2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Н.Тэгшбаяр: Монголын нөхцөлд тохирсон атомын станц барих цаг болсон

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяртай Ураны нөөц, олборлолт, экспортын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед Уран буюу шар нунтаг их моодны сэдэв боллоо. Тэр хэмжээгээр дэлхийн эдийн засагт анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байна. Эндээс яриагаа эхэлье?

-Уран нь газрын хэвлий болон далай гүнд тархсанхарьцангуй олдоц ихтэй байгалийн түүхий эд юм. Гагцхүү ураныг агууламжаар нь ангилж ялгадаг. Ураны агууламж ихтэй хүдэр, ураны агууламж багатай хүдэр, гранит зэргээр ангилдаг. Ураны нөөцийн хувьд дэлхийн нийт тогтоогдоод байгаа нөөцийн 29 хувь ньАвстрали улсад, 12 хувь нь Казахстанд, есөн хувь нь Канад, ОХУ-д тус бүр байна. Ураны нөөцийг тогтоогдсон, боломжит, өсөх магадлалтай нөөц зэргээр ангилдаг. Уран нь цөмийн технологийн энхийн хэрэглээнд өөрөөр хэлбэл иргэний болон цэргийн технологид ашиглагддаг стратегийн чухал түүхий эд учраас улс орнууд өөрийн нөөцийг бүрэн хэмжээгээр мэдээлдэггүй байх магадлалтай. Жишээлбэл ОХУ өөрийн газар нутгийн хэмжээнээс хамаарч ураны нөөцөөр Австрали улсаас ч их байх боломжтой. Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийд ураны сэдэв яагаад анхаарал татаад байна вэ гэвэл дэлхийн хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс хамаарч цөмийн эрчимхүчний үйлдвэрлэл нэмэгдэж ураны хэрэгцээ шаардлагаулам бүр өсч байна. 2030 он гэхэд жил бүр 100 мянга орчим тн ураныг дэлхий нийтээрээ хэрэглэнэ. Гэтэл дэлхий нийтээрээ жилд 70 мянга тонныг олборлох боломжтой. Үүнээс үзэхэд ураны үнэ тэнгэрт хадна.
Одооноос уран экспортлоход илүү идэвхтнй бодлого баримтлах ёстой.

-Манай ураны нөөц хэдий хэмжээгээр тогтоогдоод байгаа вэ?

-Дэлхийд 5.9 сая.тонн ураны нөөц бүртгэгдсэн байдгаас манай орны батлагдсан нөөц 141,500 тонн буюу дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Манай орны хувьд таамаг нөөцөөр 1,5 сая тонн гэж үзэж болно. Ойрын үед монгол улс ураны батлагдсан нөөцөөоөө дэлхийн нийт ураны нөөцийн таван хувийг эзэмших болно . Жилд цөмийн эрчим хүчний станцуудад ашиглагдах ураны хэрэгцээ 67 мянган тонн байдаг. Стратегийн чухөл уран гэж элементийн хангалттай нөөуийг эзэмшиж байгаа гэдэг утгаараа Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай улсын тоонд зүй ёсоор орж байгаа юм. Уранаа олборлоод, экспортлоно гэдэг бол том боломж, том өрсөлдөх чадвар юм. Цаашлаад уранаа олборлож боловсруулаад цөмийн эрчим хүчний үйлдвэртэй болох том боломж бидэнд харагдаж байна. Тэр хэмжээгээрээ Монгол Улс хөгжлийншинэ шатанд очно. Өөрөөр хэлбэл Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна.

-Монголд атомын цахилгаан станц байгуулах хэр боломжтой вэ, эсвэл мөрөөдөл үү?

-Бүрэн боломжтой. Үндсэн түүхий эд нь монгол нутагт минь байна шүү дээ. Монголын нөхцөлд тохирсон атомын станц барих хэрэгтэй. Атомын станцыг бага, дунд, том оврын гэж ангилдаг. Том оврын атомын цахилгаан станц 1000-гаасдээш МВт, ойролцоогоор дөрөвдүгээр цахилгаан станцаас хоёр дахин илүү хүчин чадалтай, дунд нь бол 300-1000орчим МВт, 300-гаас доош МВт нь бага оврынх. Манайх нийт эрчим хүчнийхээ 20 хувь орчмыг гаднаас импортолдог. Нийт импортолж байгаа эрчим хүчний 30 хувь орчмыгОросоос, үлдсэнийг нь Хятадаас авч байна. Бид эхний ээлжинд эрчим хүчний аюулгүй байдлаа анхаарч байж эрүүл мэндийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Яагаад бид өнөөдөр аж үйлдвэр хөгжсөэ үйлдвэрлэгч орон болж чадахгүй байгаа вэ. Эрчим хүчний хангалттай эх үүсвэргүй болохоор л тэр. Дээрээс нь эрчим хүчний дэд бүтцийн ачааллаа даадаггүй. Тэгэхээр эрчим хүчний дэд бүтцийн асуудлаа давхар шийдэх ёстой.

-Бага оврын атомын цахилгаан станц барья гэж бодоход хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ?

Тэгшбаяр-Хүмүүсийн мэддэгээр бол нэг Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгөтэй байхад шийдэгдчих асуудал. Атомын цахилгаан станц нэмээд бариад байж болдог. 300 МВт атомын станц барьчихад Монгол Улс эрчим хүчний асуудлаа шийдчихнэ. Дахиад нэгийг нэмээд барьж чадвал эрчим хүчний аюулгүй байдлаа шийдчихнэ, дахиад нэгийг нэмээд барьчихад бид экспортлогч орон болчихно. Экспортлогч орон болохоос гадна үйлдвэрлэгч, аж үйлдвэрлэлийн орон болно. Монголд яагаад нүүрс, зэсийг бүрэн боловсруулж чадахгүй байна гэхээр эрчим хүчний аюулгүй байдал хангаагүй. Бид 1986 оноос хойш шинээр дулаан, эрчим хүчний бие даасан станц ганцыг ч барьж чадсангүй. Үүний шалтгаан нь өртгөөсөө хямд үнээр дулаан, цахилгаанаа борлуулдаг явдлаас үүдээд хөрөнгө оруулалтын орчин бүрдэхгүй байна. Тэгэхээр үнийг чөлөөлж өгөх ёстой. Энэ салбарт хөрөнгө оруулагчдыг хөхүүлэн дэмжих бодлого бий болгох ёстой. Цаашлаад бид атомын цахилгаан станцтай болох зайлшгүй шаардлагатай

-Атомын цахилгаан станц барих битгий хэл хайгуулын явцад л Хирошима яриад л эсвэл нөгөө олон толгойтой тугал, хонь ямааны зураг гаргаж ирээд эсэргүүцдэг. Энэ тохиолдолд ураны ашиглалт, олборлолт бас л хол сонсогдож байна?

-Бүх нийтийг соён гэгээрүүлэх ёстой юм байна гэж бодоод энэ чиглэлд шинжлэх ухааны видео нийтлэлүүд бэлдэж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд сайн багштай болох хэрэгтэй. Нийтээрээ асуудалд шинжлэх ухаанч ханддаг болох хэрэгтэй. Тухайн орон нутагт байгаа уул уурхай, төслүүдээс ард иргэдэд шууд өгөөж очихгүй байна. Дээрээс нь 76 жижиг тойрогтой. Жижиг тойргоос гарсан жижиг улс төрчид нь жижиг юм яриад том эрх ашгийг урдаа тавьж чадахгүй. Шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргаж хувиа биш үндэстэнээ бодох ёстой. Үндэстнээ бодож байна гэдэг чинь аюулгүй байдлаа бодож байна гэсэн үг. Манай орон хоёр хөршөөсөө хараат байна шүү дээ. Эрчим хүчнээс хараат байна гэдэг чинь бүх юмнаас хараат байна л гэсэн үг.

-Инээдтэй асуулт байх л даа…Гэхдээ тэр олон толгойтой хурга, ишиг, тугал төрөөд Улаанбадрахаар нэг юм болоод байдаг гэж үнэн юм уу. Эрдэмтэн хүний тодорхой хариулт авъя?

-Алив зүйлийг сургаар биш шинжлэх ухаанаар тогтоож хэвших хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл уранаас болж асуудал үүссэнг хэн ч тогтоогоогүй. Малчид малаа ч сургаар эрж хайхаа болих цаг ирээд байна. Малын удмын сан, малын эрүүд мэнддээ мал эмнэлэгээ хөгжүүлж анхаарах цаг ирсэн.

-“Говьд цөмийн хог хаягдал авчирч булшлах юм гэнэ”тэмцэнэ гэлцээд байна. Манайд яг хэн цөмийн хог хаягдал авчирч хаях гээд байгаа юм бэ?

-Цөмийн хог хаягдлыг дахин боловсруулаад эрчим хүч гаргахаас гадна өөр төрлийн хэрэгтэй изотопууд гаргаж авдаг технологиуд хөгжиж байгаа учраас цөмийн хаягдал манайд олдохгүй л дээ. Хүсээд ч олдохгүй. Үүнийгээ хүнд өгөх биш өөрсдөө дахин ашиглах нь тухайн улсуудад ашигтай цаг үе ирээд байна. Тэгэхээр Монголд цөмийн хаягдал оруулна гэдэг бол зүгээр хар пиар юм аа.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Н.Тэгшбаяр: Монгол Улс хоёр хөршөөсөө эрчим хүчний хувьд хараат байна. Эрчим хүчнээс хараат байна гэдэг чинь бүх талаараа хараат байна л гэсэн үг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img