2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

И.УРАНГОО: Хувирдаг хувцас шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ

Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж буй дизайнер И.Урангоотой ярилцлаа. Тэрбээр “Урангооидэр” брэндийг бий болгосон, имиджмэкер, хувцас дахин сэргээгч нэгэн.

-Хувцсыг зохион бүтээхдээ л төгсгөлийг нь бодолцох, байгальд шингэх эсэхийг харгалзах нь бидний хувьд шинэлэг асуудал болов уу. Байгальд ээлтэй хувцас загварын талаар хэзээнээс бодож эхэлсэн бэ?

-2009 оноос хойш хувцас хийж эхэлсэн. Сургуулиа төгсөөд, 2010 оны Канадын Ванкуверын загварын долоо хоногт анхныхаа коллекцийг илгээж байлаа. Байгальд ээлтэй хувцас загвар гэж юу болохыг өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийнэ судлаад яриад эхэлсэн байсан. Миний хувьд өөрийнхөө мэдрэмжээр дуртай хувцаснуудаа хийж, шоунд оролцоод, тэндээс “Байгальд ээлтэй хувцас хийжээ” гэсэн үнэлгээ авч байлаа.

Би “Сити” дээд сургуулийг төгсөөд, Солонгост суралцсан. Намайг Солонгост 2011 онд очиход хуучин хувцас авдаг систем байсан л даа.

-Бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэй болж төлөвшихөд төрсөн нутаг ус, гэр бүлийнхэн нөлөөлсөн байх л даа?

-Төрсөн нутаг Булган аймаг. Гэхдээ хүн болгон дэлхийн иргэн гэж боддог. Би зуны гурван сар өвөө, эмээгийндээ очдог хүүхэд байсан. Миний хамгийн гоё дурсамжууд тэнд бүрэлдсэн. Байгальд ойрхон амьдрахад ямар аз жаргал мэдэрч болохыг мэдэж авч, энэ бүхэн ямар үнэ цэнэтэй болохыг ухаарсан. Аав, ээж маань намайг өөрийнхөөрөө байх боломж олгож, сонирхлыг маань дэмждэг байлаа. Эрдэнэтэд дунд сургууль төгссөн. Зураг, хувцас загварын дугуйланд явдаг байлаа. Хүүхдийг бие даасан болгохын тулд өөрийгөө хайж олох боломж олгож, дуртай зүйлээ хийхэд нь дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Зусланд амардаг байсан маань хүссэн хүсээгүй бие даахад хүргэсэн юм болов уу даа.

-Urangooider гээд өөрийн нэрийн брэндтэй юм билээ. Хэр амжилт олсон бэ?

-Энэ брэндээ үнэ цэнэд хүргэе гэж зорьдог. Байгальд ээлтэй хувцас ямар байх ёстойг зөвхөн ярьдаг бус бодитоор хүргэх юмсан гэдэг үүднээс Urangooider брэнд бий болсон.

-Таны хувцсыг үзье, авъя гэвэл хаана хандах вэ?

-Хувцсаа онлайнаар борлуулдаг. Фэйсбүүк, инстаграм, сошиал хуудсуудаар холбогдоод орж ирж болно.

-Та бас хуучин хувцас засах талаар сургалт хийдэг юм билээ?

УрангооӨөдөс ашиглан хийсэн хувирдаг загвар

-Хэдэн жилийн өмнө Америкийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хувцас дахин загварчлах төрийн бус байгууллага байгуулсан юм. Эндээ бид хуучин хувцсыг дахин сэргээж, хаягдал болгохгүй байх арга замуудыг хайдаг. Байгальд ээлтэй брэнд бол хувцсыг эхнээс нь дуустал бүх зүйлийг нь бодолцдог. Эдэлгээ даахуйц байх учиртай, дуусгах шатуудыг нь ч бодолцох учиртай.

-Та “Re-Designed Mon­golia” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм билээ. Өөрийн брэндийн хувцаснуудыг авч засварладаг уу, эсвэл хувцасныхаа загварыг өөрчлөхийг хүсдэг хүмүүст тусалдаг юм уу?

-Манай брэндийн хувцсыг дөрөв таван жил өмсөөд, загварыг нь өөрчлүүлэхийг хүсвэл бид загварыг нь өөрчилж өгдөг. Тэгэхээр тэр хувцсыг дахиад хэдэн жил өмсөх боломжтой болно. Хуучин хувцас сэргээн засварлах системийг бид оруулж ирж байгаа. Өмнө нь сургалт хийдэг байсан.

-Монголчууд хуучин хувцсаа хаях дургүй, шатаахаар агаарын бохирдолд хувь нэмрээ оруулчих гээд яах аргаа олдоггүй?

-Манай “Re-Designed Mon­golia” төрийн бус байгууллагуудын дизайнерууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хүмүүсийн хандлагыг өөрчлөх сургалт хийсэн. Хуучин хувцас хог биш, дахин ашиглаж болно. Хуучин хувцас, материалыг үлдэгдэл үлдээлгүй ашиглан, шинэ загварын хувцас, жижиг хэрэгсэл, гэр ахуйн хэрэгсэл хийх талаар ажиллах юм.

-“Хувцаслалтын эрх чөлөө”, “Бүтээлч сэтгэлгээ” гээд номууд гаргасан юм байна. Хэр борлуулалттай байв?

-Борлуулалтад анхаарч ажиллаагүй. Энэ бүх үзэл санааг хүмүүст хүргэхийг л хичээсэн. Нэг дугуй нь хагарчихвал машин явж чадахгүй шүү дээ. Цогц систем бий болгохын тулд тал бүрээс нь ажиллаж байна. “Хувцаслалтын эрх чөлөө” нь стиль, имиж, хувь хүн яаж өөртөө тохируулж хувцаслах талаас нь бичсэн ном. Өөрийгөө таньж мэдэж байж зохицсон хувцас олж авна. Юу өмсөхөө мэдэхгүй бол маш олон хувцас авдаг, үргүй худалдан авалт хийдэг, туршиж үздэг. Өөрийн гэсэн хэв маягаа олчихвол яг хэрэгтэй зүйлээ л авдаг. Энэ нь хог хаягдал багасах, байгальд ээлтэй, өөртөө хэрэгтэй байхад нөлөөлнө. Дараагийнх нь яаж байгаль орчинд ээлтэй хувцас сонгох вэ. Материал, хийц гээд задраад явна.

-Байгальд ээлтэй материал гэхээр үнэтэй тусах болов уу?

-Байгальд ээлтэй материал гэхээр яаж ургуулсан, яаж хийсэн гэх мэт үе шатууд чухал байдаг. Таны сонголтоос шалтгаална. Хувцсаа сонгохдоо байгальд шингэх эсэхийг нь бодолцох учиртай. Энэ сонголтыг хийхийн тулд мэдлэгтэй байх ёстой. Энэ мэдлэгийг олгохын тулд бичээд байгаа гэсэн үг л дээ. Заавал үнэтэй байх албагүй л дээ. Хямд мөртлөө байгальд ээлтэй материалууд ч бий.

-Хувирдаг хувцасны коллекци гаргасан гэсэн. Яаж хувирдаг вэ?

-Байгальд ээлтэй байхын тулд цөөн чанартай хувцастай байх ёстой гэж хүмүүс ойлгодог. Өдөр болгон нэг хувцсаа өмсөөд байвал хүний сэтгэл ямар байх билээ. Гангалаад гарвал ямар байдаг билээ. Сэтгэл зүйн хувьд ондоо болдог. Ганцхан хувцас ч маш олон хувирдаг болохоор шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ. Өнгө нь өөрчлөгддөг, урт богино янз бүр болдог, маш олон хувирах боломжтой учраас ганц хувцастай яваад байгаа мэдрэмж төрөхгүй.

-Байгальд ээлтэй хувцас загвар сонирхдог хүмүүс хэр олширч байна. Танд мэдрэгдэх юм уу?

-Сүүлийн хоёр жилд хүмүүс энэ талаар их сонирхож байна. Өмнө нь энэ тухай сонсоод “Юу яриад байгаа юм бэ” гэдэг байсан. Байгаль орчин, нөхцөл байдал яах аргагүй энэ тухай бодолцохоос аргагүйд хүрсэн. Усны нөөц багасч, хуурайшилт мэдрэгдэж, хог хаягдал ихэсч, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь бүхэнд илэрхий байгаа шүү дээ. Арван жилийн өмнө усны нөөц багасч байгаа талаар ярихад ойшоохгүй өнгөрдөг байсан бол одоо асуудал бодит амьдралд буугаад ирсэн учраас анхаарахаас аргагүй.

-Хувцсаараа яаж өөрийгөө илэрхийлэх вэ. Эсвэл моод, трэнд дагах ёстой юм уу?

УрангооАнхны загварууд. 2010 он.

-Моод, трэнд дагах хэрэггүй гэж хэлэхгүй. Судлаад, суралцаад гарц, шийдлүүдээ олж авна шүү дээ. Мэргэжлийн хүмүүст хандаж цагаа хэмнэх боломжтой. Сонирхоод үзэх хэрэгтэй.

-Хувцаслалтын эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол, бусдаас ялгаатай тал бий. Түүнийгээ гаднаа ил гаргаж, дотор гаднах нь нийлж өөрийгөө илэрхийлэхийг л би хувцаслалтын эрх чөлөө гэж хэлнэ. Дотроо байгаа зүйлээ гаднаа ил гаргаж, хэнээс ч айж эмээхгүйгээр юу хүсч байгаагаа ил гаргаж хувцаслахыг хэлж байгаа юм. Өөрийнхөөрөө хувцаслах тухтай шүү дээ. Хаана ч гоё харагдана.

-Загварын чиг хандлагын тухай хэдэн үг хэлээч?

-Би загварын чиг хандлагыг үгүйсгэдэггүй. Загварын чиг хандлагыг ойлгоод, ажиглаад, өөртөө хэрэгтэй юмаа авч сурах нь чухал. Загварын чиг хандлага гэдэг өнөөдөр гэсэн үг. Орчин үеэ мэдэрч алхах нь зөв. Гэхдээ хэт туйлшрах нь юуг ч амтгүй болгодог. Хэрэгтэйгээ аваад, заавал хэрэг болохгүй зүйлийг дагах гээд байх шаардлагагүй. Өөрийнхөө хувцаслах арга барилыг мэдчихвэл загварын чиг хандлага айхавтар нөлөөлөхгүй.

-Үндэсний хувцсанаас эко дизайн олж харсан уу?

-Үндэсний хувцас сонирхож гурав, дөрвөн коллекци гаргасан. Эртний хувцаснуудыг сонирхож судлах дуртай. XVIII зуунаас хойшхыг байгальд ээлтэй гэж хэлэхэд хэцүү. Миний философид нийцдэггүй. Би торгоноос татгалздаг. Байгальд амархан шингэдэг материалууд хэрэглэх дуртай. Үслэг эдлэлээр гоёхын тулд амьтан хороохыг таашаадаггүй.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img