2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

Чихрийн шижин өвчний талаар эмч нарын өгсөн 8 зөвлөгөө

Шинэ зууны чимээгүй тахал гэгдэж буй чихрийн шижингийн өвчлөл улам залуужиж, өвчлөх хүмүүсийн цар хүрээ нэмэгдсээр байна. 2019 оны байдлаар дэлхий дээр 463 сая хүн энэ өвчнөөр өвдсөн бол 2045 онд 700 саяд хүрнэ гэсэн статистик бий. Монголчуудын тухайд 20-79 насны хүмүүсийн хувьд таван хувийн тархалттай гэсэн мэдээг эмч нар өгч буй. Чихрийн шижин өвчний талаарх Монголын болон дэлхийн эмч нарын зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, нийтлэлээс түүвэрлэн хүргэе.

  • Дотоод шүүрлийн булчирхайн эмч Б.Батжаргал: Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад чихрийн шижин үүсэх эрсдэл 30-40 хувь өндөр. Тэгэхээр бид чихрийн шижинтэй хүмүүст тамхинаас гарах зөвлөгөө өгдөг. Мөн хөлөө тайруулж байгаа хүмүүсийн 50 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг. Ам цангах, цангасныхаа хирээр их уух, их шээх, ядарч сульдах, арьсан дээр янз бүрийн тууралтууд гарах, шарх удаан эдгэх, мөн эмэгтэй, эрэгтэйд аль алинд нь мөөгөнцрийн хүндрэлүүд гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаж, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулж оношилгоо хийлгүүлэх хэрэгтэй. Эмчилгээний тухайд гол нь амьдралын зөв хэв маяг маш чухал. Тухайн хүнд зөв хооллолт, хөдөлгөөний ач холбогдлыг маш сайн ойлгуулах ёстой. Хөдөлгөөний тухайд өдөр бүр 30 минут, эсвэл 7 хоногийн 150 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх, зөв хооллолт, глюкозын өөрийн хяналт, эм болон инсулин эмчилгээг эмчийн хяналтад хийж нь амьдралын турш л зохицуулна гэсэн үг.
  • Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоо: Өвчин хүндрэх болон өвчилж байгаагийн гол шалтгаан нь хотжилтоос үүссэн амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жин их байх. Мөн энэ өвчнөөр өвдөхөд стресс ч нөлөөлж байна уу гэж харж байна. Түүнчлэн хооллолтын буруу дадал ихээхэн нөлөөлдөг. Энэ өвчнөөс сэргийлэх арга зам нь хооллолт болон дасгал хөдөлгөөндөө анхаарах юм. Жишээлбэл, хүмүүс гурилан бүтээгдэхүүн, жимс их хэрэглэх болсон. Орой бүр чихэрлэг жимс идэхтэй би хувьдаа санал нийлдэггүй. 2000 оны эхэн үеэс хооллолтын дэглэмд жимс хэрэглэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гарч байсан. Үнэн хэрэгтээ жимснээс авч буй сахар нь ёотонгоос ч их байдаг. Тэгэхээр орой бүр хэрэглэх нь хэр зохистой талаар бодох ёстой.Өвчин нь хүндэрсэн хүмүүсээс сахарын хэмжээг нь хэн хянаж байгааг асуухад өөрөө хянадаг гэдэг. Гэтэл хувь хүн өөрөө сахараа хянах боломжгүй бөгөөд зөвхөн дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх ёстой. Мөн хяналтын эмчээ солихгүй байхыг зөвлөе. Учир нь тухайн хүний жилийн өмнө ямар байсан, одоо биеийн байдал нь ямар байна, жин өссөн уу, буурсан уу гэх мэтчилэн бүгдийг мэдсэнээр эмчилгээний аргаа боловсруулаад явдаг. Харин эмчээ солиод байвал бүгдийг “0”-ээс эхлэх хэрэгтэй болно. Тиймээс хяналтын процессыг алдаж болохгүй.Шинжилгээгээр цусан дах сахарын хэмжээ их гарвал нэн даруй дотоод шүүрлийн эмчид хандан зохих дэглэмээ заалган, баримтлах нь хамгаас чухал.
  • Анагаах ухааны доктор С.Сайнбилэг: Саяхныг хүртэл идэхгүй юмны тоо их олон байсан. Энгийн нүүрс ус битгий ид. Хар талх, гурвалжин будаа сайн ид. Цагаан гурил талх бага ид гэх мэт… Одоо бол дэлхий нийтийн жишиг “Бүх зүйлийг идэж хэрэглэж болно. Гол нь хэмжээндээ анхаар” гэж зөвлөдөг болсон. Учир нь хоол тэжээлээрээ нүүрс ус авах ёстой. Уураг, өөх тос ч мөн тодорхой хэмжээгээр авах ёстой. Огт өөх тос идэхгүй гэвэл тосонд уусдаг витамин дутагдана. Тиймээс бүх хүнсийг тохирсон хэмжээгээр л хэрэглэх хэрэгтэй. Ингэж сахарын хэмжээгээ барих, бууруулах боломжтой. Гол нь ойрхон, бага хэмжээгээр ид. Бүр задлаад хэлбэл, хүнсний 6 бүлэг буюу үр тариа, мах, хүнсний ногоо, өөх тос, сүү, жимсийг өдөр бүр зохистой харьцаагаар идэх хэрэгтэй.

сахар

  • Бөөр, дотоод шүүрэл судлалын эмч Т.Ариунтуяа: Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй яваа гэсэн статистик байдаг. Инсулин эмчилгээг нээснээс хойш 100 жил өнгөрсөн ч инсулин болон чихрийн шижингийн эмчилгээний бусад үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд сая сая хүнд хүрч чадахгүй хэвээр байна. Чихрийн шижин дотроо олон төрөлтэй. Үүнээс хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин хоёрдугаар хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учир үүнийг засахгүйгээр хэчнээн эм уусан ч үр дүн гарахгүй. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эмтэйгээ дүйцэхүйц эмчилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, илүү жингээ хэвийн жин дээр барьснаар чихрийн шижингээс сэргийлэх боломжтой.Чихрийн шижингийн урьтал байдалтай гэж оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчилснөөр эрүүл бүлэгт орох боломжтой.
  • НЭМУ-ы магистр Г.Мөнхтуяа: Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд гэнэт огцом их идэх нь аюултай. Ер нь хүн өлсөхгүй, хэт цадахгүй л хооллох ёстой. Өлссөн үед сахарын хэмжээ буурдаг. Сахарын хэмжээ буурах нь бие мах бодод нүүрс ус шаардлагатай байгааг илтгэнэ. Өлөн байж байж гэнэт их идвэл цусан дахь сахарын хэмжээ огцом өсч гипергликемиийн ком болох эрсдэлтэй. Хоол идсэний дараа залхуу хүрч бие нозоорч, ажлын бүтээмжгүй болдог нь гипергликемиийн комд орж буйн илрэл. Тиймээс сахарын өвчтэй хүмүүс хэт их идэхгүй, өлсөхгүй байх ёстой. Ходоодны 1/3 хоолтой, 2/3 нь хоосон гэсэн зарчмаар явна. Сахарын хэмжээ огцом буурч, өсөх нь тархи мэдрэлийн хүндрэлүүдийг үүсгэх эрсдэлтэй тул тогтмол цагт, тогмол хэмжээтэй хооллох хэрэгтэй гэдгийг зөвлөдөг.
  • Уламжлалт Анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Б.Мөнх-Эрдэнэ: Барагшунд 40 гаруй төрлийн витамин болон эрдэс бодисууд агуулагддаг. Уламжлалт анагаахын маш олон эмийн найрлагад барагшун агуулагдсан байдаг. Чихрийн шижин, астма, зүрх судасны болон үе мөчний өвчнүүд, ходоод, элэг, цөсний олон өвчний үед барагшунг хэрэглэж ирсэн уламжлалтай. Хамгийн чухал нь шаардлагатай цаг үед нь зохих амин дэмийг хэрэглэж байх нь зүйтэй.
  • Доктор Энэйси Басулто (Куба улc): Хамгийн түрүүнд амьдралын зөв хэв маягт суралцах, дадах нь чухал гэдгийг ухамсарлах ёстой. Бас нэг ойлгох ёстой зүйл бол чихрийн шижин гэдэг нэг удаагийн эмчилгээгээр л эмчлэгдэх өвчин биш.. Эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээг хослуулах нь үүсэх хүндрэлээс сэргийлдэг. Гэсэн хэдий ч бүрэн эдгэрдэггүй архаг өвчин. Чихрийн шижинг өнөөдөр оношиллоо гэхэд өвчний эхлэл таван жилийн өмнө байсан гэж тооцоолдог.Сүүлийн жилүүдэд эмчилгээ нь нэлээд сайжирсан. Тухайлбал урьдчилан сэргийлэх стратеги, шинэ эмчилгээний талаар судалгаа хийгдсээр байна. Куба улс Био-технологи генийн инженерчлэлийн хөгжлөөрөө илүү их амжилтанд хүрсэн. Үүний нэг баталгаа нь чихрийн шижин өвчний үеийн хөлийн шархлааны хүндрэлд хэрэглэдэг “Хеберпрот-П” хэмээх тарилгын бэлдмэлийг уг технологи дээр үндэслэн гарган авсан. Одоогоор энэхүү өндөр үр дүнтэй эмчилгээг дэлхийн 25 оронд нэвтрүүлээд байна.
  • Калифорнийн Их сургуулийн профессор Роберт Ласти: 2000-2007 буюу долоон жилийн дотор гэхэд дэлхий дээрх чихрийн шижин өвчний түвшин 5.5-7 хувь болтлоо өсчээ. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа ч хамгийн их нөлөө үзүүлсэн нь сахар болон нүүрс усаар баялаг хоол хүнс. Хүнсний бүтээгдэхүүний илчлэг тийм ч чухал биш. Өдөрт 150 ккал илүү илчлэг хэрэглэсэн ч чихрийн шижин өвчин тусах магадлал 0.1 хувиар л нэмэгдэнэ. Гэхдээ та тэрхүү 150 калорийг чихэрлэг ундаагаар авч байгаа бол чихрийн шижин өвчтэй болох магадлал 11 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхий дахинаа тохиолдож буй чихрийн шижин өвчний 20 хувь нь удамшил, буруу хооллолтын шалтгаант бус харин зөвхөн сахараас үүдэлтэй байдаг. Үүнээс чихрийн шижингийн тархалтыг зогсоохын тулд сахарын хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж болно.Орчин үед хүн сахарыг ямар хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж хэрэглэж байна вэ гэсэн асуулт тавиад харъя. 1/3-ийг нь бид чихэрлэг ундаагаар, 1/6 нь десертээр, харин тал хувийг чихэрлэг бус хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээрт соус, талх, гоймон болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд ордог.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img