2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

М.Буянбадрах: Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулахын эсрэг яамдтай болжээ

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай АМНАТ тойрсон асуудлаар ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл ямар болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын сүүлийн дөрвөн чуулганаар хэлэлцүүлэх байсан ч боловсруулагдаж байна гэсээр өргөн бариагүй. Хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаа. Судалгаа муу, энэ салбарт болж буй алдаа, хүндрэлийг засч залруулаагүй, хүнд суртлыг улам дэмжсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ямар ч тодорхой заалтгүй маш муу төсөл болжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид, салбарын туршлагатай ахмадууд хуулийн төслийг хатуу шүүмжилсэн. Үйлдвэрлэгчид, экспортлогчид, ТББ-ынхан дор бүрдээ саналаа өгсөн. Ерөнхий сайд хууль гарахаас нь өмнө санал, шүүмжлэлээ өгөөрэй гэсэн. Санал, шүүмжлэлийг хүлээн авахгүй хуулийн төслөө энэ хэвээр зүтгүүлвэл энэ салбар хөгжихгүй улам уруудаж унтахаар болжээ.

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүү­дийн АМНАТ-ын асуудал хэрхэн тусгагдсан байна вэ?

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих бус улам дампууруулах, ашигт малтмалаа ямар ч баяжуулалт, боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь экспортлох зорилготой хуулийн төсөл болжээ. Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа жаахан ч гэсэн баяжуулаад, боловсруулаад бага зэргийн валют нэмээд олчих вий, ажилгүйдэл буурчих вий, улс маань олон үйлдвэрүүдтэй болчих вий гэж боддог сайд, дарга нартай болжээ. Ашигт малтмал хэдийгээр “Төрийн нийтийн өмч” боловч хэт өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Татварын хувь хэмжээ оновчтой байж компаниуд нь төлж чаддаг. Өндөр татвартай ашиггүй төсөлд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй.

2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөс хойш 30 орчим өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд татварын өрөнд орж 1500 орчим хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон. Хэд хэдэн үйлдвэр АМНАТ-аас болж үйлдвэрээ барьчихаад ажиллуулаагүй. Сангийн яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамныхан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын шат бүрд /НӨАТ шиг/ АМНАТ ногдуулдаг бодлогыг дахин баримталсан байна.

Бусад улс оронд “Роялти”-г олборлолт, баяжуулалтын шатанд зөвхөн нэг удаа авдаг. Товчхон хэлэхэд төрийн өмч байхад нь тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоод АМНАТ төлөөд тухайн олборлогч компанийн өмч болно. Тэр компани өөрийн өмчөө баяжуулж, боловсруулж, бусдад худалдах эрх нь нээлттэй. Тэр компанийн өмчийг худалдаж аваад баяжуулаад, боловсруулаад экспортлоход дахин “роялти” ногдуулдаг ийм татварын тогтолцоотой зарчимтай улс энэ дэлхийд байхгүй. Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжээд өгвөл төмрийн хүдрээр хорголжин, ширэм хийх, жоншны хүдрээр эцсийн бүтээгдэхүүн хийх, нүүрсээ угаах төсөлтэй залуучууд олон байна. Ийм татварын орчинтой байхад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгааг сайд, дарга нар ойлгохгүй юм.

-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд хатуурхаад байгаа юм бол?

-Мэдэхгүй. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарна, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-аар дарамтлаж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татвараа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.

-Хуулийн төсөлд баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар тусгажээ. Баяжуулах үйлдвэрүүд тусгай зөвшөөрлөө авах гэж хэр хүндрэл учрах бол?

-Хайгуул, ашиглалтыг зохицуулдаг байсан хуулинд “баяжуулалт” гэсэн том асуудлыг оруулж ирээд холион бантан болгожээ. УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог бууруулна гэдэг доод шатандаа нэмэх сонирхолтой. Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрлийг өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд авах боломж маш бага.

Яагаад гэвэл Татварын ерөнхий газраас бүх компаниудад маш өндөр /АМНАТ/ нөхөн татвар, торгууль, алданги тавигдсан бүгд өртэй болсон. Татварын алба авч чадахгүй авлагатай, татвар төлөгчид хэзээ ч төлж чадахгүй өртэй болсон. АМНАТ-ыг хугацаандаа төлөөгүй бол Тусгай зөвшөөрөл шууд цуцлагдахаар заасан. Энэ заалт ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх этгээдэд хамаарна. Баяжуулах үйлдвэрүүд хаалтын үйл ажиллагааны санхүүжилтийн баталгааг бүрдүүлнэ гэж заасан. Өрөнд орсон компаниуд хаанаасаа ямар баталгаа гаргах юм бол. Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг улам хаан боогдуулах бодлогыг дэмжээд байна.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар ямар санаа оноотой яваа вэ?

-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал төмрийн баяжмалаа нэг тонныг 80 ам.доллараар зарсан байхад 120 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг. Биржийн арилжааг дэмжиж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй.

-Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Үндсэн хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалт орохоор байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид баяжуулах, боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй хаягдаж, валютын орлого орж ирэхгүй. Ажилгүйдлийн тоо буурахгүй. Улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэхгүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалга, Шинэ сэргэлтийн бодлогын “Аж-Үйлдвэржилт” хэрэгжихгүй. Ийм сөрөг нөлөө илэрнэ гэж харж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img