2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Бэрх рүү жуулчдыг хөтлөх “далд уурхай”-н жимээр

Социализмын үед Монголын “саалийн үнээ” байсан, хайлуур жоншны ууган уурхайн нэг болох Бэрхийн уурхайг саяхны нэг өдөр зорьж очлоо. Нэгэн цагт хөл хөдөлгөөн буцалж байсан Бэрх хот нам гүмхэн угтав. Москвагийн олимпийн бэлгэдэл Миша баавгай, алх хадуурын дүрс шигтгэсэн хуучны саарал байшингууд дунд алхах зуур хуучин нийгэмд буцаад оччихсон мэт сэтгэгдэл төрнө. Хэцүү цагт улсын эдийн засгийг нуруундаа үүрч явсан том суурин гэдэг утгаар нь Бэрхийг аль ерээд онд УИХ-ын тогтоолоор хотын статустай болгож байж. Тэр тогтоол өнөө ч хэвээрээ болохоор намуухан ажин түжин энэ сууринг хот гэж тодотгохоос аргагүй юм.

Уурхайчдын хотод төрсөн Бэрхийн уугуул иргэд өссөн суурингаа тосгон гэж хэлүүлэх дургүй нь тэнд өнгөрөөсөн нэг хоногт тод анзаарагдсан. Бэрхийг жирийн нэг даруухан суурин биш хот гэдгийг илтгэх хоёр том бүтээн байгуулалт өрнөсөн, өрнөж буй болохоор хот гэсэн статус нь цаашид улам батжих нь тодорхой. Нэг нь Кембрижийн хөтөлбөртэй сургууль, нөгөө нь Бэрхийн далд уурхайд түшиглэсэн Монголын далд уурхайн музей, сургалт сурталчилгаа, аялал жуулчлалын төв. Кембрижийн хөтөлбөртэй сургууль боссон нь нүдэнд содон дүнхийнэ.

БэрхСуурингаас холгүй орших Бэрхийн далд уурхайд очиход барилга, газар шорооны ажил ид буцалж байв. Бэрх хэмээх жижиг сууринг хот хэвээр байлгах, жуулчдын урсгалыг татах бүтээн байгуулалт өрнөж буй нь энэ. Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалт бараг дуусчээ. Бүтээн байгуулалт ер орчим хувьтай яваа гэсэн мэдээг “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн захирал, Монгол улсын зөвлөх инженер Н.Батболд даргаас сонсов.

БэрхМузей рүү орохын өм­нө Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит танхимыг сонирхлоо. Эрдэнэтийн зэсээр хийсэн бүтээгдэхүүн, ГОК-той холбоотой түүхэн баримт бичиг, видео гээд уулын баяжуулах үйлдвэрийн тухай бүрэн мэдээлэл авчихаар танхим байна. Музейн төв барилгын нэг жигүүрт Бэрхийн уурхайгаас үлдсэн эд зүйлсийг дэлгэжээ. Уурхайчны малгай дуулга, холбооны хэрэгсэл гээд хуучин цагийн түүх өгүүлсэн зүйлс сонирхол татна. Хятадын төрийн томчуудын нэг асан Линь Баогийн онгоц сүйдсэн газраас олдсон онгоцны жижиг эд анги ч харагдана. Урд хөршийн анхны маршалуудын нэг, Мао Зэдуны ойрын хүн явсан тэрээр гэр бүл, хамтрагчдынхаа хамт онгоцоор зугатаж яваад Бэрхээс холгүй газар осолдсон юм. Тэр хавиас олдсон эдгээр зүйлс Бэрхийн далд уурхайн музейн сонирхолтой үзмэрүүдийн нэг байх нь.

Энэ мэт элдэв үзмэр сонирхсоор уурхайн гүн рүү задгай клетээр (өргөх сав) буулаа. Тун удахгүй орчин үеийн лифт суурилуулах аж. Газраас 45 метр гүнд сэнгэнэсэн таатай орчин биднийг угтав. Үүдэн хэсэгт дүүрэн жонштой хоёр жижиг тэргэнцэр чирсэн хар азарганы баримал харагдана. Хар азаргыг уурхайчин хөтөлж яваа зохиомж бүхий уг баримал Бэрхийн уурхайн эхэн үеийн түүх юм байна. Энд 1954-1958 он хүртэл гар аргаар жонш олборлож байж. Газрын гүнд олборлосон жоншоо жижиг тэргэнцэрт ачиж, хар азаргаар чирч гаргадаг байсан нь өнөө бол гайхмаар түүх.

Хар азарганы цаахна талд өдгөө далд уурхайд өргөн ашиглаж буй тээвэрлэх техникийг байрлуулжээ. Өрөмдлөгийн үйл явцыг харуулсан хоёр хэмжээст дүрслэл, гэрэл зургууд, өрмийн эд анги, эмнэлгийн тусламж үйлчилгээг харуулсан хэсгийг сонирхож явсаар доороо төмөр авдар маягийн зүйл суурилуулсан модон хашлагын дэргэд ирлээ. Бэрхийн уурхайн ажилчдын бие засах газар гэнэ. Далд уурхайн тээвэрлэлтийн зориулалттай ачигч машин, тэргэнцрийг төмөр зам дээр суурилуулсан нь сонирхол татахуйц содон юм.

Бэрх

Цаахан талд нь “Монголросц­ветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өн­дөр уулын баяжуулах үйлдвэрийн Адагийн уурхайд ашиглаж байсан, далд уурхайд хамгийн анх нэвтрүүлсэн гүний уурхайн ачигч машин харагдана. Тэсрэх материалын агуулахыг харуулсан хэсэгт ирэв. Хоёр тасалгаа бүхий төмөр сараалжин өрөөний нэг талд далд уурхайн нэвтрэлтэд ашиглагддаг тэсрэх бодис, нөгөө талд тэсэлгээний хэрэгслийн загвар моделийг тусгай тавиур дээр ангилан өржээ. Уурхайчны хувцастай манекан ч харагдана. Тэсрэх материал хариуцсан няравыг уг манеканаар төлөөлүүлжээ.

БэрхУурхайчдын түр амрах байр

Ажилчдын түр амрах байрыг харуулсан хэсгийг хуучин цагийг санагдуулам зохиомжоор бүтээжээ. Модон ширээ тойроод дөрвөн уурхайчин (манекан) суучихаж. Ширээн дээр хөнгөн цагаан данх, паалантай сэнжтэй төмөр аяга, “Беломор” тамхи, консерав, молоконы лааз өржээ. Гурван үеийн уурхайчны хувцсыг ч далд уурхайн музейгээс сонирхох боломжтой. Өнгөрсөн зууны тавиас наяад оны уурхайчдын хувцсыг харуулахдаа Бэрх, Бор-Өндөр, Эрдэнэт зэрэг томоохон уурхайн ажилтнуудын өмсч явсан хувцсыг манеканд өмсгөжээ.

Конвейертэй ачигчКонвейертэй ачигч

Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвд Монголын уул уурхайн түүхийн танхим байгуулах юм байна. Уул уурхайн түүхийг өгүүлсэн түүхэн бичиг баримтаас эхлээд олон сонирхолтой үзмэрийг уг танхимд байршуулах аж. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр VIII Богдын буулгасан хишиг тараах зарлиг, “Монголорын алтны уурхайн хэрэг Орос консул лугаа зөвлөлдөж шийтгэн тогтоосон гэрээ бичгийн хорин хоёр зүйл” хэмээх гэрээ, 1912 оны Орос, Монгол улсын найрамдлын гэрээ, 1913 онд баталсан Олон зүйлийн уурхай нээн шийтгүүлэх дүрэм, Ардын Засгийн үед гарсан Монгол улсын уул уурхайн дүрэм зэрэг түүхэн сонирхолтой баримт бичгүүдийг уг танхимаас сонирхож болох нь. Бэрхийн уурхайн түүхийн танхим ч байгуулагдах аж. Тус танхимд тавиад онд уурхайн тээвэрт ашиглаж байсан хар азарганы тах, аймгийн хөдөлмөрийн аварга, Бэрхийн уурхайн малтагч Р.Бадааны 1973 он хүртэл ашиглаж байсан 5 кг даацтай хүрз, ахмад уурхайчин Х.Намсрайн 1973 он хүртэл өмсч байсан хамгаалалтын малгай гэх мэт уурхайн түүхийг өгүүлсэн үзмэрүүд тавигдах аж. “Монголросцветмет” тө­рийн өмчийн үйлдвэрийн газ­рын түүхийн танхим жуулч­дыг хүлээж авахад бэлэн бол­чихож. Танхимыг дижитал орчин бүрдүүлсэн шийдлээр тохижуулжээ. 60 метр квадрат бүхий талбайтай уг танхимаас “Монголросцветмет”-ийн түүхийг гэрэл зураг, видео контент хэлбэрээр сонирхож болох нь.

Бэрх

Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн сонирхол татсан хэсэг нь Эрдэс баялгийн (менералогийн музей) танхим байх гэнэ. Уг музейд өнгөт чулууны болон эрдсийн дээж, Монгол орны геологийн тогтоц, стратегийн ач холбогдол бүхий орд газрын та­нил­цуулга, гео­логийн үеч­лэл, эрдэс чу­­луулгийн дээ­жийг дэглэн үзүүлэх юм бай­на. Ашигт малтмал үйлд­вэрлэлийн тан­хим ч музейн сонирхол татахаар хэсэг байх нь. Танхимын хойд талд нүүдэлчдийн чулуун соёлын дурсгал болох буган чулуу, хүн чулуун хөшөөдийн 1:1 хэмжээтэй хуулбарыг байрлуулахаар төлөвлөжээ. Төвийн за­хирал “Төв Азийн нутагт амьдарч бай­сан эртний нүүдэлчид бай­галийн чулууг ашиглан өөрсдийн сүр хүч, соёлыг нэгэн чухал дурсгалыг өнөөгийн бидэнд үлдээсэн нь Буган хөшөө, Хүн чулуун хөшөө юм. Хөшөөд нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, хийсвэр сэтгэлгээ, геологийн мэдлэг, үйлдвэрлэлийн төвшин хэр өндөр хөгжсөнийг илтгэн харуулдаг. Байгалийн чулууг засч зураасан зураг, сийлбэр уран баримлын аргын аль алиныг ашигласан эртний урлагийн бүтээлээс тө­лөөлөл болгон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Дунд Жаргалантын буган чулуун хөшөө, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ламтын хүн чулууг дэглэн үзүүлнэ” хэмээн сонирхуулав.

Бэрх Бэрх

Ашигт малтмал үйлдвэр­лэлийн танхимын зүүн хананд Монголын газ­рын зургийн хэлбэртэй 90:60 хэм­жээтэй 9 ширхэг релефийг байрлуулах аж. Уг релеф нь есөн эрдэнийг илтгэх өнгө материалыг бодитоор харуулж дүрсэлсэн хийцтэй байх гэнэ. Релеф тус бүр дээр CNC машинаар Ардын уран зохиолч П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” шүлгийн тохирох бадгийг уйгаржин монгол бичгээр сийлнэ гэж төлөвлөжээ.Музейг зорьж очсон аялагчид газрын зургийн хэлбэртэй есөн эрдэнэ дээр гараа тавьж зургаа авахуулах боломжтой гэнэ. Танхимын зүүн талын ханын урд буюу төгсгөл хэсэгт хоёр метр урттай талбайгаас аялагчид өөрсдийн ивээл чулууг сонирхож болох нь. Тус хэсэгт 12 ордын ивээл чулууг шигтгэсэн дэлхийн бөмбөрцөг хэлбэр бүхий чулуун наамал байрлуулах юм байна.

Бэрхийн далд уурхайд хийсэн аялал маань Монголын далд уурхайн музейн энтертайнмент хэсгээр үргэлжлэв. Энэ хэсгийн үүдэн хэсгийн ханыг гэрлэн чимэглэлээр бүрж, амарч тухлах сандлууд байрлуулсан нь нүдээ олсон шийдэл болжээ. Далд уурхайн ханыг ухаж байгуулсан өнгө өнгөөр цацрах усан оргилуур хэний ч харааг булааж, сэтгэлийг баясгам.

Хүлээн авалтын танхим нь Улаанбаатарын тансаг зэрэглэлийн ресторанаас дутахгүй өнгө хийц, тохижилттой юм. Гоёмсог гэрлийн бүрхүүл, уран шийдэл бүхий ханын чимэглэлтэй энэ саруулхан танхимд нэг доор 100 хүн үйлчлүүлэх боломжтой гэнэ. Олон улсын чанартай хурал, чуулга уулзалт зэргийг зохион байгуулах боломжтой. Төвийнхөн шинэ жилээ энд тэмдэглэжээ. Газрын гүнд хуримаа хийхийг хүсвэл Бэрхийг зорьж болох нь. Аялагчид уурхайчны цайны газар, кофе шопоор ч үйлчлүүлж болох юм байна. Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчдын цайлахдаа иддэг байсан зууш, хоолтой төстэй түргэн хоол цайны газрын цэсэнд багтжээ.

ресторанБэрхийн далд уурхайн музейн кофе шоп, ресторан

Кофе шопын ханыг уурхайн түүхтэй холбоотой гэрэл зургаар чимэглэсэн нь сонирхолтой шийдэл болж. Аялагчид кофе шопын зэргэлдээх уулзалтын өрөөнд тухлангаа караокедож, телевиз үзэж, интернэтээс хүссэн зүйлсээ сонирхож үзэх боломжтой хэмээн төвийн захирал сонирхуулав. Музей сонирхогч хүүхэд, залуус руу чиглэсэн нэг хэсгийн бүтээн байгуулалт хараахан эхлээгүй байна. Виртуал тоглоомын өрөө болгож тохижуулах хэсгийг аль хэдийнэ бэлэн болгожээ. Төвийн захирал “Сүүлийн жилүүдэд олон улсын жишигт, тэр дундаа музейн салбарт дижитал технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдийг татах хандлага нэмэгдэж байна. Бид энэ өрөөнд уул уурхай, авто механизм, адал явдалт төрлийн тоглоомоор тоглох боломжийг үзэгчдэд олгоно” хэмээн сонирхууллаа. Хүүхэд залууст чиглэсэн өөр нэг хэсэг нь айдсын өрөө. Айдсын өрөөг виртуал маягаар шийдэхээр төлөвлөжээ.

Б.БУЯННЭМЭХ

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img