2024-07-26, Баасан
15 C
Ulaanbaatar

Л.БЯМБАХАНД: Финляндад гудамжны хальтиргаа нь үндэсний аюулгүй байдалд ордог

Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандын "Монгол улсын гуравдагч хөршийн бодлогод Орос, Украйны хямралын үзүүлж буй нөлөө” илтгэлээс тоймлон хүргэе.

Монголчууд гадаад бодлого дээр талцаж яваа нь харийн нөлөө байж мэднэ

Монгол газар нутагтаа цөмийн хаягдал булуулахгүй гэсэн тохироотой улс. Манай хоёр хөршийн хувьд хил залгаа газрууддаа цөмийн хаягдал байдаг учраас маш хэрэгтэй тохироо. Энэ дэлхий энх тайван аж төрөх үү, аюултай байх уу, аль нэг улс оршин тогтнох уу үгүй юу гэдгийг шийддэг газар бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл. Аюулгүйн зөвлөлөөс манай цөмийн зэвсэггүй статусыг зөвшөөрнө гэдэг бол жижиг улсын хувьд том зүйл. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ байгууллагын 57 дахь буюу хамгийн отгон гишүүн нь Монгол Улс. Гишүүнээр элссэнээс хойш тэд манай сонгуулийг ирж ажигладаг болсноос гадна аюулгүй ажиллагааны салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн. Монголын хувьд гадны эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт уламжлалт аюул ярьдаг улс. Гэтэл зарим гадны улсын хувьд үндэсний аюулгүй байдал нь их гоё. Финландад гэхэд л гудамжны хальтиргаа үндэсний аюулгүй байдалд ордог. Сүүлийн үед буюу 2014 оны Крымээс эхэлсэн том асуудал бол Украин. Украины асуудал дээр ЕАБХАБ асар том нөлөө үзүүлж байсан.

Би таван улсад НАТО-г хэрхэн ойлгодог вэ гэсэн судалгааг гурван жилийн турш хийсэн юм, НАТО-гийн мөнгөөр. НАТО-г зарим улс их эерэгээр ойлгодог бол Монгол эерэг, сөрөг аль алинаар нь хардаг гэсэн дүн гарсан. Хамгийн сонирхолтой үр дүн гарсан нь манайх. Тэр утгаараа бид их сонирхолтой улс.

Хоёр хөршийн хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлогын илрэл нь Оюу толгой

Монгол улс эдийн засгийн хувьд гуравдагч хөршийнхөө хөрөнгө оруулалт оролцоог үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгаж өгсөн. Нэг улсаас ирж буй нийт хөрөнгө оруулалт гуравны нэгээс хэтрэх ёсгүй гэсэн заалт бий. Хоёр хөршийнхөө хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлогын үүднээс ийм заалт баталсан. Үүний тод илрэл нь Оюу толгой. Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ хэлцэл бол Монголын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсон онцлогтой.

Иргэдийн хувьд гуравдагч хөршийн орнуудын элчин сайдын яаман дээр л виз авахаар дугаарладаг. Гуравдагч хөршийн тухайд иргэд хоорондын харилцаа эрс сайжирсан. Ким Кардашъян Америкийн бодлогод яаж нөлөөлдөг билээ. Армян гаралтай гэдэг утгаараа Армян, Азарбейжаны хямралын асуудал дээр нөлөөлчихөж байгаа юм. Магадгүй манай улсын тухайд дараагийн Ким Кардашъян гарч ирж, гуравдагч хөршийн харилцаанд нөлөөлж Монголд хэрэгтэй бодлого хэрэгжүүлчихийг үгүйсгэх аргагүй. Наад захын жишээ гэхэд Трампын эхнэрийн үсийг засдаг хүн монгол эмэгтэй гэсэн яриа дуулдаж байсан. Гэх мэтээр яривал иргэдийн зүгээс хоёр улсын харилцаанд үзүүлэх нөлөө гэж бий. Энэ тал дээр бидэнд боломж бий.

Оросын өдөөсөн дайн олон улсын эрх зүй гэдэг ойлголтыг байхгүй болгочихлоо

Манайд довтолж болох хоёр улс бол хөршүүд маань. ОХУ, БНХАУ-ын хувьд тус тусдаа хоёр сая хүнээс бүрдсэн армитай. Тийм улсын эсрэг дайтах ойлголт байхгүй. Жижиг улсын зовлон нь энэ. Бидний аюулгүй байдлыг хангаж буй гол зүйл бол НҮБ. НҮБ байхгүй бол бидний аюулгүй байдал хэцүү. Украины хямралыг Оросын зүгээс “Луганск, Донецкт нацист байдал хэцүүдсэн, тэрийг нь засахын тулд туслах гэж тусгай ажиллагаа эхлүүлсэн, НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийг баримталсан” гэсэн тайлбар хийсэн. Гэтэл тэр зүйлд “Тусгаар улс” гэсэн тодотголт л бий. Луганск, Донецк бол тусгаар улс биш, Украины нэг муж. Тэгэхээр бидний итгэдэг НҮБ-ын дүрэм бидний аюулгүй байдлыг хангах уу гэсэн асуулт гарч ирж байна. Оросын өдөөсөн дайн олон улсын эрх зүй гэдэг зүйлийг байхгүй болгосон нь хамгийн аймшигтай. Украины дараа тайванчууд идэвхтэйгээр аюулгүй байдлаа хангасан нь цаанаа ийм учиртай. НҮБ-ын дүрмийг зөрчингүүт ямар ч улс хамгаалахгүй байгаа нь айдас л даа.

Хятадын хар хайрцагны бодлого дотор өнөөг хүртэл Монголыг нэг хэсгээ болгох санаа бий. Хорьдугаар зууныг хятадууд өөрсдөө “гутамшигт зуун” гэж тодотгодог. Барууны орнууд Хятадыг салгаж бутаргах бодлого хэрэгжүүлсэн л дээ, өнгөрсөн зуунд. Хонгконг, Тайванийг нь салгачихсан. Урд хөршийн тухайд Хонгконг, Тайваниа нэгтгэнэ гэсэн бодлоготой. Хонгконг, Тайванийн дараа нэгтгэх орнуудынх нь дунд бид бий. Өмнө нь бидэнд “Хятад дайрвал Орос хамгаална” гэсэн бодол байсан. Гэтэл ОХУ тусгаар улс руу цэргээ оруулж дайн өдөөдөг улс гэдгийг нүдээрээ харчихлаа. Бид ерээд оноос хойш үүлэн чөлөөний нар шиг өөрсдийнхөөрөө аж төрцгөөсөөр өнөөг хүрсэн. Хоёр хөрш маань дотооддоо анхаараад биднийг мартчихсан явсан юм, өнгөрсөн хугацаанд. Харин өнөөдрийн хувьд байдал өөрчлөгдсөнийг бид бултаараа харж, мэдэрч байна.

Орос, Америкийн аль ч талд орохгүй түдгэлзэж яваа нь маш том эр зориг

Манай улс хэрэндээ л бие даасан гадаад бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Украины нөхцөл байдал манай улсын хувьд бие даасан гадаад бодлого явуулах орон зайг хумьж байна. Украины асуудлын дараа цөөнгүй улс орон манайхыг сонирхож эхэлсэн л дээ. Олон айлчлал өрнөсөн. Германы жанжин штабын дарга хүртэл ирсэн. Хоёр хөршийн Гадаад харилцааны сайд нар ойрхон зайтай айлчилсан. Манай улс НҮБ-ын хурал дээр төвийг сахисан байр суурьтай, түдгэлзээд яваа. Энэ бол жижиг улсын хувьд маш том эр зориг. Орос, Америкийн аль ч талд орохгүй яваа нь маш том эр зориг. Аль нэг талыг барихгүй ингэж удаан явах нь гуравдагч хөршийн харилцаа талаасаа таатай нөхцөл үүсгэхгүй байх. Гэхдээ гуравдагч хөршийн хувьд биднийг ойлгох хангалттай шалтгаанууд бий.

Монголчууд гадаад бодлого дээр талцаж яваа нь харийн нөлөө байж мэднэ

Дайнаас хойш ажиглагдсан нэг сонирхолтой зүйл бий. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан өмнө нь гадаад мэдээн дээрээ ганц орчуулагч тавьчихдаг байсан бол одоо өөрчлөгдсөн. Гадаад мэдээ дотоод мэдээ шиг чухал гэдгийг ойлгож эхэллээ. Гэхдээ энэ бүхэн нь иргэд хоорондын талцлыг улам өдөөсөн. Ояа, мояа гэж хуваагдсан. Сүүлдээ украины талыг барьсан хэсгийг “уяа” гэж тодотгож байх шиг байна. “”Сант марал”-ын нэг судалгаа бий. Монголын хүн ам Оросыг дэмждэг, Украиныг дэмждэг хэсгээс гадна юу хэлэхээ мэдэхгүй яваа буюу төвийг сахих ёстой гэж харж буй хэсэг гээд гурав хуваагдчихаж. Юу хэлэхээ мэдэхгүй яваа “саарал хэсэг” нь дал гаруй хувь байгаа нь сайн хэрэг. Оросыг дэмждэг хэсэг 16 хувьтай гарсан харагдсан.

Гадаад бодлогын асуудал монголчуудын асар их талцуулдаг гэдэг нь тодорхой харагдлаа. Уг нь үндэсний цул байдлаа хадгалах ёстой юм. Ингэж талцаж байгаа нь гадны нөлөө байхыг үгүйсгэх аргагүй. Дахиад хэлэхэд ганц олзуурхаж буй зүйл нь “төвийг сахигчид 70 хувь” гэсэн тоо байна. Дайнаас хойш Оросын талаарх эерэг ойлголт буурсан. Эсрэгээрээ Хятадыг дэмжих хандлага эрчимжсэн. Европын холбооны улсуудын талаар монголчууд эерэг ойлголттой байдаг. Америкийн тухайд эерэгээр харах ойлголт буурч яваа. Эдийн засгийн алуурчин гэх мэт суртал ухуулга эрчимжсэнтэй ч холбоотой байж мэдэх юм. Энэ суртал ухуулга хаанаас санхүүжээд байна вэ гэсэн асуулт тавиад харахаар сонин дүр зураг харагддаг. Японы талаарх бидний хандлага маш эерэг. Гэтэл дайн өдөөж явсан улс гэдэг утгаараа Япон улс Азийн ихэнх оронд сөрөг имижтэй байдаг. Манайд ч гэсэн Халхын голын дайн гэх мэтийг өдөөж явсан хэр нь бид тэр талыг нь их хурдан мартсан. Нарны зам энэ тэр гээд бахархангуй хардаг, элгэмсэг ханддаг. Энэ их сонирхолтой өнцөг.

Газрын ховор элемент Монголыг сонирхолтой харагдуулж байна

Цар тахал бидэнд Хятадаас өндөр хамааралтайг явсаар ирснийг маш тод ойлгуулсан. Украины дайн Оросоос ямар хамааралтайг маань мэдрүүлсэн. Өмнө нь монголчууд гуравдагч хөршөөс бараа бүтээгдэхүүн авахдаа хоёр хөршөөрөө дамжуулж авдаг байлаа. Нэг нь дайн өдөөгөөд, нөгөө нь тахал гээд хилээ хаангуут гуравдагч хөршүүдээс авах бараа бүтээгдэхүүний урсгал тасарсан. Тахлын нөлөөгөөр гуравдагч хөрш гэж яг хэн бэ гэдэг дээр нэг шинэ өнгө ажиглагдсан. Эрээн хаагдангуут агаарын хилээр Турктэй харилцаж хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авдаг болчихлоо. Жинхэнэ гуравдагч хөрш Турк гэх мэт улс байж шүү дээ гэж харж эхэлсэн нь цар тахлын нэг давуу тал.

Хагас дамжуулагчийн эрин зуун эхэлсэн. Хагас дамжуулагчийн гол түүхий эд нь зэс, газрын ховор элемент. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалуудыг анзаараарай. Очсон орон бүртээ ярьсан гол зүйл нь газрын ховор элемент. АНУ-ын Ж.Байден 2022 оны тавдугаар сард Азийн улсуудаар айлчилсан. Солонгост очингуутаа Самсунг-ийн хагас дамжуулагчийн үйлдвэр рүү явсан. Ярьсан гол зүйл нь “Ерөөсөө л хагас дамжуулагчийн эвсэл байгуулъя” гэж ярьсан. Монголд газрын ховор элементийг судалдаг судалгааны төв байгуулах яриа том орнуудын зүгээс дуулдаж эхэлсэн нь ийм учиртай. Бидний боломж бол энэ. Газрын ховор элемент маань биднийг дэлхийд сонирхолтой харагдуулж байна. Биднийг сонирхуулж байгаа өөр нэг зүйл бол уран. Монгол ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг. Байгалийнхаа баялгийг ашиглаж байж л өндөр хөгжилтэй ардчилсан улсуудыг татах боломж бидэнд байна.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Гэхдээ манайхан Хятад вакцин хийлгэхгүй бол дэлгүүр орох ажилдаа явах эрхгүй гэж тулгаж байгаад нийтээр нь тарьсан.
    Хятад барьцалдуулагчтай түлш хэдэн жил түлсний дараа Хятадаас нүүрс оруулж ирж туршилт хийнэ гэв.
    Хар хайрцагны бодлого манайд байна уу

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img