2024-10-08, Мягмар
-0 C
Ulaanbaatar

Ганц жиргээний скрийншотыг гурван сая долларт хүргэсэн NFT-гийн тухай 8 баримт

“Твиттер”-ийн үүсгэн байгуулагчийн анхны жиргээний скрийншот бараг л гурван сая ам.доллар хүрсэн, ганц зураг 69 сая доллараар зарагдсан, “Лос Анжелес Лейкерс”-ийн Лейброн Жеймсийн цагираган дээрээс довтолж буй бичлэг 280 мянган ам.доллараар худалдаалагдсан гээд яривал NFT тойрсон мэдээлэл олны чихийг дэлдийлгэж буй. NFT-гийн тухай найман баримтыг хүргэе.

  • NFT гэдэг нь Non-Fungible-Token гэсэн үг. Товчхондоо цорын ганц давтагдашгүй юмсын төлөөлөл гээд ойлгочихож болно. Технологийн хувьд блокчейн дээр үндэслэж буй. Блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT юм. Блокчейн бол дэлхий дээрх нэг том өгөгдлийн сан. Засварлах боломжгүй, нэг л орсон бол өөрчлөгдөхгүй, хөдлөхгүй гэсэн онцлогтой. NFT-ийн хувьд блокчейний энэ давуу тал, онцлогийг нь ашиглаад давтагдашгүй зүйлсийг бүртгэе гэж байгаа юм.
  • Цорын ганц давтагдашгүй зүйл гэж юу вэ гэсэн асуултад одоо хариулъя. Нэг ам.долларын дэвсгэртийг олноор үйлдвэрлэгддэг гэдэг утгаараа давтагддаг эд. Харин “Мона Лиза” бол давтагдахгүй. Урлагийн бүтээлүүд давтагдашгүй гэсэн үг. Дэлхий дээр давтагдахгүй зүйлс асар их бий. Тэр бүхэн ямар нэг байдлаар үнэ цэнээ өгсөөр яваа. Маш сайн тогооч, арилжааг гоц хийдэг хүн гээд яривал давтагдашгүй юмсын хүрээ хязгааргүй. NFT-гийн тухайд ийм зүйлсийг бүртгэлжүүлэх гэж байгаа хэрэг. Давтагдахгүй зүйлсийг бүртгээд явахаар тэдний шилжих хөдөлгөөнийг ч бүртгэх боломжтой болно. Блокчейн технологи сэргэн мандалтын үед байсан бол бид өнөөдөр “Мона Лиза”-г ямар хүмүүсийн гар дамжиж явсаар Парисийн Луврын музейд Франц улсын өмч болоод очсоныг мэдэж болох байв.
  • NFT-г Фэйсбүүкээр төсөөлбөл фэйсбүүкийн дараагийн үе гэж багцаалдаж болно. Фэйсбүүкт 200 мянган дагагчтай дуучин тоглолтоо хийлээ гэхэд тасалбарыг нь аваад үзэх хүмүүсийн тоо хоёр, гурван мянгаар л хэмжигдэнэ. Лайк, шэйр ямар ч үнэлгээгүй. Харин тэр дуучин NFT рүү гараад, хүмүүс тоглолтыг нь токеноороо үзээд эхэлбэл өөр. Өөрөөр хэлбэл сошиалын дараагийн үе бол юунд үнэ цэнэ өгсөн бэ гэдгээр хэмжигдэнэ гээд ойлгочихож болно. Тухайн хүний бүтээлийг мөнгөөрөө худалдаж авсан хүн л жинхэнэ үнэлгээ өгсөн гэсэн үг. Товчхондоо шинэ сошиал сүлжээний гол хэмжүүр нь энэ юм.
  • Дэлхий даяар маш олон уран бүтээлч өөрсдийнхөө дижитал арт бүтээлийг интернэт ашиглан худалдалдаж буй нь NFT-гийн өгч байгаа том боломж юм. Монголчуудын тухайд ч уламжлалт урлагийн төрлүүдээ NFT ашиглан дэлхийд гаргах бүрэн боломжтой.

NFT

  • “Эрмитаж” музей “Madonna and child” уран зургийнхаа дижитал хувилбарыг таван ширхэгээр гаргаж сая гаруй ам.доллар босгосон жишээ NFT-гийн түүхэнд бий. Ингээд л тэд музейгээ засварлах мөнгөтэй болсон юм. Блокчейн технологид суурилсан учраас “Эрмитаж”-аас гаргасан тэр зургийг таван хүн авсан гэдгийг дэлхийн хаанаас ч хэн ч харчих боломжтой. “Монгол NFT” компанийн гүйцэтгэх захирал Б.Адъяа “Монгол сонирхох түүхтэй орон. Их хаадын түүх, Занабазар, шашин, уртын дуу, морин хуур гээд дэлхийд гарах, дэлхийгээс доллар татах боломж өчнөөн бий. Занабазарын Ногоон дарь эх, Хубилай хааны алтан сэлмийг Эрмитаж шиг дэлхийд гаргаад зарвал авах хүн олон. Дахиад хэлэхэд энэ бүтээлүүдийг биет биш дижитал хэлбэрээр зарна. Жуулчид ирэхээрээ Богдын музей, Гандантэгчинлэнгээр ордог. Одоо тэр хүмүүс гэртээ сууцгааж байна. Манай үүсгэсэн платформоор дамжаад гэрээсээ музей үзэх боломжтой. Наадам, цагаан сарыг виртуалаар хийвэл маш олон хүн сонирхоно. Товчхондоо дэлхийд Монголынхоо соёл, түүхийг шууд зарна гэсэн үг” хэмээн ярьсан удаатай.
  • NFT ертөнцөд зарим дижитал зураг бодит уран зургаас ч өндөр үнээр зарагдаж байна. Наад захын жишээ гэхэд Клод Монегийн “Nymphйas” зураг 2014 онд 15 сая ам.доллараар зарагдсан бол дижитал зураач Beeple 5000 өдрийн зургаа нийлүүлсэн цуглуулга бүхий нэг зургийг 66 сая ам.доллараар зарсан юм.
  • NFT-ийг одоогийн байдлаар зөвхөн этэриум эр дамжуулан авах боломжтой.
    2021 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 2 тэрбум долларын худалдан авалт хийгдсэн гэсэн мэдээ бий. Энэ тоо цаашид NFT-ийн зах зээл хэр том байж болох вэ гэдгийг харуулж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд этэриумийг Орос гаралтай Канадын иргэн 27 настай Виталик Бүтэрин 2014 онд бүтээж байв. Дэлхий дээрх хоёр дахь том крипто валют этэриум биткойноос илүү гарах боломжтой гэж харах хүмүүс олон. Бикойноос илүү давуу тал нь этэриумыг ашиглах ашиглалт маш олон төрөлтэй. Биткойн зөвхөн мөнгөө хадгалах хэрэгсэл бол этэриум блокчейнийг ашиглан олон төрлийн гүйлгээ хийх боломжтойгоороо давуу талтай. Үүний нэг том жишээ нь NFT.
  • NFT платформын хувьд байгаль орчинд үзүүлэх нөлөө, ажлын байрыг устгах аюултай гэсэн шүүмжлэл бий. Этэриум крипто койныг mine хийх буюу олборлох энергийн зарцуулалт нь цагийн 26.5 террават эрчим хүч болж буй. Зүйрлэвэл 5 сая хүнтэй Ирланд улсын эрчим хүчний зарцуулалттай тэнцэх хэмжээний эрчим хүч хэрэглэдэг гэсэн үг.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img