2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Хулгайчдыг “дэлбэлж” улсаа тэтгэх жор

Сүүлийн үед бага гарын дарга нарын гэрээс олдсон сейф дүүрэн мөнгөний зураг сошиалаар нэг хөвөрч, ядарсан түмний нүдийг цатгах боллоо.

Хулгайчдыг “дэлбэлж”, мөнгө олохоос өөр арга Ерөнхий сайдад үлдээгүй юм биш байгаа. Хулгайч нар нь ч олуулаа юм. Тэрбумаар тоологдох мөнгөөр “тэтгэх” хулгайчаар нэг хэсэгтээ л дутахгүй бололтой. Нэгэн цагт шилийн сайн эрс ядууст хишиг хүртээдэг байсан түүх бий. Орчин үед шилийн сайн хулгайчдын хишгийг нийтээрээ хүртэхдээ тулах вий дээ. Зарим УИХ-ын гишүүн бүр хулгайн мөнгийг улсын орлого болгож, иргэдийн зээлийг тэглэх “мэргэн санаа”-гаа хэвлэлээр сайрхсаныг яана.

“Би хардах эрхтэй” гээд манайхан сошиалаар бишгүй тунхагладаг даа. Ер юм бүхнийг хардаж, сэжиглэдэг дон газар авсан мөртлөө нэг хүнийг огт хардахгүй нь сайхан.

Эрх баригч намын төрд шургуулсан “армиас” ийм олон “сайн эрс” төрж байхад намын даргад нь ядаж хир халдмаар юм.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүгэл үлээгчийн дүрд давгүй тоглосон хэвээр. Улс орныг өдий зэрэгт хүргэхэд их хувь нэмэр оруулсан намын дарга атлаа эсэргүүцэл тэмцэл өрнүүлсэн жагсагчдыг хүртэл “манай тал” болгож орхив. Шүгэл үлээгч, бас эрх баригч намын дарга (хулгайчдын схемийн тэргүүнд заларсан хүн) хоёр эмээл дээр зэрэг суух боломжтой юу.

Юутай ч түүнийг ийнхүү олон нийт эергээр хүлээж авахад нь тархи угаалтаар мэргэшсэн эцэг нэгтэй ахынх нь ур чадвар нөлөөлсөн байлгүй  яав гэж.

“Шударга тав”-ын дүрээр гарч ирсэн хоршил өдгөө бүгд шахуу эрх мэдэлд хүрчээ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ нар өмнөх намын дарга М.Энхболдод 60 тэрбумын хэргийн хариуцлагыг тохсон. Цаадах нь ч хариу барьсан юмгүй шинэ үеийнхэндээ зайгаа тавьж өгч билээ. Эрх мэдлийг булаах гол зорилгоо биелүүлсэн “шударга гарууд” 60 тэрбумын асуудал үүсгэсэн эх уурхайг цэвэрлэхэд  санаа тавьсангүй. Тэмцлээ төгөлдөршүүлж, 60 тэрбумын “овоо босгосон” намын санхүүжилтийг шинэчлэх гэж хуруугаа ч хөдөлгөөгүй.

“Уул шугамандаа бол” албан тушаалыг мөнгөөр үнэлдэг энэ схем алга болоогүй харин ч урхагшиж үлдсэний илрэл нь одоогийн албан тушаалтнуудын гэрээс илэрч буй мөнгөтэй сейфүүд.

Өдгөө “шударга” тэмцлийн бай өөрчлөгдсөн. “Өмнөх намын дарга, түүний бүлэг” гэдэг ангилалд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэв бололтой. Намын дотоод “зодоонд” гаршсан тэрбээр өмнөх даргыг унагасан мэхэндээ унах болов уу?

Юутай ч намын даргын фракц болон түүний “дайсны талын” фракц хоорондын зодоонд нэг сайн тал бий. “Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн” гэдэг шиг хулгайчдын тоо цөөрөх нигууртай байна.

Хулгайчдыг ийм аргаар бүрэн цэвэрлэхгүй нь тодорхой. Ерөнхий сайд үнэхээр цэвэрлэгээ хийхийг хүсэж байгаа бол бичиг цаасны ажилд анхаарал тавьж, хулгайчдад боломж олгосон хуулийн цоорхойнуудаа бөглөх л болж дээ.

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img