2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

МАН-ын байрыг бусад намуудад “шейрлэе”

Ах намын нийгмийн хариуцлагын тухай ярих цаг болжээ. Нийгмийн хариуцлага гэдэг зөвхөн хувийн компаниудад хаяглагдсан гоё үг төдий биш. 100 жилийн настай Монгол ардын нам бусад дүү намуудыг бойжиход туслах цаг ирсэн байна. Шинэ намуудыг халамжилж, “Тусгаар тогтнолын ордон”-гоо дундын оффис болгох ах намын зангараг хэрэгтэй байна.

Учир нь Монголд МАН-аас өөр 100 жилийн түүхтэй бас татвар төлөгчдийн мөнгөөр байртай болсон нам үгүй билээ. Ах намын ардын гэх тодотгол нь үнэн бол ардын хүүхдүүдэд үүдээ нээхэд яагаад болохгүй гэж.

Өдгөө улс төрийн намууд зардлаа бууруулж, бага зардлаар цомхон чадварлаг ажиллах шаардлага тулгарч буй. Зүй нь төсвийн хөрөнгөөр нэг том “сав” бариад бүх намуудыг байрлуулчихвал намуудын бойжилт, төлөвшилд нэмэртэй.

Намууд төлөвшчихвөл Монголын төрд тустай. Харин эдийн засгийн хямралын үед намуудад байр барих асуудлыг олон нийт хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Нэгэнт ард түмний хөрөнгөөр боссон ордон байхад ард түмний хүүхдүүдэд бүгдэд нь зай талбай олгох тухай ярихад болохгүй зүйлгүй. Ардын нам  татвар төлөгчдийн мөнгөөр байртай болж болдог, бусад нь болдоггүй бол шударга бус.

Монгол ардын нам бусад намуудтай гарааны ижил нөхцөлөөс эхлээгүй. Уул шугамандаа бол энэ намын хөрөнгө гэж байгаагүй. Харин ард түмний хөрөнгө л гэж бий. Ард түмний хөрөнгийг хуваалцах тухай ярихад “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай илүү эрхтэй” байх нь зохисгүй.

Яагаад намуудын байрыг хүртэл бэлтгэх ёстой юм бэ гэж зарим хүн бухимдаж магадгүй. Намуудын зардал өндөр байх тусмаа санхүүжүүлэгчээс хамааралтай байх болно. Төрийн албыг зарж, түмэн олонд бус санхүүжүүлэгчдээ үйлчлэх муу жишиг явж ирсэн. Санхүүжүүлэгчдээ үйлчлэх учиртай бол тэр нь түмэн олон байг л гэсэн юм.

МАН-нд ард түмэн завсаргүй эрх мэдэл өгч ирсэн атал тэд зүй зохистой ашиглаж ирсэн билүү. Иргэд тэдэнд сэтгэл хангалуун байгаа гэж үү.

Өдгөө энэ намын төрд байршуулсан албан тушаалтнуудаас олон хулгайч төрөөд байна. Хамгийн олон хулгайч төрүүлсэн намд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Эрх баригч намынхан энэ бүх авлига, хулгайн хэрэгтээ хариуцлага хүлээж, буулт хийн, зарим эрх мэдлээсээ татгалзах нь ухаалаг алхам болно.

Хэрэв энэ бүх авлига хулгайн хэрэг даамжирсаар ард түмний уур хилэн нэгэнт дэвэрвэл Ардын нам орших эс орших тухай яригдах юм. Энэ удаа Ардын намыг татан буулгаж, байрыг нь хурааж авах тухай яриагүй. Харин Тусгаар тогтнолын ордонг дундын оффис болгох тухай л хөндөж байгаа юм.

Эрх баригч намын эрх дархын тухай энэ намын гишүүд, дэмжигчид ярьж магадгүй. Монголын ард түмэн энэ намыг хангалттай “эрхлүүлсэн”. Монголчууд энэ намд өргүй. Харин энэ нам бусадтайгаа хуваалцах хүсэл зоригоо илтгэн харуулах эхний алхам нь Тусгаар тогтнолын ордонгоо найр тавих билээ. Намын байраа бусадтайгаа хуваалцах нь идэж цуслахаас өөр шидгүй МАНгас мэт төсөөлөгдөх болсон МАН-ын рейтинг, имижид ч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img