2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Инстаграммын од Зэн, Грейс хоёр

Манай сайт “Тэдний нууцлаг ертөнц” булангийнхаа анхны зочноор Ariya English Course-ийн захирал А.Банзрагчгаравыг урилаа. Түүний хоёр муурыг инстаграммчид андахгүй. Инстаграмм дээр долоохон хоногийн дотор мянга гаруй дагагчидтай болсон “од” мууруудыг номонд дурлагчид, зохиолчид, хэвлэлийн газрынхан ч “Манай Зэн, Грейс хоёр” гэж дотночилдог юм билээ. Эзнийгээ ном уншиж, хичээлээ давтаад суухаар дэргэдээс нь салдаггүй учраас номтой зургуудаараа сошиалд олны танил болжээ. Зэн их нээлттэй, гэрт нь айлчин ирэхээр тосч гүйгээд бөөн баяр болдог учраас зургуудыг нь инстаграмм дээр нээлттэй сонирхуулдаг аж. Харин Грейс гэртээ байхыг илүүд үздэг, хүн ирэхээр нуугдчихдаг учраас инста дахь зургийг нь зөвхөн найзууд нь л харах боломжтой гэнэ. Ингээд Банзрагчгаравын муурнуудынхаа талаар юу ярьсныг хүргэе.

МуурЗэнтэй учирсан түүх

Мууранд хайртай ч яг мууртай болъё гэж шийдэж чадахгүй хэсэг явсан л даа. Залуу хүн учраас гадагшаа явж магадгүй, гэнэт явахаар болчихвол яах вэ гэж бодно. Хүнтэй суутал өнөөх маань муурны харшилтай бол яах вэ гэж болгоомжилно. Ингэж явсаар өөрийнхөө төлөө анхны муураа авсан. Үргэлж их хөлгөн судрыг сануулж байгаасай гэж бодоод Зэн гээд нэрлэчихлээ. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд оюун санаагаа дээд төвшинд авч явахсан, ахуйдаа хэт хутгалдаж живээд орчихгүй аж төрөхийг минь сануулж байгаасай гэсэн чин хүсэл байсан л даа. Хүмүүс шашин шүтдэг, эс шүтдэгээсээ үл хамаараад бурхан гэж нэг зүйлд төвлөрөөд хүссэнээ гуйдаг. “Бурхан минь мууртай л болчих юм бол гоншигнохгүй, ажлаа сэргэлэн цовоогоор хийгээд явъя” гэж гуйгаад орой нь Яармаг явж муураа авчирсан түүхтэй. Зэнгийн эзэн залуу цэрэгт явах болчихоод муураа үрчлүүлсэн юм. Насанд туршид нь тэжээнэ гэж амлаж, эргэн тойрны хүмүүс маань мууранд хайртайг баталж байж үрчилж авсан даа, Зэнгээ.

Сонгодог зохиолд дурлагч Грейс

МуурГрейс нэлээд үнэтэй муур ч эзэн нь зүгээр л өгчихсөн. Анх авахад трауматай, их аймхай байсан. Аажимдаа гайгүй болсонд нь баярлаад байгаа. Эмэгтэйлэг галбирлаг биетэй хэрнээ хайнгадуу хэвтэх нь өөрт нь их гоё зохидог. Грэйсээс анзаарч байсан нэг хөгжилтэй зүйл бий. Би ариун цэврийн өрөөндөө хэл ярианы дасгалаа хийх дуртай. Цуурайтаж сонсогддог учраас хийхэд гоё байдаг юм. Толинд харж зогсоод өөртэйгөө чанга ярьж, дуулж, хичээлдээ бэлддэг дадал минь одоо ч хэвээрээ. Нэг өдөр эгчтэйгээ хоол идээд сууж байтал Грейс ариун цэврийн өрөө рүү гүйгээд орчихлоо. Тэндээ хэсэг орилж зогссоноо юу ч болоогүй юм шиг гараад ирдэг байгаа. Тэр үед л өөрийнхөө дадлыг илүү тод анзаарсан. Өмнө нь намайг хэн ч сонсоогүй гэж бодоод хийдэг дадлаа хөндлөнгөөс харах сонирхолтой байсан шүү (инээв). Муур эзнээ сонгодог юм билээ. Би уг нь дөрвөн мууртай. Нэг нь аавыг, нөгөө нь ээжийг сонгочихсон. Зэн эгчийг минь сонгосон. Түлхээд байхад л эгчтэй хамт унтана, тэвэрнэ. Зөвхөн хичээл хийх үед л намайг “тооно”. Надад үлдсэн ганц нь Грейс л дээ. Муур эзнээ дуурайдаг. Зэн гэхэд л яг эгчийн характерыг авчихсан бол Грейсээс өөрийнхөө характерыг олж хардаг. Хамгийн сонирхолтой нь Грейс намайг зөвхөн сонгодог зохиол унших үед л хажуугаас салдаггүй.

Sigarettes after sex-ийн фэн Зэн

МуурЗэнгээ анх үрчилж авчихаад өөр шигээ ганцаардчих вий гэж санаа зовоод ажилдаа явахдаа мууранд зориулсан сонгодог хөгжим тавиад үлдээдэг боллоо. Мууранд зориулсан хөгжмүүд нь Моцарт, Бетховены хөгжмүүд байсан л даа. Сонгодог хөгжмийн эрчим, сайн давтамж Зэнд нөлөөлж манай муурыг бүр илүү дээд төвшинд авааччихсан юм шиг санагдаад байдаг. Яаж ч үймүүлж байсан өнөө хөгжмийг нь тавьчихаар чимээгүй чагнаад суучихна. Зэн Sigarettes after sex-ийн дуунуудыг сонсох дуртай. Сүүлдээ бүр ямар хөгжим дажгүй вэ гэдгийг муурандаа сонсгож ялгаад байгаа юм биш үү (инээв). Грэйсийгээ Зэнгээ ганцаардуулахгүйн тулд үрчилж байсан юм. Зэн ганцаараа хөгжим сонсоод үлддэг байсан болохоор хөгжимд дуртай, Грэйсийг үрчилж авах үед ковидын хөл хорио таарч үргэлж хамтдаа байсан учраас хөгжимд ач холбогдол өгдөггүй. Зэн хөгжимд дурлахаас гадна бөмбөг сайн тоглодог. Усанд орох дуртай. Муур болгоны сонирхол өөр, тоглодог тоглоом нь ч өөр.

Утсанд донтсон нь

МуурЗэн жаахан байхдаа дэргэд ирж дэггүйтнэ ээ. Унтуулахгүй дэггүйтээд байхаар нь Тэди-гээс хамгийн хямдхан pad аваад өгчихлөө. Муурны аппликэйшн татаж мууранд зориулсан тоглоом тоглуулсан чинь өнөөхдөө сатаараад би ч тайван унтдаг боллоо. Одоо Зэн гар утас, дэлгэцтэй маш сайн харьцаж чадна. Намайг гар утсаа оролдохоор хажуугаас хараад суучихдаг. Ер нь л дэлгэцэнд “донтох” магадлалтай нөхөр. Гэтэл Грейст тийм дадал байхгүй. Анхнаас нь дэлгэцээс хол байлгасан юм. Хүүхдэд гар утсаа өгөөд сатааруулдаг болчихвол дараа нь донтох магадлалтай гээд байдаг нь цаанаа учиртайг Зэнгээсээ анзаарсан.

Хайр түгээгчид

Хөл хорионы үеэр ганцаардлыг илүүтэй мэдэрдэг, ганцаараа үедээ ямар ч шалтгаангүйгээр шаналаад суудаг болчихсон байсан. Одоо эргээд бодоход сэтгэл гутралын шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлчихсэн байсан юм билээ л дээ. Нэг өдөр кино үзэж суугаад уйлчихсан чинь хоёр хөөрхөн юм зэрэг гүйж ирж хажуунаас холдохгүй аргадаад.

муур

Уйлж суугааг минь тоож анзаарч байгаа хоёрыгоо анх хараад гайхсан шүү. Сөрөг бодолд автах болгонд Зэн, Грейс хоёр гүйгээд ирдэг. Сэтгэл гутралд автсан хүнд сэтгэл засалчид эм өгдөг бол миний хувьд Зэн, Грейс хоёр амьд эндорфин болдог. Аз жаргалын гормоныг ялгаруулагчид гэмээр юм уу (инээв). Тийм эгдүүтэй, бяцхан амьтад гүйж ирээд сөрөг сэтгэл хөдлөлийг минь аз жаргалын гормон болгож хувиргаад байхаар ямар байх нь тодорхой. Нэг мэдсэн чинь би жаргалтай, энгийн хүн болчихсон байсан.

“Номын багш”

Муур бол бүрэн гаршуулсан гэхэд “хэцүү” амьтад. Биеийг нь гаршуулахаас сүнсийг нь гаршуулах аргагүй гэж байгаа юм шиг, ямар ихэмсэг гээ. Хамт унтаарай гэж хэлсний зоргоор унтахгүй. Зэн, Грейс хоёр хүссэн үедээ л дэргэд ирнэ. Зэн гэхэд л ном уншиж суухад яг сахиж сууж байгаад уншиж дуусангуут яваад өгнө. Намайг ном, цааснаас холдохыг анддаггүй ганц нь мөн л манай Зэн. Ширээн дээр суучихаад “Хичээлээ хийгээч ээ” гэсэн харцаар хараад байдаг (инээв). Мууртай хүүхдүүд илүү амжилттай сурдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.

  муур

Жаахан байхад манайх мууртай байсан юм. Өвөр дээр ирээд суучихаар яаж ч болохгүй хичээлээ хийгээд суудаг байснаа их тод санадаг. Анхаарал төвлөрөх хугацааг нь автоматаар уртасгачихдаг хэрэг л дээ. Бас их тайвшруулдаг. Бусдыг хайрлаж энэрч сургадаг. Ер нь гэрийн тэжээвэр амьтантай байх хүүхдийг айхавтар хүмүүжүүлдэг. Наад зах нь л эмпати чадварыг нь өсгөдөг. Бусдыг мэдрэх чадвар нь өсөөд байхаар хүүхэд цаанаасаа л эерэг, дулаахан хүн болж өсөх нь ойлгомжтой. Хүүхэд нас, амьдралаараа баталчихсан учраас ингэж хэлээд байна л даа. Эхлээд Зэнгээ өөрийнхөө төлөө авч байсан, одоо бол Зэн, Грейс хоёрынхоо төлөө амьдарч байна (инээв).

Эрүүл зөв хоолтнууд

Муураа хайрлаж хамгаална гээд авчихсан хүн чинь эхэндээ бөөцийлөх нэрээр алдаа гаргадаг байлаа. Нэг алдаагаа ярья. “Алгын чинээ муураа байнга нойтон хоолоор тэжээчихэж чадахгүй байхдаа яахав” гэж бодоод эхний долоо хоногт нойтон хоол өглөө. Гэтэл тагт онгойлгож агаар оруулахаар л бие засах элстэй сав руугаа гүйгээд явчихдаг болчихов. Хүйтэн салхи орж ирэхээр гэдэс нь хямраад гүйлгээд байж л дээ. Нойтон хоолыг амттаны зориулалтаар хаа нэг өгөх ёстойг гэдсийг нь хямрааж SOS эмнэлэгт хандахдаа мэдэж авсан. Гол шим тэжээл нь хуурай хоолонд байдаг юм билээ. Зэн хятад хоолонд их дуртай. Амтлагч ихтэй учраас идэх хүслийг нь төрүүлээд байдаг юм билээ. Өнөө хоолоо амтархаж идсээр байгаад таргалж эхлэхэд нь байнга өгч болохгүйг анзаарсан. Одоо Royal canin гэх мэт стандарттай хоол өгдөг. Ийм хоолнууд ихээр дурлаж идэх аппетитийг нь багасгаж, бага багаар идэх дадалд суулгадаг.

Муур

Ингээд бодохоор хүнтэй яг адилхан байгаа биз. Эрүүл зөв хоол өгч хэвийн жинтэй байлгах уу, амтлагч ихтэй хоол өгч идэх донтой болгох уу гэдгээ бодох ёстой санагдсан.

Муур

Би муурнууддаа өвс тарьж өгдөг. Тагтаанд өгдөг будааг усанд нэг өдөр дэвтээгээд маргааш нь хөрсөнд хийгээд тарьчихаар долоо хоногийн дараа хангалттай хэмжээний урт болоод ургачихдаг. Гэдсийг нь цэвэрлэх арга л даа. Тэгж байж өөрийнхөө байнга долоодог үсээ гадагшлуулах боломжтой болно. Өөрт нь зориулж өвс тарьж өгөөд байхаар тасалгааны цэцэг, ургамал тасдаж идэхээ больчихдог. Манай хоёр эр, эм муур. Бага залуудаа төрөөд байхаар зовоод байдгийг өмнөх муурнуудаасаа харчихсан болохоор соёо нь солигдох үед буюу гурваас дөрвөн сартайд нь заслага спей хийлгэсэн.

Хөршөө нохойтой болгосон нь

Манай Зэн хэд хэдэн үгийг их сайн ойлгоно. Царайлаг гоё гэдэг үгэнд их дуртай. “Зэн бүдүүн, их идлээ” гэвэл гомдчихно. Хүний сэтгэл зүйн хандлагыг их анзаараад байдаг. Нэг хөгжилтэй тохиолдлыг нь яримаар санагдчихлаа. Царайлаг шүү, сайхан шүү гэж магтаад байхаар өөрийнхөө нэрийг бараг “царайлаг” гээд бодчихсон шиг байгаа юм. Нэг удаа манай ажил дээр ирчихсэн байхад нь хажуу өрөөний бүсгүй утсаар ярьж таарлаа.

муур

Муураа авчирснаа хэлтэл муурнаас айдаг л гэж байна. За тэгээд манай өрөөнд орж ирэх юм болов. Нэлээд болгоомжлонгуй шагайж Зэнг харснаа “Өө, ийм царайлаг муурнаас айхгүй ээ” гэсэн чинь манай Зэн царайлаг гэдэг үгийг нь сонсонгуутаа гүйгээд оччихсон. Өөрийг нь дуудаж байна гэж бодсон байх (инээв). “Би муураа бурханаас гуйсан юм аа” гэхээр бүр нэг бурхан өгсөн юм шиг царай гаргана. Мууртайгаа энэ мэтээр харилцахыг байнга сонсдог хүмүүс бол манай хөршүүд. Хамгийн гайхалтай нь хөршүүд маань нохойтой болчихсон. Ажил тарах дөхөхөөр манай хоёр хаалга руу хараад хүлээгээд суучихдаг. Гэр рүүгээ яарах шалтгаан болдог доо, Зэн, Грейс хоёр.

муур

муур

муур

муур

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img