2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Ш.Анармаа: Уур амьсгалын өөрчлөлт Хангай, Хөвсгөлийн нутгуудад илүү эрчимтэй ажиглагдаж байна

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төвийн Дэд Ерөнхийлөгч, PhD Ш.Анармаатай ярилцлаа.

-Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ чиглэлд олон улс бодлогоо хэрхэн хандуулж байгаа вэ?

-Уур амьсгалын асуудал өнөөдөр хамгийн чухлаар тавигдаж байгаатай ихэнх улс орон санал нэгдэж байна. Зарим улс, жишээ нь АНУ 2020 онд Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарсан ч Байден Ерөнхийлөгч болмогц Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдсэн билээ. Хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэй улсын нэг болох БНХАУ “Бид сэргээгдэх эрчим хүч рүү эргэлт буцалтгүй тэмүүлнэ” гэж зарлалаа. Нүүрсний (болон бусад чулуужсан түлш) нийлүүлэлтийг нэмэгдүүлэх стратегиасаа татгалзсаныг илтгэх нэг хэлбэр нь хилийн чанадад нүүрсний эрчим хүчний үйлдвэр барих санхүүжилтээ зогсоохоо амласан. 2021 онд Хятадын хоёр гол банк нь нүүрсний төсөл Бангладеш гэх мэт оронд өгөөгүй анхны жил юм. Дотооддоо нар, салхи усан цахилгаан станц зэргийг байгуулна, нүүрснээс гаралтай эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтдээ ашиглана гэж байна. Мэдээж нүүрснээс шууд татгалзах боломжгүй ч аажмаар шилжилт хийх шаардлага тулгарч байгаа. Улс орон бүр өөр өөрийн хөгжлийн нөхцөл байдлаас хамааран шилжилтийг хийхээс өөр аргагүй.

-Яагаад нүүрснээс шууд татгалзах аргагүй байна вэ?

-Хүн төрөлхтөн нүүрснээс өмнө өөр эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байсан. Нүүрс гарч ирснээр том давуу тал гарч ирсэн. Нүүрс нэгж эзлэхүүнд харьцангуй ихээхэн хэмжээний энергийг агуулдгаараа давуу талтай. Иймээс тээвэрлэхэд ч хялбар. Нүүрс тээвэрлэлтэд зориулж томоохон төмөр замууд ч баригдсан. Сэргээгдэх эрчим хүч харьцангуй сүүлийн үеийн бүтээл. Сэргээгдэх эрчим хүчээр хүнд үйлдвэрийг хангах, тухайн эрчим хүчийг хадгалах, тээвэрлэх нь нэлээд хүндрэлтэй.

-Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн бодлого, чиглэлээ тодорхойлж байна уу?

-Тодорхойлж чадаж байгаа гэж хэлж болно. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орж, томоохон үүрэг амлалтууд авсан. Салбар бүртээ ямар үйл ажиллагаа явуулахаа үндсэндээ тодорхойлсон гэж хэлж болно. Мэдээж хэрэг үүнийг яаж хэрэгжүүлэх тал дээр улс орнууд бэрхшээл туулж яваа.

-Усан цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр мөн ч болгоомжлох зүйлүүд бий гэж Та хэлж байсан. Үүнийг жаахан тодруулна уу?

Усан цахилгаан станцын хувьд байгаль орчинд ашигтай талууд ч бий, хор хөнөөлтэй талууд ч бий. Жишээ нь усны экосистем гэх макротүвшний ойлголт яригддаг. Усны эхээс адаг хүртэл шим тэжээлийн бодисын шилжилт явагддаг л даа. Энэ нь тухайн экосистемдээ хэр зэрэг чухал нөлөөтэй болон хажуугаас орж ирж байгаа шим тэжээлийн нөхөлт хоёрын онцлог ялгааг мэдэх хэрэгтэй. Голын эхээс адаг хүртлээ шим тэжээлийн шилжилтээрээ экосистем тэжээгддэг байвал ноцтой асуудал. Харин хажуугийн шим тэжээлийн нөхөлтөөр тэжээгдэх юм бол арай ондоо л доо. Энэ бүгдийг нарийвчилж судалсны үндсэн дээр хамгийн үр ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг гаргаж тавих хэрэгтэй. Тэгэхээр усан цахилгаан станцын асуудлыг улстөржүүлж болохгүй, газар нутагт сөрөг нөлөөтэй гэж бас эсэргүүцээд байх ч хэрэггүй. Өртөг, өгөөжийг нь жингийн туухай дээр тавьж үзэж байж л шийдэх нь зөв байх.

-Орон нутаг, тэр дундаа малчид уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрдэг болов уу. Ган, зуд гээд байгалийн үзэгдлүүдийн талаар харьцуулсан ямар ажиглалт хийгдэж байна вэ?

Судалгаанаас харахад, уур амьсгалын өөрчлөлт нь температурын үзүүлэлтийн хувьд хувьд говийн бүсээс илүүтэй Хангай, Хөвсгөлийн нутгуудад эрчимтэй явагдаж байна. Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн болон их сургуулиудын судлаач нарын судалгаанууд байдаг. Ер нь малчдын ажиглалт судалгаатай таарч байгаа тухай судалгаа байдаг. Хур борооны давтамж ямар байна, зүсэр бороо, аадар борооны аль нь түлхүү орж байгааг малчдын ажиглалт, яриан дээр үндэслэсэн судалгаа болон цаг уурын автомат станцуудын мэдээг авч үзэхэд малчдын ажиглалт, станцын мэдээг нэгтгэсэн дүн шинжилгээтэй таарч байсан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтууд ялгаатай гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй байх.

-Гол ялгаа нь юу вэ?

Дэлхийн дулаарал гэдэг нь үндсэндээ дэлхийн гадаргуугийн дундаж температур нэмэгдэхийг хэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт нь урт удаан хугацааны цаг агаарын үзүүлэлтүүдийн өөрчлөлт буюу тухайн газар нутгийн уур амьсгалын бодитой өөрчлөлт юм. Зөвхөн температур бус, хур тунадас гэх мэт үзүүлэлтүүд үүнд багтана. Сүүлийн үеийн ажиглалтуудаас харахад, Монгол улсад яалт ч үгүй уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна. Үүнтэй холбоотой зудын давтамж ч мөн нэмэгдэж байна. Зудын давтамж нэмэгдсэнээр малаа алдсан малчдын хот суурин газрыг бараадсан нүүдэл, шилжилт явагдаж байгаа.

-Уур амьсгал, уул уурхай хэрхэн холбогддог вэ?

Уул уурхай нь тодорхой хэмжээнд хүлэмжийн хий ялгаруулдаг учраас уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ салбарын хүнд машин механизмуудыг цахилгаанаар ажилладаг болгох, цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчнээс авдаг чиглэл рүү дэлхий нийт явж байна. Уул уурхайн салбарынхан өөрсдөө ч ийм санаачилга гаргаж байна, мөн уг салбарт хөрөнгө оруулагчид ч үүнийг шахаж шаардаж байгаа. Үүнтэй зэрэгцэн нэг томоохон давуу тал болж гарч ирж байгаа зүйл бол газрын ховор элемент. Аль нэг газар үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэрхэн хадгалах вэ, үйлдвэрлэсэн газраас хэрэгцээт газар руу яаж тээвэрлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнээс үүдэлтэй батарейтэй холбоотой газрын ховор элементийн хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй. Эргээд уур амьсгалын өөрчлөлт уурхайд нөлөөлдөг. Наад зах нь, үерийн улмаас уурхайд эдийн засгийн хохирол учрах жишээтэй. Энэ дашрамд зарим нэг ташаа ойлголтын жишээнээс дурдахад уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй олон салаа зам тухайн газар нутгийн тоосжилтыг нэмэгдүүлдэг ч энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой биш.

-Цахилгаан машин гэх мэт анхны зорилгоо биелүүлж чадаж байна уу?

-Түрүүн дурдсанчлан батерейн асуудал үүнтэй холбогдож гарч ирнэ. Амьдралын эргэлтийн мөчлөгийн анализ гэж бий. Батарейд орсон элементийг ухахад, тээвэрлэхэд, дахин боловсруулахад нүүрс хүчлийн хий ялгарна. Тэр бүх нүүрсхүчлийн хий нь бензин машин ашиглахаас хэр хэмнэлттэй байна вэ гэдгийг судлахаас эхлэлтэй. Иймд дээр дурдсанчлан ер нь уул уурхайн хүнд машин техникийг цахилгаанаар ажилладаг болгох, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчнээс авах чиглэлд хөгжиж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийг уурхайн хаалттай холбож ярихаас аргагүй. Уурхайн хаалт дээр энэ асуудлыг хэрхэн холбож шийдэх хэрэгтэй вэ?

-Уурхайн хаалт яригдахад уур амьсгалын өөрчлөлт заавал яригдана. Уурхайн хаалтыг харьцангуй урт удаан хугацаанд төлөвлөх ёстой. Жишээ нь өнөөдрийн температур 20 жилийн дараа энэ чигээрээ байхгүй. Үерийн давтамж ч тийм байхгүй нь ойлгомжтой. Жишээ ярихад уул уурхайн салбарынханд уур амьсгалын өөрчлөлт ажиглагдаж байна уу гэсэн санал асуулга явуулж байлаа. Хамгийн сонирхолтой нь, тухайн газарт урьд өмнө ажиглагдаагүй зүйлийн ургамлууд бүртгэгдсэн гэж байсан. Зөвхөн энэ жишээнээс харахад зарим тохиолдолд өөрчлөлт ийм хурдан ажиглагдаж байгаа бол хорин жилийн дараа одоогийн шиг байна гэж тооцон нөхөн сэргээлт хийх аргагүй, өөрчлөлтийг одооноос бодолцож эрсдлийг тооцох хэрэгтэй.

Ярилцсан Танд баярлалаа.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img