2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Б.Одсүрэн: Алтайн магтаал хайлж байхад морин туурай сонсогдох шиг болдог

  Хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Б.Одсүрэнтэй ярилцлаа.  СУИС-д шавь нартаа хархираа, харгиа зааж суусан тэрбээр  “Эднийгээ тайзан дээр гарахад “Би ажил хийчихжээ,  эндээс цаашаа дамжаад, дэлгэрээд явах юм байна гэж бодохоор сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.  

-Хархираа, хөөмий яаж үүссэн бол, та хүн хөгжим гэж тодорхойлсон байсан?

-Нүүдэлчин монголчууд амьдрахын эрхэнд янз бүрийн дуу авиа гаргаж, ан гөрөө, байгалийн дуу чимээ даган дуурайх хэлбэрээр үүссэн гэж үздэг. Эрс тэс уур амьсгалтай газруудаар эрс тэс дуугаралтууд бас бий л дээ. Жишээлбэл, Ховд аймгийн Жаргалант хайрханаас Завханы Отгонтэнгэр хоёрын хооронд зундаа их хална, өвөлдөө их хүйтрэнэ. Хүн байгалийн араншинтайгаа зохицож, дуугардаг гэж үздэг. Жишээ нь өвөл  хангай газар сарлаг тошсон байдаг. Тошсон сарлаг бууж орж ирдэггүй. Түүнийг дүүгүүр дуугарч байгаа юм шиг дуугарч байж буулгах жишээтэй. (дүүгүүр эрчлэн ирж байгаа мэт чимээ амаараа дуугарч сонсгов)

OdsurenХотонд чоно эргээд байвал  чонын дуудлагуудыг хийж, намнах жишээтэй.       Чоно ер нь үүрээр  гэтдэг амьтан. Хөөмийн дээр чонын улилтуудыг хийж,  амьсгаа нь тавигддаг. Энэ бүгд амьдрахын эрхэнд үүссэн байх нь.

Хүн яагаад амьтныг уяраагаад, ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулдаг юм. (Хөөмийлэхтэй төстэй авиа гаргав) хуур хөгжим хоёр утастай, арга билэгтэй байдаг.   Хүн хөгжим гээд байгаа. Хүнээс гарч байгаа хос эгшиг, хөөмий гэдэг юм  амьтныг уярааж, эхэд нь авхуулж байх жишээтэй. Гансарсан эх, үр хоёрыг нэгтгэж өгч байна аа даа.

Ингээд хүн амьтан хоёр ээнэгшин дасаж, дуу хуур хөөмийн эгшигт уярдаг байх нь.

Их халуун өдөр  исгэрэхээр салхи сэвэлздэг биз дээ. Исгэрэх үед бас байгаль сэргэдэг юм байна. Хүн амьтан, байгаль, шүтэлцээтэй урлаг бөгөөд хүн хөгжим юм.

Баавгай хархирах, нохой хархирах эднийг даган дуурайж байгаа нь хархираа, хүрхрээ. Өндөр дээрээс бууж байгаа усны урсгалын чимээ, том том үхэр чулуун дундуур урссан голын ширүүн урсгал, усны чимээг даган дуурайж байж хархираа, харгиа үүсэж. Даган дуурайх хэлбэрээр хүн хөгжим бий болсон юм байна.

-Хархираа, хөөмий алдартай шүү дээ. Монголчуудаас өөр газарт хархирч хөөмийлж байна уу. Тувачуудын хархираа гэж бас яригддаг билүү?

-Тувачууд хархирдаг. Манай монголчууд бол хархирааг нь ч харгиаг нь ч явна. (Шавь нараараа хархираа, харгиа хийлгэж үзүүлэв) өндөр ууланд хунгарласан цасан дээгүүр явахад мөн хархираа шиг юм дуугардаг. Доошоо бэл газраа уулын харгиатай усны урсгалын чимээ.   Харгианд хүн тайвширдаг. Хархираа, харгиа огт өөр хоёр юм. Маш гоё юм. Баруун монголчууд тууль хайлахдаа зарим нь шахмал хоолойгоор сайхан харгидаг.

-Хархирахад жин нөлөөлдөг үү, дуурийн дуучид бол бэлхүүсээрээ өргөн байх нь хүч гаргахад нөлөөлдөг гэдэг юм билээ?

-Ерөнхийдөө амьсгаа бүрэн суугаад ирэхэд эрэгтэй нь том гэдэстэй юм шиг, эмэгтэй нь сайхан уртын дуу дуулаад ирэхээрээ арагшаа бөгс нь том ч юм шиг. Амьсгааны хэлбэрүүдийн нэг жишээ. Хүн хөгжим өөрийн биед нь бүрэн суусан байна л гэж үзнэ.

-Өөр үндэстнүүд хархирах боломжтой юу?

-Боломжтой. Сургалтаар л бий болно. Аав, ээжийн өгөгдөл бас нөлөөлнө.

-Нутгийн онцлог байдаг уу?

-Янз янз. Хүүхэд залуус бол тэнд нэг хүн дуугарч байхад дуурайж байдаг. Тэнд нэг нохой хуцсан ч дуугарч байдаг. Даган дуурайх хэлбэр бас байдаг.

-Таны шавь нар аль нутгийнх вэ?

-Тэр газрын зураг дээр ерөнхийдөө тарсан байгааг харуулж байна. Ховд, Увс, Завханд голлож байсан. Сургалтаар 21 аймагт тархжээ. Тува хөөмий гэдэг Баян-Өлгийн Цэнгэл суманд байгаа.

-Та гадаад шавь нартай байсан гэсэн. Өвөрмонголчууд бол монгол угсаатай юм чинь  хархирч, хөөмийлөх байх. Европчууд чадах болов уу?

-Байна аа байна. Энд, тэнд шавь нар бий.  Тэд дуугарахын хувьд дуугарна.   Хөөмийлөх хүний шинж  гэж бий л дээ.

-Хурдан морь шиг шинжих үү?

-Монголчууд эрт дээр үеэс хурдан морь шинждэг. Эмийн ургамалаа олоод хэрэглэдэг. Малаа ч, өөрийгөө ч эмчилчихдэг. Одон орон судлаач, цаг уурч, ажигч ард түмэн юм. Хөөмийн дээр хөмсөг өтгөн, хараа тогтнуухан, хамар сартгардуу, шанаа түүш өргөн, шүд төвөнх сайтай, сонсгол сайн, хэл хурц байна.

-Хархираа, хөөмий сонирхож байгаа хүүхдүүд хэр олон ирдэг вэ?

-Ирнээ ирнэ. 1200-гаад хүний биед гар хүрчээ. Би долоо хоног хичээл орсон хүнийг шавиа гэж үздэггүй. 30 цаг ноцолдсон хүнийг бол  нэр, зүсийг нь тогтоох юм.

-Та бас эмэгтэй хөөмийч бэлтгэсэн гэсэн үү?

-20 гаруй хүн бэлтгэсэн. Сайхан хөөмийчид гарсан. Анхных нь Г.Алимаа гээд чуулгын дуучин байсан, одоо тэтгэвэрт гарсан. Араасаа хэдэн сайхан эмэгтэй хөөмийч дагууллаа.

-Эзэнт гүрний үед монгол цэргүүд хархирч сүр хүчийг үзүүлж, дайсны зүрхийг үхүүлдэг байсан гэдэг?

-Хэнгэрэг дэлдэж, хархирч уухайлан дайралтад орж байсан гэж ярьдаг юм. Сонин юмнууд байдаг. Би аавыгаа “Хүний хажууд битгий дэмий юм яриарай” гэж байсан. Завхан аймгийн Яруугийн хүрээ 21 унзадтай байсан юм билээ. 21 унзад зэрэгцэж  суугаад дуугарахад  хултай айраг цэлэлзэж байсан гэдэг. Худлаа ярьж байна гээд тэр өвгөний үгийг хүлээж аваагүй байх нь. Сүүлд цагаан сараар миний зургаа, долоон шавь нар золгохоор очдог юм байна. Болор хундганд архи хийчихээд хархирсан чинь хундагатай сархад цэлэлзэж байхгүй юу. 50 шахаж байж ухааныг нь олж байгаа юм. Дууны долгион тэгж хэлбэлздэг байх нь. Харгиа, хархираа нэг хэсэг Монгол Улсад маш их хөгжсөн. Сүүлдээ бүр хоригдсон. Яагаад гэвэл шарын шашин дэлгэрэхэд харгиагаар унзад хоолой бий болж маш хөгжсөн. 1937 он хүртэл сайхан хөгжиж явсан. Түүнээс хойш ламын дуу хоолой хэрэггүй гэж шашинтайгаа хамт ад үзэгдэж эхэлсэн дээ. Тэр үед исгэрээ, хөөмийг бас гэгэлзсэн, сэтгэл тогтохгүй  байгаагийн шинж, хулгай зэлгий хийдэг шилийн сайн эрчүүд исгэрдэг гээд тухайн нийгмээсээ  энэ урлаг тусгаарлагдаж байсан.

1986 оноос хойш харгиа, хархираа, хөөмийг тайзан дээр гаргаж ирж эхэлсэн. 2015 оны үед юм уу даа, хурал номын дуу шингэрээд байна, жаахан өтгөн болгоё гэж  Д.Чойжамц хамба, манай эрдэмтэн нарийн бичгийн дарга, лам байсан хүн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн энэ хэд  Шашны сургуулийнхантай ярьж байгаад хурал өтгөрүүлэх арга хэмжээ авсан. Далай багш ирэхдээ  “Хурал ном арай шингэндүү дуугарч байна” гэсэн юм билээ. Олон сайхан харгиа хийсэн. Саяхан 40 гаруй хүнд унзад хоолой тавьсан.  Сайхан харгиа хийдэг болсон.

-Тууль хайлдаг хүмүүс бас хархираа, хөөмий хийдэг гэсэн.

-Сүүл рүүгээ хөгтэй хөөмийтэй болгоод байна, түүнээс биш хархираа шахмал хоолойгоор явдаг байсан.

-Тууль хайлж сурахаар ирдэг үү?

-Туулийн цагтай. Ерөөл, магтаал, тууль, цоор, хөөмий, морин хуурын цагтай. Язгуур урлаг, аман хуур орно.

-Хүүхдүүд тууль хэр сонирхож байна?

-Анхандаа  нэг их сонирхохгүй. Сүүлдээ учрыг нь олно. Дом шившлэгтэй холбоотой янз янзын юм бий л дээ. Хүүхэд нь халуураагүй мөртлөө шөнө цочоод уйлаад байдаг. Тэгэхэд товшуураа аваад, Жангараа хайлахаар хүүхэд нь тайвшираад унтаад өгч байна гэнэ. Аав болсон хойноо энийгээ сайн ухаарч мэдэрдэг юм болов уу. Ер нь ч залуу цагт тэрийгээ сайн ухаардаггүй. Аав, ээж болсон үедээ арга тасарч сандрахдаа өөрт байгаа юмыг хийгээд үзэхээр хүүхэд нь тайвширч унтдаг юм байдаг.

-Таны багш  ямар хүмүүс байв?

-Жамцын Чоён, Жамцын Бадраа гэдэг хоёр хүн миний багш. 1971 онд би  Бүх ард түмний урлагийн үзлэгт  “Хилэн галзуу баатар” тууль хайлаад, шалгараад ороод ирэхгүй юу. Тэгсэн чинь ламын дуу хоолой гээд хасагдчихсан.   Залуудаа гайгүй дуулдаг гэгдэж цэрэгт хоорт зогсдог байв. 1981 онд бас цэргийн газар “Алтайн магтаал” хайлаад байж байсан чинь “Чи чинь хаашаа алга болчихов, би чамайг арван жил хайлаа” гээд ирсэн. Сөөнгөдүү хоолойтой, намхан нуруутай хүн намайг хассан юм. Тэгсэн чинь арван жилийн дараа  намайг хасдаг нөхөр хайгаад ирж билээ. Дуу хоолойгоор нь би таньж байгаа юм чинь, тэр хүн ч намайг танилаа. Залуу хүн тууль хайлаад орж ирсэн, юм юмтай байсан байх гээд хайсан юм билээ. Тэгээд миний толгойг эргүүлчихсэн.  1986 онд Үлгэрийн танхим байгуулагдсан. Тэгээд Ж.Чоён гэдэг хүнд шавь оруулаад, нэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн хүн, Ж.Чоён болохоор Булганы Сайханых. Ийм хоёр багштай болж билээ.

-Та “Хилэн галзуу баатар”-аа яаж сурсан бэ?

-Манай Завханыхны  аялгуутай үлгэр ч юм шиг юмнуудыг цээжилж явсан. Тэгээд л тэр.

-Та олон жил Хүүхдийн паркын Үлгэрийн өргөөнд тууль хайлсан юм билээ, социализмын үед хүмүүс тууль хэр сонирхдог байв?

-1970-аад оныг хүртэл морин хуур айлд байж л байдаг, тоглодог хүн байхгүй. Бидний үед мандолин, гармон, сүүлдээ баянхуур  орж ирж байсан. Гармонтой дуулвал гоё ч юм шиг санагддаг.

 Ж.Бадраа гэдэг хүн ардын язгуур урлагийг хөгжүүлэхэд их юм хийсэн шүү. Мартахын арга байхгүй.

-Ж.Бадраа гуай Бадрууганы аав билүү?

-Тийм. Туульчдаас анх  Ховд аймгийн Дуут сумын харьяат Б.Авирмэд гэж хүнд Төрийн соёрхол өгч байлаа шүү дээ.

-Хүү нь бас үе дамжсан туульч гэсэн үү?

-А.Балдандорж бас тууль хайлдаг.

-Танай удамд туульч, хуурч байсан уу?

-Байхгүй ээ.  Би зүгээр л нэг унзад ламын  хүүхэд. Эсэргүүн ламын хүүхэд гээд их, дээд сургуульд явуулдаггүй. Техникум бараадсан нэг тийм л амьтан байсан юм. Яахав нэг дуулчихдаг, нутгийн ах нарыг дагаж, хөөмий сураад л цэрэг цуух, хөгжмийн салаагаар дамжиж явсан.

-Социализмын үед хүмүүс тууль, ардын урлаг хэр сонирхдог байв?

-Хүүхдүүд гэр дүүрнэ.

Хүүхдийн паркад зургадугаар сарын 1-ний өдөр манай Ж.Чоён багш  “Яриг цагаан ингэний  сариг цагаан ботго” уншаад байж байтал Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатова   гуай орж ирэхэд хүүхдүүд уйлчихсан байсан.

Монгол хэл мэдэхгүй хүнд орчуулагч нь “Эмгэнэлтэй тууль хайлж байна” гэж тайлбарлаж. “Цаг үеэ л олоогүй юм байна даа” гээд онцын юм хэлээгүй. Хүүхдийн баярын өдөр хүүхэд уйлуулаад гээд. Цаг үеэ олоогүй гэдэг нь бас бодууштай. Зургадугаар сарын 5-нд  хүмүүсийн ажлыг дүгнэхдээ манай муу багшийн цалинг 20 хувиар хассан юм. Филатова гуай ингэ гэж хэлээгүй байлгүй. Дарга нар бас нугалаа гаргадаг.  Би тэр хүнийг ерөөсөө муулдаггүй юм шүү. Хүүхдийн паркад олон юм хийсэн хүн.

-Жангар хайлахад хайллагын онгод бууж ирдэг гэж Г.Аюурзанын “Цагаан хар улаан” номонд өгүүлсэн байдаг. Таны хувьд онгодын холбоо сэжим байдаг уу?

-Транст орох юм гарч ирдэг юм шүү. Алтайн магтаал 143 бадаг. Алтайн магтаал хайлж байхад морин туурай сонсогдох шиг болдог. Тэгээд юу явж байгаагаа мэдэхгүй нэг мэдэхэд ямар ч байсан Алтайгаас Алиа хонгортоо ирж байна гэж санаанд буудаг. Онгод гэдэг маань рольд итгэсэний нэг хэлбэр юм болов уу гэж боддог.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img