2024-05-26, Ням
15 C
Ulaanbaatar

Монгол орны бэлчээр цөлжилт, малын тоо толгой, царцаа, үлийн цагаан оготнод хүртэл “дарлуулж” байна

Малчид сонгосон гишүүнээсээ боодол өвс нэхэж гомдоллосон тухай бичлэг сошиалд тархсан. Малын хамар хатгах өвсгүй болчихвол боодол өвсөөр асуудлыг шийдэхгүй нь тодорхой. “Малчдын асуудал бидэнд ямар хамаатай юм бэ” хэмээн түвэгшээх хотын залуус тэнгэрт хадсан үнэтэй мах идэхэд хүрвэл малчид болон бэлчээрийн асуудлыг сонирхоход хүрэх вий. ШУА-иас зохион байгуулж буй “Эрдэмтдийн үг” цуврал лекцээр бэлчээрийн асуудлыг хөндсөн юм. ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын лабораторийн эрхлэгч, ХАА-н шинжлэх ухааны доктор Ходройн Батнарангийн "Монгол орны бэлчээрт ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг" лекциэс хүргэе.

-Монголчууд МЭӨ 5-8 мянган жилийн өмнөөс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхтэй. Манай орны нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй бэлчээр нь улс орны нийгэм эдийн засгийн үндэс болдог. Манай оронд хангай, хээр, говь хосолсон 147,1 сая га талбай бэлчээрт тохиромжтой гэж 2006 онд үзэж үзэж байсан бол 2022 оны байдлаар 112 сая га талбай болж буурсан байна.

Бэлчээр ашиглах алтан дүрэм. Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийг нөхөн төлжих хугацаа олгох, бэлчээрийг зайлшгүй сэлгэдэг байх дөрвөн зарчмыг мөрдөж иржээ. Манай ард түмэн жилийн дөрвөн улиралд нүүж, бэлчээр сэлгэж байв.

Нэгэнт доройтож муудсан бэлчээрийг нөхөн сэргээх нь технологийн хувьд одоо хэр шинжлэх ухааны үүднээс бүрэн шийдэгдээгүй, эрсдэл ихтэй, асар их хөрөнгө шаардсан ажил юм.

Өнөөдөр бэлчээрийн бие даасан хууль байхгүй учир бэлчээрийн газрын харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль , Ургамал хамгааллын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг салангид хэдэн хуулийн заалтуудад тулгуурлан зохицуулж байна. Шаардлага хангахгүй хууль, дүрмээр өнөөг хүртэл явж ирлээ.

”Үндсэн хуульд “Монгол Улсад газар түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Монгол орны бэлчээрт нөлөөлж байгаа хүчин зүйл. Нэгдүгээрт уур амьсгалын нөлөө. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн дундаж температурын өсөлт 1,5-2,5 хэмээс давж гарвал өнөөдрийг хүртэл мэдэгдээд байгаа ургамал, амьтны төрөл зүйлийн 20-30 хувь нь сөнөж алга болох эрсдэлд хүрч, үлэмж их өөрчлөлт авчрах болно гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний бүлэг (IPCC)-ийн 2013 онд гаргасан үнэлгээний тавдугаар илтгэлд дурдсанаар 1880-2012 оны хооронд 133 жилд дэлхийн гадарга орчмын агаарын дундаж температур 0,85 хэмээр нэмэгдсэн байна. Энэ зууны сүүлч гэхэд агаарын дундаж температур 6,5 градусаар нэмэгдэхийг мөн тооцоолжээ.

бэлчээрМонгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажтай харьцуулахад нэн эрчимтэй явагдаж байна. Монгол орны агаарын жилийн дундаж хэм 1940-2017 оны хооронд, 2,25 градусаар дулаарсан бол нийлбэр хур тунадас 15 хувиар буурчээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрт нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь цөлжилт.

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол орны цөлжилтийн атлас (2020) бүтээсэн. Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн бол, үүнээс 31 хувь нь сул, 22 хувь нь дунд, 18,6 хувь нь хүчтэй, 4,7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Бэлчээрт нөлөөлдөг бас нэг хүчин зүйл малын тоо толгой. 1990 онд Монгол 20 сая толгой малтай байсан. Өмч ард түмэнд ирсэнээр өдгөө малын тоо толгой 71 саяд хүрсэн байна.

Хот суурин газрын дэд бүтэц, уул уурхай, газар тариалан зэрэг өөр ангилалд шилжих, үерийн усны эвдрэл, элсний нүүдэл зэргээс шалтгаалан бэлчээрийн талбай багассаар байна.

Биологийн хүчин зүйл бас нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд бэлчээр, тариалангийн талбайд 300 гаруй зүйлийн ургамалын өвчин, 400 гаруй зүйлийн хөнөөлт шавж, 200 гаруй зүйлийн хог ургамал, таван зүйлийн хөнөөлт мэрэгч амьтан тархсаныг судалж тогтоосон.

Бэлчээрт нөлөөлж байгаа биологийн хүчин зүйл үлийн цагаан оготно. 14 аймгийн 133 сум, дөрвөн отрын бүс нутгийн нийт 44 сая га бэлчээрийн 9,3 сая га-д үлийн цагаан оготно тархсаныг тогтоосон байна. 3,4 сая га-д яаралтай үлийн цагаан оготнотой тэмцэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Бэлчээрт нөлөөлдөг бас нэг биологийн хүчин зүйл царцаа. Ургамал хамгааллын хүрээлэнгийн шавж судлалын сектор царцааны судалгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа.

Манай оронд 1951-1989 оны хугацаанд гүйцэтгэсэн судалгааны дүнд царцааны гурван овгийн 48 төрөлд хамаарах, 84 зүйл тархсан болохыг нэгтгэн гаргалаа.

Дэлхийд хамгийн хөнөлөөтэйд тооцогдох нүүдлийн царцаа хойд хил орчимд голомттой байдаг. Манай улс газар тариалангийн усалгаатай талбайг 100 мянган га-д хүргэх зорилт дэвшүүлээд байгаа нь уг хөнөөлт царцааны амьдрах орчин бүрдүүлэх тул царцааны хөнөөлийг тооцох учиртай.

Эдгээр нь үр тарианы ургацыг 10,7 хувь, төмс хүнсний ногооны ургацыг 13-20 хувь, жимс жимсгэний ургацыг 17 хувь, бэлчээрийн ургацыг 10-40 хувиар тус тус бууруулж байгааг илрүүлсэн. Голлох хөнөөлт өвчин, шавж, хог ургамал, мэрэгчдийг биологи, экологийн онцлог, тархалт, хор хөнөөлийг судлан тэмцэх арга боловсруулан, үйлдвэрлэлд нэвтүүлж эхэлж байна хэмээн илтгэгч ярьсан юм.

Газар тариалангийн компаниуд ургамал хамгааллын бодис цацахдаа дрон ашиглаж байна

Түүний лекцийн дараа сонсогчид асуулт тавьж, хариу авлаа.

-Царцаа байгаль орчинд ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор биологийн олон янз байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай судлаачдын тогтоосон царцааны зүйлүүд байдаг. Сүүлийн судалгаагаар эдгээр зүйлүүд илрээгүй учраас цаашдаа анхаараач гэсэн юм. Царцаа эерэг, сөрөг талтай. Хэт олшрохоороо бэлчээрт хөнөөл учруулдаг. Эерэг тал нь нэг жилийн настай, намар үгүй болоод, хөрсөндөө бордоо болж үлддэг.

-Таны нээсэн шинэ зүйл хөнөөлтэй юу, ховор зүйл үү?

-Миний ч юу байх вэ, багийн нээлт байгаа юм. Би толгойлж удирдаж явсан юм. Нарийвчилсан судалгаа хараахан хийгдээгүй. Говийн зүйл элбэг биш учраас хөнөөлтэй биш.

-Нүүдлийн царцаа хэр хол нүүдэг вэ?

-Тив алгасч нүүдэг шүү дээ. Өдөрт бараг 200 гаруй км нисэх чадвартай гэж тогтоосон байдаг. Ингэхийн тулд эхлээд биеэ бэлтгэдэг. Морь уяж байгаа юм шиг бэлтгэл хангаж байж ингэж хол явдаг.

-Бэлчээрийн ургамал хамгаалалтын бодисыг дроноор хийхэд хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-Авиа химийн нислэг бусад газрын техниктэй харьцуулахад нэг нисэлтээрээ их талбайг хамардаг. Түүгээрээ давуу талтай. Өргөн уудам бэлчээрийг хамардаг. Хамгийн түгээмэл сайн арга. Дрон гээд нисгэгчгүй техник гарч ирж байна. Маш давуу талтай. Сүүлийн үед газар тариалангийн компаниуд ургамал хамгааллын бодис цацахдаа дрон ашиглаж байна. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд нэг аж ахуй дроноор ургамал хамгааллын бодис цацаж байхыг харсан. Үүнийг цааш нь дэлгэрүүлэх шаардлагатай. Бага хугацаанд асар их талбай хамардаг, үр дүнтэй арга.

-Царцаа, шавж, хулганыг химийн аргаар устгахыг хориглосон конвенц байдаг юм биш үү?

-Химийн аргаас дэлхий нийтээрээ татгалзаж байгаа. Гэхдээ манай орны нөхцөлд хэт олширсон үед хэрэглэх олон аргуудын нэг нь гэж явдаг. Хэт олшроод бужигнасан хойно нь л манайхан “Болохоо байлаа” гээд тал талаасаа сандралдаад яалт ч үгүй химийн арга хэрэглэж байна. Царцаанууд Завхан аймгийн Тэс, Баянтэс, Тэсийн голын хөндийгөөр маш их тархалттай байна. Өвөрхангай аймгийн ойт хээрийн сумд, Хэнтийн зүүн талын сумдад, Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт царцаа маш ихэссэн. Малчид мэдээллээ өгдөггүй, яаманд мэдээлэл байдаггүй. Бид өөрсдөө явж мэдээлэл цуглуулдаг. Бүр бужигнаад бэлчээргүй болохдоо тулахаараа төв байгууллагууддаа хандаж байна. Тэр үед нь химийн арга хэрэглэж байна.

-Тахианы фермүүдэд өндөглөхөө байсан тахианууд, үржилд ордоггүй эр дэгдээхэйг устгалд оруулдаг. Тэднийг бэлчээрт явуулбал царцаа хортон шавжуудаа устгах биологийн арга байж болох уу?

-Бид царцаагаар тэжээл хийгээд, өндөгний жинд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. 2008 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнд судалгаа хийсэн. Өндөгний жин нэмэгддэг гэдгийг тогтоосон. Мөн Алтай Саяны төслөөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд 500 тахиа аваачиж, бэлчээрлүүлж тэмцэх арга хэмжээ авсан. Энэ бол нэлээд сайн үр дүнтэй. Гэхдээ тэднийг маллаж хадгалах, өвөлжүүлэх гэх мэт олон дамжлагат ажлууд бий. Үүнээс болоод хүндрэлтэй байдаг. Түүнээс биш байгаль дээр шувуу, гүрвэл царцаагаар хооллодог асар олон амьтад байгаа. Тэр бүхэн царцааны тоо толгойг тодорхой хэмжээнд зохицуулж байдаг гэж хариуллаа.

Царцааг устгахаас гадна уургийн бэлдмэл хийж ашиглах ёстой гэв

Төгсгөлд нь илтгэлийг сонсогчдын нэг, Мал эмнэлэгийн эм судлалын хүрээлэнгийн захирал Я.Ганболд өөрийн санаа бодлыг илэрхийлэнгээ сонирхолтой мэдээлэл өгсөн юм.

-Салбарын яаманд ургамал хамгааллыг хариуцдаг нэгж байх ёстой. Миний мэдэхээр станц, хүрээлэн байсан. Өнөөдрийн хүрээлэн бол шинжлэх ухааны ажлаа хийгээд явж байгаа газар. Бодлого хийдэг түүнийгээ хэрэгжүүлдэг нэгж байх ёстой. Ургамал хамгааллын хуулийн өөрчлөлт гээд явж байх шиг байна. Түүндээ энэ тухай оруулах байх гэж найдаж байна. Ургамал хамгааллын гол зорилго зам нь байгаль орчин, бэлчээрийг хамгаалах гэж ойлгодог.

Өнөөдөр бэлчээрийн доройтол гамшгийн хэмжээнд хүрсэн. Царцааны нүүдэл Монгол орны бүс нутгаас хойд тал руугаа шилжиж байгаа зүй тогтол ажиглагдсан. Ургамалын ургалт ч ийм байгаа. Жишээлбэл ортуузын төрлийн ургамал хойшоо шилжээд, уулархаг нутаг руугаа говийн тал хээрийн бүсэд ургадаг байснаа уулархаг бүс нутаг руугаа орж ирсэн. Үүнээс болоод Завханд хүртэл энэ ургамалын зүйлүүд олшроод, малын хордлого гарсан нь одоо ч үргэлжилж байгаа. Экологи, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор амьтан, ургамалын орчны шилжилт хөдөлгөөн маш их явагдаж байна. Бэлчээр хамгаалах асуудалд энэ зүй тогтлыг авч үзэх нь зүйтэй байх аа. Бэлчээрийн тухай шинэ хууль боловсруулж байгаа юм билээ. Энэ хуульд малчид зөвхөн ашиглах биш хамгаалагч байх ёстой гэж тусгавал зүгээр юм уу гэж бодож байна.

Бэлчээр хамгаалахын тулд ургамал тарималжуулах, хамгаалалтын арга хэрэгсэл хэрэглэхэд цаашдаа анхаарч ажиллах байх. Царцааны тархалтыг судалж, химийн биологийн арга хэрэглээд устгах сэргийлэх арга хэрэглэж байгаа. Нөгөө талд нь бидэнд том боломж яваа. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрнэ. Тэр үед дэлхийн хүн амыг уургаар хангах асуудал гарч ирнэ. НҮБ тав, зургаан жилийн өмнөөс зарласан. Хүн амыг уургаар хангах гол түүхий эд нь шавжийн гаралтай түүхий эд байна гэж зарласан. Азийн зарим орнууд энэ чиглэл рүү орж байна. Манай орны хувьд царцаа зэрэг маш их уурагтай, амин хүчил ихтэй пептидтэй, эрдсийн бодисуудтай, “амьд уургийн үйлдвэр”-ийг устгахаас гадна зөв менежментээр ашиглах арга руу орох ёстой. Х.Батнаран бид хэд энэ талаар хамтарч ажилаж байгаа.

Биологи, химийн хүрээлэнгийнхэн тал талаас нь судалж, шавжийн гаралтай ялангуяа царцааны гаралтай уураг хэрэглэх, малын тэжээл хийх, эм, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх тал дээр хамтарч ажиллаасай гэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img