2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Юваль Ной Харари: Путины эхлүүлсэн дайн дажны шинэ эргэлтэд хүн төрөлхтөн тэр чигтээ мөхөж ч болзошгүй

Израилийн Иерусалимийн их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, профессор Юваль Ной Харариг дэлхийн өнөө цагийн нөлөө бүхий түүхчдийн нэг гэж үздэг. Түүний бичсэн “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” зэрэг номууд олон улсад алдаршин бестселлер болсон билээ. Юваль Ной Хараригийн хамгийн сүүлд АНУ-ын “The Atlantic” сэтгүүлд бичсэн эсээг энд орчуулан хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах даяар энх тайван өрнөдийн ертөнцийн технологийн дэвшил, эдийн засгийн ололт, либерал дэг журам гэсэн гурван халим дээр тогтож байв. Эдгээрийн гуравдахь тулгуурыг нэлээд олон орон, тэр дундаа зарим ардчилсан улс ч илүүц гэж үзсэн билээ. Үүний үр дүнд Оросын өдөөсөн түрэмгий дайн дэгдсэн ба тэр нь ялалтад хүрвэл хүн төрөлхтний бүхий л соёл иргэншил устах аюул бодитой боллоо.

Хэдэн жилийн өмнө би “21 дүгээр зууныханд өгөх 21 зөвлөгөө” нэртэй номоо хэвлэсэн юм. Тэр номныхоо “Хүний тэнэглэлийг дутуу үнэлж хэзээ ч болохгүй” гэж нэрлэсэн бүлэгтээ би дайны төлөв байдлын тухай бичсэн. Тэрхүү бүлэгтээ би бээр 21 дүгээр зууны эхний он жилүүд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амар амгалан үе байсныг дурдаад угаасаа дайн эдийн засгийн хувьд ч, геополитикийн хувьд ч утгаа алдсан тухай өгүүлж билээ. Үүний сацуу хувь хүний хүчин зүйл, нэн ялангуяа улс орнуудын удирдагчдын тэнэглэл дайнд хүргэж болзошгүйг анхааруулсан.

Тэгвэл 2022 оны хоёрдугаар сард Владимир Путин Украиныг эзлэн авах оролдлого хийсэнд би үнэхээр цочирдсон шүү. Оросын дарангуйлагч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн энх тайванч эринд цэг тавьж, бид бүхний урьд өмнө үзэж байгаагүй хамгийн хөнөөлт дайны үеийг эхлүүлчих шиг боллоо. Дайн дажны эл шинэ эргэлтэд хүн төрөлхтөн тэр чигтээ мөхөж ч болзошгүй.

Юваль Ной ХарариСүүлийн хэдэн арван жил дайн бол байгалийн хүчин зүйл биш, гагцхүү хүмүүсийн сонголт гэдгийг тов тодорхой харуулсан. 1945 оноос хойш дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд нэг ч удаа дайн болоогүй. Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч улс орон харийн түрэмгийллийн улмаас устаагүй.
Иргэний дайн, босогчдын хөдөлгөөн, терроризмыг хамтатган авч үзсэн ч үүнээс илүүтэй амиа хорлолт, зам тээврийн осол, таргалалтаас үүдэлтэй өвчнөөс хавьгүй олон хүн нас баржээ.

2019 онд цэргийн мөргөлдөөн, цагдаатай буудалцсанаас болж дэлхийд 70 мянга орчим хүн амь насаа алдсан аж. Тэгвэл мөн онд 700 мянган хүн амиа егүүтгэж, 1.3 сая хүн зам тээврийн осолд үрэгдэн 1.5 сая хүн чихрийн шинжингийн өвчнөөр нас барсан статистикийн тоо баримт бий.

Энд гэж хэлэхэд, аль ч улсын улс төр, эдийн засаг, соёл нь хэдэн мянган жилийн турш дайны хүлээлттэй л хөгжиж иржээ. Харин ХХ зууны төгсгөл, ХХІ зууны эхэнд “энх тайван” гэдгийн утга өөрчлөгдөж, энэ ухагдахуун “дайн болох ямар ч боломжгүй” гэгдэх болсон.

Олон бүс нутагт хөрш орон нь түрэмгийлнэ гэхээс айхаа больжээ. Иймээс ч батлан хамгаалах зардал ч үлэмж багасч, харин эрүүл мэнд, соёл урлагийн салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэж байна. Өдгөө дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын салбарт зарцуулдаг мөнгө дунджаар төсвийнх нь ердөө 6.5 хувьд хүртлээ буурчээ. Тэгвэл дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбартаа үүнээс даруй 1.6 дахин буюу төсвийнхөө 10.6 хувийг зарцуулдаг болсон аж.

Хорвоо дэлхийд “шинэ ертөнц” гурван хүчин зүйлийн улмаас бүрэлдсэнийг энд тэмдэглэх шаардлагатай.

Нэгдүгээрт, технологийн хувьсгал, юуны түрүүнд цөмийн зэвсэг бүтээсэн нь дайн хийх үнэ өртгийг эрс нэмэгдүүлжээ.

Хоёрдугаарт гэвэл, дэлхийн эдийн засаг дахь өөрчлөлт дайнаас олох ашгийг бууруулсан юм. Урьд өмнө эдийн засгийн бодит нөөц, материаллаг активууд шийдвэрлэх үүрэгтэй байв. Гэтэл сүүлийн арван жилүүдэд шинжлэх ухаан, техник технологи, бизнесийн зохион байгуулалтын зэрэг мэдлэг тэдгээрээс илүү үнэ цэнтэй болжээ. Алт, мөнгөний ордыг хүчээр эзлэх боломжтой ч мэдлэгийг хүчээр эзэмших аргагүй. Иймээс ч түрэмгий дайны үр ашиг эрс унасан билээ.

Би энэ нийтлэлээ Оросын цэргүүд Украины Херсоныг тонон дээрэмдэж байсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхэнд бичиж эхэлсэн юм. Тэр үед украинуудын гэр орноос тоносон хивс, ус буцалгагч зэргээр дүүрсэн ачааны машинууд Орос руу цуваа цуваагаараа явсан. Гэвч тэр нь Оросыг баян болгоогүй, дайнд зарцуулсан асар их хөрөнгийг нөхөөгүй ээ.

Гуравдугаарт, “шинэ ертөнц” шинэ соёл үүсгэснээс гадна шинэ зохион байгуулалтад хүргэжээ. Эртний нийгмүүдэд дайныг магтан дуулж, милитаризмын үзлийг өдөөн дэвэргэдэг байв. Зураач, зохиолчид ч дайны сэдвийг л хөндөн алдар нэрд хүрдэг байсныг нуугаад яахав.

Юваль Ной ХарариХарин “шинэ ертөнц”-ийн үед уран бүтээлчид дайны аймшгийг дэлгэхэд илүүтэй анхаарч, нөлөө бүхий улс төрчид бусад үндэстний хот суурингуудыг дээрэмдэхээс илүүтэй эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах болжээ. Дэлхийн ихэнх орны удирдагчид хүн төрөлхтнийг тогтуун хөгжүүлж, дайн өдөөгчдийг тогтоон барих бодлого баримтлах болсон нь илэрхий. Дэлхийд дэлгэрэх болсон тэрхүү либерал бодлогын үндэс нь их бага гэлтгүй ямар ч улс орон, үндэстэн бусдын заналхийлэл, удирдамжгүйгээр хөгжих явдал.

Гэвч технологи, эдийн засгийн хөгжил даяар дэлхийн энх тайвныг либерал ардчилсан тогтолцоогүйгээр хангах боломжгүйг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Украин руу халдсан дайн юм.

Ковид-19-ийн цар тахал хүн төрөлхтөнд нийтлэг аюулаас өөрсдийгөө хамтын хүчээр хамгаалах шаардлагатайг яруу тодоор харуулсан. Харамсалтай нь, үүнээс гадна дэлхийн хамтын нийгэмлэг ямар зохион байгуулалтгүй, тархай бутархайг мөн нотолсон гэж дүгнэмээр. Үүнийг анзаарсан хүн бол Владимир Путин.

Тэрээр “шинэ ертөнц”-ийг цочроон Украиныг Орост нэгтгэх дайн өдөөхөд өрнөдийн ертөнц дуугүй өнгөрнө гэж тооцжээ. Гэвч дэлхий бараг тэр аяараа түрэмгийллийг буруушааж, өдгөө Владимир Путин төдийгүй орос түмэн тэр чигтээ дэлхийд адлагдахад хүрлээ.

Владимир Путин ЗХУ-ын гүрнийг бутрахтай анхнаасаа санаа нийлээгүй бөгөөд Украин, Гүрж гэх Зөвлөлтийн бусад бүгд найрамдах улсуудыг тусгаар тогтноход байж суух газраа олж чадахгүй байсан гэж хэлж болно. Тэрээр Украинд халдах дайнд бэлдэхэд багагүй хугацаа зарцуулсан. Сүүлийн жилүүдэд Оросын төсвийн бараг 30 хувь нь цэрэг, армид зориулагджээ.

Хэрэв түүний өдөөсөн энэ дайн Оросын армийн ялалтаар өндөрлөвөл “шинэ ертөнц” гэж дөнгөж дэлбээлж буй хэв журам устаж, дэлхийн дарангуйлагч дэглэмүүдийн удирдагчид өөр олон дайн өдөөнө. Ардчилсан улс орнууд батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлэхэд хүрэх нь ч гарцаагүй. Тэгээд бүх дэлхий одоогийн Орос шиг мундаг армитай ч мөнгө хөрөнгөгүй эмнэлгүүдтэй болно. Дайн дажин, ядуурал, өвчин эмгэг бүхий шинэ эрийн эхэлнэ. Мэдээж хэрэг “шинэ ертөнц” даяар дэлхийн хэв журмыг тогтоон барьж Владимир Путины солиорлыг зогсоон шийтгэж чадахгүй бол шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img