2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

Хиймэл оюун ухааны хөгжил эцэстээ хүн төрөлхтнийг тэр чигт нь устгахад хүргэж мэднэ

Хиймэл оюун ухааны хөгжлийг дэлхийн нэр хүндтэй шинжээч, мэргэжилтнүүд нэгэн дуугаар магтан дуулж, энэ нь хүн төрөлхтөнд ямар их үр ашиг өгөх талаар уралдан ярилцаж байсан цаг саяхан. Хиймэл оюун ухаан эмч, орчуулагч гээд олон мэргэжлийн хүмүүст яаж дэм болохыг ч идэвхтэй хэлэлцэж байлаа.

Гэтэл GPT гээч компьютер хэлний загвар гарч ирэв. Энэхүү компьютер хэл аль ч сэдвээр бодит хүн бичсэнээс ялгагдахааргүйгээр бичих чадвартай. Сэдвээ өглөө, хэдэн минутын дараа текст нь бэлэн. GPT ашиглан дэлхийн шилдэг их сургуулиудын олон ч оюутан дипломоо хамгаалснаа хүлээн зөвшөөрсөн.

Тэгэнгүүт хиймэл оюун ухааныг судалдаг тэргүүлэх эрдэмтэд ч бодлоо өөрчлөв. Өдгөө тэд хиймэл оюун ухааныг яаж тогтоон барих талаар илүүтэй хэлэлцэх болжээ.

Дэлхийн толгой баян, Ангараг гаригт хүн илгээх уран зөгнөлийг бодит зүйл болгохоор зүтгэж буй бизнесмен Элон Маск, анхны компьютер, ухаалаг гар утас зохион бүтээсэн “Apple” компанийг үүсгэн байгуулсан Стив Возняк, сүүлийн үед хамгийн ихээр алдаршаад буй зохиолч Ювал Ной Харари гээд дэлхийд нөлөө бүхий олон хүний хамтран үүсгэн байгуулсан “Амьдралын ирээдүй” (The Future of Life) гэх байгууллага бий. Тус байгууллагын гол зорилт нь хүн төрөлхтний ирээдүй хэрхэхийг судлах явдал.
Тэгвэл “Амьдралын ирээдүй” Элон Маскын өөрийнх нь хамтран үүсгэсэн “OpenAI” компани сүүлийн үед дуулиан тариад буй GPT-4 хэмээх компьютерийн програмыг худалдаж эхэлсний дараахан ийм мэдэгдэл гаргажээ.

“Хүн төрөлхтний өмнө тавигдсан үндсэн зорилтуудыг шийдэхэд хиймэл оюун ухаан ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо. Тэгвэл та хиймэл оюун ухаан бидний мэдээллийн орон зайг элдэв суртал ухуулга, худал хуурмаг зүйлээр дүүргэхийг хүсч байна уу? Олон ажил мэргэжил, үүний дотор шийдвэр гаргах ажлын байрыг хиймэл оюун ухаанд даатгах нь зөв үү? Биднийг залилж, биднийг өөрсдөөрөө сольж болох хүний бус оюун ухааныг хөгжүүлэх нь зөв үү? Соёл иргэншлийнхээ хяналтыг алдах ийм эрсдэлтэй алхам хийж болох уу?

Хэрхэвч болохгүй нь мэдээж. Иймд хиймэл оюун ухааны хөгжлийг хянан удирдах шаардлагатай. Гэвч тийм хяналтыг одоогоор хэн ч, хаана ч хийхгүй байна. Тиймээс бид хиймэл оюун ухааны системуудын боловсруулалтыг ойрын зургаан сарын хугацаанд зогсоохыг уриалж байна. GPT-4-өөс илүү ухаалаг нейро сүлжээ хүн төрөлхтөнд хэрэггүй.”

GPT-4 гэгч нейро сүлжээ нь янз бүрийн текст, шинжлэх ухааны нийтлэл, элдэв мэдээ хийхэд дөхөмтэй ба хэн хийсэн, хэр зэрэг бодитой зэргийг шалгахад хүндрэлтэй аж. Сүүлийн хэдэн долоо хоногт нейро сүлжээ эрчимтэй хөгжиж буйг мэргэжилтнүүд төдийгүй зарим орны удирдлага анхааралтай ажиглах болжээ. Хиймэл оюун ухааныг (өнөөх л GPT-4) гэмт хэрэгтнүүд идэвхтэй ашиглах болсноос л тэр.

oyun uhaanЕвропын холбооны цагдаагийн газар буюу Европол өдгөө бий болоод буй хиймэл оюун ухаан интернет дахь аливаа бизнест заналхийлэх болсныг анхааруулсан байна. Европолын үзэж буйгаар GPT-4 зэрэг нейро сүлжээ компьютер програмчлалын ямар ч мэдлэггүй гэмт хэрэгтэнд аливаа компанийн нууц үгийг задлан мэдээлэлд нь хүрэхэд хэдэн сар биш хэдхэн секунд зарцуулах боломж олгож байгаа ажээ.

Угаасаа ChatGPT систем аливаа хүний хувийн мэдээллийг чөлөөтэй судлан хэрэглэдэг гэнэ. Хүний хувийн мэдээлэлд халдах тал дээр Европын холбоо нэлээд чанга хууль дүрэмтэй. Иймээс ч Итали ChatGPT чат ботыг хэрэглэхэд зохих хязгаарлалт тогтоожээ. Герман, Франц, Ирланд ч удахгүй ижил алхам хийхээр зэхэж байна.

IT технологийн шилдэг шинжээчдийн нэг, Машины оюун ухааныг судлах институтын тэргүүн Элиезер Юдковски “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хэт ухаалаг нейро сүлжээнүүд эрт, орой хэзээ нэгэн цагт интернетийн хязгаараас гарч дэлхийн бүхий л явцыг хянан хүн төрөлхтнийг үгүй болгоно гэж зөгнөн дуулиан тарьжээ.

Тэрээр, “Хүн төрөлхтөнд заналхийлж буй гол аюул өдгөө элдэв байгалийн гамшиг, солиртой мөргөлдөх явдал биш. Харин өөрсдийн гараараа бид хүнийхээс илүү хиймэл оюун ухаан бүтээж буй явдал. Тийм оюун ухаан интернетээс халин бодит амьдралд орж ирэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Тэгвэл хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг ч, ер нь манай гаригийг ч үл тоох нь гарцаагүй. Хиймэл оюун ухаанд сэтгэл ямар байх биш. Иймд жишээлбэл, хүний биеийн атомуудыг өөрт хэрэгтэй ямар нэг өөр зүйл бүтээхэд ашиглаж болзошгүй. Нэг үгээр хэлбэл, бид тэдний хувьд лабораторийн туршилтын материал болж хувирна. Хүн төрөлхтөн үгүй болно.

Хиймэл оюун ухаан хүнийхээс илүү болонгуутаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээ болих нь тодорхой. Бид түүнээр биш, тэд бид нараар тоглох болно. Хүнийхээс сая гаруй дахин илүү хурдан сэтгэдэг харь гаригийнхныг төсөөл дөө. Тэд биднийг дор нь үгүй хийнэ биз дээ? Тэгвэл хиймэл оюун ухаан гэдэг яг л тийм аюул заналхийлэл.
Иймд бид ойрын 30 жил хиймэл оюун ухааны аливаа судалгааг зогсоох шаардлагатай” гэжээ.

Энэ талаар “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс “Хиймэл оюун ухааны эрин эхэллээ” нийтлэлдээ ч мөн бичжээ.

oyun uhaanТэрээр, “Сүүлийн саруудад интернет дахь нейро сүлжээний салбарт маш чухал дэвшлүүд гарлаа. Хэдий тийм ч хиймэл оюун ухаан биет ертөнцийг хянан өөрийн зорилгодоо ашигласан зүйл одоогоор алга.

Гэвч хэтдээ хиймэл оюун ухааны зорилт нь юу байх вэ? Тэр зорилт нь хүн төрөлхтнийхөөс зөрвөл яах вэ? Хэт хүчтэй хиймэл оюун ухаан боловсруулахыг бид зогсооход хүрэх үү?

Эдгээр асуултад хариулах шаардлага тун удахгүй гарч ирэх нь” гэсэн байна.
Ер нь IT технологийн шилдэг эрдэмтдийн дийлэнх нь хиймэл оюун ухааны цаашдын хөгжил юунд хүргэхээс болгоомжилж буйгаа илэрхийлснийг энд тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Эцэст нь дүгнэхэд, уран зөгнөлт зохиолчдын хэдийнээс бичиж байсан “машинуудын бослого” гээч зүйл хүн төрөлхтөнд хийсвэр бус бодит аюул заналхийлэл болоод байх шиг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img