2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Өтгөний тухай 8 баримт

  • Идэж уусан хоол хүнсний эцсийн зогсоол, хог хаягдал нь өтгөн юм. Өтгөнд ус, уураг, боловсроогүй өөх тос, олисахарид (жишээ нь эслэг), бактери, боловсроогүй хоолны үлдэгдэл багтдаг байна.
  • Хэвийн өтгөний 75 хувийг ус, 25 хувийг хатуу биет эзлэх учиртай. Өтөнөө байнга гаргаж байх нь эрүүл байхын маш том суурь. Нэг сонирхолтой баримт хэлэхэд хавдар, үрэвсэлт өвчин үүсэх, архаг өвчин сэдрэх зэргийн гол шалтгааны нэг нь хэт исэлдэлтийн стресс буюу oxidative stress байдаг аж. Харин өтгөнөө байнга гаргадаг хүмүүст энэ стресс бага үүсдэг юм байна.
  • Өтгөнийхөө өнгөөр биеийнхээ эрүүл мэндийг шинжих боломжтой. Таны өтгөн удаан хугацаанд хар өнгөтэй гараад байвал аюултай. Ходоод гэдэсний дээд хэсгийн шарх, үрэвслээс цус алдаж тэр нь ходоодны хүчил болон хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр хар өнгөтэй болдог гэж эмч нар хэлж байна. Бор өнгө бол бие хэвийн байгааг илтгэнэ. Улаан гадаад байвал хоол боловсруулах замын доод хэсгээс цус алдаж байгааг гэсэн үг. Энэ нь бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл болон шарх, шамбарам өвчний үед тохиолддог. Шар өнгөтэй бол бүдүүн гэдэс цочролын хам шинж болон гэдэсний халдвар байгаагийн шинж. Мөн өөх тосны шингэц муудсаны шинж юм. Энэ тохиолдолд цөсний хүүдий, элэг, нойр булчирхайгаа үзүүлэх шаардлагатай. Цагаан өнгөтэй гарах нь цөс зогсонгишилийн үед тохиолддог. Элэгний өвчлөлийн үед түгээмэл тохиолддог шинж.
  • Жингийн илүүдэлтэй хүн нийтлэг болсон өнөө үед хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг гэж хоол зүйчид онцолдог. Илүүдэл өтгөний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг. Ийм их хэмжээний өтгөн гэдсэнд чулуужталаа байхаар эцэстээ бүдүүн гэдэсний хорт хавдарт гэх мэт хүнд өвчний онош сонсоход хүрдэг. Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд бүдүүн гэдэсний хананд наалдаж, цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагддаг байна.
  • Өтгөнөө хэвийн гаргах нь эрүүл байхын үндэс гэдгийг дээр өгүүлсэн баримтуудаас харчихаж болно. Монголын хоолзүй судлалын холбооны тэргүүн, АШУҮС-ийн шим судлалын тэнхимийн зөвлөх, дэд профессор Ц.Сонинхишиг itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Монголчууд голдуу мах, гуриланд суурилсан хооллолттой учраас өтгөн хаталт ихтэй. Дээр нь, хүнсний эслэг маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Эслэг нь гэдэсний хананд даралт үзүүлж, гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайн байснаар өтгөн ойр ойрхон гарна, харин хатна гэсэн асуудал үүсдэггүй. Эслэгийг зөвхөн ургамлын гаралтай хүнснээс авна. Амьтны гаралтай хүнсэнд эслэг гэж байхгүй. Нэгж хэрэглээндээ нэг хоногийн эслэгийн хэрэгцээний 20 хувиас дээш агуулсан хүнсийг эслэг өндөртэй гэж үздэг. Жишээ нь, хагас аяга шош буурцаг идлээ гэхэд 8-9 грамм буюу хоногийн хэрэгцээний 30-40 хувийг авч байна гэсэн үг. Гэтэл монголчууд өдөр тутамдаа шош, буурцаг тэр бүр хэрэглэдэггүй. Хүнсний ногооны хувьд лууван, байцаанд тодорхой хэмжээний эслэг агуулдаг. Хагас аяга лууван байцаа идэхэд 2-3 грамм эслэг авна. Алим, гадил бага зэргийн эслэгтэй. Сүүлийн үед хүмүүс бүхэл үрийн гурил, хэвэг их хэрэглэж байна. Энэ нь эслэгийн сайн эх үүсвэр болдог. Жишээ нь, бүхэл үрийн гурилаар хийсэн талхнаас хоёр зүсмийг идэхэд нэг ширхэг гадил идсэнтэй тэнцэх хэмжээний эслэг авдаг” хэмээн онцолжээ.
  • Хүний биеэс гадагшилж буй өтгөнийг бордоо болгож ашигладаг кейс дэлхийгээр дүүрэн бий. Мини шийдэл хоршооны ахлагч Б.Дашням хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өтгөн бол бордоо. Тийм учраас мод тарихдаа ашиглаж болно. Ингэхийн тулд хэдэн сар чийг авхуулахгүй газар хадгалах шаардлагатайгаас гадна тусгай ариутгалын бодис хэрэгтэй. Шээс нь 99 хувийн цэвэр ус бөгөөд 0.7 хувь нь л хортой бодис, үлдсэн нь бөөрөөр шүүгдсэн азотлог бодис юм. Мөн шээсний хортой бодис нь долоо хоногийн дараа задардаг. Хүний биеийн жингийн килограмм тутамд таван грамм өтгөн гардаг гэсэн энгийн тооцоолол бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын өтгөн нийлээд 57 мянган тонн л болно. Үүнийг бордоо болгоод хотыг цэцэрлэгжүүлэхэд 4-ний 1-д нь ч хүрэхгүй” хэмээн онцолжээ.
  • Дэлхийд цэцэглэж буй хог хаягдлын бизнесийн нэг нь өтгөн лагийн бизнес. Химийн бордоонд хордож, үржил шимгүй болсон хөрсийг дахин сэргээх, хөрсжүүлэх, хортой хог хаягдлыг саармагжуулахад өтгөн лаг онцгой ач холбогдолтойг дэлхийн улс орнууд олж хараад өтгөн лагаараа бизнес хийж байна. Бүр өтгөн лагаар ажилладаг цахилгаан станц манай урд хөршид ажилладаг.
  • Билл Гейтс эхнэртэйгээ хамт байгуулсан Гейтс сангийн тусламжтайгаар Дакар хотын нийт бохирын гуравны нэгийг цэвэр ус болгон боловсруулдаг аж. Билл Гейтс цусан суулга өвчнөөр жилд гурван сая хүн амиа алддагийн ихэнх нь хүүхдүүд байдаг тухай мэдээг сониноос уншаад, жорлонгийн асуудлаас болж ядуу орныхон бохирдсон ундсны ус шууд хэрэглэдгийг олж мэдсэн даруйдаа жорлонгийн боломжит шийдлийг хайхад 200 сая ам.долларыг долоон жилийн хугацаанд зарцуулжээ. Эцэст нь тэрээр Omniprocessor хэмээн технологийг бүтээсэн байна. Уг технологийг энгийнээр тайлбарлавал хүний өтгөнийг үе шаттай боловсруулснаар эцэстээ ундны цэвэр усыг үйлдвэрлэдэг юм байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img