2024-07-26, Баасан
15 C
Ulaanbaatar

Б. Батхишиг: Монголд зах зээлийн эдийн засаг бүрэлдсэн гэж хэлэхэд хэцүү

 Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б. Батхишиг “Шинэ эдийн засаг” сэдвээр лекц уншив.

Тэрбээр 1990 оны хавар “Зах зээлийн эдийн засагт шилжих анхны үзэл баримтлал”-ыг хэсэг эдийн засагч, эрдэмтэдтэй хамтран бичиж байжээ. “Хуучин ба шинэ эдийн засаг” номын зохиогч юм. Эхлээд лекцийн тухай товч оршил хийгээд, дараа нь түүнээс асууж тодруулснаа хүргэе.

 Шинэ эдийн засаг гэдгийг Б.Батхишиг доктор мэдлэгийн эдийн засаг, дижитал эдийн засаг, бусадтай хуваалцах эдийн засаг, эргэлтийн эдийн засаг, ногоон эдийн засаг хэмээх бүтэцтэй хэмээн үзжээ. “Шинэ эдийн засаг бол мөн чанартаа мэдлэгийн эдийн засаг юм” хэмээн онцлов. “Энэ нь мэдлэг буюу оюуны капиталыг голлон ашиглах үндсэн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэх систем юм” хэмээн тодорхойлсон.

Тэрбээр мөн “Circular Economy” буюу Эргэлтийн эдийн засгийн тухай онцолсон.  Материал, бүтээгдэхүүнийг  дахин ашиглах, засварлах, шинэчлэн засварлах, хамтран хэрэглэх, түрээслэх зэргээр хамгийн үр ашигтай, хаягдал багатайгаар үйлдвэрлэл, хэрэглээг зохион байгуулах загвар юм байна.

 Хамтын хэрэглээний эдийн засгийн загварын жишээ болгож эдэлж хэрэглэж байсан зүйлсээ худалдах, солилцох үйлчилгээ эрхэлдэг компаниуд ажиллах болсон тухай дурдлаа. “Хувцас түрээслэх үйлчилгээ нь гоёлын болон түр зуур өмсөх хувцас хунарыг түрээсэлдэг. Жишээ нь, жилд нэг удаа л гангардаг  шинэ жилийн даашинзыг  худалдаж авахын оронд түрээсэлбэл хамаагүй хямд тусна” гэнэ шүү.

  БатхишигЛекцийн дараа түүнээс асууж тодруулав.

 -Та өнгөрсөн 30  жилийн зах зээлийн харилцааны хөгжлийг судлан  дүгнэж байсан. Өнгөрсөнд бид яаж хөгжив, ирээдүйд таны яриад байгаа шинэ эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ?

-Зах зээлд шилжээд 31 жил боллоо. Дүгнэж үзэхэд Монголд зах зээлийн эдийн засаг бүрэлдсэн гэж хэлэхэд хэцүү. Бүрдэх шатандаа л явж байна. Шилжилтийн үе шатандаа явж байна гэхээр зарим нь “Яасан удаан шилждэг юм. Шилжиж дуусдаггүй юм уу” гэдэг. Бид зах зээлд шилжсэн гэдгийг илтгэх  арваад тусгай шалгуур гаргасан юм. Өмчийн хэдэн хувь нь хувьд шилжсэн байх вэ. Үнэт цаасны зах зээлийн хөгжил, банкны хөгжил энэ тэр гээд аваад үзэхээр Монгол Улс зах зээлийн эдийн засагт бүрэн шилжих болоогүй. Хамгийн наад зах нь банкны хүүг аваад үзье. 18-20 хувийн хүүтэй. Тэгэхэд АНУ, өндөр хөгжилтэй орнуудад банкны хүү 3-4 хувь байна шүү дээ. Энэ  банкны систем хөгжөөгүй байгааг илтгэж байгаа юм. Яагаад хөгжөөгүй байна. Тэнд хүү бага байхад манайд яагаад өндөр байдаг юм. Монголд боловсруулах үйлдвэр хөгжөөгүй. Түрүүн миний хэлсэн Цахиурын хөндийн том том компаниуд  21-274 тэрбум ам.долларын жилийн орлоготой ажиллажээ.  Монголын ДНБ 13-14 миллиард доллар гэж байгаа шүү дээ.

Тэр их мөнгөө банкинд байрлуулна. Мөнгө нь багтаж ядаж байна. Тийм учраас өндөр хүүтэй байх арга байхгүй. Бараг хүүгүй өгсөн ч болохоор. Боловсруулах үйлдвэр хөгжиж, нэмэгдсэн өртөг бүтээж байж эдийн засаг хөгжнө.

Энэ үүднээс авч үзвэл зах зээлд шилжих явцдаа байна. Гэхдээ Монгол Улс заавал энэ бүх үе шатыг дамжиж гүйцээнэ гэвэл их л цаг алдана. Тийм учраас уламжлалт мал аж ахуй дээрээ дижитал эдийн засгийг хэрэгжүүлэх боломжтой. Ядаж л салхи шуурга хэзээ болохыг мэдчихнэ.

Ингэж угтаж авч хослуулж хөгжихгүй бол болохгүй. Бид чинь зарим нийгэм, үе шатыг дамжиж харайж сурсан улс шүү дээ.

Одоо бол эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсруулах үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ талаар зөвхөн төр засгийн баримт бичигт заагаад ач холбогдол багатай. Яагаад гэвэл боловсруулах үйлдвэрийг төр бус бизнес эрхлэгчид барина. Монголд сайн бизнес эрхлэгчдийг дэмжиж төрүүлэх хэрэгтэй.

Япон, Солонгос, Америкт хэдэн том бизнес эрхлэгчид л улс орныг аваад явчихдаг шүү дээ. Бизнес эрхлэгчдээ дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд боловсруулах үйлдвэрээ хөгжүүлээд, орчин үеийн бэлэн юмнуудыг авч хэрэглэх хэрэгтэй. Манай залуус ахуйн хэрэглээндээ дижитал технологийг сайн хэрэглэж байна шүү дээ. Үүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой.

-Монгол Улсын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй байсан. Таны яриад байгаа шинэ эдийн засагт шилжих хөрс суурь бэлэн байна уу, хөдөө орон нутгийнханд ямар боломж байна вэ?

-Би зүүн гурван аймгаар өнгөрсөн долоо хоногт яваад ирлээ. Сайхан шил толь шиг замаар явлаа. Аймгийн төвүүд их томорсон байна. Чингис хот, Чойбалсан, БаруунУрт суманд бүгд интернет хурдтай. Сумын төвд хонолоо. Сумын төв жаахан базаахгүй байна. Гадаа жорлонтой хэвээрээ байна. Харин Хэнтий аймгийн Баян-Овоо сум эко жорлонтой болсон байна. Чамлахаар чанга атга гэж манай хөдөө нутаг нэг үеэ бодвол хөгжиж байна. Бүх аймаг засмал зам, интернэтэд холбогдлоо.  Дижитал эдийн засаг хөгжих суурь тавигдаж байна.

Нэг ноцтой асуудал байна. Би одоо ч Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд бэлчээрийн мал аж ахуй их үүрэгтэй гэж боддог.

Бэлчээрийн мал аж ахуйн хамгийн гол нөхцөл бэлчээр их муудаж байна. Явсан аймаг сумын удирдлага, мэргэжилтнүүд бүгд энэ тухай ярьж байна. Бие биенийхээ бэлчээрийг сүйтгээд, отроор явж байгаа гэж очоод өвөлжөөд гардаггүй. Тэндээ үлддэг. Сүүлдээ айлууд өвөлжөө, хаваржаанаасаа нүүхээ байжээ. Уг нь бэлчээрийг сэлгэж сэргээж байх ёстой. Нүүвэл бэлчээрээ алдчих гээд  ноцтой байдал үүссэн байна.

Бэлчээрийн зааг хязгаарыг тогтоогоод, малчдад хариуцуулаад, өвөлжөө хаваржааг эзэмшүүлээд, мал аж ахуйгаа юуны өмнө тогтоон барьж авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бэлчээр муудахаар өвс тэжээл дутагдаад мал давжаарчээ. Хонь, үхэр хоёр, гурван кг-аар хоргодно гэдэг 70 саяар үржүүлбэл хэчнээн их хорогдол гарч байна. Удирдлага зохион байгуулалтаа сайжруулж, бэлчээрийн доройтлыг юуны өмнө зогсоохгүй бол  юун шинэ эдийн засаг ярихтай манатай.

Дараагийн ээлжинд мал аж ахуйд дижитал технологи нэвтрүүлэх хэрэгтэй.

Саяхан Хөдөө аж ахуйн сайд малыг ээмэгжүүлнэ гээд баахан шүүмжлүүлсэн. Уг  санаа нь зөв. Гарал үүслийг тодорхой болгож, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй шүү дээ.

  Чихэнд нь чип суулгаад, хэзээ тариа, вакцин хийлгэсэн бүх мэдээллийг хэрэглэгч авах боломжтой. Ийм юм манайхан хийхгүй бол цаашдаа гадаадад гарал үүслийн мэдээлэлгүй малын махыг хэн ч авахгүй. Хэчнээн бид органик бүтээгдэхүүн гэж яриад нэмэргүй. Энд дижитал эдийн засгийг ашиглах боломж гарч ирж байна.

АНУ-д органик бус мах 10-20 доллар байхад органик мах кг нь 40-50 доллар болж байна. Асар их нөөц энд  бий. Хэдийгээр Монголын мал аж ахуй эспортод зориулагдаагүй ч хэрэгцээнээс илүү гарч байгаа махаа эскпортолж болно шүү дээ.

 Гол нь малчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл саяхан уулзсан зоотехникч хэлж байна. Хэн дуртай нь тэр үүлдрийн ухна, хуц сайн гэсэн гээд эрлийзжүүлээд монгол малын яс чанар алдагдаж байна гэж ярилаа. Монгол малын хоёр гол яс чанар байдаг гэж академич А.Бакей хэлдэг. Нэгдүгээрт өлчир, өвлийн ямар ч хүйтнийг даадаг. Хоёрдугаарт тачир бэлчээрээс юуг ч олоод идчихдэг.

Энэ хоёр шинж алдагдаж байна гэнэ шүү. Адууг эрлийзжүүлснээс болоод өнгөрсөн өвөл зүүн тийшээ даага их үхсэн байна. Ингээд уламжлалт эдийн засгаа дижитал эдийн засагтай холбож амжаагүй байтал уламжлалт эдийн засаг маань эвгүй болчих вий гэсэн айдас төрж байлаа.

-Техник, соёл, эдийн засаг гурав  холбоо хамааралтай юу?

-Эдийн засагчид инфляцийг бууруулна гээд баахан ярьдаг. Эдийн засаг судлаад үзэхээр эдийн засаг технологиос их хамаардаг юм байна. Ноолуурын үйлдвэр дээр очихдоо асуулаа. Яагаад манайх 10-20 хувийн сүлжмэл эдлэл гаргаж байна. Яагаад өсгөж болохгүй байна гэсэн.

Эдийн засагчид гадаад зах зээл гээд янз янзын шалтгаан яриад байсан чинь хамгийн нарийн шалтгаан технологийн асуудал байна. Ээрмэл утас хийх технологи гэж маш нарийн юм байна. Арьс ширийг бас яагаад бүтэн боловсруулж чадахгүй байна гэхэд эдийн засагчдын ярьдаг шалтгаанаас огт өөр тайлбар хийж байна. Эдийн засаг бол техник технологиос шууд хамааралтай.

Соёлоос бүр их хамаарч байна. Эдийн засагчид бид ШУА-ийн Философийн хүрээлэнд  Бодлого судлал Улс төрийн эдийн засгийн ухааны салбарыг яагаад шинээр  байгуулав. Улс төр эдийн засгийн ухаан гэдгийг ерээд онд улс төрийг нь хаячихаад, экономист руу нь бүх их сургуулиуд орчихсон юм.  Улс төрийн эдийн засгийн ухаан эдийн засгийг  улстөр, техник технологитой холбож байна. Гуравдугаарт соёлтой холбож байна. Жишээлбэл түрүүн ярьсан ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хүн амын оролцоо чухал. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд хогоо яаж ялгаж хаяж байна. Дахин боловсруулах боломжтой хогоо ялгаж шил, цаасыг тусад нь хаядаг соёл эргэлтийн эдийн засагт чухал нөлөөтэй.

Соёл эдийн засагтай шууд холбоотой. Улстөр эдийн засгийн ухаан бол эдийн засгийг техник технологи улс төр соёл бүх юмтай нь холбож судалдаг. Үүнийг хөгжүүлэхэд манайд харамсалтай нь хүн хүч дутагдалтай байна.

-Шинэ эдийн засгийн тухай ярьж байна. Шийдвэр гаргах түвшиндээ эрдэмтдийн судалгааг хэр хардаг бол, хамтарч ажилладаг уу?

-Бид судалгаагаа хийгээд номоо дэлгүүрт тавина. Их дээд сургуулийн номын санд өгнө. Дээр нь зарим нэг дарга нарт өгнө. Түүнээс биш энэ талаар яриад яваад байх зав ч байхгүй. Төр засгийн хариуцлагатай алба хашдаг хүмүүс энэ номнуудыг олж унших л ёстой. Гэхдээ манай парламентад шинэ эдийн засаг судалчихсан хүн байна. Б.Баттөмөр гишүүн эдийн засгийн шинжлэх ухааны доктор хүн. Тэр хүн “Шинэ эдийн засаг” гээд ном бичсэн.  Парламентын гишүүд дотор эдийн засгийн шинжлэх ухааны доктор хүн сууж байгаад би бол баярладаг. Б.Баттөмөр гишүүн үе үе ордонд хурал хийдэг юм. УИХ-ын гишүүдээ оролцуулдаг л юм байна лээ. Бид нар хааяа оролцдог юм. Бидэнд хэвлэлээр ярилцлага өгөөд явах зав үнэхээр байдаггүй. Өдөр хурал цуглаанд оролцоод явбал орой сууж юм бичих завгүй, ядарчихдаг. Тийм учраас элдэв хуралд бараг явдаггүй.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img