2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Минна Оландер: Финланд түрэмгий Оросоос өөрийгөө хамгаалахын тулд НАТО хэмээх тусгаарлах хана босгож байна

ОХУ Украинд цэргийн хүчээр жил гаруйн өмнө халдсаны дараа энэ гүрэнтэй 1340 км газар нутгаар хиллэдэг Скандинавын хойгийн цор ганц улс болох Финланд НАТО-д элсэх шийдвэр гаргасан юм. Юу ч хийхээс сийхгүй дорнод их хөршөөсөө тус эвслийн хамтын хүчээр өөрийгөө хамгаалах явдал хамгийн зүйтэй алхам гэж үзсэн Финланд өнгөрсөн хавар албан ёсоор НАТО-гийн 31 дэх гишүүн орон болж байна. НАТО өөрт нь нэгдэх гэсэн аливаа шинэ орны хүсэлтийг гишүүн улсуудынхаа 100 хувийн нэгдсэн саналаар зөвшөөрдөг хатуу дүрэмтэй. ОХУ Европын төвд орших хамгийн том улс Украинд цус урсгасан дайн өдөөснөөс хойш НАТО-гийн Турк, Унгар гэх хоёр гишүүн эрх баригчдынхаа одоогийн геополитикийн ашиг сонирхлоос үүдэн Финланд, Шведийг тус эвсэлд нэгдэхийг эсэргүүцсээр ирсэн билээ. Хэдий тийм ч, Скандинавын хойгийн эдгээр хоёр улсаас хамгийн түрүүнд НАТО-д Финланд элсч чадлаа. Финланд нь ОХУ-тай хиллэдэг хуурай замын газар нутгаараа Казахстан, БНХАУ, манай улс болон Украины дараа тавд ордог улс. Иймд Москвагийн Кремль дэх эрх баригчид НАТО-той шууд хиллэдэг ОХУ-ын газар нутаг гэв гэнэт хэд дахин нэмэгдсэн энэ явдлыг балмагдан хүлээж авсан нь тодорхой. Энд гэж хэлэхэд, Финландыг хүндэтгэх нэг шалтгаан байгаа. Нэгэнт дэлхийд бодлогоо тодорхойлох томоохон гүрэн болсон ЗХУ-ын удирдагч И.Сталин манай улсын тухайд улсаа гэсэн Ерөнхий сайд, ер нь бүх сэхээтэн, эх оронч хүмүүсийг хилс хэргээр ээлж дараалан устгасан түүх өнгөрсөн зууны эхэнд бий. И.Сталин Финландад харин тэгж чадаагүй. 1939-1940 онуудын хүч тэнцвэргүй “Цагаан Финнийн” гэгч дайнд Финланд зарим нэг газар нутгаа дайсандаа алдсан ч тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм. Финландын Олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Минна Оландер Германы “DW” агентлагт өгсөн ярилцлагыг энд товчлон хүргэж байна.

-Финланд хөрш зэргэлдээ Шведтэй батлан хамгаалахын тал дээр маш нягт хамтын ажиллагаатай гэх юм. Юуны учраас тэр вэ?

-Энэ нь маш хүчирхэг дайсагнагч гүрэн ЗХУ бидний дорнод хязгаарт байснаас үүдэлтэй. Тэр үед хоёр орны хуурай замын ба тэнгисийн цэргийн хүчнүүд байнга хамтын сургуулилт хийдэг байлаа. Өөрсдийгөө хамтын хүчээр хамгаалах гэсэндээ тэр шүү дээ. Харин ОХУ 2014 онд Украины Крымийг өөртөө нэгтгэсний дараа НАТО-гийн ойр зэргэлдээх Норвеги төдийгүй тус байгууллагын хамгийн хүчирхэг гүрэн АНУ-тай батлан хамгаалахын тал дээр дээр хамтран ажиллаж эхэлсэн юм.

-Финландыг хавьгүй илүү хүн амтай, хүчирхэг эдийн засагтай хөрш Шведээсээ илүү хүчирхэг зэвсэгт хүчинтэй гэх юм?

-Баруун Европын улс орнуудын дийлэнх нь 1990-ээд онд хүйтэн дайн дуусангуут бүх нийтийн цэрэг татлагаас татгалзсан шүү дээ. Харин дорнод их хөршийнхөө түрэмгий занг андахгүй Финланд тэгээгүй. 5.5 сая хүн амтай Европдоо харьцангуй жижиг манай улсын арми дайны нөхцөлд 280 мянган цэрэгтэй, түүнийгээ даруй 870 мянгад хүргэх нөөц бололцоотой. Үүнээс гадна Финландын агаараас хамгаалах хүчин, их бууны анги нэгтгэлүүд Европдоо бараг хамгийн шилдэг нь. Дэлхий нийт Украин нарийвчилсан оновчтой их бууны цохилт өгдөг АНУ-ын “HIMARS” системүүдтэй болохоосоо өмнө ОХУ-ын түрэмгийлэлд хэрхэн хүчин мөхөсдсөнийг харсан шүү дээ. Иймд манай улс сүүлийн нэг жилд зэр зэвсэг, нэн ялангуяа агаараас хамгаалах техник технологио дээшлүүлэхэд ихээхэн анхаарсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс орныхоо НАТО-той шууд хиллэх газар нутгийг тэлэхгүйн үүднээс л Украинд халдсан гэдэг. Гэтэл түүнээс хойш Финланд НАТО-д нэгдсэнийг бодоход В.Путин томоохон алдаа хийжээ дээ?

Финланд-Үнэхээр тийм. В.Путин Украин руу довтолсоноороо манай улсад мөн тийм халдлагаас өөрийгөө хамгаалах цорын ганц арга бол НАТО-д элсэх явдал гэсэн нийгэм дахь үзэл бодлыг эрс нэмэгдүүлсэн.

-Финланд, Шведийг НАТО-гийн гишүүн орнууд болонгуут Балтийн тэнгис тус байгууллагын бүрэн хяналтад орно гэх юм. Үүнээс үүдэж Балтийн тэнгисийн ойр орчмын газар нутагт ОХУ-ын зүгээс зэвсэглэлээр хөөцөлдөх явдал идэвхжинэ гэсэн таамаглалын талаар та юу боддог вэ?

-Финланд, Швед НАТО-д элсэхээр Балтийн тэнгисийн ойр орчмын газар нутгийн стратегийн нөхцөл байдлыг эрс өөрчлөх нь анхнаасаа тодорхой байсан. Өнөөг хүртэл энэ бүс нутагт ОХУ агаарын хилийг нь дуртай үедээ зөрчих гээд нэлээд дээрэнгүй бодлоготой байлаа шүү дээ. Харин одооноос тэгж чадахгүй. ОХУ-ын Калиниградын муж бүх талаасаа НАТО-гийн улс орнуудаар хүрээлэгдэх учир стратегийн ач холбогдлоо алдах нь ч тодорхой.

-ОХУ Украинд жил гаруй бүрэн хэмжээний түрэмгийллийн дайн хийж байна. Энэ дайнд Украины талд хамгийн эрс шийдэмгий зогсч байгаа улс орнууд гэвэл Финланд, Эстони, Польш. ОХУ-тай Герман, Францаас илүү ойр оршдог учраас үүнд тэдгээр улс илүүтэй эмзэглэн эмээснээс тэр үү?

Финланд-Оросын өдөөсөн Украин дахь дайн Финланд дахь “Цагаан Финнийн” гээч 1939-1940 оны өвлийн дайныг санагдуулдаг. Тэгэхэд манай жижигхэн улс аварга том ЗХУ-ын түрэмгийллийг няцааж чадан тэрхүү коммунист гүрний нэг хэсэг болж нэгдээгүй юм. Үүний дараа хүйтэн дайны үед ч ЗХУ-ын нөлөөнд авталгүй тусгаар улс хэвээр үлдэж чадсан. Ийм ч учраас дээрэнгүй дорнод хөршийнхөө түрэмгийлэлд өртсөн Украины талд дайн эхэлсэн эхний өдрөөс л манай ард түмэн тэр чигтээ зогссон.

-Украинд халдахаас өмнө Орост нэг яриа ихэд дэлгэрч байлаа. Украиныг “финландчлах” тухай. Энэ ямар учиртай юм бэ?

-Финландын ард түмэн тусгаар улс байгуулахын тулд асар их үнэ төлсөн. Энхийн хэлэлцээрийн дагуу ЗХУ-д нэлээд их газар нутгаа алдсанаас гадна гадаад бодлого, аюулгүй байдлын хувьд тус улсыг задрах хүртэл нь дагахаас өөр аргагүйд хүрсэн юм. Юун НАТО, Европын холбоод элсэх. Тиймэрхүү асуудлыг дээрх хэлэлцээрийн дагуу манай улсын удирдлага олон арван жилийн турш хөндөхөөс ч эмээдэг байлаа. Тэр үед ЗХУ манай улсаас Европтой хиллэх баруун хилээ аливаа түрэмгийллээс бататган хамгаалахыг үүрэгддэг байсан билээ. Ийм ч учраас ЗХУ-ыг залгамжлагч ОХУ иймэрхүү саналыг Украинд тулгаж эхэлсэн нь манай улсыг хамгийн түрүүнд түгшээсэн.

“Финландчлах” гэдэг нь Украиныг манай улсын тусгаар тогтнолынхоо төлөө дээр хэлсэн ЗХУ-ын бурангуй нөхцлийг аргагүй хүлээн зөвшөөрөхийг л хэлсэн явдал.
Ийм ч учраас Украинд хамгийн их тусламж үзүүлж буй орнуудын нэг нь Финланд. Хэзээний бусад арт түмэн, улс орныг хавчин дээрэлхэх бодлоготой Орос энэ дайнд дийлэх учиргүй гэж манай ард түмний дийлэнх нь боддог учраас л тэр юм шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img