2024-07-25, Пүрэв
14 C
Ulaanbaatar

Шотландын “Жонстонс оф Элгин” компани 1851 онд Монголоос ноолуур авч байжээ

ШУА-иас зохион байгуулдаг шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал лекцийн ээлжит зочин, шинжлэх ухааны доктор, академич Д.Энхтуяа ноолуур тойрсон сэдвээр ярьсан юм. Түүний яриаг товчлон хүргэж байна.

Монгол Улс дэлхийн ноолуурын 42 хувийг бэлтгэдэг. Энэ нь 10 мянган тонн гэсэн үг юм. Үүнийхээ 80 хувийг угааж, хялгасыг нь ялган, экспортод гаргаж, дотооддоо 20 хувийг нь л боловсруулдаг байна. Ноолуурыг монголчууд үеийн үед экспортод гаргаж ирсэн. Нэг сонирхолтой мэдээ 2023 оны хоёрдугаар сард Италид болсон ноолуур үйлдвэрлэгчдийн хурал дээр Шотландын “Жонстонс оф Элгин” компани 1851 онд Монгол, Хятадаас 280 тонн ноолуур авчирч байсан гэж гараар бичсэн архивын баримт харуулсан.

1950 онд эрлийзжүүлгийн ажил явахаас өмнө монгол ямааны ноолуур ямар байсныг судалгаанаас харахад монгол ноолуур өнөөдрийн яриад байгаа “Хаан ширхэгт”-ийн шинж чанарыг хадгалсан, Хятадын ноолууртай ижилхэн байж. Ноолуурын гарц өндөр байсан. Монгол ноолуур тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаар дамжин Англи, Италид гардаг байсан.

Тухайн үеийн сэтгүүлд “Оросын мэргэжилтнүүд Монголд чанартай ноолуур бэлтгэх аргыг сайн сургасан” гэж бичсэн байдаг. Экспортын хэмжээгээ нэмэхээр үржүүлгийн ажил хийсэн. Нэгэнт ноолуур экспортод гарч байсан учраас стандарт хангаж байсан. Тухайн үед түүхий эд бэлтгэлийн стандарт маш өндөр байж.

Ноолуур

1953 оны бэлтгэлийн стандартад хялгасын агууламж 20 хүртэл байвал 18 төгрөг гэж.(Одоогийнхоор бол бараг л 180 мянган төгрөг, хялгас ихтэй бол 80 мянган төгрөгөөр үнэлж байж) Стандарт үзүүлэлтүүд нь хэрэгцээ шаардлагад үндэслэн, өөрчлөгдөж ирсэн. Үнэ ялгаатай учраас малчид нэмүү өртөг шингээхээр хичээж байжээ.

Өнөөдөр ч зүүн аймгийн ноолуур үнэд хүрч байна гэж яригдаж байна. Байгалийн жамаар дөнгөж хөөрч, хялгас байхгүй учраас үйлдвэрт ирээд, 60 гаруй хувийн гарцтай байдаг. Тийм учраас энэ ноолуур үнэтэй байгаа юм. Сүүлд дөрөв, тавдугаар сард самнасан ноолуурын үнэ яагаад буурдаг гэхээр яг үнэндээ ноолуурын чанараас биш гарц бага учраас хялгастайгаа самнагдаж байгаатай холбоотой.

1980-аад оноос мөрдөгдөж ирсэн журмаар ноолуурын агууламж өндөр бол өндөр үнэтэй байна. Баруун аймгийнхан хялгасыг нь ялгадаг бол ноолуур нь үнэтэй байх боломжтой.

1974 онд Монгол Улс үйлдвэрлэгч орон болсон. Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр байгуулж, самнасан ноолуур экспортлож эхэлсэн. Ноолуурын судалгааг Англид хийлгэсэн. 1981 онд Говь комбинат ажиллаж эхэлсэн.

Өнөөдөр Монголд ноолуур боловсруулах цогцолбор үйлдвэр 15, боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 66, өрхийн цех 200 байна. Манайд ноолуурын анхан шатны боловсруулалт хийх угаах хүчин чадал хангагдсан. Зогссон салбар нь утас ээрэх. Ээрсэн утас бага учраас ноолуурын экспортыг нэмэгдүүлэх гацаа бараг энд байна гэж хэлж болно.

Экспортыг яаж нэмэгдүүлэх вэ?

Саалиа хураахаар саваа бэлтгэ гэдэг. Бид 10 мянган тонн ноолуур бэлтгээд, сайхан түүхий эдтэй байна. Маш сайн технологи байна. Ноос ноолуурын салбарт нэхмэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн автомат төхөөрөмжүүд бараг л аж үйлдвэрийн IV хувьсгалын шатанд яваа хамаг автомат төхөөрөмжүүд байна.

Экспорт нэмэгдүүлэх олон арга бий. Хоёр аргыг онцолъё. Худалдан авагчдынхаа хүсэл, хандлагыг судлах хэрэгтэй. Сүүлийн үед аль ч салбарынхан хэрэглэгчээ их судалдаг болж. Хэрэглэгчийн судалгаа гэдэг бүтээгдэхүүнээ сайжруулах чиг хандлага баримжаа болдог.

Орчин үед хэрэглэгчид хувцасны загвар дизайн гэхээсээ тав тухтай байдалд анхаардаг болсон байна. Тогтвортой үйлдвэрлэл буюу хүн, байгальд, малдаа ээлтэй аргаар бэлтгэсэн эсэхэд шаардлага тавьдаг болсон. Тав тух гэдэгт физиологийн тав тухаас гадна сэтгэл зүйн тав тух багтана.Зөөлөн тааламжтай байна гэдэг ялангуяа ямааны ноолуур дээр ноолуурын голчийн ялгаа 0,4 микроны зөрүүтэй байхад хүн түүнийг мэдэрч болно гэдгийг тогтоосон. Тийм ч учраас ноолуурын салбарт 0,5 мкм-ны хооронд үнийн маш их зөрүү үүсдэг.

Хэмжиж чадвал удирдаж чадна гэсэн үг байдаг шүү дээ.

Хэрэглэгч юу хүсдэг вэ? Австрали, Хятад, Европ, Япон, Америк, Канадын судлаачдаас санал асуулга авахад ноос ноолууран хувцсанд юунд анхаарах вэ гэхээр дулаан зөөлөн мэдрэмж, агаарын солилцоонд анхаарал тавьж байна л даа. Манай судлаачид 48 номерын нимгэн ноолуур (одоогийн 26 номероос хоёр дахин нарийн ээрмэл) гаргаад үүгээрээ дотуур сүлжмэл гээд шинэ төрлийн бүтээгдэхүүн хийсэн. Шинэ технологи боловсруулахын тулд маш их судалгаа хийдэг.

Нэг судалгааны үр дүнг сонирхуулахад энэ хувцсыг өмсгөөд 50 минут гүйлгээд таван минут амраасны дараа хөвөн материалтай хувцас өмссөн хүн халууцсан чигээрээ байхад, ноолууран хувцасны температур буурсан байх жишээтэй. Халуун чийгийг шингээж авч байна. Ноос ноолууран хувцас зун өмссөн ч хүндээ 5 градусын сэрүүн мэдрэмж төрүүлдэг. Зөвхөн “Ноолуур зөөлөн, дулаан шүү” гэж хэлэх бус нарийн судалгааны үр дүнг хэлэх боломжтой болж байна.

Ноолуурын тогтвортой үйлдвэрлэл явуулахын тулд “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг бий болгож, дэлхийн 30 гаруй улсын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд байна. Бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэрэглээний үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, Монгол Улсын өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг илтгэнэ.

Малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх бүх л шат дамжлага тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь чухал болоод байна. Энэ бүгдийг “Монгол Улсын ноолуурын салбарын тогтортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичигт зааж өгсөн.

Монгол Улсад тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх алхмууд хийж байгаа. Тогтвортой үйлдвэрийн стандарт батлуулж, баталгаажилтыг Ноос ноолуурын холбооны дэргэдэх баталгаажилтын алба өгч байна. Үйлдвэрүүд маань ус, цахилгаанаа хэмнэдэг. Хүндээ ээлтэй байх зэрэг шаардлага хангах учиртай.

Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавигдах шаардлагууд бий. Зүгээр л нэг ноолуураа тушаадаг малчин бус, бэлчээр сэлгэдэг, цөлжилтөд хувь нэмэр оруулаагүй байх, үржил селекцийн ажил зөв явуулах, ямаагаа зөв самнадаг байх хэрэгтэй. Ямаагаа зовоож самнадаг бол ноолуурыг маань авах хүнгүй болно шүү дээ. Тогтвортой ноос ноолуурын эвсэл байгууллага баталгаажуулалт хийдэг. Эднийх олон улсын итгэмжлэлтэй болчихвол Америк, Европод байгаа хүн нутаг нь онгон байгалиараа юм байна. Тэнд хөдөлмөрлөж байгаа хүмүүс нь зохистой хөдөлмөр эрхэлдэг юм байна гэдэг эерэг хандлагаар худалдаж авах юм. Энэ стандартыг үйлдвэрлэгчид, сум аймгууд нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Ингэж чадахгүй бол та хэчнээн сайхан ноолуур бэлтгэсэн ч үнэд хүрэхгүй нь байна шүү. Цөлжилтөд анхаарахгүй бол болохгүй нь.

Зөвхөн үйлдвэрлэгчид малчид биш ноолуур үйлдвэрлэхэд маш олон оролцогч талууд анхан шатны боловсруулах үйлдвэрүүд, төр, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай. Монгол Улсын ноос ноолуурын салбарт нийт 133 стандарт мөрдөгдөж байна.

Эдгээрийн 24 хувь буюу 33 нь олон улсын стандартуудтай дүйж байна. Бид сайн байна. Гэхдээ сайн гэдгээ баталгаажуулж байж бүтээгдэхүүнээ эскпортлох юм. Ноолуур экспортын бүтээгдэхүүн юм бол оролцогч талууд олон улсын түвшинд явах учиртай. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа инженерүүдийг бэлтгэдэг сургалтын хөтөлбөр маань олон улсын магадлан итгэмжлэлтэй болж байна.

Ноолуураа үнэлж байгаа лаборатори маань олон улсын итгэмжлэлтэй болж байна. Цаашдаа баталгаажилтын байгууллага маань олон улсын эрхтэй болох хэрэгтэй байна хэмээн ярилаа.

Дараа нь сонсогчид түүнд асуулт тавьсан юм.

-Ноолууран хувцас дулаахан гэж л бодсон. Гэтэл бас сэрүүцүүлдэг гэхээр сонирхолтой санагдлаа. Яаж хүйтэнд дулаан бас халуунд сэрүүн байж чаддаг вэ?

-Халуунд халаад, хөлрөхөд бусад хувцас чийг шингээж чадахгүй учраас халууцсан хэвээр байна. Ноолуур чийгийг шингээдэг. Амьсгалдаг гэдэг нь сэрүүцүүлэх процесс бас явж байгаа гэсэн үг. Хүний хувцас, арьс хооронд бичил орчин бий болгох чадвартай. Өвөл нейлон хувцастай хөлөрвөл хайрна. Түүнээс болоод хатгаа тусах эрсдэлтэй. Харин ноолууран хувцас хуурай байна. Чийгийг шингээж аваад, дулаан ялгаруулна. Нэг грамм чийг шингээж, 27 калори дулаан ялгаруулдаг. Тийм учраас сүүлийн үед Сингапур, Катар, Кувейтийнхэн манайхаас ноолууран хувцас авдаг болоод байна. Кондишн хэрэглэсэн үед тэр улсууд ноолууран хувцас өмсөх болжээ. Ингэж зах зээл маань тэлж байна. Мэдээж энд зузаан биш нимгэн ноолуурын тухай ярьж байна. Хүмүүс зөөлөн нимгэн хувцас авахдаа бөх бат байхыг хүсдэг. 48 номероос дотогш 60 номерын утас хийж болно. Түүгээр хийсэн хувцас эдэлгээ даах чанар нь бага.

-Зарим ноолууран хувцас бөөгнөрөөд байдаг, зарим нь зүгээр байдаг нь ямар учиртай вэ?

-Ноолуурын чанар боловсруулах технологиос шалтгаална. Манайхан хар, улаан хүрэн, хар хөх гэх мэт гүн өнгийн хувцас авдаг. Тэнд бас будаг ороод бага зэрэг гэмтээх тал бий.

-Хятадад эсгийрсэн бүтээгдэхүүнийг задлаад эргээд бэлэн бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Манайд энэ талаар судалгаа хийж байгаа юу?

-Эсгийрэхийг багасгах технологи дээр манайхан ажиллаж байгаа. Тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд бид нөөцийг бүрэн ашиглахаар хичээж байна. Ашиглахаа байсан хувцсыг засварлах эсвэл үйлдвэрлэлийн дамжлагын явцад гарсан үлдэгдлийг боловсруулаад өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг манай үйлдвэрүүд хийж байна. Бүтээгдэхүүний насжилтыг анхаардаг болсон. Нэг том сааль гэхэд арав хорин жил эдлээд элэгдээгүй байхад дараа нь яаж ашиглах вэ, сандлын бүтээлэг хийх гэх мэтээр заавар зөвлөгөө өгдөг үйлдвэрүүд бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img