2024-05-02, Пүрэв
24 C
Ulaanbaatar

Монголын залуу үе Америкийн Z-үүдээс тэс өөр

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо, судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA компани хамтарч Монголын хүн амын үеүдийг тодорхойлох судалгааг анх удаа хийсэн байдаг юм. Тухайн үед яг энэ судалгааных нь талаар Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, SICA компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг нартай ярилцаж байсан юм. Шинжлэх ухааны үндэстэй онолын асуултуудыг 1200 хүнд тавьсан тэдний судалгааны анхаарал татсан нэг дүгнэлт нь Монголын залуу үе Америкийн Z-үүдээс тэс өөр гэсэн өнцөг байв.

Товчхондоо baby boomer, Z гэх мэт үеүдийн тухай амтай бүхэн ярьж, улстөрчид хүртэл baby boomer ингэдэг тэгдэг гээд яриад эхэлсэн нь маш том эндүүрэл гэнэ. Ө.Ганзориг “Бидний яриад буй үеүдийн ойлголт Америкт хамаарах ойлголт. Биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах тодорхойлолт. Капиталист, ардчилсан нийгэмд өсч бойжиж буй хүмүүсийг үеэр нь ангилсан зүйл. Тэр орчинд өсч хүмүүжсэн “Baby boomer”-үүдийн хандлага, чиглэл, сонирхол С.Баяр даргын үетэй ямар ч хамаагүй гэсэн үг. Z-үүд ингэдэг тэгдэг гэсэн Америкийн мэдээг Монгол руу шууд буулгаад “Z-үүд ингэдэг” гээд мэдээлэх нь буруу” хэмээн тодотгож байсан юм.

Америкчуудын либерал үзэл монгол залууст байхгүй

Баруунд хүмүүсээ таван үед хуваасан байдаг бол манайх дөрвөн үед хуваагдаж байгаа аж. Нэг дэлхийд амьдардаг учраас Америкийн таван үетэй харьцуулбал бага зэргийн давхацлууд ажиглагджээ. Залуус инстаграм ашигладаг гэх мэт ижил зүйлс олон бий ч суурь итгэл үнэмшлийн хувьд ялгагдаж байж. Жишээ нь, “Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарах асуудал уу” гэсэн асуултад бүх үе “Хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй” гэсэн хариу өгчээ. Энэ гэхэд л Америкийн үеүдтэй харьцуулаад харахаар тэс өөр ялгаа аж.

Америкчууд либерал философиороо биеэ үнэлэхийг хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж хариулж байхад монголчууд огт өөр хандлага гаргасан нь анзаарч харахаар том өнцөг. Коммунист нийгмийн “Нийгэм чамаас шаардаж буй шаардлагыг биелүүлж амьдрах ёстой” гэсэн үзэл бүх үед ажиглагдаж байж. Миллениал гэгдэж буй хэсэг ч ийм бодолтой байжээ. Дэлхийд ижил хүйстний гэрлэлт, марихуан, биеэ үнэлэлт гэсэн гурван зүйлээр либерал үзэл, эрх чөлөөг хэмждэг бол судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь эдгээрийг болохгүй, буруу гэсэн хариу өгчээ.

Социалист, завсрын, шилжилтийн, шинэ…

Одоо Монголд ямар дөрвөн үе бийг сонирхоцгооё. Төрсөн жил нь 1964 он хүртэлх хүмүүсийг социалист үеийнхэн гэж тодотгожээ. Тэдний залуу нас нь социализмын бүтээн байгуулалтын үед өнгөрсөн, өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн үр шимийг хүртсэн хэсэг. Дараагийнх нь завсрын үеийнхэн. Залуу нас нь социалист, коммунист нийгмийн зааг дээр гацсан хэсэг. 1965-1982 оныхон энэ хэсэгт багтаж байгаа аж. Шилжилтийн үе гэсэн ангилалд социализм, коммунизмын үеийг үзээгүй хэсэг багтжээ. Дөрөв дэх нь шинэ үеийнхэн. 1995 оноос хойш төрсөн хэсэг энэ үед багтжээ. Нийгэм эдийн засгийн асуудлууд, хэрэглээ гэх мэт хэд хэдэн өнцгөөс харж байж ингэж ангилсан байна.

Сонирхуулж хэлэхэд өндөр хөгжилтэй орнууд ХХ зуунаас үеийг судалж эхэлжээ. Кarl Мannheim гэж хүний 1928 онд гаргасан загвар юм байна. Тэрээр “Үеүдийн асуудал” гэсэн нийтлэлдээ “Өсвөр үе, залуу үед нь тухайн нийгэмд ижил төстэй үйл явдал тохиолдох нь хүмүүсийн хандлага төлөвшихөд нөлөөлдөг. Үүнийг үеийн ижилсэл гэнэ” хэмээн онцолсон байдаг аж. Сая онцолсон судалгааг хийсэн байгууллагууд үеүдийг Кarl Мannheim-ийн загвараар судалжээ. Тодруулж хэлбэл 1990 оны хувьсгал, дижитал эрин үеийн өөрчлөлт үеүдэд яаж нөлөөлснийг судалсан гэсэн үг.

Социалист, завсрын үеийнхэн “Төрийн дээрэм”-ийг дэмждэг

Шинэ үеийнхэн гэсэн дөрөв дэх хэсгийн талаар Ж.Эрдэнэбилэг “Шинэ үеийнхний хувьд цэвэр капиталист гэр бүлд төрсөн хэсэг. Нийгмийг үзэх үзэл, улстөрийн үзэл баримтлал, ёс суртахууны баримжаа, хэрэглээ гэх мэт таван үзүүлэлтээр харахад ялгаатай байдал, хандлага анзаарагдаж байгаа” гэсэн бол Ө.Ганзориг “Нийгмийг үе болгон өөр өөрөөр харж байна. “1990 оноос хойш ёс суртахуун, үнэт зүйлс, шударга ёс сайжирсан уу” гэж асуухад социалист, шилжилтийн үеийнхний жар гаруй хувь нь “Муудсан” гэсэн хариу өгсөн. Гэтэл завсрын, шинэ үеийнхэн 40-43 хувь нь “Сайжирч байгаа” гэж үзэж байна. 1990 оноос хойш эдийн засаг, амьжиргаа сайжирсан уу гэхээр социалист үеийнхний 43 хувь нь муудаж байна гэж хариулах жишээний. Харин залуу шинэ үеийнхэн сайжирч байгаа гэсэн хариу өглөө. Социализмыг гадарладаг үеийнхэн дүгнэлтээ шударга ёс талаас нь харж хийж байна. Баян хоосны ялгаа хэт гүнзгийрсэн гэдэг талаас эдийн засгийг үнэлж байна гэсэн үг. Шинэ болон завсрын үеийнхэн “Хэрэглээ сайжирсан. Өндөр шилэн барилгууд боссон, айл бүр машинтай, дэлгүүр болгонд бараа элбэг байна” гэсэн нүдээр хараад “Эдийн засаг сайжирсан” гэж үнэлсэн. Нэг асуудлыг өөр өөрөөр харж явааг үе гэж тодотгоод байгаа юм. Түүнээс биш хөгшин, залуугийн асуудал биш” хэмээн тайлбарлаж байв.

Сонирхуулж хэлэхэд “Төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хурааж авч болох уу” гэж асуухад шинэ үеийнхний 70 гаруй хувь нь болохгүй гэж хариулсан бол социалист болон завсрын үеийнхний тухайд хувь нь багасчээ. Хураах нь зөв гэсэн хариултыг 25 хувь нь өгсөн аж.

Шинэ үеийнхний 70 хувь нь улс төрд итгэдэггүй

Улс төрийн итгэл үнэмшлийн хувьд гээд харахаар шинэ болон шилжилтийн үеийнхэн Монголын өнөөгийн улстөрийн тогтолцоонд итгэх итгэлээ алдсан зураг ажиглагджээ. 70 хувь нь итгэлгүй гэсэн хариу өгч. Шинэ үеийнхний 78 хувь нь аль ч намыг дэмжихгүй яваагаа хэлж. Нэмж онцлоход социалист үеийнхэн шударга ёсны чиг баримжаа өндөр хэрнээ либерал хэмжигдэхүүн нь маш бага байж. “Ажил олгогч чинь таны ажлыг шударгаар үнэлдэг үү” гэж асуухад социалист үеийнхний 60 гаруй хувь нь “Тиймээ, бүрэн санал нийлж байна” гэсэн хариу өгсөн бол шинэ үеийнхний 43 хувь нь үүнтэй санал нийлжээ.

Монгол шашингүй улс

Шашны хувьд үе хооронд ялгаа гараагүй аж. Ямар нэг шашин шүтдэг үү гэж асуухад 40 гаруй хувь нь тийм гэж хариулжээ. Шашиндаа хэр чухалчилж ханддагийг нь тандах гэж зан үйл хэр үйлддэг вэ гэж асуухаар ихэнх нь жилдээ гурвын дотор үйл хийдэг гэсэн хариу өгсөн байна. Цагаан сараар мөр гаргах, шинийн найманд багтаж заслаа хийх, Хамрын хийд орох гэх мэт дадал шахуу болчихсон зүйлсийг хийдэг гэсэн үг. Дөрвөөс дээш удаа зан үйл үйлддэг нь 12 хувь байж. 11-ээс дээш үйл хийдэг нь 4-хөн хувьтай гарч. “Ингээд харахаар манайх бараг л шашингүй улс болж таарч байна” хэмээн судалгаа хийсэн хүмүүс дүгнэжээ.

Христэд итгэгчид цөөхөн ч гэлээ тууштай шүтэгчид

Уг судалгааг хийгчдийн нэг Ж.Эрдэнэбилэг “Ямар шашныг илүүд үздэг вэ” гэж асуухаар 85 хувь нь буддын шашин гэсэн хариу өгсөн. Долоо хувь орчим нь Христийг онцолсон. Гэтэл 11-ээс дээш үйл хийдэг хүмүүсийг задлаад харахаар 33 хувь нь Христийн шашныг илүүд үзэгсэд байсан. Харин буддын шашинтнууд 52-хон хувь байх жишээний. Тэгэхээр христийн шашны итгэгчдийн хувь нь цөөн ч тууштай шүтэгдчид гэж харагдаж байна” хэмээн тодотгож байсан юм.

Өвөө, эмээгээсээ ялгарахгүй улс төрийн үзэлтэй шинэ үеийнхэн

Түүнээс “Судалгаа хийх явцад гайхшируулсан үзүүлэлт олон байв уу” хэмээн сонирхоход “Ер нь сюрпризний байсан л даа. Шинэ үеийнхнийг өвөө, эмээтэйгээ адилхан байна гэж бодоогүй. Залуу үе улстөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийн хувьд өвөө, эмээтэйгээ төстэй шинж харуулж байгаа нь сюрпризний санагдсан. Америк залуустай ижил хандлагатай яваа гээд төсөөлтөл тийм байсангүй л дээ” гэсэн хариу өгсөн бол Ө.Ганзориг “Ямар нийгмийг илүүд үзэж байна вэ гэсэн асуултыг капиталис, социалист, аль алийг нь, алийг нь ч биш гэсэн сонголттойгоор тавихад дөрвөн үе дамнаад далаас дээш хувь нь социалист гэж хариулсан. Капиталист нийгэмд амьдарч яваа хэрнээ капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа юм байна гэж дүгнэсэн. Мэдээж капиталист нийгэм хэрэггүй гэсэн утгаар биш л дээ. Капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа байх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. “2050 он гэхэд монголчууд сайхан амьдрах уу” гээд асуухаар шинэ үеийнхний 60 хувь нь “Итгэлгүй байна, яаж ч магадгүй” гэсэн хариу өгч байна. Социалист үеийнхний 40 хувь нь итгэлгүй байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, социалист үеийнхэн илүү оптимист байна гэсэн үг. Залуусын ирээдүйд итгэх итгэл муу байгааг улстөрчид, төрийн байгууллагад тавьж буй дүгнэлт гэж ойлгож болно” хэмээн онцолсон юм.

Z, миллениалууд бидний аврал биш

Z, миллениал үеийнхэн, шинэ цагийнхан бидний аврал гэсэн утгатай тайлбар их дуулддаг. Харамсалтай нь тийм биш гэж үеүдийн судалгааг хийсэн хүмүүс хэлж байна. Ж.Эрдэнэбилэгийн “Өмнөх үеэсээ нэг их ялгарах юмгүй. Залуу үе дотроо масс нь залхуу, мэдлэг боловсрол муутай гэсэн зураг гарах жишээний. Тэгэхээр дараа үеэ залж чиглүүлж, өөрчлөлтийг бага багаар хийж явах нь илүү зөв шийдэл гэж харагдаж байна. Шинэ үе гарч ирээд л гоё болно гэсэн ойлголт байхгүй” гэсэн тайлбар нэгийг бодуулж хоёрыг сануулахаар л юм.

Судалгааны багт социологич, сэтгэл зүйчид хамтарч таван сарын турш ажиллажээ. Анхны судалгаагаар бүх асуултад төгс хариу гарах боломжгүй, үеүдийн судалгааг цаашид илүү нарийвчилж хийх эрэлт байгаа юм билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img