2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Н.Энхбаяр:Эрдэмтэд “метамодерн” цаг ирсэн гээд байгаа, чин сэтгэлийн хандлага л энэ цагт “ноёрхоно”

Н.Энхбаярын “Постмодернизм ба утга зохиол хийгээд Хорхе Луйс Борхес” сэдвээр тавьсан илтгэлийн хураангуйг сонирхуулъя.

О.Дашбалбар “Наадах чинь ямар эвгүй нэртэй юм бэ. Хорхой луус борхус  байхдаа яах вэ дээ” гэж билээ  

Энэ лекцийг зохион байгуулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэнд баярлалаа.  Би 1975-1980 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд сурсан.  Манай ангид С.Пүрэв, Д.Давааням нар сурсан. Бидний дор Г.Нямаа, дөрөв дүү О.Дашбалбар, нэг дүү Ц.Энхбат гээд утга зохиолд орон зайгаа эзэлсэн хүмүүс хамт сурч байсан юм. Орчуулагч Х.Мэргэн бид нэг ангид сурсан. “Манай хүн гар утас барихгүй байсаар бурхан болсон” гэж гэр бүлийнх нь хүн ярьж байна лээ. Тийм өвөрмөц хүмүүс байсан. Манай О.Дашбалбар бас их өвөрмөц хүн байв.

Хорхе Луйс Борхесын тухай сонссон, уншсан хүн цөөхөн байдагт гайхах юм байхгүй. Намайг  Утга зохиолын дээд сургуульд сурч байхад Габриэль Гарсиа Маркес гэж Колумбын алдарт зохиолч “100 жилийн ганцаардал” гэж ном бичиж, түүнийг нь орос, монголгүй бүгд уншиж билээ.

Шидэт  гэж орчуулдаг байсан эсвэл ер бусын ч гэж болох  реализмыг бүгд сонирхож уншаад, үүний эхлэл нь хаана вэ гээд  үзэхээр яах аргагүй утга зохиол сонирхогчдын дунд Маркестайгаа адил нэр хүндтэй болж чадаагүй Борхес бол  Маркесын өмнөх ер бусын реализм гэсэн урсгалыг  бий болгосон гэж үздэг юм. Тэгэхэд  бид зохиолыг нь олж уншиж чаддаггүй байв.

1980 онд төгсч ирсэн. Тэр үед Зохиолчдын хороонд ажиллаад, ажил тарах, завсарлах үед явдаг тогтсон замтай байлаа.

Сүхбаатарын талбайд “Эликсер”  гэж кофе шоф байгаа газар номын дэлгүүр байв. Тэнд заавал очно. “Монгол шуудан”-гаар орж бас ном үзнэ. Цаашаа яваад УИД-ийн хажуугийн номын дэлгүүрт орно. Тэгээд буцаад явна. Ийм ерөнхий тойрог байлаа.

О.Дашбалбар бид хоёр яг тэр замаараа яваад, талбайн хажуугийн номын дэлгүүрт орсон чинь Хорхе Луйс Борхесын  орос хэл дээр гарсан өгүүллэгүүдийн эмхэтгэл байсан юм.

Би олзуурхаад “Ямар сайхан юм бэ” гэсэн чинь О.Дашбалбар “Наадах чинь ямар эвгүй нэртэй юм бэ. Хорхой луус борхус  байхдаа яах вэ дээ” гэж  бид инээлдэж байв.

Би энэ зохиолчийг 1984 онд өөртөө нээж, үе үе номыг нь уншдаг. Том том зохиол бичдэггүй, дандаа богино өгүүллэгүүд байдаг нь амар. Өгүүллэгүүд нь магадгүй хэдэн роман болж задрахаар гүн утга санаатай.  Өгүүлэл болгон нь том судалгааны сэдэв байж болохоор шүү.

Постмодернизмыг эхлүүлсэн зохиолчдын нэг гэж энэ Борхесыг үнэлж байгаа юм.

Постмодернизм  бүхэл бүтэн XX  зууныг тодорхойлсон үг шүү

Пост гэдэг үг хоёр утга илэрхийлдэг. Ямар нэг юмны дараа гэсэн үг.  Постмодернизм гэхээр модернизмын дараа гэсэн утгатай.

Ер нь дараагийн юм өмнөхөө үгүйсгэж гарч ирдэг учраас үүнийг  модернизмын эсрэг гэж бас хэлж болно л доо. Тэгэхээр бид модернизм гэж юу вэ. Яагаад түүнийг эсэргүүцсэн юм бэ. Постмодернизмын дараа бас ямар нэгэн юм бий юу гэж асуулт тавихаас өөр арга байхгүй.

Ингэж бүгдээрээ цогцоор нь харж байж ойлгож,  төсөөлөл авах нь хэрэгтэй. Гэхдээ  постмодернизм  түвэгтэй сэдэв. Хүн болгон өөрийнхөөрөө ойлгодог учраас зөвхөн миний өнөөдөр ярьсанаар ойлгож болохгүй. Би  өдөөж  өгч байгаа юм. Постмодернизм гэж бүхэл бүтэн XX  зууныг тодорхойлсон үг шүү. Та бүхэн илүү судлаарай.

Постмодернизмын  өмнө модернизмын үе гэж байсан. Модернизмын өмнөх үе ч гэж  байх нь. Хүн төрлөхтний түүх, соёлыг цогцоор нь харж сурвал ойлгоход харьцангуй амархан. Хэний тухай, юу ярьж байгааг цаг хугацаа, аль үед хамаарагдаж байгаагаар нь төсөөлж, уншиж ойлгоход хялбар. Модернизмын өмнөх үе  XVIII зуун хүртэл байсан.

Модернизм  XVIII зуунд байсан гэж үздэг. Нэг зүйлийг сануулъя. Та бид постмодернизмын үед амьдарч байгаа ч бидний оюун ухаан сэтгэл, хөгжлийн түвшин маш олон хүчин зүйлээс шалтгаалаад, нэг хүн, нэг орон, нэг ард түмэн бүгдэд нь зэрэг амьдарч байж болно.

Бидний дунд  модернизмд амьдарч байгаа хүмүүс ч байна. Түүнээс өмнөх үед ч яваа нь байдаг. Бүр постмодернизмын дараагийн үед ч шилжсэн хүмүүс бий.

Тийм учраас бүгдийг нь ямар нэг байдлаар мэдэж таньж байж, цаг үеэ мэдрэх болов уу. Уран бүтээлчдийг ойлгоход дөхөм.

Модернизмын өмнөх үе буюу  XVIII зуунаас өмнөх үед хүн гэдэг амьтанд амьдрахад маш ойлгомжтой  байжээ.

Библид бүгдийг заадаг. Хүний амьдралын утга учир ч ойлгомжтой байж. Христэд өөрийгөө тушаавал чи аврагдана гэж үзэж байсан. Бурхан тэнгэр өө сэвгүй. Төр засгийн эрх мэдэл бурхан тэнгэрээс  үүдэлтэй. Бурхан л энэ эрх мэдлийг өгсөн байж таарна. Тусгай хүнийг сонгож аваад, эрх мэдэл өгсөн. Тэр нь хаан. Бурхан алдаа дутагдалгүй. Бурхан тэнгэрийн элч болсон хаан бас алдаа дутагдалгүй гэж үздэг байжээ.

Францын  XIV Людвиг  гэж алдартай хаан  байсан.

Тэр “Төр бол би” гэж айлдсан байдаг.

Үнэмлэхүй хаант засгийн толгойд байсан хүн. Бурхан бүхний төвд. Буян, нүгэл хоёрыг хааны айлдсанаар ойлгодог. Хар, цагааныг ялгахад маш амархан байж. Энэ бол аж үйлдвэржилт бүх юм эхлэхээс өмнөх үе. Шинжлэх ухааныг Христийн шашин орлож байсан цаг.

Тэр үед нар дэлхийг тойрдог гэсэн ойлголттой байсан. Дэлхий хавтгай, яст мэлхий дээр тогтсон гэж үздэг.  Коперник, Галилей  зэрэг өөрөөр үздэг хүмүүсийг заримыг нь шатаагаад, үлдсэнийг нь судлаач хүний хувьд олсон ололтоос нь хүчээр буцаалгаж байв. Гэвч  шинжлэх ухаан, аж үйлдвэр хөгжихийн хэрээр ойлгомжтой байсан ертөнц ойлгомжгүй болж эхэлсэн.

XVII зууны дунд үеэс дэлхийн нэг, хоёрдугаар дайны дунд үе хүртэл  модернизмын цаг үе ирсэн. Энэ үед бурханд итгэх итгэл ганхсан. Шекспирийн “Гамлет” зохиолын  Гамлет “Орших уу, эс орших уу” гэсэн асуулт тавьдаг. Үүнээс өмнө ингэж асуудаггүй байсан. Ингээд тэр аяараа эргэлзээн дунд хүний амьдрал, Христийн шашин орших, эс орших тухай асуултын тэмдэгтэй учирсан юм.

Итгэл бишрэл бус хүний оюун ухааныг дээдлэх цаг үе ирсэн.

Францын алдартай философич Рене Декарт “Би бодож байгаа учраас би оршиж байгаа юм” гэж дүгнэлт хийжээ. Урд нь би сүжиглэж байгаа учраас оршиж байна гэж үздэг байсан.

Тэр үед  шалгарлын замаар хөгжих эволюцийн онолоо Ч.Дарвин нээсэн. Бурхан хүнийг бүтээсэн гэдэг онол эргэлзээтэй болж, сармагчингаас үүсч, шалгарлын замаар явсаар 4,5 сая жилийн өмнө Африкаас нүүж эхэлсэн гэх болов. Нэг эрдэмтний тайлбарласнаар хүн төрлөхтөн нэг хар сармагчин ээжээс Африкт төрсөн гэж байгаа юм. Шалгарлын замаар явж, хэл үүссэн байна.

Модноосоо буусан байна,  хоёр хөл дээрээ зогсч, гал асааж, хоорондоо харьцаж, хэл нь бичиг болсон байна гээд л хүн төрөлхтний гайхамшигтай түүх эхэлсэн. Бас нэг гайхамшигтай түүх XVIII зууны дунд үеэс эхэлж, шинжлэх ухаан, оюун ухаан хөгжив.

Рене Декарт, Шекспир, Дарвины ололт  хүн төрлөхтний оюун санааг задалжээ. Аж үйлдвэрийн хувьсгал гарч, том хүчтэй тэсрэлт болсон юм. Сүжиг бишрэл, үлгэр домог гэхээсээ цэгцтэй мэдлэг хэрэгтэй болсон. Францад  энциклопистуудын хөдөлгөөн Дидро, Вольтер гэх мэт сэтгэгчдийн үе эхэлсэн. Энэ бүх мэдлэгийг цэгцлэх ёстой. А-Я хүртэл  эрэмбэлэх учиртай юм байна гэж үзэв.

1789 онд Францын алдарт хувьсгал мандсан. Эрх чөлөө, шударга ёс, ижил тэгш байдал гэдэг лоозон дэвшүүлсэн байна. XIV Людвигийн “Би бол төр” гэдэг хүчингүй болоод, хаан муу ажиллаж байгаа бол буулгаж болно гэж үзэх боллоо.

Түүнээс өмнө англичууд Магна Харти  гээд 1215 онд эрх чөлөөний том бичиг баримтыг маргаж маргаж байгаад батлаад, хаанаараа зөвшөөрүүлээд, хаан муу ажиллах юм бол өөрчилж болно гэдэг зарчим тохирсон. Зарим том үйл явдлын урьдач болж том өөрчлөлт  гардаг. Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжиж эхэлсэн. Ард түмнийхээ сонголтоор төр засгаа эмхлэн байгуулаад, олонх нь амлалтаа хэрэгжүүлээд, цөөнх нь хяналт тавиад хамтран амьдрах онол Бүгд найрамдах улсын хэлбэрт шилжсэн байна. Улс төрийн хувьд зүүн ба баруун үзлүүд гарсан. Европт эхэлсэн үзэгдэл дэлхий дахинд түгэж Монголд намууд үзэл баримтлалаараа хуваагдаад өрсөлдөж байна.

Ницшегийн “Супер хүн”-ийг супер үндэстэн болгож завхруулсан

Хамгийн гол нь хүн хөгжлийг бий болгож чадна гэж үзэж, эрдэм боловсролыг шүтэх болсон. Эрдэм мэдлэг боловсролтой хүмүүс хүндлэгдэж байжээ. Оросын хатан хаан II Екатерина  Францын сэргэн мандлын томоохон төлөөлөгч Вольтертой захидлаар харилцаж байв. Хөгжил дэвшил заавал урагшилна гэдэг Гегелийн онол байна.

Хүн төрлөхтөнд ирээдүй байна, заавал хөгжнө гэж итгэсэн цаг хугацаа модернизмд байсан. Энэ нөхцөл байдал их сониноор эргэсэн л дээ.

Хүн гэдэг агуу бодгаль хөгжөөд ирэхээр “Супер хүн”-ий тухай Ницшегийн онол гарч ирсэн.  Түүний “Заратустра ингэж айлдсан” гэж ном бий.  Заратустра гэдэг эртний зөнчийн нэрийг ашиглаад, шинэ хүнийг тунхагласан байдаг.  Бурхны  айлдсан нүгэл, буян гэдэг ойлголт шинэ хүнд хамаагүй.  Зөв, бурууг супер хүн өөрөө тогтооно.

Хүнийг, мэдлэг боловсролыг дээдэлсэн ойлголт супер хүн болсон бол,  Ницшегийн философийг супер үндэстэн болгож завхруулсан. Гитлерийн үед супер үндэстэн аричууд бий болоод, бусад нь хагас хүн, хагас зэрлэг амьтан гэж үзэгдэх болов.

Завхарлын эхлэл л дээ. Ари хүний биеийн хэлбэрийг дүрсэлж гаргаад, түүнд  таарахгүй нь еврейчүүд болж хувирсан. Тэд бөгтөр монхор хамартай, том чихтэй, чөтгөрийн илэрхийлэл гээд тэднийг устгаж эхэлсэн.

Одоо хүртэл философичид сэтгэгчид ойлгодоггүй. Яаж  Германы цэргийн офицер хэдэн мянган хүнийг шатаах зууханд өдөр бүр илгээдэг ажилтай байж орой гэртээ хариад, хүүхдүүдээ эрхлүүлж, Бетховены хөгжим сонсон, би сайхан амьдарч байна гэж боддог  байсныг.

Модернизмын тухайн үед дэвшилттэй байсан ойлголтууд ингэж завхарч мухардалд хүрчээ. Зөвлөлтийн хүн гэж ойлголт бас байлаа. Францын хувьсгалаас дараа дараагийн хувьсгалууд улбаалсан.  Октябрийн хувьсгал  Францын хувьсгалын үр хөврөл гэж болно.

Манай 1921 оны Ардын хувьсгал ч Францын хувьсгалаас нөлөө авсан, үсэрсэн оч. Лениний онолоор “Зөвлөлтийн хүн” гэдэг ойлголт гарч ирсэн. Сансарт нисдэг Гагарин Зөвлөлтийн хүн. Нормоо арав, хорь дахин биелүүлдэг Стаханов Зөвлөлтийн хүн.

 Ёс суртахууныг хүн тогтооно, бурхан тогтоохгүй. Шинжлэх ухаан бүхнийг шийднэ. Энэ туйлшрал дарангуйлалд хөтөлж дэлхийн нэг, хоёрдугаар дайнд хүрээд,   мухардалд орсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайн бол хөгжил биш уруудал доройтол. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрлөхтөн оюун санааны асар их хямралд орсон.

Олон германчууд нэрээ сольж, герман гэж хэлэхээс ичих болов. Маш олон хүн Германы иргэншлээс татгалзаж,  Швейцар, Австрийг зорьсон. Олон гэмт хэрэгтэн  Бразил, Аргентин, Латин Америк руу зугтсан. Нийгэм нь тэр аяараа хямарсан. Дэлхий биднийг ингэж их үзэн ядаж байхад яаж тэсч үлдэх вэ гэж бодож эхэлсэн. Хэн нэгнийг буруутгаж суух уу, өөрсдийгөө засаж тэсч үлдэх үү? Германчууд ухаантай учраас өөрсдийгөө зассан.

Энэ үзэл бодлоосоо татгалзсан. Дэлхийн хүн төрлөхтөн нэгийг бодож хоёрыг сэтгэсэн. Модернизм учир дутагдалтай юм байна.

Постмодернизмын  үеийн хүн өөртөө маш их хайртай 

 

Үүний дараа постмодернизм  гэдэг үзэгдэл гарч ирсэн. Ерөнхийдөө дэлхийн нэг, хоёрдугаар дайны дунд үеэс эхлээд, 2001 оны есдүгээр сарын 11 хүртэл  постмодернизм байсан гэж судлаачид үздэг. Гэхдээ харьцангуй шүү дээ. Бусад  янз бүрийн үзэгдэл ч  бүгд байгаа. Хүн төрлөхтөн бүх ачаагаа чирээд, үүрээд л яваа.

Постмодернизм үнэн ганц биш. Олон үнэн байна гэж үзсэн. Үнэн харьцангуй. Өнөөдөр үнэн байгаа зүйл маргааш худал  болно. Өмнө нь үнэнг эргэлзэхгүй хүлээж авдаг байсан бол одоо үнэн өөрөө асуудал.  Үнэн бол зүгээр л сэтгэлийн хөдөлгөөн.  Буруу ч гэсэн чамд таалагдаж байгаа зүйл үнэн санагдаж болно.  Таалагдахгүй бол зөв ч байсан  худлаа санагдана. Постмодернизмын үед мэдлэг мэдээллээр солигдож байна.

Сошиалаар “fake news” тархаад байна гэдэг. Таалагдаж байгаа учраас худлаа ч гэсэн үнэн юм шиг санагдаж байгаа хэрэг.  Үнэнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр тодорхойлж эхэлсэн.

Техник технологи хөгжил дэвшлийг авчирна гэж модернизмын үед үзэж байсан. Өнөөдөр бол техник технологийн дэвшил хүнийг дарангуйлж байна гэж үздэг. Техник технологи хүнийг устгаж байгаа талаар кино ч гарч байна.

Постмодернизмын  үеийн хүн  өөртөө маш их хайртай. Селфи гэдэг дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг үг болсон байна. Селфидээд байгааг нь постмодернизмын, бусдын зургийг аваад байгаа нь модернизмын үеийн хүн гээд ойлгочиход болно доо, хялбараар тайлбарлавал.

Өөртөө таалагдсан  зүйлийг үнэн гэж боддог. Өөрөөсөө  бусдыг үгүйсгэдэг. Бүгд бие биенээ үгүйсгэж байгаа учраас нэр хүндтэй хүн байхаа больсон. Нэр хүндтэй эрдэмтэн, улстөрч, бизнесмэн байхгүй.

Чиний хамгийн хайртай хүн хэн бэ?   Би өөртөө хайртай.

  Модернизмын үед л  хүн аав, ээждээ хайртай байсан байж магадгүй. Түүнээс өмнө бурхан байсан байж магадгүй. “Одоогийн хүүхдүүд  ээж, аавыгаа  ч тоохоо байж ээ” гээд яриад байдаг.

Хүн өөрөө цул биш болсон.  Постмодернизмын хүн миний төрсөн үнэн ч  юм уу худлаа ч юм уу. Би энэ мэргэжилд дуртай ч юм уу үгүй ч юм уу, энэ зорилго зөв ч юм уу буруу ч юм уу гэж эргэлзэж байдаг.

Хүн задарч эхэлсэн.  Пикасо кубизм гэж техникээр хүнийг задалж зурсан. Хацар нь энд, хамар нь тэнд. Яагаад гэхээр хүн цул биш болсон.

Тэр утгаараа   постмодернизмын үед эрдэмтэд биш уран бүтээлчид  номер нэг. Яагаад гэвэл тэд хүн задарсан гэдгийг харж чадаж байна.

Малевич гэж оросын алдарт зураачийн “Хар квадрат” гэж зураг бий. Зүгээр л тас хар өнгөтэй дөрвөлжин байгаа. Энэ бол модернизмын үед гарч чадахгүй.  Модернизмын үед заавал зохиомж, баатар, алслалт хэрэгтэй. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа хүн гэж ямархуу утгагүй амьтан бэ гэдгийг үзсэний дараа, модернизмын үеийн бүх онол худлаа гэж мэдсэн үед, үнэн байхгүй гэж бодсон үед, өөртөө хайртай болсон үед  “Хар квадрат” болдог юм байна.

Хүн байнга өөрчлөгдөж байна.  Модернизмын үеийн боловсролын тогтолцоо хямралд орж байна. Хэрэгтэй хэрэггүй баахан юм сурдаг, шалгалт өгдөг. Тэр нь амьдралд тус болохгүй. Цалингаа сар бүр авах ойлголт ч өөрчлөгдсөн. Өдрийн цалин, цагийн цалин  бий болж байна. Ажлаа гэрээсээ хийж, гэрээсээ сурч болж байна.

Хүн өөрчлөгдөж байгаа учраас хүйсээ ч сольж байна. Эрэгтэй байснаа эмэгтэй, эмэгтэй байснаа эрэгтэй болж байна. Постмодернизмын үеийн ижил тэгшийн зарчим өөр өөрийнхөөрөө байх гэдгээр тодорхойлогдоно.

Нэг хүний  хэлсэн хэдэн өгүүлбэр дотор өмнөхөө үгүйсгэсэн үг явах нь ердийн зүйл болсон. Сэтгэлгээ нь тийм. Ялангуяа улстөрчид  хүмүүст таалагдах нь л чухал.  Үнэн, худал нь хамаагүй.

Зарим хүн харизмтай байдаг. Нүүрийн буян гэж хэлж болох юм. Хоёр хүн зогсч байхад нэг нь арай сэтгэлд дулаан байдаг шүү дээ. Үнэн, худал ялгарахаа байсан үед харизмтай хүн нөлөөтэй болж байна.

Борхес өөрөө “Борхес ба би” гэдэг зохиол бичсэн. Борхес хоёр хуваагдчихсан. Аль нь би, аль нь Борхес юм бүү мэд. Хуучин бол тийм юм зохиолчдын толгойд орж ирэхгүй.

Борхесийн зохиолд баатар нь өөрөө удирдаад явдаг. Зохиолч баатрыг удирдах боломжгүй, баатар нь өөрийнхөө амьдралаар амьдарна.  Постмодернизмын үед уншигч зохиолчтойгоо адил хүчтэй. Уншигч уншиж байж зохиол амилна.

Намайг сурч байхад багш нар маань “Хүн төрлөхтөн нэг л зохиол бичиж байгаа” гэдэг сэн.

Уншина гэдэг зохиол бичиж байгаатай адил гэж үздэг. Постмодернизмын үед утга зохиол тоглоом болсон. Борхесын өгүүллэгүүд  оюун ухааны тоглоомууд. Зохиолч үгээр, дүрээр тоглох ёстой. Постмодернизмын үед яаж амьдрах юм бэ гэдэг асуулт гарч ирдэг.  Бүх юм тоглоом, өөртөө дурласан хүмүүс…

Францын алдартай А.Камюгийн “Сизифийн тухай домог” гэдэг зохиол байдаг. Тэнд постмодернист хүн яаж амьдрах тухай бичсэн. Сизиф гэж эртний грекийн домогт баатар. Асар зальтай хүн. Үхлийг хуурсан. Үхсэний дараа газар дор тахил өргөх ёстой. Авгайдаа тахил битгий өргөөрэй гээд хэлчихсэн. Авгай нь өргөөгүй. Бурхан “Ямар балай юм бэ, тахим махилаа өргөөч” гэхэд нь “Авгайдаа хэлээд тахил өргүүлчихээд ирье” гээд үхлийн орноос зугтчихсан. Бурхад уурлаад, ямар зальтай нөхөр вэ гээд хараасан. Нэг ёсны ерөөл.

“Чи үүрд мөнх бул хар чулууг уулын орой руу түрж гаргана” гэсэн. Уулын орой дээр гаргахад чулуу доош өнхөрнө. Ахиад доошоо бууж чулууг өөд нь гаргана. Энэ бол чиний хувь тавилан.

Энэ баатрыг Камю сонгож, “Чи энэ утгагүй амьдралаа нэр төртэй л өнгөрөө” гэсэн.

Борхесын бас нэг сэдэв төөрдөг байшин. Манайхан төөрдөг байшин гэж хялбаршуулж орчуулсан. Хувь тавилангийн тухай юм. “Салаа замтай цэцэрлэг” өгүүллэгээрээ  постмодернизмын үед бүх юм боломжтой гэдгийг харуулсан. Бүх зам, бололцоог баатартаа өгсөн. Энэ замаар яваад үхэж болно, тэр замаар яваад сэхэж болно. Өөр замаар яваад сансарт нисч болно.  Бас нэг замаар ороод, хүнтэй сууж болно. Энэ нэг ёсондоо Борхесын тоглоом.

Борхес номын сангийн даргаар олон жил ажилласан. Номын сан  орчин үеийн диваажин. Диваажинд насаараа амьдарсан байна. Постмодернизм хямралд орсон. Бүх юм тоглоом. Бүх юм үнэн эсвэл худал. 2010 онд Голланд, Норвегийн хоёр эрдэмтэн судлаад “Метамодерн цаг ирлээ” гэж үзсэн.

Мета гэдэг аливаа юмны дунд хоорондох гэсэн утгатай.  Постмодернизмын үед аливаад чин сэтгэлээсээ хандахаа байж, тоглоом наадам болгож байсан. Шинэ чанарын чин сэтгэлийн хандлага  метамодерны гол ойлголт. Хүн чин сэтгэлээ алдвал бүх юм утгагүй болдог юм байна. Ийм баяртай мэдээг та бүхэнд дуулгаад яриагаа өндөрлөе гэв.

Сонирхуулахад Н.Энхбаярыг  Ерөнхийлөгч байхад Дэлхийн шилдэг 50 боть зохиолыг орчуулж хэвлэсэн. Түүний нэг боть  нь Борхесын зохиол байсан гэнэ шүү.

Лекцийн дараа илтгэгчээс асуулт асуусан хүү “Арванхоёрдугаар ангид сурдаг, лекцийн зар хараад гүйж ирсэн” хэмээн танилцуулаад, “Монгол хэлээ төгс хэл рүү дөхүүлбэл хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх болов уу” гэж лавлана лээ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img