-Анх удаа хөдөө орон нутагт болох гэж буй Хүүхдийн спортын зуны долдугаар наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Анх удаа хөдөө орон нутагт болж байгаа гэдэг нь энэ наадмын том онцлог болж байна. Манай аймаг энэ наадамд 2020 оноос хойш бэлтгэж эхэлсэн. Орон нутагт спортын наадам зохион байгуулах хамгийн чухал зүйл нь уралдаан тэмцээн явуулах материаллаг бааз л даа. Харин манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2016 оноос хойш спортын материаллаг баазыг нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Зөвхөн аймгийн төв дээр гэхэд спортын заал хорь гаруй бий. Өнгөрсөн оноос крикет, 3×3, сагс, волейбол, хөл бөмбөгийн гэх мэт спортын зориулалтын хүүхдийн задгай талбайнуудыг байгуулж эхэлсэн. Зуны VII наадамтай холбоотойгоор уралдаан тэмцээн явуулах 10 заалнаас гадна, гадаа талбай гурвыг бэлдээд байна.
-Спортын хэчнээн төрөлд аваргуудыг шалгаруулах вэ? Хэчнээн баг тамирчин оролцох талаар.
-Спортын 23 төрлөөр явагдах тус наадамд урьдчилсан байдлаар 4000 орчим хүүхэд өрсөлдөхөөр байна. Төрөл бүрээр урьдчилсан шатны шалгаруулалт явуулж, тэндээс гарсан шигшээ багийн тамирчид өрсөлдөх юм. 20 аймаг, есөн дүүргээс буюу 29 багийн тамирчид оролцоно. Зочид төлөөлөгч, шүүгч, зохион байгуулагч нар гээд 7000 орчим хүн оролцох тооцоо гарсан. Зөвхөн шүүгч нар гэхэд 320 давж байгаа.
-Хүүхдийн спортын наадмын “Бэлгэдэл”-ийн талаар тодруулахгүй юу.
-Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор аймгийн зүгээс гурван зүйл дээр анхаарлаа хандуулж байгаагийн нэг нь таны асуусан Бэлгэдэл. Өмнө нь хэрэглэж ирсэн бэлгэдэл нь “Галхүү” байсныг та мэдэх байх. Энэ удаагийн спортын наадмын бэлгэдлээ дэлхийд тавьхан байдаг, бүр тодруулж хэлбэл зөвхөн Баянхонгор аймагт амьдрах мазаалай баавгайгаа баяр наадмын бэлгэдэл болгосон. Сонгосон шалтгаан нь нарийн учиртай. Улс орон, дэлхий даяар мазаалай баавгайгаа таниулах, сурталчлах, судлаач, эрдэмтэд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын анхаарлыг мазаалай баавгайг хамгаалах чиглэлд татах зорилго байна.
-Спортын их наадмын хүрээнд аймгийн зүгээс гурван зүйлд голлон анхаарч байгаа гэлээ. Эхнийх нь бэлгэдэл юм байна. Хоёр, гурав дахь нь юу вэ?
-2022 оноос манай аймаг “Хог биш ээ, мөнгө” аяныг улс орон даяар анх удаа санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээндээ олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн хүүхэд залуус ч идэвхтэй оролцсон. Хог хаягдалгүй аймаг болохын төлөө хаясан хогийг түүж мөнгө болгодог систем рүү орж эхэлсэн гэж ойлгож болно. Энэ аяныг хүүхдийн спортын наадмаараа дамжуулж Монгол улс даяар өрнүүлэхийг зорьж байна. Бүх аймгийг хогоо мөнгө болгох челлэнжэд дуудъя гэсэн төлөвлөгөөтэй. Зөвхөн спортын төрөлд оролцож буй хүүхдээр хязгаарлахгүйгээр бүх хүүхэд залуусаа уриалж “Хог биш ээ, мөнгө” аяныг улс орон даяар хэрэгжүүлдэг болох уриалга, санаачилгыг дэвшүүлнэ. Бүр тодруулж хэлбэл аймгийнхаа хэмжээнд амжилттай өрнүүлсэн энэ аянаа спортын наадамтайгаа уялдуулаж сурталчлах юм.
Аймгийн хэмжээнд анхаарсан гурав дахь зүйл гэвэл спортоор дамжуулж хүүхэд, залуусыг эерэг хандлагад уриалах талд анхаарч байгаа. Харилцааны соёлын алдаанаас болж л зөрчил, тэмцэл үүсдэг. Дэлхийн хэмжээнд, улс орны түвшинд, хувь хүний хүрээнд үүсч буй зөрчил тэмцэл бүхэн харилцааны соёлын алдаанаас л үүсч байх шиг санагддаг.
Спортын төрлүүдээр өрсөлдөж тэмцэлдэж байгаа ч бие биендээ хүндэтгэлтэй хандах нь харилцааны маш том соёл. Тэр утгаараа аймагтаа болох спортын их наадмаараа дамжуулж инээмсэглэе, нэгнээ хүндэтгэе гэдгийг онцгойлж уриална. Баянхонгор аймагт болох спортын наадамд ирсэн хүүхдүүд инээмсэглэдэг, зөв мэндэлдэг, талархдаг, эерэг хандлагатай байх нь эргээд нийгэм даяар нөлөөлнө. Учир нь 20 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон хүүхдүүд манай аймагт ирнэ. Энэ хүрээндээ 100 хүүхдийг сайн дурын хөтөч үйлчилгээнд сонгон шалгаруулж бэлдэж байна.
-Хүүхдийн их наадмын спортын сонирхолтой, шинэлэг төрөл гэвэл юуг онцлох бол?
-Манай аймаг зохион байгуулагч гэдэг утгаараа спортын гурван төрлийг санал болгох эрхтэй. Энэ хүрээндээ сүүлийн үед эрчимтэй хөгжиж яваа спорт гимнастикийн төрлийг сонгосон.
-Наадамд 7000 хүн оролцоно гэлээ. Нэг өдөртөө дээд тал нь хэчнээн хүн ирэх бол, тэр хүмүүсийг хүлээж авах орон байр, үйлчлэх ресторан, хоолны газрын асуудлыг шийдсэн үү?
-Нэг удаагийн эргэлтэд 3000 орчим хүүхэд, 1000 орчим зочин ирнэ гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл нийт эргэлтийн тоог 4000-аар төсөөлж байгаа. 7000 хүн нэгэн зэрэг ирэхгүй, 2-3 удаагийн давлагаатай ирнэ гэсэн үг. Зочлох, угтах үйлчилгээг ингэж бодож зохион байгуулж байгаа. Байр орон сууц, хоолны үйлчилгээн дээр ямар нэгэн асуудал гарахгүй.