2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Квентин Тарантино: Хөгшчүүлд л зориулсан кино хийдэг хөгшин найруулагч болмооргүй байна

Дэлхийн кино урлагт хамгийн нэр хүнд бүхий АНУ-ын “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, Английн “BAFTA”, Францын “Сезар”, Канны олон улсын кино наадмын “Алтан дал модны мөчир” гээд олон шагналыг нэг бус нижгээд удаа хүртсэн өнөө цагийн цөөхөн найруулагчдын нэг бол Квентин Тарантино. АНУ-д Холливудын аварга том студиудээс ангид, бие даасан кино гээчийг үүсгэн байгуулагчдын нэг бол мөн л тэр. Индианы чероки омгийн удамтай арванзургаахан настай сувилагч Конни Макхью, итали гаралтай жүжигчин, хөгжимчин Тони Тарантиногоос төрсөн тэрээр кино урлагийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн “Хоточ ноход” (”Reservoir Dogs”), “Хямд төсөр ном” (“Pulp Fiction”), “Биллийг алах нь” (“Kill Bill”), “Дөнгөнөөс ангижирсан Джанго”(“Django Unchained”) гээд олон арван дэлгэцийн бүтээл туурвисан билээ. Алдарт кино найруулагчийн “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг дор толилуулъя.

-Ноён Тарантино, кинонуудыг тань үзэж сонжиход эмэгтэйчүүдийн гуя хас харуулахад та нэлээд анхаардаг гэлтэй?

-Би үүнээсээ ичдэггүй ээ. Дэлхийн бүх цаг үеийн алдарт найруулагчид, жишээ нь, Алфред Хичкок, Луис Бунюэл, Самуэл Фуллер ч тэр бүхэнд нэлээдгүй анхаарал хандуулдаг байсан. Тэд ямар агшинд камераа хаана байрлуулж, юунд чиглүүлэх нь үзэгчдийн анхааралд хүрэхийг дэндүү сайн мэддэг байсан тул маш сайн кино бүтээсэн гэж би боддог. Эмэгтэйчүүдийн гуя хасыг ч яг хэзээ, аль мөчид харуулахаа тэд гойд сайн мэддэг байж. Тэдний дэргэд миний кинонуунад харин ч бүсгүйчүүдийн хөл, өгзгийг харуулах тэгтлээ чухал биш л дээ.

-Тэгвэл элдэв хүчирхийллийг харуулах нь танд илүү чухал уу?

-Би өөрийн хэлэх гэсэн, харуулах гэсэн бүхнээ үзэгчдэд хүргэхийг хүсдэг. Би кино урлагийн элдэв жанр, сэдэв, тэр ч бүү хэл дэд жанрууд руу өнгийх дуртай хүн. Тэр дундаас миний ажилладаг үндсэн жанр бол нэлээд дуулиантай, хүчирхийлэл ихээр харуулсан гэмт хэрэг, кунг фу, самурай, тулаан, машинаар элдэн хөөх зэрэг кино. Иймэрхүү кино үзэгчдийг өөрийн эрхгүй татдаг талтай. Би ч өөрөө тийм кино хийх сонирхолтой. Харин “Жеки Браун” киноны хувьд элдэв гэмт хэрэг, хүчирхийлэл бус хувь хүний зан чанар нэгд тавидсаныг анзаарсан биз ээ. Ямар ч уран бүтээлч үндсэн сэдвээсээ хазайж өөр зүйл хийхийг оролддог тал бий.

-Таны киноны дүрүүд тод томруун болдог. Тийм дүрүүдийг цогцлоож бичдэг нууц тань юу бол?

Квентин Тарантино

-Ямар юмных нь нууц байх вэ дээ. Би чинь юуны түрүүнд зохиолч, дараа нь найруулагч тул миний кинонууд хүмүүсийн анхаарлыг тэгтлээ татдаг байх гэж боддог. Зохиолч хүн өөрийн бус, бусдын юуны тухай яаж ярьдгийг судалдаг. Энэ тал дээр би ус шингээж авдаг алчууртай л адил. Би бусдын юуг хэрхэн ярьдгийг цээжлэх онцгой чадвартай гэх үү дээ. Хүмүүс ямар нэг зүйлийн тухай өөр өөрийнхөөрөө хэрхэн чалчихыг, яаж хошигнохыг би огт мартдаггүй. Танилууд маань, танил биш хүмүүс ч ялгаагүй, өөрдсийнхөө амьдралын сонирхолтой түүх хүүрнэхийг би умарталгүй ой тойндоо хадгалчихдаг хүн л.

-Харин хадгалж чадаагүй бол?

-Тэгвэл тэр нь нэг их гойд чухал зүйл биш байсан л болж таарна шүү дээ. Юу гэвэл, зургаан сарын өмнөх дурсамж ч байна уу, эсвэл 16 жилийн өмнөх тохиолдол ч байна уу, ялгаагүй. Тэр бүхний тухай бичиж эхлэхэд үзэг маань яг л долгион барих антенн шиг тухайн үеийн дүрүүдийг ямар нэгэн хэмжээгээр буулгачихдаг. Дүрүүдийн хоорондын диалог яриаг бараг л би биш, тэд өөрсдөө хэлээд өгдөг гэх үү дээ.

-Эргээд хүчирхийллийн сэдэв рүү ороход, та өөрөө ер нь юунаас хамгийн их айдаг вэ?

-Миний хамгийн их айдаг зүйл бол хархнууд. Өөр бусад зүйлээс тэгтлээ эмээдэггүй хэрнээ энэ амьтдыг харахаар л дотор зарсхийгээд явчихдаг юм.

-Үнэхээр тийм гэж үү?

-Тийм ээ, энэ бол миний хамгийн том сул талын нэг. Хэрэв энэ ширээн дээр харх байсан бол би ойр хавьцаа байх ямар нэг бүсгүй рүү гүйж очиж тэвэрт нь ороод “Авраарай” гэж арчаагүй орилох байх шүү.

-Та хар дарж зүүдэлдэг үү?

Квентин Тарантино

-Хар дарж зүүдлэлгүй нэлээд удаж байна даа. Хүүхэд насандаа аймшигтай зүүд зүүдлэхдээ би аав ээжийнхээ ор руу гүйхээрээ очдог байв. Гэвч төдөлгүй ээж минь тэгэхийг хорьсон юм. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа хар дарж зүүдлэх нь дэмий гэж шийдсэний дараа тэгэх явдал ховордсон доо.

-Одоо та өөрийн хүүхэдтэй болохыг хүсч байна уу эсвэл кинонд бүх хүчээ зарцуулахыг л зорьсоор уу?

-Юу болохыг харж байж л болъё. Би уг нь 60 нас гараад кино хийхээ больё гэсэн бодолтой.

-Үүндээ итгэлтэй байна уу?

-Баараггүй биш ээ. Гэхдээ тэгэх гэсэн төлөвлөгөө бий. Би хөгшчүүлд л зориулсан кино хийдэг хөгшин найруулагч болмооргүй байна. Дээр нь өмнөх кинонуудынхаа нэр хүндийг “зөнөсөн” үеийнхээ кинонуудаараа баллахыг хүсэхгүй. За яахав, 62 насандаа ч би кино хийж чадах биз. Гэвч би кино урлагийн дэвжээнээс ялагдагчаар буух хүсэлгүй. Иймд хоёрын хооронд кино төсөлд оролцох минь юу л бол. Өтөл насандаа хүүхэд, хөгшдийн инээдэм болоод яах билээ. Иймээс ч би бичгийн хүн болохоор шийдээд буй. Киноны тухай ном бичих төлөвлөгөөтэй. Үүнээс гадна уран зохиолын ном бичих ч бодол байна.

-Энд сонирхоход, та амьдралдаа хэдэн уран сайхны кино үзэж сонирхсон бол?

-Ёстой хэлж мэдэхгүй. Гэхдээ 17-22 насны хооронд би кино театрт үзсэн бүх киноныхоо тэмдэглэлийг хөтөлдөг байв. Тэр бүгдээс надад таалагдсаныгаа тэмдэглэн өөрийн гэсэн “Оскар” шагналаар урамшуулна шүү дээ. Тэрхүү тэмдэглэлд 202 кино байдаг юм билээ.

-Ер нь таны үзсэн кинонуудаас шилдэг гурвыг нь нэрлэнэ үү гэвэл?

-Хариулахад хэцүү асуулт. Өчигдөр та үүнийг асуусан бол нэг өөр хариулт өгнө. Маргааш бүр ч өөр хариулт өгнө дөө. Тухайн үеийн үзсэн кино, сэтгэл санааны байдлаас л хамаарна шүү дээ.

-Тэгвэл яг одоо та ямар кинонуудыг шилдэг гэж бодож байна вэ?

-“Ширээт лам, Костелло хоёр Франкенштейнтэй учирсан нь” (“Abbot and Costello Meet Frankenstein”). Эл киног бага балчир байхдаа үзсэн юм. Жаахан хүүхэд надад маш их сэтгэгдэл үлдээж билээ. Янз бүрийн жанрыг хольсон кино. Зарим газраа туйлын инээдэмтэй, тэгсэн мөртлөө яг Франкенштейн гарч ирэхэд жихүүдэс хүрэм. Тэр киног үзэхдээ би таван настай л байв. Тэгсэн хэрнээ яагаад ч юм киноны жанрууд холилдсоныг анзаарсан даа.

Квентин Тарантино

Мөн “Таксины жолооч” (“Taxi Driver”) кино байна. Маш зохиоллог бүтээл. Яг л кино роман. Тэгсэн хэрнээ үзэхэд маш зугаатай. Үүнээс гадна миний дуртай кино гэж үргэлж хэлдэг бүтээл бол “Сайн, муу ба зэвүүн гурав” (“The Good, the Bad and the Ugly”).

-Танд киноны ямар жанр, сэдэв таалагддаггүй вэ?

-Бүгд. Уг нь би түүхэн кинонд дуртай л даа. Гэвч тэдгээрт түүхэн хувцсаар хэт гоёдог нь нэг л биш санагддаг. Мөн бодит хүний дурдатгалаар хийсэн кинонууд онц биш. Гэхдээ тийм кинонуудаар л жүжигчид “Оскар” авдаг даа. Тийм кинонууд үнэндээ уйтгартай.

-Яагаад тэр вэ?

-Ямар ч сонирхолтой хувь хүн байсан, тэдний амьдралыг эхнээс нь дуустал хүүрнэнэ гэдэг ядаргаатай биш гэж үү. Элвис Преслийн тухай кино хийхэд бүх амьдралыг нь нэгд нэгэнгүй дүрслэхээр юу болох вэ? Дэндүү нуршуу юм болно. Тэгж байснаас түүний ганц өдрийн амьдралыг өгүүлбэл илүү амьтай юм гарна даа. “Sun Records” хөгжмийн студид анх гэрээ байгуулах гэж очих ганцхан өдрийн тухай кино илүү сонирхолтой болно гэж би боддог. Гэхдээ энэ бол миний хувь хүний л үзэл бодол шүү.

-Тэгвэл хэн нэгэн таны намтраар кино хийвэл танд уйтгартай санагдах нь ээ?

-Тийм бол надад тааламжтай санагдах биз. Гэхдээ би үзэхгүй ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img