2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Б.Лхагважав: МАН 2050 он хүртэл дарангуйлна гэдгээ “Алсын хараа-2050” гэж гоёор нэрлээд байна

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай улстөр, эдийн засаг тойрсон асуудлаар ярилцлаа.

Д.Амарбаясгалан өнгөрсөн найман жилд Геббельс болсон нь нууц биш

-Өнөөдрийн улстөрд хамгийн тулгамдаад асуудлаар ярилцлагаа эхлэх үү, хоёулаа?

-Тэгье. Би хувьдаа намын санхүүжилт гэж харж байна. Сүүлийн хоёр сонгуулийн ард асар их мөнгө эргэлдсэн. М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо хурлийз, эрлийзээрээ дуудагдсан болохоос биш мөнгөөр хахаж байсан. Сүүлдээ хоёрын хооронд мөнгийг тоож авахаа больсон нь нууц биш. Одоо ч тэр үеэс ялгаагүй зурагтай яваа. Тэгэхээр намын санхүүжилт бол гарцаагүй шийдэх ёстой асуудал.

-Одоогийн Ерөнхий сайд буюу танай намын дарга лидер болох замаа эхэлсэн үү, эсвэл лидер болчихсон явна уу?

-Л.Оюун-Эрдэнийн хувьд хаданд хавчуулсан халиуны зулзага гэдэг шиг болчихсон яваа нь ил үнэн. У.Хүрэлсүх ахын цэрэг. Женко ахын цэрэг. Улстөрч болох зам нь одоо л эхэлж байна. Лидер болъё гэвэл нүүрсний хулгайчдаа бүгдийг нь шийтгэж, ЖДҮ гэх мэт асуудалд орооцолдсон улсуудаа зайлуулах ёстой. Тэгж байж лидер болох замдаа шуударна. У.Хүрэлсүх ч ялгаагүй, ийм алхам хийх хэрэгтэй. АН олигтой байвал өөр л дөө, уг нь.

-Женкогийн нөлөөний тухайд юу хэлмээр байна?

-Женкогийн тухайд гудамжинд гарчихсан. Мань эрийн хувьд г удамжныхаа юмыг сайн хийх нь ойлгомжтой. Манай томчуудын тухайд оффтейк гэрээ бүхэлдээ задарвал буцаад л Женко руу гүйж очицгооно.

-Яагаад?

-2018 оноос хойшхи гэрээн дээр манай дээр суугаа хэд л гарын үсэг зурсан шүү дээ. ҮАБЗ дээр бүхнийг төвлөрүүлсэн. Дээр нь ковидын үеийн хууль бүр сайхан таатай хөрс болж өгсөн. Сүүлийн дөрвөн жил улс орныг зангидаж удирдсан хүмүүс энэ бүхнийг хийсэн.

-Энэ хүмүүс эрх ашгаараа нэгдэж нийлээд улсаа Ерөнхийлөгчийн засаглал руу оруулчих эрсдэл байна уу?

Лхагважав-Өнгөрснийг эргээд харахаар дуулиан шуугиан дэгдвэл галыг хааш нь цацах вэ гэдэг асуудал л эрх баригчдад байлаа. Одоо цацах юмгүй болчихсон. Тэгэхээр гал хаашаа очих нь тодорхой. Өөрсөд дээр нь ирж таарна. Нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банк энэ тэр чинь үүний тод илрэл.

-Танай намыг анзаарах нь ээ сүүлийн үед лидерээр “өлсч” байна л даа. Таныхаар шалтгаан нь юундаа байна вэ?

-Лидер гарч ирэхгүй байгаа нь сүүлийн найман жилийн үйл явцаас улбаатай. Буруутан нь манай МАН өөрөө. Аливааг дардаг, жаахан ярьж хэлэх гэж үзсэн хүнийг шоронд хийдэг гэх мэт үйл явцаас нь залуус айж байна. Тийм учраас лидерлээд явчих хүн өнөө жагсаал удирддаг Цогтоо гээд жүжигчнээс өөр байхгүй болчихож байгаа юм.

-Одоо ч гэсэн дуугардаг залуусыг ээлжлэн барьж хориод “хэлгүй” болгосоор байна л даа. Тантай Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ярилцахад “Нам руугаа орохоор нацист намын төв байр шиг санагдаад байдаг болчихлоо” гэж байсан. Одоо тэр бодол, мэдрэмж чинь хэвээрээ юу?

-У.Хүрэлсүхийг сонгуульд ялдаг өдөр та бид хоёрын тэр яриа “Өдрийн сонин”-д гарсныг маш тод санаж байна. Намынхаа байраар ороогүй удаж байгаа. Бага хуралдаа сууснаас хойш очоогүй. Манай намын тухайд нэг онцлог бий. Бага хурлаар шинэ гарч ирсэн намын дарга нь 300 хүний нэр бичээд ороод ирдэг. Тэнд байгаа мянган хүн өнөө 300 хүнийг нь дугуйлна. Аль ч үед ийм л байсан. Даргаа тойроод хүчтэй байдаг нь ийм учиртай. Н.Энхбаяр даргын гэх тодотголтой, ямар ч өрсөлдөгчгүй орж ирсэн 120 хүн бий. Хэзээ л бол хэзээ хөдлөхөд бэлэн 120 хүн байгаа. Оюун-Эрдэнийн 250 хүн бол хэцүү. Тэр өмнөх өдөр нь намын дарга болохдоо мянган хүний санал аваад маргааш нь бага хурлын гишүүн болохдоо 650 хүний санал авсныг та анзаарсан байх. Дунджаас доогуур байгаа байхгүй юу. Уг нь тухайн үед Л.Оюун-Эрдэнэ энэ тал дээр анхаарч ажиллах байсан юм.

Яг үнэндээ мань эр Д.Амарбаясгаланд бүх менежмэнтээ алдчихсан л даа. Д.Амарбаясгалан ийм мундаг менежмэнт хийчихээд ЗГХЭГ руу явчихсан. Миний хувьд энэ шийдлийг эргэлзэж хардаг. Д.Амарбаясгалан өнгөрсөн найман жилийн хугацаанд Геббельс болсон нь нууц биш. Гитлерийн доорх нөхөр шиг үүрэг гүйцэтгэсэн. Гитлер нүүр царай болж, бусал бүгдийг Геббельс атгадаг шиг нөлөөтэй ажилласан. Тийм учраас би Д.Амарбаясгалангийн ЗГХЭГ руу явсан үндэслэл нь цаанаа нарийн шалтгаантай гэж хардаад байгаа хэрэг.

-Хүчээр ЗГХЭГ-ын даргын алба руу очсон гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Хүчээр очсон гэж хардаг.

-Я.Содбаатар түүний дайтай генсек байж чадаж байгаа юу?

-Яг нарийндаа Содбаатар генсек биш.

-Ингэхэд та Д.Амарбаясгаланг хувь болоод бие хүнийхээ тухайд ямаршуу гэж хардаг вэ?

-Их хөгжиж байгаа хүн. Өөрийгөө мундаг хөгжүүлж яваа. Манай намын дарга ч яахав, алдарт төслүүдээ, төсөөллүүдээ ярьсаар ирсэн. Харин Д.Амарбаясгалан яг ард нь институтийг жинхэнэ утгаар нь удирдаж, А, Б-гүй нягталж ажилласан хүн. ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш ч бараг Ерөнхий сайд шиг буурь суурьтай яваад байгаа биз дээ.

-Хувь хүн талаасаа ямар вэ гэж сонирхсон нь ийм учиртай юм аа. Сайн хүнээс санаанд багтамгүй муу муухай юм гарахгүй, эрх мэдэлд уусаад яаж ч далийж хазайсан том сөрөг нөлөөтэй шийдвэрт толгой дохихгүй. Харин хувь чанараараа муу хүн том эрх атгавал улсаа дарангуйлал руу хөтлөх эрсдэлтэй. Тэр утгаар нь асуугаад байна л даа…?

Лхагважав-ЖДҮ-д орооцолдсон хүн шүү дээ. Нийтийн мөнгөнд хуруу дүрсэн хэнийг ч би муу хүн л гэж үзнэ. Бололцоо гарах л юм бол хуруу дүрэхэд бэлэн байгаа гэсэн үг.

-Танай намын гол суурь, зангараг хөгшчүүлдээ байгаа гэж ярих хэсэг бий. Энэ хэр ортой үг юм бол?

-Манай намын хөгшчүүлд найдах хэрэггүй. Тэд хувь амьдралаа баталгаатай болгох зүйлсийг л зугуухан хийдэг айхавтар улс. Тэр санаа, зорилгодоо үе үеийн намын удирдлагуудыг ашигладаг. Их муу хөгшчүүл гэж хэлнэ, би хувьдаа. Залуусыг зөвөөр чиглүүлж өгөхгүй өнөөг хүрчихээр ямар олиг байхав дээ. Ингээд яриад байвал манай нам дотор их асуудал бий.

-Намаа шинэчлэх хүсэл байна уу, танай намын дотоодод?

-Саяын хорин жилд энэ чигээрээ дарангуйлъя гэсэн менежмэнт л хийсэн. Алсын хараа 2050 гэдэг чинь яг үнэндээ 2050 он хүртэл бид засаглана, дарангуйлна гэдгээ л зарлаад байгаа хэрэг. “Бид 2050 он хүртэл засаглахын тулд бололцоотой бүх муу аргыг хэрэглэнэ” гэсэн санаа цаана нь бий. Гэтэл нүүрсний хулгай, Хөгжлийн банк, элдэв жагсаал цуглаан энэ тэрийг харахад муу үйлийн үр удалгүй гараад ирдэг юм байна.

Оюу толгой тойрсон улстөрийн том тоглолтууд 2007 оноос идэвхжсэн

-Оюу толгой бол манайд хэрэгжиж буй цор ганц мега төсөл. Дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг нэрийг тамгалсан гэхээр хэтэрхий сүржин сонсогдож мэдэх ч яг үнэндээ тэр дайны далайц, нөлөөтэй төсөл яалт ч үгүй мөн. Том төслийг дагаад асар их мөнгө эргэлддэг. Тэр утгаараа энэ төслийг тойрсон улстөрийн өндөр сонирхол бүхий тоглолтууд өрнөдөг. Энэ сонирхолтой сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлье. Оюу толгой төсөлтэй холбоотой шийдвэрүүд дээр улстөрийн ямар тоглолтууд өрнөсөн талаар ярилцвал ямар вэ?

-Болж байна. Ингэхийн тулд Оюу толгойн өмнөх хойдох бүх түүхийг мэдэж байх учиртай. Тэр үед эрх зүйн хувьд юу болов, улстөрийн хувьд ямар хөдөлгөөнүүд гарав, тоглогчид нь хэн байв, Оюутолгойн гэрээг батлахын тулд ямар хуулиудыг өөрчлөв, лоббид автсан эсэх, чин сэтгэлээсээ хийгдэв үү, бид хөтлөгдчихсөн үү гэх мэт асуултыг өөрсдөөсөө асууж, түүхийг мэдэж суугаа хүмүүсийн яриа хөөрөөг архивлах нь чухал. Жишээ нь 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хууль яагаад либерал болсныг бид анзаарч ухаж боддоггүй. 1997-1998 онд одоо олны анхааралд орчихсон коксжих нүүрс тавхан ам.долларын үнэтэй байсан. Алт 250-хан ам.доллар байлаа. Зэсийн ханш бүр 800-хан. Тийм үед монголчууд социализмын үеийн өмчөө, малаа хувьчилсан. Товчхондоо уул уурхай “мода”-наас гарсан үед хийгдсэн учраас либерал болсон хэрэг. Энэ хуулийн дагуу 2000 онд хоёр гэрээ зурсны нэг нь Бороо гоулд, нөгөө нь Цайрт минерал.

Сая хэлсэн хоёр гэрээг зурсаны дараа эргээд хартал газрын хэвлийн баялгийн хөрөнгөө ил гаргаад ашиглах тал дээр чадвар султайгаа мэдэрсэн л дээ, улсаараа. “Бороо гоулд”-ын 40 тонн алтыг яг тэр гэрээгээр бол 15 жил олборлох ёстой. Эхний таван жилд нь татваргүй, дараагийн таван жилд нь 50 хувийн татвартай, сүүлийн таван жилд нь ердийн татварын системд орно гэж байсан юм. Гэтэл гуравхан жилийн дотор Канадаас өөр технологи авчраад олборлочихсон. Энэ бол 2000 оны үйл явц. Дараа нь 2001 онд Д.Гарамжав гуайн судалгааны үр дүнд Оюу толгой том сэдэв болж эхэлсэн. Гэхдээ Оюу толгойн тухайд 1997 онд Ш.Отгонбилэг гуай ч судалж байсан түүх бий.

-Ш.Отгонбилэгийн санаачилж хэрэгжүүлж явсан төсөл яг ямар шалтгаанаар зогссон юм бол?

-Ш.Отгонбилэг гуай Эрдэнэтийн нөөц дууссан үед дараагийн Эрдэнэт хэрэгтэй гээд судалгаа хийж байсан хүн л дээ. 1997 онд засаг төр солигдсоны дараа суудлаасаа буусан юм. Тухайн үед шинээр гарсан удирдлага нь хэрэгжиж явсан төслийг зогсоосон байдаг. Дараа нь Фрийдландад зарсан юм. Яг нарийндаа Ш.Отгонбилэг гуай Оюу толгойг олоход хоёрхон км дутуу байсан. Фрийдланд 145 өрөм тавьж 300 гаруй сая ам.доллар зарцуулсан түүхийг та мэдэж байгаа. 2000 онд манай улсын төсөв 200 сая ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан гэхээр улсын төсвийн жил хагасын хэмжээний мөнгийг зарцуулсан гэсэн үг. За тэгээд алдартай геологич маань 146 дугаар өрмөө тавьж, эдийн засгийн хувьд ашигтай чөмөг гарсан түүхтэй.

Энэ бол 2001 олны үйл явц. Гэтэл бид 2003 онд “Бороо гоулд”-д бүх юмаа алдсан. Ийм бодитой кейс бий болчихсон тэр үед “Бороо гоулд” хайгуулын лицензтэй байсныг энэ дашрамд тодотгоод ахиад тухайн он цагийн нөхцөл байдал руу оръё. 2003 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин манай улсын төлөх учиртай их өр болох 9 тэрбум ам.долларыг 250 сая ам.доллараар хаая, хоёр долоо хоногийн дотор шилжүүл гэсэн. Энэ бол 2003 оны арванхоёрдугаар сарын үйл явц. Тэгэхэд улсаараа хөдлөөд, төв банк бүх юмаа шавхаад 200 сая ам.доллар л гарч ирсэн. 50 сая ам.доллар дутсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр энэ мөнгийг Фрийдландаас зээлсэн юм. Их өндөр хүүтэй зээл авсан шүү.

Тэгээд ЗХУ-ын өрийг дарж Монгол улс маань 2004 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж яг чөлөөт зах зээлээр замнасан. Хөрөнгө оруулалт татах, олон улсын санхүүгийн менежмэнтэд орж ирэх үүд хаалга тэр цагаас хойш бидний өмнө нээгдсэн. Тэрнээс өмнөх арваад жилийн амьдрал маань баргар шүү дээ. Зөвхөн тусламж ирдэг байснаас биш хөрөнгө оруулалт орж ирсэн нь үгүй.

-Хөрөнгө оруулалт гэх ойлголт ор тас байгаагүй тийм үед Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” хөрөнгө оруулаад төсөл хэрэгжүүлчихэж…?

Лхагважав-“Бороо гоулд”-ын тухайд азаа үзсэн хэрэг л дээ. ЗХУ-ын тэр их өрнөөс бүгд айж байсан. Фрийдландын хувьд маш ашигтай нүүдэл хийх тохироо бүрдчихсэн хэрэг. Нэг сумаар хоёр туулай буудсан хүн. Нэгдүгээрт ЗХУ-ыг өрийг дараад, өөрөө хөрөнгийн биржээс хөрөнгө босгох үүд хаалгаа нээсэн. Нөгөө талаас тавин сая долларынхаа шанд Н.Энхбаяраас ашиглалтын лиценз авсан. Тухайн үеийн төр засаг ашиглалтын лицензээ аль болох өгөхгүйг хичээж байсан юм. Учир нь 1997 оны хуулиа баривал яг л “Бороо гоулд”-ынх шиг гэрээ байгуулчих эрсдэл байсан хэрэг. Фрийдланд олон улсын хөрөнгийн биржүүдээс мөнгө босгож чаддаг гайхалтай менежер. Тэр далимаар уул уурхай, Монголын нээгдэх гэж байгаа баялаг дэлхийд сурталчлагдаж 2005-2007 онд “бүүм” болж байсныг та мэднэ.

Төр засгаараа гацаанд орчихсон яах вэ гэж байсан цаг буюу 2005, 2006 онд иргэний хөдөлгөөн гарч ирж байлаа. 2006 оны нэгдүгээр сарын 12-нд тухайн үедээ МАХН-ын байрыг эзэлж байсан түүхтэй. Тухайн үед автобусны үнийг 100 төгрөгөөс 200 төгрөг болгож нэмлээ гэсэн шаардлага тавьж, тэр жагсаалыг С.Ганбаатар гишүүн удирдаж, нөгөө талд нь Ж.Батзандан, О.Магнай, Ичинноров зэрэг залуус Н.Энхбаярыг авлигын эцэг гэж зарлаж явлаа. Их сонин үзэгдэл байсан л даа. Н.Энхбаярыг авлигын эцэг гэж хэлж зүрхлэх хүн байгаагүй цаг шүү дээ. 2006 оны нэгдүгээр сарын 12-нд болсон энэ үйл явцаас ерөөсөө хоёр долоо хоногийн дараа уул уурхай, ашигт малтмалын хуулийг өөрчлөх сэдэв рүү шууд орсон. Тухайн үед өрнөсөн нийгмийн уур амьсгал, хөдөлгөөнийг ашиглаад 1997 оныхоо хуулийг өөрчлөх процесс явагдсан юм. Тэгээд 2006 онд хэд хэдэн хуулийг өөрчилсөн.

Нэгдүгээрт Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. Тэр жилийнхээ зургадугаар сард шинэ хуультай болж 34 хувь, стратегийн орд гэх мэт тодотголууд орж ирсэн. Татвараа бултаар нь багасгасан. 45, 50 хувь байсан дөрвөөс таван үе шаттай татваруудын талыг нь байхгүй болгосон. Яг цаад утгаараа ахиад хөрөнгө оруулалтын том гэрээ хийх нөхцөл тэгж бүрдсэн. 2004-2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. Дараа нь тохиролцоогоор М.Энхболд Ерөнхий сайд болсон. Анхны гэрээг М.Энхболд оруулж ирсэн түүх нь энэ. Ч.Хүрэлбаатар төслийг нь бичсэн байх. Гэтэл 2007 оны долдугаар сард “Айвенхоу майнз”-ын гадаа машин эргүүлэх үйл явц болж тэр гэрээ унасан. Тэгтэл энэ хооронд, хуулиа өөрчилсний дараа улстөрийн томчуудын тоглолт орж ирж байгаа юм.

-Оюутолгойн гэрээг хэн үзэглэх вэ гэсэн өрсөлдөөн, нүүдлүүд эхэлж тээ?

-Яг тийм. Тухайн үед далд уурхайн асуудал ороогүйгээр 3.4 тэрбумын гэрээ байгуулсан. Н.Энхбаярын хувьд анхнаасаа маллаж явсны хувьд авах сонирхол өндөр байсан нь ойлгомжтой асуудал. Гэтэл өөрөө диктатур болчихсон байдаг. Түүнээс бүгд айдаг, хэрхэн зайлуулах арга учраа олж ядаж байсан үе таарсан л даа. Тэгээд намынхан нь мань эрийг 2005 онд Ерөнхийлөгч болгосныхоо дараа хог дээр гаргах үйл явцыг хийж эхэлсэн. Ашигт малтмалын хууль өөрчлөгдөнгүүт эвслийн Засгийн газар энэ гэрээ рүү хүчтэй орох гэсэн ч Н.Энхбаяр даргын зангаргаас айж байсан. Үүний хажуугаар Ц.Нямдорж гэдэг хүн тодорч гарч ирсэн. 2007 онд хэдхэн иргэний өргөдлөөр УИХ-ын даргаар огцорч байсан даа.

-Нээрээ тэгсэн шүү. Хөнжилдөө хууль зассан гэх мэт шуугиан дэгдээд…?

-Асуудал нь хууль зассан энэ тэр гэсэн шуугиан байсан ч яг цаадах том шалтгаан нь өөр. Шатрын нүүдлээр бол бэрс, ноёдын тоглолт болж байсан. Ц.Нямдорж бэрс гарах гээд байсан хэрэг. Тийм учраас хурдан зайлуулах шаардлага үүссэн юм. За тэгээд 2008 онд сонгууль болж С.Баяр даргын менежмэнтээр 45 суудал авч, долдугаар сарын 1-ний үймээн болсон.

АН-ын тухайд таван залуугийн амь нас алдсан явдлыг ашиглаж таван сайдын суудал авч эвслийн Засгийн газар ажиллаж эхэлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс бууж Ц.Элбэгдорж гарч ирсэн. Дараа нь гэрээ зурагдсан. Гэрээний өмнө хэд хэдэн хуульд өөрчлөлт орж байлаа. Мэдээж татварын хуульд орсон өндөр татваруудаа багасгах шийдэл нэг том хөзөр нь байсан. Дараа нь усны хуульд өөрчлөлт орсон, 2009 оны долдугаар сард. Арван жилээр ус өгөх байсныг хорин жил болгосон. Тэр усны лоббинууд яаж явагдсаныг одоо харахад сонин л юм билээ. С.Баяр даргад 56 дугаар тогтоолоор эрх өгсөн. С.Баяр дарга эрх авсан мөртлөө сайд нартаа эрх өгөөгүй байсан. 2009 оны гэрээ зурахын өмнөх өдөр бид мэдэгдэл хийж байж ЗГ-ын хуралдаан болж гурван сайдын эрх өгөгдсөн түүхтэй. Тэгээд гэрээ зурагдсан.

-Та саяхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зөвлөлдөх санал асуулга хийж баахан мөнгө үрчихээд ямар ч саналыг нь тусгасангүй, үргүй зарсан тэр их мөнгийг Г.Занданшатар төлөх ёстой гэсэн утга бүхий пост оруулсан байсан. Зөвлөлдөх санал асуулга гэж тийм их мөнгө үрсэн хэрэг үү?

-Тэгсэн. Уг нь Зөвлөлдөх санал асуулгын хуулинд санал асуулгын мөнгө улсын төсвөөс гарна гэж заасан. Зардлыг нь заавал тусгасан байх ёстой. 1500 хүн оролцсон гэхээр маш их мөнгө үрсэн нь ойлгомжтой. Саяных шиг зөвлөлдөх санал асуулга өмнө нь, 2017 онд бас нэг болсон шүү дээ. Саяын зөвлөлдөх санал асуулгаар нийтийн санхүүд гар дүрсэн улстөрчдөд хариуцлага хүлээлгэх гэх мэтээр нийтийн санхүүд хяналт тавих чиглэлд нэлээд санал гарсан. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд цөөнгүй санал авсан юм. Гэтэл ямар ч саналыг нь авсангүй. Суудлын тооны өөрчлөлтийг л оруулж ирлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар маш хариуцлагагүй байна. Тэр утгаараа УИХ-ын дарга энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын зардлыг төлөх ёстой. Г.Занданшатарыг маш том гэмт хэрэг хийлээ л гэж харж байна. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны луйвар гэх мэт асуудалд нийгэм бухимдаж байх зуур, тэр сэтгэл зүйг ашиглаж зөвлөлдөх санал асуулга гэдэг юм оруулж ирчихээд ямар ч саналыг нь тусгахгүйгээр өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэх гэж улайрч байна. Ингэж улайм цайм залилан хийж болохгүй. Зөвлөлдөх санал асуулгад хэдэн тэрбумыг өлхөн зарцуулсан нь тодорхой. Дарга нарын ийм фантазид мөнгөө өгөөд яваа нь хайран байна л даа.

-Зөвлөлдөх уулзалтын үеэр Үндсэн хуульд ямар өөрчлөлт, заалтууд тусгая гэсэн саналууд гарав?

-Үндсэн хуульд хяналтын систем байхгүй. Аудитын байгууллага үндсэн хуулийн байгууллага болно гэсэн үг л дээ. Хоёрдугаарт Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг хамгаалах гол газар бол Хүний эрхийн үндэсний комисс. ХЭҮК Үндсэн хуулийн байгууллага байх ёстой. Нийтийн санхүү гэж тусдаа бүлэг оруулах санал гарсан. Нийтийн санхүү бол төсөв, даатгал, улсын зээл. Эднийг өндөр албан тушаалтнаас хамгаалдаг, өөрөөр хэлбэл төрөөс өөрөөс нь хамгаалдаг механизм манай Үндсэн хуульд байдаггүй юм. Үүнийг хийх цаг нь болсон. Төв банкийг Үндсэн хуулийн байгууллага болгох ёстой. Төв банкны таван их наядын өр яг нарийндаа Засгийн газрын өр. Төв банк асар их өртэй. Засгийн газарт 2016 онд “Сайн хашаа, байшин” гэх мэтэд баахан мөнгө гаргаж өгсөн. Дараа нь тэтгэвэр тэглэж байна гээд 760 тэрбумыг хэвлээд гаргачихсан. Сүүлд нь төмөр зам барина гээд асар том мөнгө хэвлэж өгсөн. Нууцлалтай учраас тоог нь хэлэх боломж өнөөхөндөө алга. Эцэст нь энэ их өрөө Засгийн газар төлдөггүй. Төв банк нь ч арчаагүй байна л даа. Зүй нь өгсөн мөнгөө эргүүлж авах ёстой. Яг ийм процесс даатгал дээр явчихсан байдаг юм билээ. Улстөрийн эрх мэдэл авсан хүмүүс даатгал, татварын мөнгийг үнэгүй хэрэглэхдээ төв банкийг ашиглачихаад дараа нь өрөө төлөхгүй байна. Энэ байдал нь эдийн засгийн хямралд гүнзгий нөлөөлдөг. Гэх мэтчилэн маш чухал саналууд тавьсан ч үгүй болчихлоо л доо.

-Ер нь Үндсэн хуульд нэлээд өөрчлөлт орж байж өнөөгийн асуудал цэгцэрнэ гэж харж байна уу?

Лхагважав-1992 оны Үндсэн хуульд улстөр, эдийн засаг, нийгмийн хувьд маш том гажуудалд оруулчихсан. Энэ гажуудлаас гарах ганц зам бол Үндсэн хуулийг тэг чигт нь өөрчлөх.

-Үндсэн хуульд одоо орж буй өөрчлөлтөд эерэг тал бий юу?

-Эрх баригчид эрх барьж буй улстөрийн цагаа л бага зэрэг уртасгах арга шийдэл хайж ийм өөрчлөлт оруулж ирлээ. Өнөө яригдаж байгаа Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийн асуудал бол хүний эрхийн асуудал. Ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй. Парламентийн гишүүдийн тоогоор ард түмнээс санал асуулга авах ёстой. УИХ-ын гишүүдийн тоо бол хэдэн намын асуудал биш. Төр засгаа ард түмэн өөрсдөө байгуулдаг. Тэр утгаараа ард түмнээс санал асуулга авах учиртай. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийсэн. Тэр зарчим дээрээ ч зогсч чадаагүй байж ахиад ийм өөрчлөлт хийх гэж байна л даа. Улстөрийн намын тухай хуулийн шинэчлэлийг та анзаараарай. Их сул хууль оруулж ирсэн байна лээ. 47-хон зүйлтэйгийн бараг 17-д нь Засгийн газар нэмэлт тайлбар өгсөн байсан. Бүх зүйлийг шинэчилж байгаа мэт харагдуулж л байна. Түүнээс биш бүх юм хэвээрээ үлдэж байгаа.

Улс төрийн намын хууль шинэчлэгдэнгүүт ХҮН намаас эхлээд жижиг намууд бүгд арчигдана

-Улстөрийн намын хуульд шийдэх ёстой ямар асуудлууд байна?

-Улстөрийн намын тухай хуулиар бол үзэл бодлоо өөрчилсөн үедээ тухайн нам тарах ёстой. Манай МАН жил хагасын өмнө нь л социал демократ үзлийг авлаа. Уг нь улстөрийн нам хүний эрхийн хоёрдугаар бүлгийн дагуу үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэж байгаа үйл явц. Гэтэл манай нам үзэл санаагүй болчихоод социал демократ үзлээр явна гэж байгаа бол тарах хэрэгтэй. Хоёрт нэг том асуудал бий. Манай намын үл хөдлөх хөрөнгө асар их. Бүх хөрөнгийг нь ил гаргаж ирэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр боссон бол хурааж авах ёстой. ХҮН-ынхан хөөрцөглөөд яваа. Гэхдээ цаад учир нь өөр шүү дээ. Манай нам ХҮН намыг өгөөш болгож ашиглаад байна.

-Өгөөш болгож ашиглаж байна гэдгээ тодруулаач?

-Манай нам 2000 оныхоо залийг ахиж хэрэглэх гэж байгаа. Тухайн үед Ардчилсан хүчин засаг бариад хэлтэй, амтай байсан. Тэгэхэд Эрэлийн намыг маш сайн додомдсон. Тэгээд тойргууд дээр АН-ын саналыг хуваачихсан. Үр дүнд нь МАН 72 суудал авсныг та санаж байгаа байх. Одоо яг ийм процесс ХҮН намаар дамжаад орж ирнэ. ХҮН бусдынхаа саналыг хуваах нь ойлгомжтой. Одоо оруулж ирсэн хувилбараар бол жижиг намуудад ч боломж байхгүй юм билээ. Улс төрийн намын хуулийн шинэчлэлээр өмчийн асуудлыг шийдэхгүй бол ийм том хөрөнгөтэй МАН-тай хэн өрсөлдөх юм? Бүх суманд барилга, байшин, үл хөдлөх хөрөнгөтэй маш баян нам. Гэтэл яг нарийндаа ХҮН намд нэг өрөө байр ч байхгүй шүү дээ. Та анзаараарай, үндэсний телевизээр гэхэд л ХҮН нам л гардаг болсон. МАН эднийг ашиглаад байгаа байхгүй юу. Яг үнэндээ одоо шинэчилж буй гэгдэж байгаа хуулиудыг харахад эд бүгд арчигдах юм билээ. Хөшигний ард ийм л юм явагдаад байна.

-МАН засгийн эрхэнд ахиад гарах арга шийдлээ хуулийн шинэчлэлүүдээр далимдуулж хийж байна гэсэн үг үү?

-Миний хувьд МАН ахиад засгаа аваасай гэж бодож байгаа. Ахиж дөрвөн жил барьсных нь дараа хүмүүс “Коммунист угшилтай нам явж чаддаггүй юм байна” гэдгийг яс, махаараа мэдрэх байх.

Шуудхан хэлэхэд сүүлийн 30 жилийн 26 жилд нь манай МАН төр барьсан. Коммунист угшилтай намаар төр бариулчихаад зах зээлийн замаар явсаар ирлээ л дээ. Эднийг нийгмээ өөрчилж чадахгүй, юмаа хийж чадахгүй явах үед нь АН гараад ирдэг байхгүй юу. АН-ынхан өөрчлөлтийг зоригтой хийдэг. Түүнээсээ болж нэр хүнд нь унаж таарна. Яг тэр үед нь МАН ахиад гараад ирдэг.

1992-1996 оныг анзаараарай. МАН үнэмлэхүй олонх болсон ч бүх реформыг хийж чадаагүй. Санаачлагч, философичид нь дандаа АН-ын залуус байсан учраас хийж чадаагүй юм. Сүүлдээ бүр цалингаа ч тавьж чадахгүй байдалд хүрсэн шүү дээ. П.Жасрай гуайн 45-50 хувийн татварт бүх компани унасан. Сүүлд М.Энхсайхан бүх муухайг нь үүрч, цэгцэлсэн. Дараа нь 2000 онд арай гайгүй болж байтал МАН ахиад 72 суудал аваад гараад ирсэн. Ингэж гарч ирэхдээ дөрвөөс найман жилийн турш ард түмний амьдралыг баллаж хаядаг л даа.

-Та саяхан нийгмийн даатгал дээр нэг том сэдэв хөндсөн байсан…?

-Нийгмийн даатгал бол социализмын үеэрээ яваа шинэчлэгдээгүй систем. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 19.1-т зааснаар ажил олгогч ажилтныхаа эмнэлэгт хэвтсэн тав хоногийн листний мөнгийг төлдөг. 1994 онд хийсэн заалт. Тухайн үед байдал маш хэцүү, төр мөнгөгүй, нийгмийн даатгалын сан ч нимгэн байсан учраас түр зуур хийсэн зохицуулалт байгаа юм. Гэтэл өчнөөн жилийн турш яг тэр заалтаараа явчихсан. Өнгөрсөн жил гэхэд л 12 мянган ажил олгогч 32 тэрбум төгрөг илүү төлчихсөн яваа. Даатгал бол ажилтан, ажил олгогч хоёулаа төлж байгаа учраас эхний секундээс үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл компани дангаараа төлөх ёсгүй. Ийм луйвар 28 жил явчихсан байхад бид анзаарахгүй сууж байх жишээний.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img