамба номун хаан гэдгийг товчилсон төвд үг. Ламын гэгээн Лувсанданзанжанцанд Өндөр Богдоос хүртээсэн Их хамбын алба тушаал. Ламын гэгээнтэн бол Их хүрээний анхны Монгол хамба. Түүнээс өмнөх хоёр хамба нь Төвөд хүмүүс байсан. Монголын бурхан шашны түүхэнд Өндөр гэгээний тогтоосон Хүрээ чимийн дэг, Заяын гэгээний дэг, Ламын гэгээний Ханчин дэг гэдэг гурван том дэг уламжлагдаж ирсэн. Энэ гурван дэг бол Монгол бурханы шашинд өөр өөрийн гэсэн онцлог, хувь нэмрээ оруулсан уламжлалт дэгүүд юм. Баруун өмнөд халхад Ханчин дэгтэй 20 гаруй хийдүүд байсан. Дэг гэдэг нь тухайн хийд дацангийн дотоод дүрэм журам, хурал, зан үйлийн эрэмбэ дараа, эш дамжлага, судар тарнийн чиг хандлага, шашны ёслол, зан үйлийн тогтсон уламжлал, дэг зохиомж, шавь хошуу, хийд хүрээний бүтэц, аж ахуйн зохион байгуулалт; хэргэм тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм.

Ламын гэгээний шавь хэмжээгээрээ их шавийн дараа ордог. Халх дахь Тамгатай 13 хутагтын дотор газар нутгийн хувьд хамгийн том нь. Өнөөгийн Баянхонгор аймгийн зургаан сумыг хамарсан том газар нутагтай байсан. Ламын гэгээн бурханы шашны гурав дахь дэлгэрэлтийн үед буддын гүн ухааны сонгодог боловсролыг Лхаст Далай лам, Банчин богдын дэргэд эзэмшээд ирсэн. Бурханы шашныг монгол хөрсөнд идээшүүлж өөрийн гэсэн онцлогтой бурханы шашны суурийг тавилцсан шашин соёлын томоохон зүтгэлтэн.

-Хүрээний нэршил нь их олон янз байх шиг байна. Жишээ нь Ламын гэгээний хүрээ, Баянзүрхийн хүрээ, Дэданлин хийд гээд энэ тухайд, нэг л хийд орны тухай яриад байгаа биз дээ?

-Тийм тийм. Угтаа нэг л хүрээний тухайд ийм олон нэрийг хэрэглэж ирсэн. Ламын гэгээний хүрээ, Эрдэнэ бандид хутагтын хүрээ, Ханчин Чойжалын хүрээ, Баянзүрхийн хүрээ, Дэданлин хийд буюу “Соёлыг бараалхагч сүм” гэсэн нэршлүүдтэй байсан. Ламын гэгээн гэдэг нь тэрбээр номын мөрд нэгэнт орсон гэлэн хуврагуудад дээдийн номын эш дамжлагыг хүртээж, ном номлох, авшиг хүртээх, аривтгахын үйлийг зохиож, эрдэм ухааны замд хөтлөх үүрэг хүлээсэн гэгээнтэн гэдэг утгаар Ламын гэгээн гэж олноо алдаршиж Ламын гэгээний хүрээ гэж нэршсэн. Эрдэнэ бандид хутагт гэдэг нь Өндөр гэгээн тэргүүлэн Халхын ноёд чуулж /1659 он/ Ламын гэгээн Лувсанданзанжанцанд Эрдэнэ бандид хутагт хэмээх энэ эрхэм алдрыг түүнд хүртээсэнтэй холбоотой тус шавь хошууны албан ёсны нэр юм. Ханчин Чойжалын хүрээ гэдгийн учрыг дээр нэгэнт өгүүлсэн. Баянзүрхийн хүрээ гэдгийн учир нь тухайн хийдийн орших газрын нэртэй холбоотой юм. Гандан Дэданлин хийд /соёлыг бараалахагч сүм/ гэх нь уг хийд анх байгуулагдахад манжийн хаанаас хүртээсэн нэр.

-Энэ хүрээ, газар зүйн байрлалын хувьд хаана байрлаж байсан бэ?

Юндэнбат-Ламын гэгээний хийд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумын зааг нутаг дээр байсан. Хүрээ байгуулсан энэ газрыг өвгөн дүрийн үеэс үзлэг сонголттой, дөрвөн талдаа уултай, цэнгэг булаг устай, буян хишгийн даллагатай, ариун дагшин орон хэмээн сонгожээ. Хангайн өндөр уулсын дунд байрлах энэ хийд Суварган даваа, Тэргэн даваа, Дархан даваа, Цоржийн даваа, Юүзийн даваа, Хөх даваа, Хамар даваа зэрэг сүрлэг их даваануудын бэлд, мөргөлчдийг тоссон олон замын уулзварт рашааны хумх мэт хонхор газар байрладаг. Гэхдээ хийдийн зүүн этгээд дэх Шарлин хамраас Хөшөөтийн хөндийн чигт говийн Их Богд уулын бараа олон бээрийн алсад цэнхэртэн харагддаг. Сонирхуулж хэлэхэд Их богд уул, нийслэлийн Богдхаан уул хоёрыг нэг сахиустай гэлцдэг. Энэ хоёр уулын тахилгыг нэг өдөр хийж болдоггүй зөрүүлж хийдэг уламжлалттай байжээ.

-Ламын гэгээний хүрээний зохион байгуулалтыг та тайлбарлана уу, нийт хэдэн дуган, сүмээс бүтсэн цогцолбор байсан бэ?

-Хүрээний ерөнхий зохион байгуулалт, тиг, дэгийг Жигжэд /Ямандаг/ бурханы хот мандал лугаа нийцүүлэн төлөвлөж байгуулсан гэдэг. Баянзүрхийн хийдийн горломыг бүтэн тойрсон жаграй буюу шургааган хашаа нь орон хийдийг хүрээлсэн их тойргийг үүсгэж, баруун (нүвлин) зүүн (шарлин), урд, хойд дөрвөн их хаалга нь ертөнцийн дөрвөн зүгийг зааж тойргын голд зохих эрэмбээр орших дуган, шүтээнүүд хот мандлын төв цэг болж, найман дацангийн лам хуврагуудын сууц, хашаа найман зовхист хуваагдан тэгш хэмтэйгээр байршсан нь өнгө ялган бүтээсэн хот мандал, эрдэнийн хигээст алтан хүрдэн (хорол), шамбалын найман дэлбээт лянхуа тэргүүтнийг санагдуулахаар байж. 1737 онд анх суурийг нь тавьж хоёр зууныг дамжин бүтээн байгуулсан энэ хүрээ хийд нямба хийх нэг ламд зориулсан Лхаган хэмээх жижиг дуганаас мянган хувраг багтдаг Жийн дугана хүртэл нийт 42 дуганаас бүрдсэн олон мянган лам хуврагтай баруун өмнөд халх дахь шарын шашны бие даасан том төв байсан.

Лаврин буюу хутагтын өргөө хүрээний гол хэсэгт хэрмэн хашаанд тахил, шүтээний болон дотоод зан үйлийн зориулалттай монгол, төвд, хятад, уран барилгын хийц урлалыг хадгалсан Гиасын, Жүдийн, Их бага Зуугийн, Дарь-эхийн, Майдарын /Идгаачойнзон/, Чагчидын /Гийдэн даръяалан/, Дамжиндорлигийн зэрэг 16 дуган, сүм, гэр өргөө бүхий цогцолбороос бүрдэж байсан. Эдгээрийн гурав нь монголын уламжлалт уран барилгын дэгийг хадгалсан гэр дуган байжээ. Гэгээнтэнийн тугдамын гэр зандан шалтай, Дорж поврон /Сэмчин диян буюу бясалгалын өргөө/, Гандан поврон /өвгөн сэмчин буюу гэгээнтний нойрсох өргөө/ аль аль нь орой дээрээ ганжиртай. Гандан поврон гэхэд 18 ханатай, нэг унь нь залуу морины үнэтэй, Засаж цагаалсан сургаагаар хийж, торго чисчүүгээр ороон маажиндаж, зүмбэрдсан уньтай, хоёр давхар тоонотой байсан. Дээврийнх нь цасыг арилгах гэж шавь хүүхдүүд зиндаагаараа /нэг анги/ дээвэр дээр нь гарч цэвэрлэдэг байжээ. Энэ бол нэг л жишээ.

Цогчин их дуганд уран нарийн хийцтэй, мутар ба тэргүүн нь алт шармал арван хангалын хүрэл шүтээнүүд байсан. Бурханы хүрэл урлалыг Лим шүтээн гэдэг бөгөөд нарийн нандин хийцтэй, хосгүй ховор шүтээнд тооцогддог байжээ. Жийн дуган хоёр давхар, хойд хэсгээрээ гурван давхар хүрээний хамгийн том дуган байсан. Мянга гаруй хүний багтаамжтай төвөд маягийн хийцтэй. Тэгээд Нүвлин дацан, Диваажин дацан, Жадорын дуган, Гүшиг /дэргэдийн/ дацан, Шарлин /зүүн/ дацангийн дуган, Манба дацан, Дүйнхорын дугануудаас цогцолбор бүрдэж байсан шашин, соёлын том төв байсан.

-Ламын гэгээний хийдийн дурсгалт ховор нандин өвүүдээс дурдвал?

-Лаврин дахь гол Зуугийн дуганд судар, шастирын хөмрөгийн өрөөний хана нь зэс хөөмлийн аргаар бүтээж, алтаар шарсан Энэтхэгийн 84 шидтэний намтарчилсан хөргөөр өвч чимэглэгдсэн байжээ. Энэ тухай Гандантэгчинлэн хийдийн хамба агсан Дагвадорж ламтан “Эрдэнэбандид хутагтын хүрээнд Энэтхэгийн 84 шидтэний намтрыг зэсээр хөөж, алтаар шарж дуганы ханын энгээр бүтээсэн байв гэж хуучны лам нарын амнаас сонсож байсан. 84 шидтэний намтарчилсан зэс хөөмөл байтугай зурмал дүрс нь ч тэр бүр олдоод байдаггүй” гэж айлдаж байсан юм.

Хийдийн дэлгэрэнгүй түүх, гэгээдийн цадиг болон нандин шүтээнүүд, хурал номын ховор чухаг үндэс жүд, Богд дээдсийн зарлиг, айлдвар, Ганжуур, Данжуурын иж бүрэн ботиудыг багтаасан үнэт зүйлсээ хадгалж үлдэх арга чарга хайж Баавайн Сангидорж хэмээх хамба Лаврингийн доторх Гиасын Ролбий гайсар хэмээх гонхонд хийж үүдийг нь битүүмжлээд оройд нь улаан туг хатгая. Өнөөдөр эс гэхэд хойч үед хэрэг болно” гэсэн санал гаргаж хамаг үнэтэй зүйлээ энэ гонхонд хийж байсан гэдэг. Гэвч буу зэвсэг хадгалсан гэж дотоод яамныханд сэрдэгдэж магад гээд хойтон жил нь больсон гэх яриа байдаг юм.

ЮндэнбатБаруун өмнөд халхын хамгийн нөлөө бүхий том хийд байсан учраас 1937 онд коминтернийн бодлогоор тусгай бүлгийг төвөөс томилон илгээж 45 хоногийн турш тасралтгүй шатааж дуусгасан. Лагшингийн шүтээн болох бурханы бүх хөрөг зураг баримал шуумал, зарлигийн шүтээн гэгдэх ном судар, хөгжмийн зэмсгүүд, цамын баг, хувцас хэрэглэл, чимэг зүүлт сэлтийг цөмийг шатаасан. Тус хүрээнд Ганжуур гэхэд иж бүрэн тав, мөн адил тоотой иж бүрэн данжуур хадгалагдааж байжээ. Монгол данжуурыг суварган давааны суваргад шүншиглээд хийчихсэн байжээ. Бурханы шашинтнууд суварга хэмээх ариун байгууламжид хамгийн үнэтэй нандин зүйлээ зай болгон хийдэг уламжлалтай. Сүсэг бишрэлийг өдөөж байдаг онцгой байгууламж учраас хэт хувьсгалчид энэхүү суваргыг нураасан. Настай хүмүүс дурсахдаа “уг суваргыг нураахад монгол даанжуурын /их гарын 226 боть судар/ үй олон хуудсууд цахилсан хонь шиг цайрч яралзан хавийн нэг хийсч байсан” гэлцдэг.

-Хийдийн сургалтын агуулга?

-Нийт найман дацанд сургалт явуулж бурханы шашны боловсрол олгож байсан. Дундад зууны үеийн барууны их сургуулиудаас дутахгүй сургалтын үйл ажиллагааг эдгээр дацан эрхэлж байсан гэж болно. Жишээлбэл Чойр дацан шашны гүн ухааныг судалдаг сургууль юм. Сэрийн чойртой байсан гэдэг. Лхаст байдаг гурван том хийдийн нэг болох Сэра хийдээс уламжлалтай сургалт юм. Монголд Сэрийн чойртой хийд хүрээ нилээд ховор. Манбын дацанд дорнын анагаах ухаан, эмчилгээ, эм зүйг судалдаг, сургадаг, Дүйнхорын дацанд Дүйнхорын ёсны тарнийн ёс, одон орны судлалыг зурхайтай хавсран үздэг бөгөөд жил бүрийн билгийн тооллын цагалбар гаргадаг байсан гээд тус тусдаа өөр сургалттай. Дацан бүр бурханы шашны салбар бүрийг хариуцсан сургалтын агуулгатай байсан.

-Одоо бид бүгдийн баримталж буй Монгол зурхайн эцэг бол Ламын гэгээний өмнөх дүрүүд гэлцдэг. Энэ талаар?

-Ламын гэгээний хүрээнд шавийнхаа нутгийн төв хүйсэн дээр газрын саалт хийж тооцооллын эхийг авах, зурхайн зурлага зурах зан үйлийг 1930-аад оны дунд үе хүртэл мөрдөж байсан. Хүрээнд өвлийн адаг сарын 22-ноос эхлэн Гүдор хурдаг. Түүний урьдчилсан бэлтгэл болгож Ганжуур хэмээх хаалттай хурлыг 20,21-нд Цогчин дуганы үүдэнд гадаа хурдаг байжээ. Энэ хурал нь эсэргэн жилийн зурхайн зурлагыг эхлүүлдэг нэгэн зүйл ёслол юм. Энэ өдөр хуралд хурах лам хуврагууд, зурхайчид цөм нарнаас эрт цуглаж, тус тусын байрыг эзлэнэ.

Цогчин умзад энэ хуралд цаг зүйлийн олон тохиолыг тааруулах (шавийнхаа нутгийн төв, хүйсэн дээр газрын саалт хийж тооцооллын эхийг авах) гэж их хичээл зүтгэл гаргадаг байжээ. Үүний тул Сартах уул, Их Богд уул хоёрын оройд дээр нар тусахыг харж цогчин умздад мэдээлэх үүрэг бүхүй тусгай дохиочийг Шарлин (зүүн) хамар дээр зогсооно. Эдгээр тэмдэгт уулсын тэргүүнд наран тусах агшинд Шарлин хамар дээрээс өгсөн мэдээчийн дохиогоор лам хуврагууд “Вандан ёнзуг” гэдэг ном эхэлнэ. Хүрээлсэн уулсын хүүшид орших олон дуганы оройд нар хараахан тусаагүй байх үес тогтсон ая дангийн дагуу уг номын эхний хэсгийг уншдаг.

Энэ номын “…Логморой цоржид галдан жинсуйзан” гэдэг үгэн дээр Цогчин дуганы ганжирт нар тусах мөч давхцах ёстой бөгөөд үүнийг цогчин умзад өөрийн туршлага, ур чадвар, зөн билгийн хүчээр яв цав тааруулдаг учиртай юмсанж. Энэ дөрвөн үгийг угтуулан гэсгүйн тусгай дохиогоор цогчин жасын нярав аягтай сүү, хадгийг зурхайн даамалд өргөн барина. Зурхайч нар эхний гурван үгийг өнгөрөөгөөд дөрөв дэх “…жинсуйзан” хэмээх үгнээс нь эхлэн дараа жилийн зурхайн зурлагыг ес дарах маягаар зурж эхэлдэг ёс жаягтай байжээ. Шавийнхаа нутгийн төв цэг дээр тооцооллын эхийг авч, тухайн жилийн цаг улирал, хүн малд учрах гараг эрхсийн нөлөөллийг нарийвчлан тооцож зурхайн зурлагыг үйлдэх энэ ёс Ламын гэгээний анхдугаар дүрийн үеэс уламжлал болон тогтжээ. Энэ өдрөөс эхлэн цагаан сарын хорьд хүртэл бараг бүтэн сарын турш зурхайн зурлага үргэлжилж нутаг хошууны жилийн нуруу, ханиад томуу, цаг улирлын өнгө, мал сүрэг, олз омог аль алиныг тус тус хариуцсан зурхайчид гаргаж эдгээрийг нэгтгэсэн дэлгэр цагалбарыг (лит) үйлддэг байжээ. Тус шавьд жил, жилтэй хүнд тохирсон бүх нийтийн заслыг дацан дацан нь дааж, нэгтгэн хийдэг, ган зудтай байх нутгийг урьдчилан тогтоож, нутаг зохион байгууллалтыг нэгдсэн журмаар зохицуулдаг онцлогтой байсан.

-Ламын гэгээний хийд хөрөнгө хуй ихтэй, мал ихтэй байсан гэлцдэг. Мал ахуйгаа мөн л тогтсон дэг журмынхаа дагуу малладаг байсан нь сонирхолтой санагдлаа?

-Маш баян шавь хошуу байсан. Аж ахуй эрхлэх аргын хувьд маш сайн зохион байгуулалттай. Газар нутаг нь уртрагын дагуу уртаашаа сунасан хэлбэртэй. Хангай, хээр, говь талыг эзэлсэн гурван бүсийн нутгаа жилийн дөрвөн улиралд ээлжлэн ашигладаг байсан. Энэ бол нутаг хошууны хилийн дээсийг тогтоохдоо эрхлэх аж ахуй, аж төрөх аргатай нь нягт уялдуулж байсан монгол уламжлалын сонгодог жишээ юм. Малчдад цаг улирлын аяст нийцүүлэн уртрагийн дагуух уудам орон зайд, нутаг бэлчээр сонгон нүүдэллэж, мал сүрэгт тарга хүч авахуулах боломж олгодог, бэлчээр талхлагдахаас найдвартай хамгаалдаг, байгальд ээлтэй шалгарсан тогтолцоог нөхцөлдүүлж байсан хэрэг.

Гэгээний сан буюу “Сангай” нь шавийн дотор хамгийн баян бөгөөд нэр нөлөөтэй аж ахуйн байгууллага юм. Эрдэнэ бандида хутагтын сан нь аж ахуй зохион байгуулалт, ашиг орлогын хувьд хавь ойрт үлгэр жишээ болж, нийт малын тоогоор халхын хэмжээнд зөвхөн Жавзандамба хутагтын дараа орж байсан нь үүнийг нотлох нэгэн жишээ юм.

Гэгээн сан зүс зүсээр нь суурилсан түм илүү адуутай, мөн тэмээн сүрэг нь түм хүрч, хол, ойрын тээвэрт хөсөг хөдөлгөх, жин тээхэд ачлага, уналгын 1000 шилмэл атыг нэгэн дор гаргах чадвартай гэж хавь ойртоо гайхагдаж байсан гэдэг юм.

Ламын гэгээн шавийн захиргаа нүүдлийн мал маллагааны уламжлалт арга барил, туршлагыг өөрийн нутгийн нөхцөлд тохируулан хэрэглэж, малчид, сүрэгчдийн жилийн дөрвөн улиралд хийх нүүдэл суудлыг нэгдсэн журмаар зохицуулж, аж ахуйн цэгцтэй, үр ашигтай зохион байгуулалтыг буй болгож чадсан байна.

Зуны эхэн сарын шинийн гурванд бүх шавийн хэмжээгээр ганцхан өдөр ботго, унага, тугаланд ногт, уяа хийж, хурга ишгээ ялгаж, саалинд эхлэн оруулна. Зуны дунд сарын эхний нохой өдөр унагаа уяж, хурга ишгээ хөнгөлнө. Намрын адаг сарын эхний бар өдөр унага, тугал, ботгоо тавьж, эх малыг саалиас чөлөөлөн таргалуулах ажилд орно. Намрын дунд сарын эхний гахай өдөр бүх дааганд тамга хийж /сэрээтэй саран тамга/, үхрээ имнэнэ. Өвлийн эхэн сарын туулай өдөр хоёр настай тэмээг анх буйллана.

Ламын гэгээн шавь нь мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ Лигийн голд арвай тариалж, гэгээн сан ба дацангуудын хурал номын хэрэгцээг хангаж ирснээрээ эрхлэх аж ахуйн хувьд зэргэлдээ хошуу, тамгатай хутагт нарын шавиас давуу талтай байсан. Лиг цагаан голын тариачид ургацаа хурааж дуусаад намар бүр гэгээн сангийн тэмээн сүрэгчдээс цугласан олон тормонд тариагаа ачиж, Их Богд уулын өвөр говь дахь Лигийн голоос Хангай уулсын өвөр бэлд орших Баянзүрхийн хүрээнд (Ламын гэгээний хүрээ) хүргэж, талдаа 200 гаруй км хол замыг туулж байсан нь бага насны тэмээг эдэлгээнд эхлэн сургах шалгарсан арга болж уламжлан хэвшсэн зүйл байжээ. Тором цуглаж, хөсөг хөдлөх үеийг нутгийн ярианд “тариан тором хөдлөх”, “тором зэмнэх”гэж нэрлэдэг бөгөөд нэг тормонд хоёр дэү /30-40 шанага/ тариа ачиж, ургац барагтай жил 300 гаруй, ургац сайтай жилд 400 орчим тормоор хөсөг хөдөлгөдөг байжээ. Манай нутгийнхан өөрсдийгөө “өөхтэйдүү мах идэж, аагтайдуу цай уудаг…” гэхчлэн баярхах /омойтох/ талдаа байсан гэлцлэг.

-Ламын гэгээний хүрээ цамаараа их алдартай байсан гэдэг. Нутаг орныхон хүлээж, зорьж үздэг байсан. Цамын талаар та тайлбарлаач?

ЮндэнбатТүүх сөхвөл: VIII зууны үед Тисрондэвзан хааны урилгаар Энэтхэгийн орноос төвдөд залагдаж ирсэн буддын нинмава урсгалын их тарничин ловон Бадамжунай, Самъяа хийдийг (736 онд) үндэслэн байгуулахдаа тухайн нутаг орны лус савдгийг аргадах, шашны дайсныг номхотгох зорилгоор цамын багт бүжгийг анх дэглэн тавьж байсан. Энэ үеэс эхлэн Төвдийн нимава урсгалын хийдүүдийн их зонхид цам гардаг болсон. Харин гэлүгва урсгалынхан цамгүй байжээ. Хожим 1645 онд IV Банчин Богд Лувсанчойжижалцан шашны дайсныг номхотгон дарах, чөтгөр шумнасыг үлдэн хөөх агуулгатай цамыг Дашлхүмбэ хийдэд зохион үйлдсэн нь Гэлүгвагийн урсгалын цамын эхлэл байсан.

Үүнээс ердөө 17 жилийн дараа Банчин Лувсанчойжижалцаны нүүр тулсан шавь Ламын гэгээн Лувсанданзанжалцан XI жарны хар барс жил (1662) төвдөөс нутаг орондоо буцаж ирээд дацан хийдээ анх байгуулахдаа шашинд тэрслэх дайсан хийгээд, орон газрын харшлах эздийг номхотгох зорилгоор “Их балинд дүгжүгийн мутрын авлага, арван шанаг (хар малгайт) сэлтийн цамыг Дашлхүмбийн Аг дацангийн ёс мэтээр зохиосон” нь Ламын гэгээний хүрээний цам дормын эхлэл төдийгүй Ар Халхын хүрээ хийдэд тавигдсан цам бүжгийн анхдагч нь болсон. Ийнхүү 1662 онд Ламын гэгээн монгол нутагт цам үүсгэсэн нь 1723 онд Монголын анхны цам Ойрадад гарсан гэж “Шашин соёл” тайлбар тольд дурдсанаас 59 жилийн өмнө, Өвөр Монголд Урадын Мэргэн гэгээн цам гаргаж, цамын тухай тухай судар сурвалжийг 1750 онд бичсэн гэж Л.Хүрэлбаатар докторын тэмдэглэснээс 80 гаруй жилийн өмнө, 1786 онд Эрдэнэ зуу хийдэд уг хийдийн VII ширээт лам Лувсандагвадаржаа 108 тоотой цамыг анх буй болгосон гэж Эрдэнэ зуугийн түүх сударт дурдсанаас 124 жилийн өмнө, тэрчлэн 1811 онд их хүрээнд дэглэн тавьсан Жахар цамаас даруй 148 жилийн өмнөх үйл явдал болно.

Ламын гэгээний хүрээнд жилдээ давхардсан тоогоор 583 цамчин оролцсон цамын 11 цуврал ёслол болдог байсан нь жилд гардаг цам (дором)-ын тоо, нэр төрлөөр Монгол ба Төвд дэх гэлүгвагийн урсгалын хүрээ хийдүүдээс давж байгаа үзүүлэлт юм. Ламын гэгээний хүрээний бараг бүх дацан нь бие даасан, өөр өөрийн шүтээн сахиусанд зориулсан өвөрмөц сэдэв агуулга бүхий цам доромтой, дором бүр өөр өөрийн зориулалтад тохирсон цамын баг, хувцас өмсгөлтэй, тэдгээрийг бие биеэс авч хэрэглэдэггүй байсан нь уг хүрээний бусдаас ялгарах онцлог байжээ. Энэ нь тус хүрээний лам хуврагууд, сургууль дацангийн тарни, бясалгалын түвшин өндөр байсныг гэрчилж байгаа юм.

-Дором гэж юу вэ?

-Манай нутагт цамыг дором гэж нэрлэдэг байсан. Дором нь олон зүйл бурхад, дошгидод зориулсан хурал уншлага, балин, тахил, цамын бүжиг, сор зэрэг дэлгэр чогыг багтаасан бурханы шашны цогц зан үйл бөгөөд ямар бурханд зориулж, ямар зориулалтаар үйлдэж байгаагаас шалтгаалан оролцох хүний тоо, цамын баг, хувцас өмсгөл, бүжгийн хөдөлгөөн, утга агуулга нь өөр өөр байдаг. Гомбын дормыг Нүвлин дацангаас эрхлэн гүйцэтгэнэ. Энэ нь хамгийн олон хүн оролцдог том дором юм. Гомбын дормыг Ламын гэгээний VII дүрийн хувилгаан Цэрэндоржийн үед олноо өргөгдсөний 13 дугаар он (1923), харагчин гахай жил Гомбо голлосон 128 цамыг зохиосон. Дамжинчойжалын доромын зуныхыг нь Диваажин дацан /64 цам гаргадаг/, өвлийнхийг нь цогчин жас хариуцан гүйцэтгэдэг /50 цамтай/, Жэдорын доромыг Жэдор дацан хариуцан гүйцэтгэдэг. /108 цамтай/

-Мөн тосон балингийн баяр хийдэг байсан тухай таны судалгааны ажилд өгүүлсэн байна. Тосон балин бараг тусдаа урлал болж хөгжиж байсан нь их сонирхолтой санагдлаа?

-Ламын гэгээний хүрээнд зохиогддог тосон балингийн баяр хэмээх цамын өвөрмөц төрөлд бурхад, догшдод зориулсан нийтлэг балингуудаас гадна цэвэр урлахуйн чиглэл бүхий чөлөөт сэдэв, уран зохиомжтой балингийн урлал чухал байртай байсан, бас зарим балинг нь хөдөлгөөнтэй хийдэг байсан. Жишээ нь цан хэнгэрэг нүдсэн, бишгүүр үлээж, дамар цохисон хүүхэлдэйнүүд, тэрчлэн цэцгийн дэлбээ нээгдэхэд хүүхэд цухуйдаг, түүнийг тогос шувуу тонших гэхэд дэлбээ хаагддаг. Шава, Махэ хоёрыг дүрсэлсэн хос хүүхэлдэй цан, хэнгэрэгний аяар цам харайдаг, судар номоо орхиод хийдээс зугтааж буй нэгэн бандийг нөгөө банди нь очиж, буцаан авчирч буйг үзүүлсэн, номд дургүй шавь банди нарыг шоолсон зэрэг үзүүлбэр байдаг байж. Эдгээр балинг араас нь утсаар татаж удирдан тоглуулдаг тул одоогийн хүүхэлдэйн жүжиг шиг сонирхолтой байсан. Балингийн урлал тус хүрээнд хөгжлийн өндөр түвшинд хүрч, сэдэв агуулга, зохиомж, дүрслэлийн хувьд зарим талаар шашны урлагийн тэг дэгээс хальж, иргэний агуулгатай уран баримлын өвөрмөц урлал болж, зэрэгцэн хөгжиж байсан гэж дүгнэж болохоор байгаа юм.

-Майдар эргэх ёслол хүн зоны хүлээдэг том баяр шиг шашны баяр болдог байсан тухай бас баримтууд дурдсан байна?

-Ламын гэгээний хүрээнд Майдар эргэх ёслол зуны адаг сарын шинийн гурванд болдог байжээ. Майдар эргэх ёслол нь шашин, урлагийн гоо сайхны сүр хүчийг илтгэж, сүсэгтэн олны итгэл бишрэлийг зузаатгаж, сэтгэлийг ариусгасан шашны зан үйл бөгөөд шавь нийтийн хүсэн хүлээдэг баяр цэнгүүн болж олон оныг дамнан уламжлагдаж ирсэн байна. Майдар эргэх ёслолд Ламын гэгээдийн оруулсан хувь нэмрийг дараах дөрвөн жишээгээр төлөөлүүлэн харуулж болно.

Нэгдүгээрт: Ламын гэгээний хүрээний Майдар эргэх ёслолд хангарди тэргүүтэй 26 цам, тахилын бүжиг, дуулал тэргүүтэн олон зүйл үзүүлбэр гардаг байсан нь эдүгээ шашин, соёлын судалгаанд ихээр үгүйлэгдэж байгаа майдарын цамын судалгаанд шинэ содон баримт болох юм. Тус шавийн нутаг дахь тахилга тайлгатай Их Богд уулыг хангарди савдагтай гэж үздэг байсан эртний шүтлэг, домог зүйн сэтгэлгээтэй холбоотойтойгоор майдар эргэх ёслолын цувааг жигүүртний хаан хангардиар тэргүүлүүлж, уг ёслолын эхлэл, төгсгөлд хангарди хос их жигүүрээ дэлгэн сүр хүчийг илтгэн бүжиг ёслол үйлддэг байсан нь Ламын гэгээний майдарын нэг онцлог бөгөөд үүнийг майдар эргэх ёслолд монгол лам нарын оруулсан хувь нэмэр гэж үзэж болно.

Хоёрдугаарт: Шавь олноор баян цатгалан, идээ умдаан элбэгтэй байх, мал сүрэг нь өсөж үржихийн бэлгэдэл болгож эмээл дээр нь зэндмэнэ эрдэнэ залсан ногоон халзан морь, сарлагийн хар бух, тугалаа дагуулсан хоёр үнээ зэрэг монгол малын шуумал дүрсийг майдар эргэх ёслолын цуваанд оролцуулдаг байсан нь майдарын ёслолд шингээсэн монгол зан үйлийн содон жишээ гэж үзэж болно.

Гуравдугаарт: Нүвлин (баруун) үд дээр майдарын цамын хоёр тугал эрднийн үрлээр бөөлжих үзүүлбэрийг гаргадаг, эл эрхэм эрдэнийг Майдар бурханы өмнөх хумханд залах ёслол үйлддэг байсан нь эд баялгыг эрхшээгч Намсрай бурханы мутарт оршдог “Эрдэнийн зүйлээр бөөлжигч цагаан хулганыг” идээ цагааны эх ундрага болсон монгол үнээний үр төлөөр төлөөлүүлсэн өвөрмөц шийдэл болж майдарын ёслолыг баяжуулсан байна. Дөрөвдүгээрт Гүшогийн үд дээр отго жинстэй, улаан залаатай хар хилэн малгай, хөх торгон тэрлэг, хиазтай хантааз, хүрэм, мөнгөн хэт хутга, хавтага даалингаар ижилсэж, мөрөн дээгүүрээ өргөн улаан тууз тохож жигдэрсэн, майдарын жууз хөтлөгч 60 хиа Майдар бурханд жигд, зэрэг хөдөлгөөнөөр гурван удаа сунаж мөргөх ёслол үйлдэж, мөргөлчин олныг шагшуулдаг байсан нь Энэтхэг, Төвдөөс улбаатай майдарын ёслолыг Монгол хүний сэтгэхүй, шашин, төрийн хос ёсонд нийцүүлэн бүтээлчээр боловсруулж дэглэсэн бодитой жишээ гэж үзэж болно.

-Ламын гэгээний хийдэд хэд орчим лам шавилан сууж байсан бол багцаагаар?

-Хийд ид цэцэглэлтийн үедээ 3000-4000 мянган ламтай байсан. Сүүлд сурвалжуудад Ханчин хийд 2000 гаруй ламтай байсан бөгөөд 1918 онд 1809, хорин хэдэн оны тооллогоор 1500 болж гучин хэдэн онд 700 болж тэгээд тасралтгүй цөөрсөн байдаг. ТТГ-ын тусгай архив, хийдийн өвгөчүүлийн яриаг үндэслэж, 928 ламын нэр, овог төрсөн оныг нь ямар дацангын харъяат, баригдсан уу, хоригдсон уу, цаазлагдсан уу гэдгийг нь тодорхой болгож ангилаад нэрсийг цагаан толгойн үсгийн дараалалд оруулж сая хэвлэгсдэн “Ламын гэгээний түүх, өв соёл” номондоо хавсаргасан. Хийд хүрээ тарж байх үеийн мэдээлэлд 16 нас хүрээгүй лам нарыг бүртгээгүй байгаа юм.

-Монголын өв соёл болсон хийдүүдийн нэг Ламын гэгээний хийд нэгэнтээ устаж үгүй болсон. Харин хийдийн шинэ сэргэлт орчин цагийн Ламын гэгээний хийдэд хуучин цагийн Ханчиг дэг үйлчилж байгаа болов уу?

-Коминтернийн бодлогоор хүрээг буулгаж шатаасны дараа капитал хийцтэй хөх тоосго чулуунууд нь үлдсэн. Хийдийг бүхэлд нь дан дун гэж дуугардаг хөх тоосгоор хийсэн. Хийд татан буугдахад хийдийн хөх тоосго, шат довжоо, баганын суурийн чулуун хийц, яс модыг Баян-Овоо суманд Мал аж ахуй машинт станц барихад, Эрдэнэцогт, Өлзийт сумдад сургууль, гар үйлдвэрийн артелийн барилга барихад, Аймгийн төв Галуутад байхад захиргаа, намын хорооны барилга барихад зориулж зөөсөн юм билээ.

Би гэхэд Өлзийт суманд 7 жилийн сургууль төгссөн. Манай сургуулийн бүх анги, сурагчдын гал зуухны барилгын дээврийн яс мод, сүм дуганы эрээн алаг хээтэй модоор хийгдсэн байдаг байж билээ. Суманд гар үйлвэрийн артель байгуулахад оёдол, төмөр, модны тасгийг хийдийн хөх тоосго зөөж ирж барьж байсан. 1990 онд Гандан дэданлин хийд дахин сэргэсэн. Энэ үйлст урьд Нүвлин дацангийн хамба явсан, хожим аймгийн музейн эрхлэгч байсан Л.Юндэнбат хамба их үүрэг гүйцэтгэсэн.

“Манай хүрээнээс ганц тоосго үлдсэн байхад манай хийд байгаа гэж бодож байгаарай” гэж хуучны номтой шүнтэй ламын хэлсэн үг миний санаанаас гардаггүй юм. Тус хийдийн гавж, аграмба, маарамба, зурхайч нар бүгд төрийн цаазаар үгүй болж үлдсэн цөөн хэд нь 10 жилийн ял эдэлж гарч ирсэн. Азаар шинэ цагтай золгоход тав зургаанхан ахмад лам амьд мэнд байж хүрээ хийдийнхээ дэг жаягыг залуу хойч үедээ зааж сургаж өвлүүлснээр сэргэх замдаа орсон..

-Монголын бурхан шашин Энэтхэг, Төвд болоод бусад буддын шашинт орнуудынхаас юугаараа онцлог вэ?

-Сүсэг бишрэл бол хүний үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлтэй нарийн холбогдсон маш эмзэг, нийгэм-сэтгэл зүйн өвөрмөц үзэгдэл юм. Хүн угаасаа сүсэглэг мөн чанартай бөгөөд хүний уураг тархи аль нэгэн зүйлд итгэж сүсэглэж байхуйцаар журамлагдсан /програмчлагдсан/ болохыг нейробиологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлтүүд баталж буй ажээ. Шашин бий болохын өмнө цалиг болон сүлд, сүнс шүтлэг, домын шүтлэг зэрэг өвөг шүтлэгүүд, хожим өвөг дээдсийн сүнс хийгээд тэнгэр, газрыг шүтэх бөө мөргөлийн тодорхой хэлбэрүүд буй болсон байна. Шүтлэгийн эдгээр хэлбэрүүд дангаараа болон өөр хоорондоо сүлэлдэн оршиж, ул мөр нь удаан хугацаанд үл арилан хадгалагсан байна. Монголын нүүдэлчдийн язгуур шүтлэгийн зарим махбод нь анхны унаган төрхөө хадгалан үлдэж, зарим нь сүсэг бишрэлийн агуулгаа гээж ардын ёс заншлын хэлбэртэй болж, бурханы шашны зан үйлтэй нийлэгжин өнөө хүрч уламжлагджээ. Бурханы шашин сүсэг гэхээс илүү ёс заншил болж тогтсон.

Жишээ нь цацал өргөх, овоо тойрч чулуу нэмэх зан үйл гэхэд бусад үндэстэн угсаатанд бараг байдаггүй зан үйл шүү дээ. Монгол хүн хол явсан үр хүүхдээ, аав, ээжийгээ сэтгэлдээ тогтоон бодож оюун санаагаар холбогдож, бодол санаагаараа төвлөрч хайртай дотны хүмүүсээ сайн сайхан яваасай гэж цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Энэ бол шашин мөргөл гэхээсээ илүү монгол хүний ёс заншил. Энэ мэт зан үйл, ёс заншил мухар сүсэг төдий зүйл биш тухайн үндэстэнд олон зуун жилийн турш сууж өгсөн өгөгдөл юм.

Бурханы шашин монголын хөрсөнд идээшихдээ монгол нүүдэлчдийн язгуур шүтлэг болох бөөгийн ёсноос олон зүйлийг зээлдэн авч, баяжуулж сайжруулан хэрэглэснээр өөрөө ч ихээхэн өөрчлөгдөж, өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн зан үйл, итгэл бишрэл дээр буддын шашны их, бага ухаан нэмэгдээд монголын нүүдлийн соёл иргэншилд бүрнээ нийцсэн монголын онцлогтой бурхны шашин бүрэлдэн тогтох үндэс суурь болжээ. Энэтхэг улсаас Монгол улсад элчин сайдаар сууж асан, төр, шашны нэр хүндтэй зүтгэлтэн Бакула ринбүүчи 1998 онд Японд болсон Бурханы шашныг сурталчлах дэлхийн анхдугаар удаагийн бага хурал дээр “Бурханы шашин хэдийгээр Энэтхэгт үүссэн боловч цааш, цааш дэлгэрсэн орныхоо соёл, туршлагаар баяжин хөгжиж ирсэн тухайн тэр орны соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Ийм учир бурханы шашныг гээх нь мөн утгаараа өөрийн үндэсний өвөрмөц чанарыг гээнэ гэсэн хэрэг” хэмээн айлдсан нь буй. Би үүнтэй санал нэг байдаг хүн. Бурханы шашныг хүлээн зөвшөөрөх, уламжилж авч явна гэдэг бол тухайн үндэстэн өөрийнхөө соёлыг хамгаалж байнаа гэсэн үг.

-Бурхан шашны бусад шашнаас ялгарах гол онцлог…?

-Би лам хувраг хүн биш. Гэхдээ аав, ээж, өвөг дээдсийн үеэс сүсэглэж дээдэлж ирсэн бурханы шашныг хүндэтгэж явдаг жирийн судлаач хүн. Бурханы шашин бол хүнийг дотроос нь засах ёс суртахуунтай байлгах, бусдын зовлонг өөрийнхтэй зүйрлэж энэрхүйн сэтгэлтэй байхад сургаад байгаа юм. Бурханы шашны бусад шашнаас ялгарах хамгийн чухал ялгааг маш энгийнээр хэлье л дээ. Гадны хорлолыг гадаад тотгор гэдэг. Энэ бол гаднаас учирч буй гай зовлон, ад зэтгэрийн хорлол юм. Үүнийг сэтгэлийн хат, биеийн бөхөөр ялж болно. Хамгийн хэцүү зүйл бол дотоод түйтгэр байдаг гэх.

ЮндэнбатДотоод түйтгэр гэдэгт уур хилэн, атаа хорсол, шунал тачаал, хэрүүл тэмцэл, буруу үзэл гээд олон зүйл нисванис багтдаг гэдэг. Бурханы шашин бол өөрөө өөрийгөө ялах, гэгээрэх, сэтгэлийн амгаланд хүрэх ухааныг зааж сургадаг. Бид талийгаачийн шарилын дэргэд л амьдрал ямар богино гэдгийг ойлгож сэтгэл зөөлөрдөг. Тэгсэн хэрнээ бусад цагт дандаа эд хөрөнгө, алдар нэр, хоногийн хоолны төлөө явсаар хорвоог дуусгадаг. Хүн гэдэг чинь ингээд л дуусдаг жамтай байхад их эд хөрөнгө, эрх мэдлээр яах юм бэ гэж номлож байгаа нь өөрөө хоосон чанар гэдэг зүйл шүү дээ. Хойд нас, үйлийн үрийн тухай бурханы шашин номлодог. Хойд нас байдаг гэж үзэхэд юу нь буруу байх вэ? Зөв шудрага явбал ядаж үр хойчист маань хэрэгтэй бус уу. “Юу тарина түүнийгээ хураана гэж” үг буй. Дэлхий нийтээр ямар нэг шашин шүтдэггүй хүнийг ёс суртахуунгүй, ямар нэг өөрийн хүндэтгэх үзэлгүй хүн байна гэж үздэг болсон. Хүндэлдэг, дээдэлдэг бишрэх зүйлтэй байна гэдэг соёлт хүн төрөлхтөний салшгүй нэг шинж юм.

-Та бид хоёрыг ярилцаж буй энэ цаг үед Монголд монгол хүү X Богдоор тодроод байгаа мэдээлэл хамгийн их анхаарал татаж байна. Монгол богд Монголоос тодорсон ач холбогдлын талаар та тайлбарлаж өгөөч?

-Бурханы шашин Монголд дэлгэрэхдээ өөрийн гэсэн өнгө төрхтэй дэлгэрсэн. Бурханы шашин умраас умарт дэлгэрэхэд үе үеийн Жавзандамба хутагт нар маш чухал үүрэг гүйцэтгэж байсан. Эдүгээ монгол туургатныг нэгтгэж, торгоож байгаа хоёр зүйл байна. Нэг нь монгол хэл, нөгөөх нь бурханы шашин гэж би хувьдаа бодож байна. Бурханы шашны ачаар монгол угсаатнууд бусдад юу юугүй ууссангүй. Халимаг, Буриадууд үнэн алдартны шашинд ууссангүй. Өөрийн гэсэн багахан орон зайдаа ч бурханы шашны сүм хийдээ бариад тэндээ өөрсдийгөө хадгалаад, дацандаа мөргөөд, цагаалга хийгээд, улаан өндөгний баяр гэж тэмдэглэхгүй байгаа биз дээ. Энэ бол дархлаагаа хадгалж буй нэг сэжим гэсэн үг.

Монгол монголоороо үлдэж байгаагын нэг дархлаа бурханы шашин болчихоод байна. Монголчууд бол шарын шашны Их хөлгөний Гэлүгбагийн урсгалыг авсан. Урд хөршөөс бид шашны урсгалын хувьд шал өөр. Мөн бидний амьдран буй орчин, орон зай, эрхэлдэг аж ахуй нь өөр юм. Бидний амьдралын хэв маяг өөр. Ийм олон зуун жил хөрш амьдарсан хэрнээ бид хятдад уусаагүйн нэг шалтгаан нь бурханы шашин юм. Гэлүгбагийн урсгал гэдэг чинь номт гурван оронд дэлгэрсэн. Энэтхэг, Төвд, Монгол гурав юм. Энэтхэгийн тухайд хүн амын 95 хувь нь Хиндү шашинтай. Төвдийн хувьд эрхшээж буй улс нь күнзийн сурталтай, шашигүйн үзэлтэй. Тэгэхээр Монголд буддын шашны том орон зайг үүсгээд байгаа хэрэг. Буддын шашин үе дамжин шүтэгдэж ирсэн олон зууны уламжлалтай, түм бумаар тоологдох сүсэгтнүүдтэй, төр засгийн хавчлага шахалтгүй орон эдүгээ Монгол Улс л байна. Энэ утгаараа бурханы шашны хүндийн төв Монгол руу эргэж байна гэж ойлгогдож байна. Ашгүй дээ монголын бурханы шашин тэргүүнээр Монгол хүн тодорлоо гэж жирийн судлаачийн хувьд баяртай байгаа.

-X Богд Монголоос тодорч байгаад сөрөг мэдээллүүд их гарч байна?

-Монгол хүн монгол газраа монгол богдоор тодорно гэдэг бол маш чухал. Бид бурханы шашинтай улс орон юм бол шашин маань өөрийн гэсэн бэлгэ тэмдэг, тэргүүнтэй байх ёстой биз дээ. Бурханы шашин нь бидний өвөг дээдэс хэдэн үеэрээ шүтэж ирсэн уламжлалт шашин. Монголчуудын үе үеийн түүхийг шашингүйгээр авч үзэх боломжгүй. Монголчуудын амьдралын хэв маяг бүх зүйл шашинтайгаа холилдоод сүлэлдчихсэн. Аль алиныг нь тусад нь судалж үзэх, ганцаарчлан ярих боломжгүй.

Бид шүтэх, эс шүтэх эрхийг үндсэн хуулиараа баталгаажуулсан улс. Аравдугаар богдыг тодруулсан нь бурханы шашныг бүх түвшинд мандуулах, хүн бүрийг буддын шашнтан болгох гэсэн хэрэг биш. Харин иргэдийнхээ шүтэх эрх чөлөөнд боломж олгож буй хэрэг. Аравдугаар Богдыг тодруулсан нь хэн нэгэнд таалагдахгүй байгаа бол ядаж бусдыг буруу зүйлд бүү уриал гэж хэлэх байна. Улс төрийн хүрээнд төдийгүй, уламжлалт шашин, түүгээр ч барахгүй үндэсний бөхчүүд дотроо хагаралдаад байх юм бол монгол үндэсний дархлаа тэр хэрээр суларна гэсэн үг.

Эртний үгэнд “Цөөн хүн эвтэй бол төмөр хүрээ мэт”, “Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш болох”, “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэж гардаг. Богд бол монголчуудын эв нэгдлийн нэгэн бэлгэ тэмдэг. Ядаж сүсэгтнүүд нь оройдоо дээдлэх хүнтэй байя л даа. Монгол туургатны итгэл бишрэлийн төвлөрөх цэг болсон Богд гэгээний хойт дүр яагаад монголоос тодорсон монгол хүү байж болохгүй гэж. Шинээр тодорсон Богд маань монгол хүү байна. Одоо бол хувилгаан. Нас бие нь гүйцэхээр хутагт болно. Эдүгээ эрдэмд боловсрох, энэрэхүй их Буддаг судлах, бурханы бүрэлбааг өөртөө бүрэлдүүлэх үе нь. Ийм эгзэгтэй, эмзэг үед нь балчир бага Богдынхоо тухай элдвээр хэлэлцэх нь буруу гэж бодож байна.

nomТа бүхэн Соёл судлалын ухааны доктор Алдар овогт Соном-Ишийн Юндэнбатын Ламын гэгээний түүх соёл, Ламын гэгээний Ханчин дэг ёслол, зан үйл боть номыг худалдан авахыг хүсвэл 99095493, 94094554 дугаарт холбогдоорой.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img